| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2022/01271/И |
| Дугаар | 210/МА2025/00602 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00602
|
|
|
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01227 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 60,976,219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК-ийн захирал *******, түүний нөхөр ******* нартай 2021 оны 03 сарын 13-ны өдөр ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* төслийн ******* барилгын карказ, угсралтын ажлыг хийхээр харилцан тохиролцож, тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч талуудын хооронд зоорь болон суурийн давхрыг хийж гүйцэтгэх явцад үнийн дүнд маргаан гарсан. Өөрөөр хэлбэл, манай зүгээс 50,000 төгрөгийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ үнийн дүн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зах зээлийн жишиг үнэ болон Барилга, хот байгуулалтын яамнаас баталсан холбогдох барилгын төсөв, норм дүрэмтэй холбоотой үнийн дүнгээс хэт бага үнэлгээгээр тогтоож байна. Иймд нийт өөрсдийн төсөвт өртгийг 88,976,219 төгрөгөөр тооцож, 60,976,219 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нисэх төслийн 107-р барилгын карказ, угсралтын ажлыг хийлгэхээр *******, түүний эхнэр, инженер гэх ******* нартай очиж уулзсан ба ажлын туршлагыг нь асуухад 30 үндсэн хүнтэй, туршлагатай хүмүүс байсан болохоор 1 м.квадратыг 50,000 төгрөгөөр барилгыг сууринаас дуустал нь барихаар тохирсон. Тухайн үед сууринд ямар нэгэн үнэлгээ байгаагүй. Манайх захиалагчаас суурийн үнэлгээ гэж зоориноос барилга дуустал буюу техникийн давхрыг дуустал гэсэн үнэлгээгээр ажлын хөлсөөр гэрээ хийсэн. Тэр гэрээний хамгийн сүүлийн хуудсанд байгаа. Би 80,000 төгрөгөөр тооцож авсан, танайд 50,000 төгрөгөөр тооцож өгье гэж тохиролцсон. Ажлыг хийх явцад 05 сарын 27-ны өдөр бригадын хүмүүс нь бензен, хоолны мөнгөгүй гээд надаас 2,000,000 төгрөг урьдчилж авсан. Суурь, зоорийн ажлыг ийм хөлсөөр хийсэн гэж м.квадратыг 80,000 төгрөгөөр 403 м.кв гэж ажлын хөлс орсон. 5 хувийн барьцааг үлдээгээд, манай компанийн дансанд 30,642,440 төгрөг орсон. *******, ******* нар 05 сарын 28-ны өдөр 44,332,090 төгрөгийн нэхэмжлэх барьж ирснийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь тохирсон мөнгөөр тооцвол 20,150,000 төгрөг өгөх ёстой байсан ба 9 давхрыг хийж ашигтай ажиллах байсан, одоо больж байгаа учраас суурийн давхар дээр үнэлгээ бодож өг гэсэн. Нийтийн жишиг нь суурийн давхар нь үндсэн давхрын талаар нь тооцдог юм байна. Би талаар нь тооцож нэмж өгч болно гээд 30,225,000 төгрөгийг өгье гэсэн. Зоорийн давхрын 403 м.кв-ыг 50,000 төгрөгөөр үржихээр 20,150,000 төгрөг болж байна, суурийн давхраа үүний талаар тооцъё гэхээр 10,075,000 төгрөг, нийт 30,225,000 төгрөгийн дүнг хүлээн зөвшөөрнө гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-аас 16,350,900 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 44,625,319 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 462,831 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 239,704 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүх ажил гүйцэтгэх гэрээг захиалагчийн буруутай үйлдлээс цуцалсан гэдгийг нотолж чадаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Учир нь 2021 оны 05 сарын 28-ны өдөр гүйцэтгэсэн ажлын хөлс 44,332,090 төгрөгөөр тооцон нэхэмжилж мөн өдрөө хариуцагч 28,000,000 төгрөгийг төлснийг шууд нотолно. Ингэснээр захиалагчийн хөлс төлөх үүргээ биелүүлэлгүйээр гэрээ цуцлагдсан учраас хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг 68,864,739 төгрөг тооцож үнэлснийг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг гүйцэтгэгч нэхэмжлэх эрх үүссэн гэж үзэж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны 192/ШШ2025/01227 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, 68,864,739 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нар анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 88,000,000 төгрөг гэж дурдсан атлаа дараа нь тухайн 88,000,000 төгрөг нь төсөвт өртгийн зардал гэж, мөн дараа нь ажил явагдаж байх үед энэ ажлын нийт хөлс 44,000,000 төгрөг гэж нэхэмжлэх хүргүүлсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төсөвт өртөгт 68,000,000 төгрөгийг гаргасан гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг 3 өөр зүйлийн талаар ярьдаг. Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй буюу 88,000,000 төгрөг болон 68,000,000 төгрөгийн талаар тайлбарладаггүй. Иймд дээрх 3 өөр нөхцөл байдал нь хариуцагч талын мэтгэлцэх боломжийг удаа дараа хязгаарласаар ирсэн. Жишиг үнэлгээгээр шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөггүй. Анхан шатны шүүх ийнхүү дүгнэсэн шалтгаан нь шинжээчийн гаргасан жишиг үнэлгээ дотор байгаа зарим хөлсийг нэхэмжлэгч компани буюу ******* ХХК төлдөггүй, уг компаниас гараагүй зардал юм. Жишээлбэл: шинжээчийн дүгнэлтэд татвар болон цалин, нийгмийн даатгалын зардал гэж дурдагдсан байдаг. Гэтэл ******* ХХК нь татвар төлөгч биш этгээд бөгөөд ямар нэгэн байдлаар цалин олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Шинжээчийн гаргасан дүгнэлт нь тодорхой баримтад үндэслэгдээгүй тул жишиг үнэлгээгээр шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Шүүхийн уг дүгнэлт хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч тал ажлын хөлсийг огт шаардаагүй, зөвхөн төсөвт өртгийн үнийн дүнгээр шаардсан гэжээ.
6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй. Учир нь шийдвэрт шүүхээс яагаад гэрээний үнээр бус жишиг үнэлгээгээр буюу гэрээний үнийг нэмэгдүүлэн тооцож байгаа талаар нэхэмжлэгчээс тодруулахад, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс суурийн цутгалтын ажил үнэлгээ багатай байдаг буюу нийт ажлын хөлсөндөө багтдаг, хөлсөө бүрэн авсан тохиолдолд алдагдлаа нөхөж ашигтай ажилладаг хэмээн тайлбарласан гэсэн тайлбарыг гаргаж, суурийн ажилд тусгайлан үнэ тохиролцоогүй гэдгийг шүүх хуралдааны үер илэрхийлсэн, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүхийн шийдвэрт ...гүйцэтгэгч суурь болон зоорины ажлын талбай нийт 806.38 м.кв бөгөөд энэ талбайн хэмжээг 55,000 төгрөгөөр тооцвол захиалагч гүйцэтгэгчид 44,350,900 төгрөг төлөх үүрэгтэй байгаагаас 28,000,000 төгрөгийг төлж барагдуулсан... байна гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл шүүхийн дээрх агуулга нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар талуудын маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа суурийн давхрын үнэлгээг тусгайлан тохироогүй уйл баримттай нийцээгүй. Анхнаасаа талууд суурийн үнэлгээг тусад нь тооцоогүй, үүнд үнэлгээ гэж гаргаагүй талаар тайлбарласаар байхад суурийн үнэлгээг тооцсон мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Талууд барилгын суурийн үнэлгээ бага байдаг, суурийн ажилд тусгайлан үнэлгээ байхгүй нийт ажлын хөлсөндөө оруулан тооцдог талаар тайлбарласаар байхад суурийн давхрыг тусгайлан үнэлгээтэй гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Талуудын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэхгүйгээр шийдвэрлэсэн.
6.2. Анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийгээгүй. Хэрэгт "*******" ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлүүд авагдсан байна. Тусгай зөвшөөрлийн тухайд 2019 оны 2 сарын 11-ний өдөр хугацаа дууссан. "*******" ХХК-тай гэрээ байгуулах үедээ барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байсан. Тусгай зөвшөөрөлгүй байж барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаар тохиролцож, ажлыг эхэлж байгаа байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу гэрээний хүчин төгөлдөр байдлын асуудал яригдана. Хариуцагчийн төлөөлөгч ******* анхнаасаа "*******" ХХК-тай гэрээ байгуулаагүй, *******-тэй амаар ярьж тохирсон талаар удаа дараа тайлбарласан. Гэтэл хариуцагчийн дээрх тайлбарт шүүх дүгнэлт хийгээгүй.
"*******" ХХК нь нэхэмжлэгч хуулийн этгээд болохын хувьд барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь ажил гүйцэтгэх гэрээний маргааны ажлын хөлсийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна. Учир нь хувь хүн барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийж байгаа тохиолдолд ихэвчлэн бригад, баг бүрдүүлж ажиллуулдаг бөгөөд ажлын үнэлгээ бага байдаг, хэрэв компани анхнаасаа барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулбал ажлын үнэлгээ өөр байдаг. Жишээлбэл. Манай компанийн хувьд барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй компани тул ******* ХХК-аас 1 м.кв ажлыг 80,000 төгрөгөөр ажил гүйцэтгэхээр авсан, харин иргэн *******-тэй 50,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон.
6.3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* ХХК болон "*******" ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтын шаардлага хангасан хувиар гаргуулан авсан боловч гэрээний гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэсэн баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хөлсийг талууд 1 м.кв-ыг 80,000 төгрөг байхаар тохиролцсон, суурийн давхрын ажилд тусгайлан үнэлгээ тохиролцоогүй. Ерөнхий захиалагчтай тохирсон үнийн дүнгийн дагуу л туслан гүйцэтгэгчид хөлсийг төлнө. ******* ХХК-аас манай компани руу шилжүүлсэн мөнгийг бүгдийг нь ******* ХХК-д төлсөн, уг баримтуудыг хэрэгт он, сар дараалал бүрээр нь хавсаргасан. 2021 оны 5 сарын 28-ны өдөр ирсэн нэхэмжлэхийн дагуу компанийн данс руу төлбөрийг төлсөн.
6.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг нэхэмжлэгч өөрөө тодорхойлж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар үндэслэл шаардлага нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч 3 өөр үнээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог. Нэхэмжлэлд дурдагдсан 88,976,219 төгрөг, шинжээчийн тогтоосон 68,864,739 төгрөг, 1 м.кв бурийг нь 55,000 төгрөгөөр тооцсон дүн, ******* ХХК-ийн төсөвчний гаргасан дүн гэх мэт өөр өөр дүнгээс нэхэмжилж байгаа байдлаар тайлбарлаж, хариуцагчийг татгалзлын үндэслэлээ тайлбарлах боломжгүй байдлаар мэтгэлцэж байсан. Шүүхээс нийт ажлын хөлс нь 44,350,900 төгрөг гэж тодорхойлсон гэтэл энэ үнэлгээ мөн л бодит байдалд нийцээгүй. НӨАТ-тооцсон үнээр 1м.кв бүрийн 55,000 төгрөгөөр тооцоолж нийт 806.38 м.кв барилгын ажил хийж гүйцэтгэсэн гэж үзээд нийт үнэ 44,350,900 төгрөг гэж тооцоолсон.
Бодит байдалд талууд зоорийн давхрын 403.19 м.кв байранд ажлын хөлс тохирсон, суурийн давхрын 403.19 м.кв-д үнэлгээ тохиролцоогүй, бусад давхрын ажлыг гүйцэтгэж барихад суурийн ажлын ашгийг нөхөж авах боломжтой байсан тул тохиролцоогүй. Мөн нэхэмжлэгч ******* ХХК нь НӨАТ төлөгч байгууллага биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдана. Гэтэл шүүх өөрийн санаачилгаар ийм үнийн дүнг тодорхойлж гаргасан нь талуудын анх гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг ихэсгэж тооцоолсон нь харагдана. Мөн шүүхээс нэхэмжлэгч НӨАТ төлөгч биш байхад НӨАТ-тэй үнэ 55,000 төгрөгөөр гэрээ байгуулсан гэж шийдвэрлэсэн.
Мөн шийдвэрт ...Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс суурь болон зоорины давхрын цутгалтын ажлыг гэрээний үнээр биш хийж гүйцэтгэсэн ажлын жишиг үнэлгээгээр буюу нэмэгдүүлэн тооцож нэхэмжилсэн гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол байдлаар шаардсан гэж үзэхээр байна" гэж тусгасан. Гэтэл гэрээг хэн эхэлж цуцалсан талаар үйл баримтыг талууд хэн аль нь нотолж чадаагүй, хэрэгт мөн хохирлын баримт гэх баримт байхгүй, суурийн ажлын үнийн дүн гэж тохиролцсон үйл баримт ч байхгүй. Нотолгооны ач холбогдол бүхий бодит үнэн гэж тооцож болохуйц баримт байхгүй байсаар байхад шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлж нэхэмжлэгч хохирол нэхэмжилсэн гэж шийдвэрлэсэн.
Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас эсхүл гэрээний үүрэг зөрчсөний улмаас нөгөө талд үүсэж байгаа хор уршиг, шалтгаант холбоогоор тогтоогдоно, мөн хохирол нь нөгөө талд учирсан бодит баримтаар нотлогдох ёстой. Гэтэл хохиролд ийм төгрөг гарсан гэх баримт байхгүй, үүнээс гадна ******* ХХК нь энэ ажлыг хийхэд ийм хэмжээний ажиллах хүчний зардал, цалин хөлс гарсан гэх баримт байхгүй, хийсэн ажлаа дүгнэсэн, тайлагнасан үйл баримт байхгүй болохыг дурдъя. Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор төлбөр төлсөн баримт, ерөнхий захиалагчаас төлсөн ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг хэрэгт хавсаргаж өгсөн. *******-гийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүгдийг Ерөнхий захиалагчаас өгсөн дүнгээр төлсөн, хариуцагч компани харин ч анх тохирсон үнийн дүнгээс өндөр дүнгээр төлбөр төлж барагдуулсан байх тул нэмж 16,350,900 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн *******гийн удирдлагад ажиллаж байсан бригадын ажилчдад өгсөн 2,000,000 төгрөгийг шилжүүлэхээс өмнө *******д мэдэгдсэн бөгөөд уг төлбөрийг бригадын дарга нарт шилжүүлэхээс татгалзаагүй, барилгын талбайн ажлыг хийж гүйцэтгэсэн нь тул төлбөрт өгсөн. Үүний дагуу л төлбөрийн шилжүүлсэн. Энэ нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд орж тооцогдох ёстой гэж бодож байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлын тухайд хэрэгт авагдсан баримтаар 2019 оны 02 сарын 11-ний өдрөөс хойш 5 жилийн хугацаа тоологдох тул дээрх асуудалтай холбоотой хариуцагч талын тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөлтэй байх хугацаандаа ажлыг гүйцэтгэсэн. Хариуцагч тал нь ******* ХХК нь нэхэмжлэгч биш бөгөөд ******* гэх хувь хүн нэхэмжлэгч гэх тайлбарыг давж заалдах шүүх хуралдааны явцад гаргаж байна. ******* ХХК-ийг нэхэмжлэгч биш гэж байгаа бол яагаад уг компанийн данс руу мөнгө шилжүүлсэн бэ. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа зөв зүйтэй тодруулж чадаагүй гэдэг ч нэхэмжлэл анхнаасаа тодорхой байсан буюу талууд суурийн болон 11 дүгээр давхрын ажлыг 55,000 төгрөг гэх үнээр тохиролцож хийвэл тодорхой хэмжээний ашигтай байдалтай байна. Суурь, зоорийн ажил нь хамгийн их арматурчлал ордог, хамгийн төвөгшил ихтэй ажил байдаг бөгөөд уг ажлуудыг нийлсэн үнийн дүнгээр талууд тохиролцсон. Гэрээ хариуцагч талын төлбөрөө шилжүүлээгүй буруутай үйл ажиллагаанаас болж цуцлагдсан учир бид жишиг үнээр нэхэмжилье гэж анхан шатны баримт буюу өөрийн компанийн төсөвчнөөр жишиг үнийг тодорхойлуулж, дараа нь шинжээчийн дүгнэлтээр үнийг тодорхойлуулсан.
Төсөвт өртгийн тухайд шинжээч маш тодорхой хэлсэн. Барилгын хөлс буюу үнийг одоо байгаа Засгийн газар, яамны холбогдох шийдвэрээр тодорхойлж байгаа үндэслэл нь Барилга хот байгуулалтын яамны тушаалын дагуу гарч байгаа төсөвт өртгөөр буюу жишиг үнээр тогтоож байгаа ба үүнийг өөрөөр тогтоох ямар нэгэн боломж бололцоо байхгүй гэж үзсэн. Талууд суурийн үнийг тохиролцоогүй гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын хэн аль нь суурийн үнийг тохиролцоогүй гэж хэлээгүй. Бид суурийн үнийн суурь болон хийсэн ажлын м.кв нь 800 гаруй м.кв гарч байгааг тодорхойлж манай талын зүгээс анх тавьж байсан. Суурийн үнэтэй холбоотой асуудлыг яриагүй байхад хариуцагч тал өөрсдөө бид тухайн үнийн талыг тооцно гэж хэлдэг. Яг ямар учраас талыг нь тооцох болон ямар тохиолдолд бүгдийг нь тооцох талаарх баримтгүй. 2,000,000 төгрөгийн тухайд хариуцагч тухайн этгээдүүдэд мөнгийг дур мэдэн шилжүүлсэн тул үүнтэй холбоотой үр дагаврыг хариуцагч тал хариуцах ёстой гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 60,976,219 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээр ажил гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлгүй, ажлын гүйцэтгэлд 30,225,000 төгрөг төлсөн гэж тайлбарлан маргажээ.
3. Хариуцагч ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ******* төслийн ******* барилгын карказ, барилга угсралтын ажлыг нэхэмжлэгч ******* ХХК-аар гүйцэтгүүлэхээр талууд 2021 оны 03 сард амаар хэлэлцэн тохиролцжээ. Хариуцагчийн зүгээс тус гэрээг нэхэмжлэгчтэй бус *******, түүний эхнэртэй байгуулсан гэж тайлбарласан хэдий ч хариуцагч 2021 оны 05 сарын 28-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК-ийн Хаан банкин дахь ******* тоот дансанд ажлын хөлс гэсэн утгаар 28,000,000 төгрөг шилжүүлсэн, хожим 2025 оны 02 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч энэ талаар тухайлан маргаагүй байна.
Мөн нэхэмжлэгч ******* ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг 2021 оны 04 сарын 28-ны өдөр олгохдоо 2019 оны 02 сарын 11-ний өдрөөс эхлэн 5 жилээр тооцон олгосны зэрэгцээ хариуцагч нь ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 04 сарын 21-ний өдөр байгуулсан байх тул үндсэн гэрээг байгуулаагүй байх үед буюу 2021 оны 03-р сард тусгай зөвшөөрөлгүй байсан тул иргэн *******тэй гэрээ байгуулсан гэж мэтгэлцсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Иймээс ******* ХХК, ******* ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
4. Нэхэмжлэгч дээрх барилгын зоорийн болон суурийн талбайд нийт 806.38 м.кв ажил гүйцэтгэсэн, хариуцагч ажлын хөлсөнд 28,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтад зохигч маргаагүй. Харин 1 м.кв талбайн ажлын хөлсийг хэдэн төгрөгөөр тооцсон эсэх нь талуудын маргааны зүйл болж, улмаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусахаас өмнө талууд гэрээг цуцалжээ. Талууд барилгын ажил гүйцэтгэх гэрээний 1 м.кв талбайн ажлын хөлсийг хэдэн төгрөгөөр тооцсоныг өөр өөрөөр буюу нэхэмжлэгч 1 м.кв талбайн цутгалтын ажлыг 55,000 төгрөгөөр тооцсон гэж, хариуцагч ажлын үнэлгээг 1 м.кв талбайг НӨАТ орсон дүнгээр 55,000 төгрөг, ороогүй бол 50,000 төгрөгөөр тохирсон гэж тайлбарлан мэтгэлцжээ.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 344.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу талууд гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг тохиролцон тодорхойлох эрхтэй боловч ийнхүү тохиролцоогүй бол гүйцэтгэсэн ажлын шинж, нөхцөл байдлаас шалтгаалан захиалагч нь тухайн төрлийн ажлыг гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалтыг үндэслэн хөлс төлөх, жагсаалт байхгүй бол ажил гүйцэтгэх үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр хөлсийг бодож төлөхөөр заажээ.
Талууд ажлын хөлсний хэмжээг тохиролцоогүй үндэслэлээр нэхэмжлэгч хийсэн ажлын гүйцэтгэлийн төсвийг хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-аар 2021 оны 07 сард гаргуулж, тус төсвийн гүйцэтгэлийн зоорийн давхрын барилга угсралтын ажлын төсөв 88,976,219 төгрөг гэснийг үндэслэн хариуцагчаас ажлын хөлсөө шаардахдаа хариуцагчийн төлсөн 28,000,000 төгрөгийг хасч, үлдэх 60,976,219 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс гэж тодорхойлсон. Гэвч зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчээс 2021 оны 05 сарын 28-ны өдөр гүйцэтгэсэн ажлын хөлсийг 44,332,090 төгрөг тооцон хариуцагчаас хөлсөө шаардаж байсан нь талууд гүйцэтгэх ажлын хөлсний хэмжээг анхнаасаа тохиролцоогүй байсан гэж дүгнэхээргүй байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
5. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь барилга угсралтын ажлын 1 м.кв талбайн хөлсийг хэдэн төгрөгөөр гүйцэтгэхээр хариуцагчтай тохиролцсон байдлаа нотлох үүргийг хүлээх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх ажлын 1 м.кв талбайн хөлс 55,000 төгрөг болохыг нотлоогүй байна.
Харин ******* ХХК-ийн гаргасан барилгын ажлын гүйцэтгэлийн төсөвт өртөг 88,976,219 төгрөгийг нэхэмжлэгчийн хийсэн 806.38 м.кв ажилтай харьцуулахад 1 м.кв талбайн хөлс 110,340 төгрөг болж байна. Түүнээс гадна хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-тай ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдах ******* төслийн Барилгын карказ угсрах ажил гүйцэтгэх гэрээ-г 2021 оны 04 сарын 21-ний өдөр байгуулж, уг гэрээгээр 1 м.кв талбайн ажлын хөлсийг 80,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцжээ.
Энэ байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч ******* ХХК-ийг ******* төслийн ******* барилгын карказ, барилга угсралтын ажлыг 1 м.кв-ыг 110,340 төгрөгөөр тооцсон гэж дүгнэх бодит үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэсэн ажлын 1 м.кв талбайн хөлс нь 55,000 төгрөг болохоо нотлоогүй байхад анхан шатны шүүх уг ажлын хөлсийг 55,000 төгрөгөөр тооцсон нь талуудын нотлох үүргийн хуваарилалтыг зөрчсөн байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ буюу 50,000 төгрөгөөр барилга угсралтын ажлын 1 м.кв талбайн хөлсийг тооцох нь хэргийн бодит байдалд илүү нийцнэ.
6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээгээр ажил гүйцэтгэгчийн хийсэн ажлын үр дүнг захиалагч хүлээн авч тохиролцсон хөлс төлөх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн 806.38 м.кв ажлыг хариуцагч хүлээн авсан талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээ цуцлахаас өмнөх гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн 806.38 м.кв ажлын 1 м.кв талбайн хөлсийг 50,000 төгрөгөөр тооцоход хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх хөлс 40,319,000 төгрөг болж байна.
Гэрээний хугацаанд хариуцагч компанийн захирал ******* Хаан банкны ******* тоот данснаасаа 2021 оны 05 сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компанийн ажилтан *******, ******* нарт төлснийг нэхэмжлэгч үгүйсгэн маргаагүй, мөн 2021 оны 05 сарын 28-ны өдөр төлсөн 28,000,000 төгрөгийг тус тус хасч, үлдэх 10,319,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлөгдөөгүй ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан тул зохигчийн хооронд үүссэн маргаанд гэрээний үүрэг зөрчигдсөнтэй холбоотойгоор гэрээг цуцалсны улмаас учирсан хохирол шаардах эрхийг тодорхойлсон Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлахгүй. Иймээс анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт энэхүү заалтыг баримталсан нь оновчгүй болсныг хассан өөрчлөлт оруулна.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч ******* ХХК-аас 10,319,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 50,657,219 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон болон хууль хэрэглээний өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01227 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 10,319,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 50,657,219 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,
2 дахь заалтын 239,704 төгрөг гэснийг 180,054 төгрөг гэж өөрчлөн хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 420,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн төлсөн 239,705 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Э.ЭНЭБИШ