| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2024/04089/И |
| Дугаар | 210/МА2025/00603 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00603
|
|
|
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/00955 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон жилийн үр дүнгийн урамшуулал, шагналт цалинд 102,028,150 төгрөг гаргуулах, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Намайг хууль бусаар ажлаас халсныг шүүхээс тогтоож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 19-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон ч ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй удсаар урьд гаргасан тушаалаа хүчингүй болголгүй намайг 2024 оны 03 сарын 11-ний өдөр ажилд эгүүлэн авсан. Улмаар ажилд аваад 11 өдрийн дараа буцааж халсан бөгөөд надтай тохиролцолгүй өөр ажилд тушаал бууруулан томилсон хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй тушаал байсан.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 10 сарын 19-ний өдрөөс ажлаа хүлээж авсан 2024 оны 03 сарын 11-ний өдөр хүртэлх 345 ажлын өдрийн цалин хөлсөөр би хохирсон тул ажилгүй байсан эдгээр өдрийн цалингийн олговорт 89,154,210 төгрөгийг, мөн цалин хөлсний бүрэлдэхүүнд ордог жилийн үр дүнгийн болон балансын шагнал болох 12,873,940 төгрөгийг, нийт 102,028,150 төгрөгийг гаргуулна.
Би хуулийн дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, ******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх гэж оролдсон боловч ажил олгогчтой эвлэрч чадаагүй.
Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон жилийн үр дүнгийн урамшуулал, шагналт цалинд 102,028,150 төгрөг гаргуулан тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 19-ний өдрийн *******дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг *******ын *******ны *******ын албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэснийг хариуцагч биелүүлж, *******ыг ажилд нь эгүүлэн авсан тухай Замын даргын 2024 оны 03 сарын 01-ний өдрийн ******* тушаал гарсан ба уг тушаал хууль зөрчсөн гэх үндэслэлгүй.
2.2. Нэхэмжлэгчийн ажлын байр буюу *******ны *******ын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын В хэсэгт эрх зүйн магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх, дотоод аудитор гэрчилгээтэй байх шаардлагыг заасан. *******ы хувьд дээрх шаардлагыг хангаагүй тул Засгийн газрыг хэрэг эрхлэх газрын ******* тоот албан бичгийн дагуу ажлаас нь чөлөөлсөн. Ажил олгогч ажилтны хөдөлмөрлөх эрхийг хязгаарлалгүйгээр боломжит өөр албан тушаалд урьд нь авч байсан цалингаар нь тооцон томилсон тул ажилтны хөдөлмөрийн нөхцөл, эрх зүйн байдал дордоогүй юм. Иймд нэхэмжлэгч *******ыг Замын даргын 2024 оны 03 сарын 22-ны өдрийн ******* тушаалаар *******ын *******ны *******ын ажилд томилсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
2.3. Ажил олгогч ажилд эгүүлэн авсан 2024 оны 03 сарын 01-ний өдрийн ******* тушаал гарах хүртэлх 345 хоногийн цалинг нь шүүхийн шийдвэрт зааснаар нэг өдрийн цалин 126,290 төгрөгөөр тогтоосны дагуу хүлээн зөвшөөрч 43,570,050 төгрөгийг ажил олгогчоос төлнө. Харин жилийн үр дүн болон балансын шагналд 12,873,940 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ажилтан бүтэн жил ажиллаж тодорхой ажлын үр дүн гаргасан нөхцөлд олгодог ба заавал авах урамшуулал биш юм. ******* нь 2022-2024 онуудад ажиллаагүй, ажлын үр дүн гараагүй тул жилийн ажлын үр дүнгийн шагналыг олгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч *******-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 43,570,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох болон 58,458,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 375,800 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Ажилд эргүүлэн тогтоолгох тухайд: Би ажлаас үндэслэлгүй халагдахдаа ч ажлын байрны шаардлагыг хангаж байсан. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх хугацаанд буюу 2023 оны 12 сарын 22-ны өдөр ажлын байрны тодорхойлолтыг намайг тэнцэхгүй болгож өөрчлөөд дараа нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр эсгэж ажил хүлээлцээд 11 хоногийн дараа ажлын байрны шаардлагыг хангаагүй гээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Анхан шатны шүүхээс Засгийн газраас хүргүүлсэн чиглэлийн дагуу илэрсэн зөрчилд ажил олгогчийн хувьд арга хэмжээ авч ажилласныг буруутгах боломжгүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2.-т заасан ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. гэж үзэж байгаа бол уг заалтын дагуу тухайн ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгоогүй байгааг мөн анхаарч дүгнэлт хийгээгүй байна.
4.2. Ажилгүй байсан хугацааны цалингийн тухайд: Анхан шатны шүүх хуралд нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан ажилгүй байсан 345 хоногийн цалингийн олговорт 90,201,130 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэрт ирээдүйд, цаашид ажилгүй байх хугацааны цалингийн олговрыг заагаагүй. Хөдөлмөрийн хууль шинэчлэгдсэн байхад хүчингүй болсон хуулиар тооцооллыг нь хийснийг мэдсээр байж баримтлан шийдвэр гаргаж иргэнээ хохироох нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Энэ асуудалд шүүх дүгнэлт хийж шударгаар шийдвэрлэх бүрэн боломжтой.
4.3. Жилийн үр дүнгийн болон балансын шагналын тухайд: Нэхэмжлэлдээ анх 12,873,940 төгрөг гэж бичсэн ч хариуцагчаас холбогдох санхүүгийн баримтуудыг гаргуулсны үндсэн дээр тооцооллыг гаргаж шүүхэд өгч цалин хөлсний бүрэлдэхүүнд ордог жилийн үр дүнгийн болон балансын шагналын дүнг 16,409,080 төгрөг болгож нэхэмжилсэн. Хариуцагчийн 2022 оны *******тушаалаар батлагдсан ******* *******ын жилийн ажлын үр дүнгээр шагнал олгох журамд заасны дагуу би хамаарахаар байхад шүүх олгохгүй гэж шийдсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүхийн цалингийн олговорт 59,979,130 төгрөгийг олгож, гэж уншин сонсгосон шийдвэр нь гардаж авахад ...цалингийн олговорт 43,570,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож гэж зөрүүтэй гарсан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 46,631,080 төгрөгийг нэмж 90,201,130 төгрөгийг *******аас гаргуулан, *******ын ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу нөхөн төлөхийг *******д даалгах гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь Засгийн газрын чиглэл хүргүүлэх албан тоотыг өөрт болон миний ажлын байранд хамааралгүй, 5ш ажиллагаанд миний ажил албан тушаал хамаарахгүй гэдэг. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр болон нийт албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт өгдөг учир Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирсэн чиглэл хүргүүлэх тухай албан бичигт бүгд хамаарна.
Засгийн газар нь харьяа байгууллагын зорилт, зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Засгийн газрын хөтөлбөрт уялдуулж хэрэгжүүлэх агуулгаар 2023 оны 03 сарын 17-ны өдөр ******* тоот чиглэл хүргүүлэх албан бичгийг ирүүлэн Засгийн газрын 2023-2024 онд хэрэгжүүлэх Засгийн газрын хөтөлбөрт нийцүүлж үйл ажиллагаа, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэлийг өгсөн. Албан бичгийн 4-р хэсэгт төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадвар болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон хүмүүсийг ажлаас чөлөөлөх, зохих зөрчлийг арилгах тодорхой үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд ирсэн чиглэлийг үндэслэн замын болон удирдах газрын хэмжээнд уг албан бичигт дурдсанаар ажлын байрны тодорхойлолтод мэргэжил, мэргэшил, ур чадварт тохирсон тохироогүй гэх зөрчлийг арилгах арга хэмжээнд шалгалт явуулахад удирдах газрын хэмжээнд нийт 17 ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, мэргэжил, ур чадварт тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан нь хэрэгт авагдсан.
Ийнхүү тухайн ажилтнуудыг өөр ажлын байранд шилжүүлэх, халах зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Байгууллагын хувьд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, ажлаас бүрэн чөлөөлөөгүй, тохирох өөр ажлын байранд буюу өмнө эрхэлж байсан ажилтай нь дүйцэхүйц ажил албан тушаалд томилсон, өмнө нь ажиллаж байхдаа авч байсан цалингийн хэмжээг өөрчлөөгүйг мөн анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон Засгийн газрын чиглэл хүргүүлсэн хөтөлбөр, Үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх жил зэрэгт нийцүүлэн ажил олгогчийн гаргасан шийдвэрийг эрх хэмжээний хүрээнд хийгдсэн гэж зөв дүгнэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар манай байгууллага нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэр гарснаас хойш тушаал гарч дахин ажилдаа эргэн томилогдох хүртэлх хугацааны 345 хоногийн ажилгүй байсан хугацааны олговрыг өмнөх шүүхийн шийдвэрт зааснаар ажлын 1 өдрийн цалинг 126,290 төгрөгөөр тогтоосны дагуу 43,570,050 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хангасан.
Жилийн үр дүн болон балансын үр дүнгийн шагналын тухайд энэ шагнал нь жилийн үр дүн болон балансын үр дүн гэх тусдаа нэршилтэй бөгөөд үр дүн гаргасан ажилтан уг шагналыг авахаар байгууллагын дотоод журамд тодорхой заасан. Түүнчлэн оны эхнээс бүтэн жил ажиллаж байгууллагад санхүүгийн болон эдийн засгийн үр ашиг, өгөөжтэй ажилласан ажилтнуудын үр дүнг үнэлж, шагнал олгох комисс хуралдаж, хэдэн хувиар олгох талаар хэлэлцсэний үндсэн дээр олгодог. Уг шагнал нь ажилтны зайлшгүй авах цалин хөлсний бүрэлдэхүүнд ордог шагнал биш бөгөөд тухайн ажилтан үр дүн гаргаж, түүнийгээ үнэлүүлсний дараа хэдэн хувь авах эсэхийг шагнал олгох комисс шийддэг. Нэхэмжлэгч ажлын үр дүн гаргаагүй атлаа энэ шагналыг 100 хувь авах ёстой гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй тул энэ шаардлагыг зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч нь миний ажлын байрны тодорхойлолтын шаардлага хэсгийг намайг ажилд томилогдох үед өөрчилсөн гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтаар ажлын байрны тодорхойлолтыг ******* ХНН-ийн даргын 2023 оны 12 сарын 22-ны өдрийн тушаалаар нийгэмлэгийн хэмжээнд бүх ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчилсэн нь харагдана. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ирүүлсэн чиглэл хүргүүлэх албан бичгээр бүх ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчилсэн учир нэхэмжлэгчийг ажилд орох үед ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг өөрчилсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад тодорхой мэтгэлцэж, тайлбар гаргасан учир үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан *******-ны *******ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, жилийн үр дүнгийн болон балансын шагнал гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон хариуцагчийн 2024 оны 03 сарын 22-ны өдрийн шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч ******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргажээ. Хороо маргааныг урьдчилан шийдвэрлэж чадаагүй тухай 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 23 дугаартай тэмдэглэл үйлдэн уг арга хэмжээг дуусгавар болгосон байна. Улмаар нэхэмжлэгч 2024 оны 06 сарын 10-ны өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.8 дахь хэсэгт зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан, шаардлага гаргах эрхээ алдаагүй байна.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 43,570,050 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч байгууллагын 2024 оны 03 сарын 22-ны өдрийн ******* тушаал хуульд нийцсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болон хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Иймээс давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч *******ыг хариуцагч байгууллагын Дотоод аудит хяналт шалгалтын албаны *******ын ажилд эгүүлэн тогтоож, ажлын үр дүнгийн урамшуулалт цалин 7,956,270 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 19-ний өдрийн 3583 дугаар шийдвэрээр *******ыг *******ын *******ны *******ын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг хариуцагч биелүүлж, тус нийгэмлэгийн даргын 2024 оны 03 сарын 01-ний өдрийн ******* тушаалаар *******ыг 2024 оны 03 сарын 04-ний өдрөөс эхлэн *******ны *******ын ажилд эгүүлэн авснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтан *******тай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгджээ.
5.1. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчтэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 03 сарын 22-ны өдөр дуусгавар болгож, мөн өдрөөс нийгэмлэгийн *******ны *******ын ажилд албан тушаал бууруулан томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасантай нийцээгүй байна.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ******* тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг нь нэхэмжлэгч *******д хариуцлага тооцохыг шууд чиглэл болгоогүй, ерөнхий зөвлөмжийн шинжтэйн зэрэгцээ нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрх бүхий, харьяалах дээд шатны байгууллага биш байна.
Иймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газар нэхэмжлэгчийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг ажил олгогчоос шаардахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад хамаарахгүйг анхан шатны шүүх анхаараагүй, мөн хариуцагчийн шийдвэрийг ямар үндэслэлээр зөвтгөсөн тухай эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.
5.2. Нэхэмжлэгчийн ажлын байрыг өөрчилсөн шалтгаанаа хариуцагч эрх бүхий этгээд шаардсан буюу Шүүх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчилсэн, уг шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй гэсэн агуулгаар тайлбарлажээ. Хариуцагчаас нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд нь шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоохоос өмнө буюу 2023 оны 12 сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөхдөө Шүүх ажиллагааны хүрээнд буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан бичигт үндэслэсэн гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.
Харин хариуцагчийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан бичгийн агуулгыг буруугаар тайлбарлаж, ажилтныг албан тушаал бууруулах хэрэгсэл болгон ашигласан гэж үзэхээр байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны ******* тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн зорилго нь төрийн өмчийн оролцоотой тус нийгэмлэгт анх ажил, албан тушаалд томилогдохдоо тухайн албан тушаалд тавигдах мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг хангахгүй боловч танилын болон зүй бус аливаа нөлөөллөөр хууль, журам зөрчин томилогдсон этгээдийг холбогдох ажил, албан тушаалөөс чөлөөлөх замаар авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, зохих хууль, журамд заасан шаардлагыг хангасан хүнийг холбогдох албан тушаалд ажиллуулан нийгэмлэгийг чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх, хууль дээдлэх зарчмын хангах чиглэлийг өгчээ.
Хариуцагч байгууллагын *******ны *******ын өмнөх ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлага-д мэргэшлийн хувьд дотоод аудитор гэрчилгээтэй, боловсролын хувьд магистр байх тухайлсан шаардлага тавигдаагүй байжээ. Мөн ******* нь хариуцагч байгууллагын *******ны *******ын албан тушаалд 2017 оноос эхлэн ажиллаж байгаад 2022 оны 04 сард ажлаас үндэслэлгүй халагдах хүртлээ хууль, журмын дагуу томилогдон ажиллаж байсан нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ******* дугаар шийдвэрт дурдагджээ.
Энэ агуулгаар хариуцагч нь 2024 оны 03 сард шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажлын байранд нь эгүүлэн тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд аливаа ялгаварлан гадуурхалтыг хориглох, хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, шударга бус үйлдлийг хориглох суурь зарчмуудыг зөрчиж, нэхэмжлэгчийг уг ажлын байранд ажиллуулахгүй байх нөхцөлийг урьдчилан, зориуд бүрдүүлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд шударгаар хандаагүй гэж дүгнэлээ.
5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т ажилтанд ажлын байрны тодорхойлолт-ыг баталгаажуулж өгөх нь ажил олгогчийн эрх бус хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд хөдөлмөрийн гэрээний үндсэн гол нөхцөлийн нэг юм. Энэ үүднээс авч үзвэл ажлын байрны тодорхойлолт нь тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх ажилтанд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил болон туршлага, ур чадварын тусгай шаардлагыг илэрхийлж, баталгаажуулсан баримт бичиг юм.
Нийгэмлэгийн даргын 2022 оны ******* дугаартай тушаалаар *******ны бүтэц, орон тоог баталснаар алба нь Дотоод хяналт, Дотоод аудит гэсэн 2 хэлтэстэй болжээ. Чиг үүргийн хувьд Дотоод хяналтын хэлтэс нь нийгэмлэгийн хэмжээнд хууль, дүрэм, шийдвэрийн биелэлтийг хангах, хянах, хэрэгжилтэд дотоод хяналт тавих, энэ талаархи гомдол, мэдээлэлд шалгалт явуулж дүгнэлт гаргах, удирдлагад санал гаргах үндсэн чиглэлтэй бол Дотоод аудитын хэлтэс нь нийгэмлэгийн хэмжээний нягтлан бодох бүртгэл, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагын зэрэг санхүүгийн бүх баримтын бүрдүүлэлтэд хяналт, шалгалт явуулах, эрсдлийг тодорхойлох болон нийгэмлэгийн гаргасан санхүү, эдийн засгийн шийдвэрийн хэрэгжилтийг шалгаж дүгнэх, зөвлөмж өгөх чиг үүрэгтэй ажээ.
Хариуцагчаас уг ажлын байрны тодорхойлолтод дотоод аудиторын гэрчилгээтэй, эрх зүйн магистр байх нэмэлт шаардлагыг бий болгохдоо тус нийгэмлэгийн *******ны дүрмийн 3.16-д Албаны удирдлага, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг ******* ХНН-ийн хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн боловсруулж, батална гэж заасныг мөрдлөгө болгосон эсэх нь тодорхойгүй. Мөн *******а нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах дотоод аудитор-ын гэрчилгээтэй болон онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга зүйн чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн магистрын зэрэгтэй байх бодит ач холбогдлыг илэрхийлсэн баримтыг хариуцагч шүүхэд гаргаагүй, энэ талаар тайлбарлан мэтгэлцээгүй байна.
Учир нь хариуцагч тухайн ажлын байранд дүн шинжилгээ хийж, хэрэгцээ шаардлагыг нь тодорхойлсны үндсэн дээр эсхүл байгууллагын холбогдох дүрэм, журамд өөрчлөлт орсны улмаас нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод дурдсан нэмэлт шаардлагыг бий болгосон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иймээс хариуцагч нь *******ны *******ын албан тушаалд нэмэлт шаардлага тавих ямар бодит хэрэгцээ, шаардлага үүссэн /өмнө дүгнэснээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны ******* тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэсэн гэснээс өөр/ болон нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн гаргасан эсэхээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хууль, дүрэмд нийцүүлэн өөрчлөөгүй нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж дүгнэв.
6. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* нийгэмлэгийн 2024 оны 03 сарын 22-ны өдрийн *******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажилд авах тухай ******* тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох аль ч үндэслэлд хамаарахгүй, эрх зүйн үндэслэлгүй гарсан байна.
Иймээс нэхэмжлэгч *******ы ажил, албан тушаалыг өөрчилж, албан тушаал бууруулан өөр ажилд шилжүүлэн томилсныг мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулсан гэж үзэх тул нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан хариуцагч *******ын *******ны *******ын албан тушаал эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг анхан шатны шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 19-ний өдрийн 3583 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн 1 өдрийн цалинг 126,290 төгрөгөөр тогтоосныг үндэслэн хариуцагчаас 43,570,050 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасанд нийцжээ.
Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд түүний ажиллаж байсан *******ны *******ын албан тушаалын цалин 2022 оны 03 сард 1,654,227 төгрөг болж, 2022 оны 09 сард 1,928,850 төгрөг болж, 2022 оны 11 сард 2,006,000 төгрөг болж, 2023 оны 07 сард 2,206,600 төгрөг болж, 2024 оны 06 сард 2,647,900 төгрөг болж тус тус нэмэгджээ. Ийнхүү үндсэн цалин нэмэгдсэн ч үндсэн цалинтай уялдан тооцогдох нэмэгдэл, хөнгөлөлтүүдийг хэрхэн тооцож олгох нь тодорхойгүй байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д зааснаар нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор заасны дагуу нэхэмжлэгчийн нэг сарын цалин /126,290/ 2,652,090 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн шаардсан 2022 оны 10 сарын 19-ний өдрөөс 2024 оны 03 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг дээрх харилцан адилгүй нэмэгдсэн цалингаар тооцвол 2,652,090 төгрөгөөс багаар тооцогдохоор байна. Иймээс нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээгээр цалинг тооцох үндэслэлгүй болон хэргийн баримтад үндэслэн цалинг тооцох нь түүний эрх зүйн байдлыг тодруулах тул энэ талаархи анхан шатны шүүхийн /345х126,290=43,570,050/ шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
8. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаанд хамаарах жилийн үр дүнгийн болон шагналт цалинд 12,873,940 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх тухайн хугацаанд ажиллаж үр дүн гаргаагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Хариуцагч байгууллагын даргын 2020 оны 08 сарын 05-ны өдрийн А580 дугаар тушаалын хавсралт УБТЗ ХНН-ийн үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааны жилийн тайлан бэлтгэх, боловсруулах ажлын үр дүнгээр ажилтнуудыг шагнаж, урамшуулах журам-ын 2.3.8-д Санхүүгийн дотоод аудит, хяналт хариуцсан бүтцийн нэгжийн ажилтнууд-д энэ журам үйлчлэхээр, мөн журмын 4.2-д УБТЗ ХНН-д оны эхнээс тухайн жилд бүтэн ажилласан ажилтанд шагнал урамшууллыг бүрэн тооцож олгоно. Харин ... хүндэтгэн үзэх шалтгаанаар тухайн жилд бүтэн ажиллагаагүй ажилтны ажилласан хугацаанд нь ногдох шагналыг тооцож олгоно гэж заажээ.
Нэхэмжлэгч нь ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас дээрх хугацаанд ажиллаагүй бөгөөд шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон учир уг журмын 2.2-д Ажилтнуудад олгох шагнал урамшууллын хэмжээ нь тухайн ажилтны албан тушаалын 2 сарын цалингаас хэтрэхгүй байна гэж заасан хэмжээгээр түүнд олгох үндэслэлтэй. Хэргийн баримтаар нэхэмжлэгчтэй адил албан тушаал эрхэлдэг ажилтнуудын үндсэн цалинг 200 хувиар тооцон шагналт цалин олгосон хэдий ч нэхэмжлэгч өөрөө 150 хувиар тооцон шаардсан учир энэ хэмжээгээр тооцон олгох нь зүйтэй. Иймээс нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалинг 2,652,090 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023, 2024 оны шагналт цалинд /2,652,090х1.5=3,978,135. 3,978,135х2/ нийт 7,956,270 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгчийн шаардсан жилийн үр дүнгийн урамшуулалт цалинг хариуцагчаас нөхөн гаргуулах үндэслэлгүй байна.
Хариуцагч байгууллагын даргын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн А-933 дугаар тушаалын хавсралт УБТЗ ХНН-ийн жилийн ажлын үр дүнгээр шагнал олгох журам-ын 2.1-д зааснаар нийгэмлэгийн тайлант жилийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүнгийн төлөвлөгөө биелсэн тохиолдолд шагнал авах эрх үүсэхээр заажээ. Мөн журмын 1.1-д зааснаар ажилтан үр дүн гарган ажилласан байхад чиглэсэн байх тул нэхэмжлэгч нь дээрх агуулгаар ажил олгогч хууль бус шийдвэрийн улмаас дээрх хугацаанд ажиллаагүй бөгөөд шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон боловч тухайн хугацаанд ажлын үр дүн гарган амжилттай ажиллах байсан гэж дүгнэх боломжгүй юм.
Иймээс энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох жилийн үр дүнгийн урамшуулалт цалинг хариуцагчаас нөхөн гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч *******ыг хариуцагч *******ын *******ны *******ын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон шагналт цалинд нийт 51,526,320 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,501,830 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/00955 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг хариуцагч *******ын *******ны *******ын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч *******аас 51,526,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, *******ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч *******д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 50,501,830 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтын ... 375,800 төгрөг ... гэснийг 415,582 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,105 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ