Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/00060

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа, даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/04893 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болон хохиролд нийт 178,531,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2021 оны 07 сарын 17-ны өдрийн 2021/7/17-1 тоот Барилга угсралтын материал түрээслэх гэрээг байгуулж, *******-аас 60x12 хэмжээтэй пум нэг ширхэгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 1314 ширхэг, мөн 60x12 хэмжээтэй пум нэг ширхэгийг хоног тутам 400 төгрөгөөр тооцож 124 ширхэг, 50x12 хэмжээтэй пум нэг ширхэгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 237 ширхэг, 40x12 хэмжээтэй пум нэг ширхэгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 234 ширхэг, 20x12 хэмжээтэй пум нэг ширхэгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 154 ширхэг, 45x12 хэмжээтэй пум нэг ширхэгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 117 ширхэг, 30x12 хэмжээтэй пум нэг ширхэгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 235 ширхэг, 2.4-ийн хэмжээтэй гадар булан нэг ширхэгийг хоног тутам 165 төгрөгөөр тооцож 133 ширхэг, 1.2-ийн хэмжээтэй гадар булан нэг ширхэгийг хоног тутам 165 төгрөгөөр тооцож 80 ширхэг, мөн 1.2-ийн хэмжээтэй гадар булан нэг ширхэгийг хоног тутам 400 төгрөгөөр тооцож 110 ширхэг, 10x10 хэмжээтэй дотор булан нэг ширхэгийг хоног тутам 165 төгрөгөөр тооцож 67 ширхэг, 10x15 хэмжээтэй дотор булан нэг ширхэгийг хоног тутам 165 төгрөгөөр тооцож 11 ширхэг, 20x20 хэмжээтэй дотор булан нэг ширхэгийг хоног тутам 165 төгрөгөөр тооцож 20 ширхэг, V5 маркийн тулаас нэг ширхэгийг хоног тутам 230 төгрөгөөр тооцож 230 ширхэг, 3 метрийн труба нэг ширхэгийг хоног тутам 140 төгрөгөөр тооцож 60 ширхэг, 4 метрийн труба нэг ширхэгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 11 ширхэг, 6 метрийн труба нэг ширхэгийг хоног тутам 165 төгрөгөөр тооцож 452 ширхэг нийт 3589 ширхэг эд зүйлийг хүлээн авч түрээсэлсэн.

1.2. ******* нь 2021 оны 07 сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл барилга, угсралтын бараа материалын түрээсийн төлбөрт 94,698,690 төгрөгийг *******-д гэрээний дагуу төлөх үүрэгтэй байснаас 32,909,750 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний талууд 2021 оны 12 сарын 20-ны өдөр тооцоо нийлж 62,105,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг харилцан тооцож баталгаажуулсан ба үүнээс 2022 оны 12 сарын 27-ны өдөр 13,800,000 төгрөгөөр тооцож Тоёота приус маркийн автомашиныг шилжүүлж түрээсийн төлбөрийн үлдэгдэл 48,305,440 төгрөг болсон.

1.3. ******* нь 2021 оны 12 сарын байдлаар түрээсэлсэн нийт 3589 ширхэг эд зүйлээс *******-д 912 ширхэг барилга угсралтын эд зүйлийг хүлээлгэн өгч 2677 ширхэг эд зүйл дээр өвөлжилтийн гэрээг байгуулсан бөгөөд өвөлжилтийн гэрээний дагуу 2021 оны 12 сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр тооцоогүй болно. ******* нь 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл *******-д түрээсийн төлбөрт 56,978,400 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно.

1.4. Түүнчлэн *******-аас ******* нь өөрийн эзэмшлийн түрээсийн нийт 2677 ширхэг эд зүйлээс 2022 оны 07 сарын 30-ны өдөр 1902 ширхэг эд зүйл, 2022 оны 09 сард 513 ширхэг эд зүйлийг буцаан авсан бөгөөд ******* нь 85,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 6,035,000 төгрөгийн үнэтэй 60x12 хэмжээтэй пум 71 ширхэг, нэг ширхэг нь 85,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 2,210,000 төгрөгийн үнэтэй 50x12 хэмжээтэй пум 26 ширхэг, нэг ширхэг нь 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 5,180,000 төгрөгийн үнэтэй 45x12 хэмжээтэй пум 74 ширхэг, нэг ширхэг нь 68,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 340,000 төгрөгийн 40x12 хэмжээтэй пум 5 ширхэг, нэг ширхэг нь 65,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 3,380,000 төгрөгийн үнэтэй 30x12 хэмжээтэй пум 52 ширхэг, нэг ширхэг нь 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 900,000 төгрөгийн үнэтэй 20x12 хэмжээтэй пум 18 ширхэг, нэг ширхэг нь 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 210,000 төгрөгийн үнэтэй 2,4 м-ийн гадар булан 3 ширхэг, нэг ширхэг нь 55,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 715,000 төгрөгийн үнэтэй 1,2 м-ийн гадар булан 13 ширхэг нийт 19,015,000 төгрөгийн үнэтэй 262 ширхэг эд зүйлийг үрэгдүүлсэн байна.

Иймд Барилга угсралтын материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэл болох 2021 оны 07 сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 48,305,440 төгрөг, 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 56,978,400 төгрөг, нийт 105,283,840 төгрөг, гэрээнд заасан алданги 52,641,920 төгрөг, үрэгдүүлсэн эд зүйлийн үнэ болох 19,015,000 төгрөг, эвдэрсэн эд зүйлийг засварлахад зарцуулсан 1,590,500 төгрөг, нийт 178,531,260 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******-ийн нэхэмжилсэн 178,531,260 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь ******* нь *******-тай 2021 оны 07 сарын 17-ны өдөр 2021/7/17-1 дугаар Барилгын ажил угсралтын материал түрээслэх гэрээг байгуулсан бөгөөд Тооцоо нийлсэн акт /2021он-16/-ыг 2021 оны 12 сарын 27-ны өдөр үйлдсэн болно. Уг актаар ******* түрээсийн төлбөрт 62,105,000 төгрөгийн өглөгтэйгээс 2021 оны 12 сарын 31-ний өдөр 13,800,000 төгрөгт Приус 30 /Prius/ автомашин тооцуулан, 48,305,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

2.2. Гэрээний 5.3-д алдангийг 0,5 хувиар тооцно гэсэн хэдий ч 2021 оны 12 сарын 27-ны өдрөөс яаж алдангийг тооцсон нь тодорхой биш байна. Мөн 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс 07 сарын 28-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрт 41,404,100 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.3. Эд зүйлийг хэт өндрөөр үнэлсэн байна. Бид өвөлжилтийн гэрээг хийгээгүй бөгөөд өвөл барилгын ажил явагдаагүй, зогсдог, манай ******* үйл ажиллагаагаа 2022 оны 04 сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн байдаг.

2.4. Түрээсийн төлбөрт нэхэмжилж буй дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлсэн хугацаанаас түрээсийн төлбөр төлнө гэж үзвэл 102 хоног буюу 21,020,670 төгрөг, эвдэрсэн эд зүйл засварлахад 2,618,000 төгрөгийг төлөх боломжтой тул нэхэмжилсэн нийт үнийн дүнгээс холбогдох хэсгийг нь хангаж үлдэгдэл хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 178,531,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,051,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 1,051,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ 2021 оны 09 сарын 13-ны өдрийг хүртэл бараа материалыг ашигласан агуулгатай байна гэж дүгнэсэн атлаа 2022 оны 09 сарын 13-ны өдрөөр гэрээний хугацаа дуусгавар болсон гэж дүгнэн түрээсийн төлбөр 105,283,840 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Талууд бараа материалын зарим хэсэг устсан, үрэгдсэн талаар болон үлдсэн бараа материалыг буцаан хүлээлгэн өгсөн талаар маргадаггүй бөгөөд тухайн бараа материалыг 2021 оны 12 сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн актын дараа нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн. Гэтэл бараа материалыг хүлээлгэн өгсөн байхад анхан шатны шүүх нь 2022 оны 09 сарын 13-ны өдрийг хүртэл буюу 9 сарын хугацаанд тухайн бараа материалыг түрээсэлсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа хэзээ дуусгавар болсон талаар дүгнэхдээ зөвхөн хэрэгт авагдсан 2022 оны 09 сарын 13-ны өдрийн Тооцоо нийлсэн акт 2022 он" гэх баримтыг үндэслэн тухайн өдөр гэрээ дуусгавар болсон гэж дүгнэсэн нь нотлох баримтад огт үндэслээгүй дүгнэсэн гэж үзэхээр байна.

Учир нь, талуудын хоорондын гэрээ дуусгавар болгох тохиролцоо тухайн тооцоо нийлсэн актыг үйлдэхээс өмнө нь хийгдэж, бараа материалыг хүлээлгэн өгсөн. Түүнчлэн, дээрх тооцоо нийлсэн акт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт бөгөөд *******-ийн тамга огт дарагдаагүй байдаг.

Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 07 сарын 17-ны өдрийн 2021/7/17-1 дугаар Барилга угсралтын материал түрээслэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар *******-ийн тамга дарагдаагүй байхад тухайн нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх тухайн тооцоо нийлсэн актын талаар хариуцагч тал маргаагүй гэж үндэслэлгүйгээр үйл баримтыг дүгнэсэн. Учир нь, хариуцагчийн хариу тайлбараар тухайн тооцоо нийлсэн акт дахь үнийн дүнг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тодорхой дурьдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс ийнхүү үндэслэлгүйгээр талууд маргаагүй гэх үндэслэлээр тухайн нотлох баримтыг үнэлсэн.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэлгүйгээр гэрээ дуусгавар болсон хугацааг 2022 оны 09 сарын 13-ны өдөр гэж дүгнэн, тухайн хугацаа хүртэл түрээсийн төлбөр гаргуулж, тухайн дүнгээс алданги тооцсон нь үндэслэлгүй, шүүх нотлох баримт цуглуулах үүргээ гүйцэтгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гэрээ дуусгавар болсон болон бараа материал хүлээлгэн өгөх хугацааг дахин тодруулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч түрээсийн төлбөр төлөх үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогддог. Түүнчлэн манай компани өвлийн улиралд түрээсийн төлбөр тооцоогүй. Хариуцагчийн 2022 оны тооцоо нийлсэн актад компанийн тамга, тэмдэг дарагдаагүй гэх үндэслэлээр маргадаг ба хариуцагчийн төлөөлөгч гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 2021 оны 07 сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 48,305,440 төгрөг, 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 56,978,400 төгрөг, алданги 52,641,920 төгрөг, учирсан хохиролд дутаасан эд зүйлийн үнэ болох 19,015,000 төгрөг, гэмтээсэн эд зүйлийг засварлахад зарцуулсан зардал 1,590,500 төгрөг, нийт 178,531,260 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь өвөлжилтийн гэрээ байгуулаагүй, өвөл барилгын үйл ажиллагаа зогсдог, 5 сараас барилгын ажил эхэлсэн, алданги хэрхэн тооцсон нь тодорхойгүй, эд зүйлийг хэт өндрөөр үнэлсэн гэх үндэслэл заан эс зөвшөөрч, зохигч маргажээ.

 

3. *******, ******* нар 2021 оны 07 сарын 17-ны өдөр Барилгын угсралтын материал түрээслэх гэрээ байгуулж, ******* нь гэрээний хавсралт 1-д дурдсан барилга угсралтын материал буюу сапуд, труба, пум, гадна болон дотор булан зэрэг эд зүйлийг түрээслүүлэх, ******* нь түрээсийн төлбөрт 28,900,000 төгрөгийг төлөх, мөн гэрээний хавсралт 2-оор түрээсийн бараа материалд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд мөрдөх үнийн тариф, бараа материалын зах зээлийн үнэлгээ тооцох зэрэг нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-6-7/

4. Талуудын байгуулсан гэрээний зүйл болох барилгын угсралтын материалыг ашиглах зориулалт, зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болох үр шим зэргээс үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр залруулан дүгнэв.

 

5.Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

6. Гэрээний 3 дахь заалтаар түрээслэгч буюу хариуцагч нь хавсралт 1-д тусгасан барилга угсралтын бараа материалын түрээсийн 30 хоногийн төлбөрийг урьдчилан төлж, бараа материалыг хүлээж авах, гэрээний Хавсралт 1-д түрээсийн зүйлийн нэр, хэмжээ, тоо ширхэг, түрээсийн үнэ, хугацаа, нийт дүн, Хавсралт 2-т түрээсийн зүйл гэмтсэн, устсан тохиолдолд тооцох үнэлгээ /төгрөгөөр/ зэрэг нөхцөлийг тус тус харилцан тохиролцон, баталгаажуулсан байна.

 

7. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийт 3589 ширхэг эд зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримтаа нотлох зорилгоор зарлагын баримтууд шүүхэд гарган өгчээ. /хх-67-88/

 

8.Хариуцагчаас түрээсийн зүйлээс зарим хэсгийг нь эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлээр 3 ширхэг орлогын баримтад зурагдсан гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгчийн захирамжаар шинжээч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Хариуцагч нь шинжилгээнд харьцуулах загвар болох *******-ийн төлөөлөх эрх бүхий этгээд *******ийн гарын үсгийн чөлөөт болон туршилтын загваруудыг хүргүүлээгүйн улмаас шинжээч нь шинжилгээ хийхээс татгалзжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна. Тодруулбал, хариуцагчийг 3589 ширхэг эд зүйл буюу барилга угсралтын материал нэхэмжлэгчээс хүлээн авсан гэж үзнэ.

9. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

9.1.Нэхэмжлэгч нь шүүхэд ... хариуцагч ******* нь түрээсийн төлбөрт 2021 оны 07 сарын 17-ны өдрөөс мөн оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 94,698,690 төгрөг төлөхөөс 32,909,750 төгрөг төлж, 13,800,000 төгрөгт Тоёото Приус маркийн автомашин тооцон шилжүүлсэн, 912 ширхэг эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн, үлдэх 2677 ширхэг эд зүйлийг 2022 оны 03 сараас үргэлжлүүлэн түрээсэлж, мөн оны 07 сарын 30-ны өдөр 1902 ширхэг эд зүйл, мөн оны 09 дүгээр сард 513 ширхэг эд зүйлийг тус тус хүлээлгэн өгч, 262 ширхэг эд зүйлийг үрэгдүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.

9.2.Зохигч талууд түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдон 2 удаа тооцоо нийлж акт үйлджээ./хх-9, 40/

Хэргийн 9 дүгээр талд авагдсан Тооцоо нийлсэн акт 2021 он-16 гэх нотлох баримтаас үзвэл, 2021 оны 07 сарын 17-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрт 62,105,440 төгрөг төлөх, барааны үнэ 178,670,000 төгрөг байгааг баталгаажуулж, тооцоог 2021 оны 12 сарын 27-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож, баримтад *******-ийн нягтлан бодогч *******, *******-ийн захирал ******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хэргийн 40 дүгээр талд авагдсан 2022 оны 09 сарын 13-ны өдөр үйлдсэн Тооцоо нийлсэн акт 2022 баримтаар нэг талаас *******-ийн нягтлан бодогч *******, нөгөө талаас *******-ийн захирал ******* нар 2021 оны 07 сарын 17-ны өдрөөс эхлэн *******-аас хэв хашмал, тулаас түрээсэлсэн тооцоог тулган 2022 оны 09 сарын 13-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөр 105,283,840 төгрөг, барааны үнэ 19,015,000 төгрөг, нийт төлөх төлбөр нь 105,283,840 төгрөгт барааны үнэ 19,015,000 төгрөг орж байгаа болохыг баталгаажуулж, тооцоог 2022 оны 09 сарын 13-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцон, мөн талууд гарын үсэг зуржээ.

Дээрх 2 баримтад хариуцагч компанийн тамга дарагдаагүй байгаа боловч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан байх тул талуудыг харилцан тохиролцож, гэрээний гүйцэтгээгүй үүргийн хэмжээ, устсан эд хөрөнгийн үнийн дүнг тооцоо нийлж, үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоон, баталгаажуулсан гэж үзнэ.

Түүнчлэн, хариуцагч нь Тооцоо нийлсэн акт 2021 он-16 нэртэй тооцоо нийлсэн баримтад маргаангүй атлаа Тооцоо нийлсэн акт 2022 он нэртэй баримтад *******-ийн тамга дарагдаагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргасан нь хуулийн үндэслэлгүй байна.

10. Хариуцагч нь тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгэсэн үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 288 дугаар зүйлийн 288.2.2-т заасны дагуу хариуцагчаас түрээсийн төлбөр, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй. Мөн нэхэмжлэгч нь төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн дүнгээс 0.5 хувиар алданги тооцон шаардсан нь гэрээний 5.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр залруулав.

10.1. Талууд 2022 оны 09 сарын 13-ны өдөр тооцоо нийлэхдээ хариуцагч *******-ийн түрээсийн төлбөрийн гүйцэтгээгүй үүрэг болон хохиролд төлөх төлбөрийг 105,283,840 төгрөг гэж баталгаажуулсан байх тул түрээсийн төлбөрийн гүйцэтгээгүй үүргийг 86,268,840 /105,283,840-19,015,000/ төгрөг гэж үзэн, уг дүнгээс алданги тооцон, алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлвэл 43,134,420 төгрөг байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

11. Шүүх хэргийн 89-103 дугаар талд авагдсан орлогын баримтыг үндэслэн хариуцагчаас барилга угсралтын материалыг засан сайжруулсан зардалд 1,590,500 төгрөг нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь 326 дугаар зүйлийн 326.2, 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/04893 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 150,008,760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,522,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 1,051,000 гэснийг 907,994 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,055,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД