Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 216

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Ж.Л /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Л холбогдох эрүүгийн 1918002100234 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ж.Л 1995 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Зиг” ХХК-д автын засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 1-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Л нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “М-Ойл” шатахуун түгээх станцын гадна иргэн П.Д эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Л нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “М-Ойл” шатахуун түгээх станцын гадна иргэн П.Д эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Ж.Лгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай “Зиг” ХХК-ны ажилчид байгууллагаараа цэргийн баяр, Мартын 8-ны баяруудыг тэмдэглээд Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд” нэртэй паб, караокед 2019 оны 3 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчимд орсон. Тэгээд хамт олонтойгоо бүжиглээд ганц нэг юм уугаад баяраа тэмдэглэж байгаад эхнэр Ягаанцэцэг, Отгонцэцэг хоёртой хамт 00 өрөө рүү биеэ засах гээд ороход шатахуун түгээх станцын хувцастай залуу тамхи татаад зогсож байхаар нь би тэр залуугаас нэг тамхи өгөөч гээд гуйхад “чиний тамхийг бэлддэг нь би биш шүү.” гэж хэлсэн. Тэгэхээр нь “юун сүртэй юм, нэг тамхи өгчихөөч” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад түгээгч залуу миний зүүн хацар руу алгадсан. Тэгэхэд манай эхнэр, Отгонцэцэг хоёр 00-оос гарч ирээд тэр залуугаас уучлалт гуйгаад намайг дагуулж гараад хүлээн авалтын заал руу ороход манай ажлын газрынхан гарч тамхи татах гэж байхаар нь би тэд нарыг дагаад гарсан. Тэгээд пабын гадаа үүдэнд тамхи татаад зогсож байхад түгээгч залуу пабаас гараад ирэхээр нь би түгээгч залууд хандаж “намайг яагаад цохиж байгаа юм бэ?” гэж асуухад “чи өөрөө эхэлж далжигнасан биз дээ” гэж хэлээд маргалдах гэхэд манай ажлын газрын хүмүүс намайг салгаж байгаад миний цамцыг урчихсан. Тэгээд намайг машинд суулгачихаад байж байгаараа гэж хэлээд түгээгч залуутай уулзаад зогсож байхад нь би гүйж очоод түгээгч залууг цохих гэхэд манай ажлын газрын залуу намайг түлхээд салгахад нь буцаж очоод манай эхнэртэй зууралдаж байсан түгээгчийг 2-3 удаа цохиход тэнд байсан хүмүүс салгасан.

...хохирогчийн хохирол төлбөрт 600000 төгрөг төлсөн. Надаас өөр Дариймааг зодож цохисон хүн байхгүй. Цаашид эмчилгээ хийлгэх 300000 төгрөгийг төлөх талаар харилцан тохиролцсон. Гэм буруугаа ухаарч байгаа.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ажлын байранд ажлаа хийгээд сууж байсан. Тэгтэл энэ залуу ажлын хүүхэнтэй “Гранд” буудалд нийлээд явж байсан юм байна лээ. Шүүгдэгч “тамхи байна уу?” гэж асуухаар нь “байхгүй” гэхэд нь “яагаад байдаггүй юм бэ?” гээд маргалдсан юм байна лээ. Гарч ирээд олуулаа дээрэнгүй өнгөөр харьцахаар нь би “та нар олуулаа ингэж болохгүй.” гэхэд шүүгдэгч шууд надад гар хүрсэн. Тэгтэл тэнд байсан Отгонцэцэг бас хоёр эмэгтэй намайг өшиглөөд газар унагаасан. Би газар унахад миний утас бас унасан. Би олон хүмүүсийн дунд зодуулаад үснээс зулгаахыг нь болиулах гэж оролдсон.

...томографийн зураг 135000 төгрөгөөр авахуулсан. А6 гээд утасны дэлгэцийг солиулж өгнө гэхэд нь би хятад наалт хийлгэхгүй гээд анх 250000 төгрөгөөр худалдаж авсан гээд мөнгийг авсан. Нийт 565000 төгрөгийг авсан гэв.

...би даралт ихсэх, толгой өвдөх асуудлыг мэддэггүй байсан. Тэгтэл үүнээс болж даралт ихсэж, толгой өвддөг болсон. Би шүүгдэгчид гомдол санал гэсэн зүйл байхгүй. Ганц удаа эмнэлэгт хэвтэх эмчилгээний зардал 300000 төгрөгийг төлчих гэж хэлсэн. Өөр зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,

 

-Гэрч Н.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллага хамт олноороо эмэгтэйчүүдийн баярыг Дархан сумын 14 дүгээр баг “Гранд” караокед тэмдэглэсэн. Тэгээд 23 цагийн үед манай хамт олон баяраа тэмдэглэж дуусаад бөөнөөрөө гарч ирсэн чинь Лувсанбалдангийн цамц нь урагдсан зогсож байсан. Тэгээд нөгөө залуу руу дайрах гээд байхаар нь бид нар хориглож машинд суулгасан. Бид нар нөгөө муудалцаад байсан залуутай уулзаад уучлалт гуйгаад юм яриад зогсож байсан. Тэгсэн Шатахуун түгээх станцын байрны цонхоор түгээгч хүүхэн хараал хэлээд орилоод байсан. Тэгэхээр нь би нөгөө хүүхэнд хандан “чамд хамаагүй, дуугүй байж бай” гээд хэлсэн чинь “би ажлынхаа залууг өмөөрч байна, та нарт хамаагүй” гэсэн. Тэгээд түгээгч хүүхэн гарч ирээд бид нар луу дайраад байсан. Тэгээд Лувсанбалдангийн нуруу руу түгээгч хүүхэн цохисон. Тэгэхээр нь Ягаанцэцэг нөхрөө өмөөрөөд нөгөө түгээгч хүүхний араас нь татсан чинь үснээс нь зулгаагдсан юм шиг байсан. Түгээгч хүүхэн эргэж хараад Ягаанцэцэгийн үснээс татаад доошоо дарсан. Тэгээд би салгах гэж очоод нөгөө түгээгч хүүхний үснээс нь зулгаасан. Тэгээд түгээгч хүүхэн Ягаанцэцэгийн үсийг нь тавихаар нь би бас түгээгчийн үсийг тавьсан. Тэгээд бид нар салаад явцгаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 6/,

 

-Бичлэг бүхий 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 8/,

-Бичлэг бүхий сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 11/,

 

-Гэрч Т.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай “Зиг” ХХК-ны ажилчид байгууллагаараа “цэргийн баяр”, “Мартын 8”-ны баяруудыг тэмдэглээд Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд” нэртэй паб, караокед 2019 оны 3 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчимд орсон. Тэгээд хамт олноороо баяраа тэмдэглээд орой 23 цаг өнгөрөөд гарахад манай ажлын газрын хэсэг хүмүүс “М-Ойл” шаатахуун түгээх станцын байрны урд очоод зогсчихсон байхаар нь би юу болсон талаар асуух гээд очиход намайг машиндаа сууж бай гэхээр нь эргээд явах гэхэд манай хүргэн Лувсанбалдан дээгүүрээ нүцгэн цагаан майктай зөрж өнгөрөөд шатахуун түгээх станцын үүдний довжоон дээр зогсож байсан эрэгтэй, эмэгтэй хоёр түгээгч рүү дайрахад нь түгээгч эмэгтэй Лувсанбалдангийн майкнаас татаад зууралдаад үүдний довжоон дээрээс буугаад ирсэн. Тэгэхэд нь манай дүү болох Лувсанбалдангийн эхнэр Ягаанцэцэг түгээгч эмэгтэйтэй нэг, нэгнийхээ үснээс зулгаалцахад нь би салгах гээд Ягаанцэцэгийн араас нь тэврээд байж байхад Отгонцэцэг түгээгч эмэгтэйн үснээс мөн давхар зулгаагаад зууралдаж байгаад газарт бөөндөө унасан. Тэгэхэд нь түгээгч эмэгтэй доошоо хараад Ягаанцэцэг дээр унахаар нь би түгээгч эмэгтэйн нуруу руу нь болоич ээ гээд алгаараа 3 удаа цохисон. Тэгэхэд манай ажлын газрын хүмүүс тэд нарыг салгасан.” гэх мэдүүлэг /хэргийн 19-20/,

 

-Гэрч Т.Я-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Лувсанбалдангийн хамт олон баяр тэмдэглэнэ гээд Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд” нэртэй паб, караокед 2019 оны 3 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчимд орсон. Тэгээд хамт олон, гэр бүлээрээ ууж, идээд сууцгаасан. Би Лувсанбалдан, Отгонцэцэг хоёртой хамт биеэ засах гээд “00” ороход шатахуун түгээх станцын хувцастай залуугаас манай нөхөр Лувсанбалдан тамхи гуйсан чинь тэр залуу “би чиний тамхийг чинь бэлддэг хүн биш.” гэж хэлэхэд нь манай нөхөр түгээгч залуутай маргалдах гээд байхаар нь би нөхрөө дагуулаад гараад явсан. Тэгээд орой 23 цаг өнгөрөөд үйл ажиллагаа дуусах гээд байж байхад Лувсанбалдан гарч тамхи татах гэхэд нь би хамт дагаж гараад үүдэнд хэсэгт зогсож байгаад би буцаж ороод удаагүй байтал Гансүх гэж хүн орж ирээд “танай нөхөр чинь гадаа хүнтэй маргалдаад байна.” гэж хэлэхээр нь гарахад Лувсанбалдангийн өмсөж явсан цамц нь урагдчихсан “М-Ойл” шатахуун түгээх станцын залуутай маргалдаад зогсож байхад ажлын газрын хүмүүс гарч ирээд салгаад машинд суулгасан. Тэгээд ажлын газрын хүмүүс нь түгээгч залуутай уулзаад зогсож байтал түгээгч эмэгтэй гарч ирээд үүднийхээ довжоон дээр зогсчихоод түгээгч залуугаа өмөөрөөд хэрүүл хийгээд зогсож байтал Лувсанбалдан ирээд түгээгч залууг цохих гэж байгаад түгээгч эмэгтэйтэй зууралдаад үүдний довжоон дээрээс буугаад ирэхэд нь би түгээгч эмэгтэйн үснээс зулгаахад түгээгч эмэгтэй миний үснээс мөн зулгаасан. Тэгээд бид хоёр үснээсээ зулгаалцаад газар унахад тэнд байсан хүмүүс салгасан.” гэх мэдүүлэг /хэрийн 21-22/,

 

-Гэрч Ч.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “М-Ойл” шатахуун түгээх станц дээр П.Д хамтаар 24 цагаар гарч ажилласан. Тэгэхэд орой 23 цагийн орчимд би манай колонкын хажууд байдаг “Гранд” нэртэй паб, караокегийн 00-д орж биеэ засчихаад тамхи татаад зогсож байхад нэг залуу надаас тамхи асуухаар нь би тамхи байхгүй гэж хэлэхэд тэр залуу “чи нэг ширхэг тамхи өгчөөч дээ яасан сүртэй юм бэ” гэхээр нь “би чиний тамхийг бэлддэг хүн биш” гэж хэлээд маргалдаад зогсож байхад хоёр эмэгтэй тэр залууг дагуулаад авч гарсан. Тэгэхдээ “манай энэ жаахан согтчихсон юм аа, уучлаарай” гээд надаас уучлалт гуйгаад гарсан. Тэгээд би тамхиа татаж дуусаад пабаас гарахад гадаа үүдэнд надтай маргалдсан залуу нэг залуутай хамт тамхи татаад зогсож байснаа намайг харчихаад “түрүүн тамхи гуйгаад надад тамхи өгөөгүй юм аа, хөгшөөн ийшээ нэг тамхилчихаач.” гэж хэлснээ “чи муу халтар түгээгч надтай харьцах болоогүй шүү.” гэх мэтээр над руу дайраад байхаар нь шанаа руу нь нэг удаа гараараа цохиход найз нь салгаж авснаа надаас уучлалт гуйсан. Тэгээд би түгээгчийн байрандаа ороод байж байтал нөгөө залуутай хамт явж байгаа бололтой хэсэг хүмүүс ирээд “манай дүүг зодчихлоо .”гээд байхаар нь би байрныхаа үүдэнд тэд нарт болсон зүйлийн талаар эхнээс нь тайлбарлаад зогсож байтал надтай анх маргалдсан залуу орилж ирээд намайг цохих гэж байтал байрнаас Дариймаа орилж гарч ирж таараад бид хоёрын дундуур орчихсон. Тэгэхэд нөгөө залууг найз нь аваад цаашаагаа явахад Дариймаа нэг жижигхэн биетэй эмэгтэйтэй нэг, нэгнийхээ үснээс зулгаагаад зодолдсон. Тэгэхэд нь би байр руугаа ороод хамгаалалтын дохиолол дарчихаад гараад ирэхэд тэд нар салчихсан Дариймаа “цагдаа дуудна” гээд байж байхад нөгөө хүмүүс яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 23/,

 

-П.Д биед тархи доргилт, баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн шилбэний цус хуралт, баруун гарын сарвууны гадна, хамрын баруун хэсгийн зулгаралт  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. П.Дд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 25/,

 

-“Samsung A-7 маркын гар утасны дэлгэцийг сольж засах засварын зах зээлийн дундаж ханш 140000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг гэж дүгнэж байна.” гэх “Бан хас” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 30-32/,

 

-“Миний бие хохирогчийн эмчилгээний төлбөр 300000 төгрөгийг 2019 оны 6 сарын 7-ны дотор төлөхөөр эвлэрсэн болно.” гэх баталгаа /хэргийн 93/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч Ж.Лгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч  П.Д биед “тархи доргилт, баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн шилбэний цус хуралт, баруун гарын сарвууны гадна, хамрын баруун хэсгийн зулгаралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Ж.Лг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч П.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Томографийн зураг 135000 төгрөгөөр авахуулсан. А6 гээд утасны дэлгэцийг солиулж өгнө гэхэд нь би хятад наалт хийлгэхгүй гээд анх 250000 төгрөгөөр худалдаж авсан гээд мөнгийг нь авсан. Нийт 565000 төгрөгийг авсан. Одоо эмнэлэгт хэвтэх эмчилгээний зардлыг төлүүлмээр байна.” гэх мэдүүлгийг өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Д, шүүгдэгч Ж.Л нар нь “...хохирогчийн эмчилгээний төлбөр 300000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 7-ны дотор төлөхөөр эвлэрсэн болно.” гэх баталгаа /хэргийн 93/ гаргажээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Лгаас эмчилгээний зардалд 300000 төгрөг гаргуулж хохирогч П.Дд олгох нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ж.Л нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “М-Ойл” шатахуун түгээх станцын гадна иргэн П.Д эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Лг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Л нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөрийг нотлох баримтын хэмжээнд төлсөн байгаа байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг сард 45000 төгрөгөөр тооцон 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ж.Лд анхааруулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Л-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сар бүр 45000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ж.Лд үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ж.Лд анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Лгаас 300000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч П.Д-д олгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Я.ТУУЛ