| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0208/Э |
| Дугаар | 221 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 221
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч Ц.М /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн 1918000000241 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.М 1977 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 5 дугаар байрны 49 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 35 дугаар байрны 1 тоотод иргэн У.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 35 дугаар байрны 1 тоотод иргэн У.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Ц.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүний үнэт эдлэл аваачиж өгөхөөр Шарын гол суманд очсон юм. Тухайн үед анх У.Д-тэйуулзсан. Намайг очиход манай эгч У.Д 2 шартчихсан байсан. Намайг ирсэн гээд бид гурав 1 шил архи хувааж уусан юм. Гэтэл У.Д агсам тавьж эхэлсэн сүүлдээ миний эцэг эхийг доромжилж эхэлсэн. Тэгээд би тэсэхээ байгаад дуугүй болоод өгөөч гээд нүүр рүү нь хэдэн удаа цохисон юм. Гэтэл чамайг хараана гээд сонин зүйл яриад байхаар нь цусыг гаргачихвал хараал нь хүрдэггүй гэсэн биз дээ гээд ахиад хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисон эсэхээ мэдэхгүй байна.
... Хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Анх цагдаа дээр очоод У.Дг шууд эмнэлэгт үзүүлсэн. Эмчилгээний зардалд 380000 төгрөг, унааны мөнгө 60 000 төгрөг төлж барагдуулсан.
...Буруу зүйл хийсэн. Цаашид уур омгоо барьж чадна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,
-Хохирогч У.Дгээс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 4/,
-Хохирогч У.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг ороход Мөнхцэцэг, Отгонцэцэг нар дундаа нэг том архи тавьчихсан сууж байсан бөгөөд би хамт сууж ганц нэг уусан. Тэр үед би өмнө манай энд багшаар ирсэн хоёр багшийн талаар дурсаж ярихад Мөнхцэцэг өөдөөс “чи миний ээж, аавыг дурсдаг хэн юм бэ?” гээд над уруу уурлаж эхэлсэн бөгөөд шууд миний нүүр, нүд рүү маш олон удаа гараараа цохисон. Тухайн үед би газар унахад миний бүсэлхий, нурууны хэсэг рүү болон цээж рүү өшиглөж зодсон.
...миний нүүрэн тус газарт гараараа хэд хэд цохисноос болж толгойд гэмтэл учирсан. Мөн намайг газар унасан байхад нуруу, бүсэлхий, цээж рүү хэд хэдэн удаа өшиглөж гэмтэл учруулсан. “ гэх мэдүүлэг /хэргийн 6-7/,
-Гэрч Р.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид нар үлдсэн архиа хувааж уугаад сууж байтал гэнэт У.Д нь хараалын үг хэлээд эхэлсэн. Гэхдээ юу гэж хэлсэн талаар сайн санахгүй байна. Би өөрөө нилээн согтуу байдалтай байсан. Нэг харсан чинь Мөнхцэцэг нь У.Дг газар унагаад дээр нь гарчихсан, үснээс нь зулгаагаад цохиж зодож байсан.
...тэр хоёр аль аль нь нилээн согтолттой байсан. Мөнхцэцэг нь У.Дг гараараа цохиж зодож байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,
-“...У.Дгийн хоёр нүд битүү хөхөрсөн, харагдах орчин хязгаарлагдмал, артерын даралт 110/60, 110/70, цээжээр эмзэглэлтэй байв.” гэх Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хэргийн 12/,
-“У.Дгийн биед нүүрний хэсэг, баруун, зүүн нүдний салст, зүүн хөх, бүсэлхий хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 402 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 13/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч У.Дгийн биед “нүүрний хэсэг, баруун, зүүн нүдний салст, зүүн хөх, бүсэлхий хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 402 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 13/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Ц.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч У.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 402 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 13/ нотлогдож байх бөгөөд хохирогч У.Дд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...одоогоор нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх хариу өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 35 дугаар байрны 1 тоотод иргэн У.Дхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Ц.М нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд сард 75000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.Мт анхааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.М-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Ц.Мт оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд сард 75000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.Мт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ц.Мт анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мт урьд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ