| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0211/Э |
| Дугаар | 220 |
| Огноо | 2019-06-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 220
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Э.Н /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Эрдэнэбатын Номин-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1918000740227 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Н 1997 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дархан хүнс” ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар байрны 4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 11 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ихэр могой” худалдааны төвийн гар утасны лангуун дээр худалдагчаар ажиллаж байхдаа бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Х.А-аас I phone 6 маркийн гар утас, иргэн Д.А Samsung s8 plus, иргэн Б.Н I phone 6 plus, Samsung s7 edgе, иргэн Т.У I phone 7 маркийн гар утаснуудыг “эгчдээ авч өгөх гэж байгаа юм” гэж хуурч, нийт 2320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 11 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ихэр могой” худалдааны төвийн гар утасны лангуун дээр худалдагчаар ажиллаж байхдаа бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Х.А-аас I phone 6 маркийн гар утас, иргэн Д.А Samsung s8 plus, иргэн Б.Н I phone 6 plus, Samsung s7 edgе, иргэн Т.У I phone 7 маркийн гар утаснуудыг “эгчдээ авч өгөх гэж байгаа юм” гэж хуурч, нийт 2320000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Э.Номин-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө бүгдийг төлж барагдуулсан.
...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Хохирогч нараас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5/,
-Хохирогч Б.Н хэрэгт хавсаргахаар гаргаж өгсөн “А.Н-ийн фэйсбүүк чатаар харилцаж байсан чатыг хэвлэсэн баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, баримтууд /хэргийн 11-29/,
-Хохирогч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Дархан сумын 5 дугаар баг “Ихэр могой” төвийн гар утасны 6/2 лангууг хувиараа ажиллуулдаг юм. Бид нар хоорондоо гар утас зээлээр өгөх асуудал байдаг. Энэ нь бид нар хоорондоо итгээд өгдөг юм. Гэтэл Ундрахбаярын лангуун дээр худалдагчаар ажиллаж байсан Номин-Эрдэнэ гэх охин надаас “төрсөн эгчдээ гар утас авч өгөх гэсэн юм, сарын сүүлээр цалин буухаар мөнгийг чинь өгье” гээд 2018 оны 11 дүгээр сарын эхээр надаас гуйсан. Тэгээд би зөвшөөрөөд 380000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси Эс-7 Эдж маркийн капитал утсыг итгээд өгсөн. Тэрнээс хэд хоногийн өмнө надаас Номин-Эрдэнэ “I phone 6 plus загварын гар утас байгаа юу?” гэж асуухаар нь байгаа гэтэл “одоо хүн ирж үзнэ гэнээ, зарах юм уу?” гэхээр нь “зарна” гэсэн. Тэгээд 17 цаг болохоор нь “би буулаа, хүүхдээ цэцэрлэгээс авах цаг болсон байна.” гэтэл “одоо хүн нь ирж байгаа шүү дээ уг нь, за за эсвэл утсаа үлдээчих, тэр хүн утас авбал мөнгийг нь мобайлаар өгье, авахгүй бол утсаа өглөө ирээд авчих” гэсэн. Тэгээд би итгээд утсаа үлдээгээд явсан. Ингээд Номин-Эрдэнийн 99348017 дугаарын утсаар нь залгаад “нөгөө утсаа яасан бэ?” гэтэл “нөгөө хүн утас аваагүй, өглөө ирээд утсаа авчихаа” гэж хэлсэн. Тэгээд өглөө нь ирээд авах гэсэн чинь миний утасны дэлгэц рүү ус гүйлгээд эвдэлсэн байсан. Тэгэхээр нь “одоо энэ утсыг чинь би зарж болохгүй, цааш нь буцаалтанд явуулж болохгүй шүү дээ, яах вэ?” гэтэл “одоо удахгүй, цалин буухаар би өөрөө мөнгийг нь өгье, усанд орохдоо ванны өрөө рүү авч ороод уур цохиулсан юм.” гэхээр нь “за за” гээд өнгөрсөн. Ингээд надаас 2 утас авсан. Номин-Эрдэнэ нь одоогоор надад нийт 710000 төгрөг өгөх ёстой, гар утасны мөнгө өгөхгүй удаад байхаар нь гайхаад байтал ажлаасаа гэнэт гараад алга болсон. Тэгэхээр нь асуутал надаас гадна 3 хүнээс мөн адил аргаар баахан утас авсан байсан.
...миний хохирлыг Номин-Эрдэнэ төлж барагдуулсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 31-33/,
-Хохирогч Х.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ихэр могой” худалдааны төвд хувиараа гар утасны 3-5 дугаар лангууг түрээслэн ажиллуулдаг. Би тэр лангуун дээрээ өөрөө суудаг. 2018 оны 11 дүгээр сарын дундуур манай заалны түрээслэгч Ундрахбаярын худалдагч Номин-Эрдэнэ нь надаас “мөнгийг нь удахгүй өгье, таньдаг хүн олоод өгөөч гэж хэлсэн.” гээд надаас капитал буюу гадаад улсад хэрэглэгдэж байсан алтлаг өнгөтэй I Phone-6 маркийн гар утас 1 ширхгийг авсан. Би тэр гар утсыг Номин-Эрдэнэд өгөхдөө 380000 төгрөгөөр бодож өгсөн. Ер нь Номин-Эрдэнэ нь надаас гадна манай заалны Наранцэцэг, Азжаргал нараас хэн хэнд нь мэдэгдэхгүйгээр хэд хэдэн утсыг яг ийм аргаар авсан байсан. Бид сүүлд нь Номин-Эрдэнийг ажлаасаа халагдсаны дараа нь мэдсэн. Тэрнээс өмнө бид Номин-Эрдэнээс “мөнгөө авъя” гэхээр “удахгүй өгнө, дараа өгнө” гээд хойшлуулаад байдаг байсан. Би асуухгүй байж байгаад ажлаасаа гарсных нь дараа утасны мөнгөө удаа дараа нэхэхэд “хүнд зарсан. Тэр хүн нь одоо мобайлдана гэсэн, өө ямар сонин юм бэ, мөнгийг чинь хийгээгүй юу? яг одоо мөнгийг чинь хийлээ” гэх зэргээр худлаа яриад байдаг байсан. Шинэ жилийн өмнө бид ээжийнх нь утсыг олоод ээжид нь хэлсэн. Тэр үед ээж нь лангуун дээр ирж уулзаж байсан, тухайн үед ээж нь бид нарт он гараад зээл аваад бүгдийн чинь мөнгийг өгнө, 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр мөнгийг чинь барагдуулна гэж хэлсэн. Тэрнээс хойш мөнгө өгөхгүй удсан. Тэгээд бид цагдаад өгснөөс хойш эмээ гэх хүн нь миний гар утасны 400000 төгрөгийг өгсөн. Би 20.000 төгрөг бас авах байсан. Эмээ нь миний мөнгийг 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр өгсөн. Би Номин-Эрдэнэд залилуулсан мөнгөө барагдуулсан тул гомдол санал байхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 35-37/,
-Хохирогч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ихэр могой” худалдааны төвд хувиараа гар утасны 4-1 дүгээр лангууг 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл 11 жил түрээслэн ажиллуулж байна. Би тэр лангуун дээрээ өөрөө суудаг. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр манай заалны түрээслэгч Ундрахбаярын худалдагч Номин-Эрдэнэ нь надаас “эгчдээ авч өгөх гэсэн юм, мөнгийг нь 2018 оны 12 дугаар сарын 15-нд өгнө.” гээд капитал буюу гадаад улсад хэрэглэгдэж байсан хар өнгөтэй Самсунг Галакси Эс-8 Плас маркийн гар утас 1 ширхгийг авсан. Би тэр гар утсыг Номин-Эрдэнэд өгөхдөө 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр бодож өгсөн. Энэ үйл явдлыг тухайн үед Ундрахбаяр мэдээгүй байсан. Ер нь Номин-Эрдэнэ надаас гадна Наранцэцэг, Анхмаа, Ундрахбаяр нараас хэн хэнд нь мэдэгдэхгүйгээр хэд хэдэн утсыг яг ийм аргаар авсан байсан. Бид сүүлд нь Номин-Эрдэнийг ажлаасаа гарсны дараа мэдсэн. Тэрнээс өмнө бид Номин-Эрдэнээс “мөнгөө авъя” гэхээр “удахгүй өгнө, дараа өгнө” гээд ганц хоёр хоногоор хойшлуулаад байдаг байсан. Би асуухгүй байж байгаад ажлаасаа гарсных нь дараа утасны мөнгөө нэхэхэд “мөнгийг чинь өгнөө анай” гэдэг л байсан. Тэрнээс хойш ээж нь бид нар дээр ирж болсон асуудлын талаар ярьсан. Тэгээд би та нарын мөнгийг цагаан сарын дараа өгье гэж хэлсэн. Ямар ч байсан ээж нь хүүхдээ ийм олон утас авсныг мэдээгүй, бид нартай уулзсанаар мэдсэн. Тэгээд бидний хохирлыг барагдуулахгүй болохоор бид ярилцаж байгаад цагдаад өргөдөл өгсөн. Тэгээд бид цагдаад өгснөөс хойш эмээ гэх хүн нь миний гар утасны мөнгийг 150000, 200000, 100000, 50000, 100000 төгрөгөөр цувуулж мобайлдаад өгчихсөн. Одоогоор Номин-Эрдэнэд залилуулсан мөнгөнөөс 100000 төгрөг дутуу байгаа.
...би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 39-41/,
-Хохирогч Т.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Дархан сумын 5 дугаар багт байрлах “Ихэр могой” худалдааны төвд гар утас худалдаж борлуулдаг юм. Тэгээд би төрөөд удаагүй байгаа болохоор лангуун дээрээ ажилтан авч ажилуулах гээд 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зар өгч Эрдэнэбат овогтой Номин-Эрдэнэ гэх хүнийг ажилд авсан. Тэгээд Номин-Эрдэнэ эхний 3 сар ямар нэгэн асуудал гаргахгүй ажилласан. Тэгээд 2018 оны 11 сард надад “Iphone 7 маркийн гар утас алга болгочихсон” гэхээр нь “дараа сард надад цалингүй ажиллана шүү” гэхэд “за” гээд ажиллаж байсан. Тэгээд 2018 оны 12 сард ажлаа хийхгүй “бие өвдөөд байна, чөлөө авах гэсэн юм” гээд ажилдаа ирж очоод 2018 оны 12 сарын 6 хүртэл ажлаа хийсэн. Тэгэх хугацаандаа хажуу талын лангууны Х.А-аас Iphone 6 маркийн гар утас, Д.А Samsung S8 plus, Б.Н Iphone 6 рlus, Samsung S7 edge маркийн гар утаснуудыг надад хэлэхгүй ах, эгчдээ авах гэж байгаа юм удахгүй мөнгийг нь өгнө гэж хэлээд авсан байсан. Тэгээд “Ачит” гэх ломбарданд “эгчтэйгээ нийлж гар утас зарж борлуулдаг юм” гэж худлаа хэлж дээрх гар утаснуудыг лангуун дээр зарагддаг үнээр барьцаанд тавьсан байсан. Тэгээд Номин-Эрдэнэтэй холбогдох гээд утас руу нь залгахаар утсаа авахгүй ээжтэй нь залгаж ярихад 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр дээрх утаснуудын төлбөрийг өгнө гэж хэлсэн боловч одоо залгахаар утсаа авахгүй байгаа тул цагдаагийн байгууллагаар хуулийн дагуу шалгуулах гэсэн юм.
...одоо миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 43-44/
-Гэрч А.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ хүн манай ломбарданд анх 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр I Phone-6 маркийн гар утсыг 180000 төгрөгөөр тавиад 2018 оны 9 дүгээр сард авч байсан. Энэ гар утсыг өөрийн гар утас гэж хэлж байсан. Дараагийнх нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Самсунг Галакси Эс-8 плас маркийн хар өнгийн гар утсыг 480000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энэ утсаа 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрөө авсан. Энэ утсаа тавихдаа “манай лангууны гар утас байгаа юм, Америк руу гар утас захиалах гэсэн чинь мөнгөний хэрэг гараад байна, гар утас захих мөнгийг нь үрчихсэн юмаа. Аав ээж мэдэх гээд байна.” гэж хэлж байсан. Дараагийн утас нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр I Phone -7 маркийн гар утсыг 350000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энэ утсаа Номин-Эрдэнэ 2018 оын 10 дугаар сарын 28-ны өдөр авсан. Дараагийн утас нь I Phone-6 plus gold гар утсыг 260000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энэ утсаа 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрөө авсан. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр I Phone-7 маркийн гар утсыг 400000, мөн I Phone-7 плас маркийн гар утсыг 500000 төгрөгөөр тавьсан. Энэ 2 утасны I Phone -7 маркийн гар утсыг нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрөө авсан. Харин I Phone 7 plus маркийн гар утсаа 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр авсан. Хамгийн сүүлийн гар утас буюу Самсунг Галакси эс 8 плас, I Phone -5 гар утаснуудыг нийлүүлээд 746000 төгрөгт тавьсан. Энэ утсаа авахгүй удаасан тул бичүүлсэн утсаар нь холбоо бариад “хугацаа чинь дуусчихлаа, бараагаа ав, эсвэл манайх хохирлоо барагдуулаад зарлаа” гэхэд авна гэж байгаад сүүлдээ “наадахаа зар даа” гэж хэлсэн тул хоорондоо ярилцаж тохироод Самсунг Галакси эс 8 плас маркийн гар утсыг 480000 төгрөгөөр зарсан. Ингээд надад нийт 7 гар утас тавьсны зургааг нь Номин-Эрдэнэ өөрөө авсан, нэгийг нь авахгүй удаасан тул би зарж хохирлоо барагдуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 48-49/,
“…Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны байдлаар 2320000 /хоёр сая гурван зуун хорин мянга/ төгрөг байна.” гэх 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 51-52/,
-Э.Н-ийн “Бумтан” барьцаалан зээлдүүлэх газартай байгуулсан барьцаат зээлийн гэрээний хуулбар /хэргийн 78-80/,
-Хохирогч нараас гаргасан “...бүх хүний хохирлыг бүрэн барагдуулж дууссан тул бидэнд санал гомдол байхгүй.” гэх өргөдөл /хэргийн 87/,
-Шүүгдэгч Э.Н-с гаргасан “миний бие гэм буруугаа ойлгож хохирогч нарыг хохиролгүй болгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 88/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.Н нь “эгчдээ авч өгөх гэж байгаа юм” гэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2320000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2320000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч нарт 2320000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 51-52/ нотлогдож байх бөгөөд “...бүх хүний хохирлыг бүрэн барагдуулж дууссан тул бидэнд санал гомдол байхгүй” гэх өргөдөл /хэргийн 87/ ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 11 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ихэр могой” худалдааны төвийн гар утасны лангуун дээр худалдагчаар ажиллаж байхдаа бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Х.А-аас I phone 6 маркийн гар утас, иргэн Д.А Samsung s8 plus, иргэн Б.Н I phone 6 plus, Samsung s7 edgе, иргэн Т.У I phone 7 маркийн гар утаснуудыг “эгчдээ авч өгөх гэж байгаа юм” гэж хуурч, нийт 2320000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Номин-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Э.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг удирдлага болгон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Н нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Н-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2320000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Н 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Э.Нд үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Э.Нд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ