| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06142/И |
| Дугаар | 4768 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 4768
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 11 гудамж, 432-Б тоотод оршин суух, Мэргэн харваач овогт Оюун-Эрдэнийн Саранхүү /РД:РЭ85021821/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэр баруун бүс, Нөхөрлөл гудамж, 57-2 тоотод байрлах, “Хэт моторс” ХХК /РД:5494451/
1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Саранхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Саранхүү нь “Хэт моторс” ХХК-д 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үйлчлэгчээр ажилд орсон. Тус байгууллагад нийтдээ 6 жил тасралтгүй ямар нэгэн зөрчил дутагдалгүйгээр ажиллаж, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Одоо би 8 сартай жирэмсэн бөгөөд нийгмийн даатгалаас тэтгэмж авах гэхээр “Хэт моторс” ХХК нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өртэй учир нөхөн бичилт хийж өгөхгүй байсан. Ийнхүү миний бие нийгмийн даатгалын тэтгэмжид авах байсан 1.500.000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч О.Саранхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч “Хэт моторс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Хэт моторс” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Саранхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. О.Саранхүүгийн нэхэмжилсэн 1.500.000 төгрөгөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Саранхүү нь хариуцагч “Хэт моторс” ХХК-д холбогдуулан 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Хэт моторс” ХХК нь О.Саранхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, үүнээс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч “Хэт моторс” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч “Хэт моторс” ХХК-иас 19475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. О.Саранхүүгийн нэхэмжлэлийн шаардлага 1.500.000 төгрөгийг хариуцагч “Хэт моторс” ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, үүнээс 500.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 500.000 төгрөгөөр тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 38950 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 19475 төгрөг, хариуцагч “Хэт моторс” ХХК-иас 19475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Саранхүүд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА