Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/00643

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргаж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/01639 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

33,299,904 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр *******тай үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, *******, ******* гудамж, ******* хаягт байрлах авто угаалгын зориулалттай, үйлчилгээний талбайг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 3 жилийн хугацаатай, сарын 10,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Хариуцагч ******* нь тус авто угаалгын газрыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд түрээсэлсэн. Миний бие түүнээс авто угаалгын газрыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авсан ба тэрээр 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны төлбөрийг төлөөгүй байсан. ******* ТӨХК-иас манай байгууллагыг цахилгааны төлбөрөө төлөөрэй гэж мэдэгдсэний дагуу хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар лавлахад тус газраас 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны төлбөр 19,493,151.40 төгрөг болсон талаар мэдсэн.

Миний бие энэ талаар хариуцагч *******т хэлэхэд ...хавар цахилгааны төлбөр өгье, мөнгөтэй болохоороо өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ. ******* ТӨХК нь цахилгааны төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд танай байгууллагын цахилгааныг тасална, шүүхэд өгнө, алданги тооцно гэж надад удаа дараа мэдэгдсэн. Би, хариуцагч *******ын өмнөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр цахилгааны төлбөрт 10,000,000 төгрөг, алдангид 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,959,200 төгрөгийг тус тус төлсөн болно. Би, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг авахад цахилгааны төлбөр 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 22,858,153 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн ба үүнээс 1,899,648.70 төгрөг болон 617,801.99 төгрөг нь миний өөрийн төлөх цахилгааны төлбөр, харин 20,340,740 төгрөгийг хариуцагч ******* төлж барагдуулах ёстой.

Иймд, хариуцагчаас 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны төлбөр үндсэн төлбөр болон алданги 20,340,740 төгрөг, түүний өмнөөс төлсөн алданги 2,959,200 төгрөг болон 10,000,000 төгрөг, нийт 33,299,904 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Бид нар урьд өмнө бие биеэ таньдаг найзууд байсан ба урьдын харилцаандаа түшиглэн авто угаалга, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай сарын 10,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр түрээслэхээр болсон.

Би, тус үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан өдрөөсөө эхлэн бүрэн засвар үйлчилгээг хийж, авто угаалгад шаардлагатай тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр авч хана, гэрэл, гээд бүхий л зүйлсийг засварлаж, шинээр авч тавин тохижуулсан. Миний бие урсгал зардлыг тогтмол төлж байсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хүсэлт илгээхэд төлбөрийн үлдэгдэлгүй байна гэх хариу мессежийг ирүүлсэн, энэ үйл явц 2023 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн. Надад 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр гэж 19,493,151 төгрөг гарсан тухай мессеж ирснийг тодруулахаар 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр ******* ТӨХК-д өөрийн биеэр очин уулзаж лавлахад ажилтных нь буруутай үйл ажиллагаанаас болж бичилт хийгдээгүй байна гэдэг хариуг хэлсэн.

Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэн цахилгааны төлбөр 19,493,151 төгрөг гарсан тухай нэхэмжлэгчид тайлбарлаж хэлсэн. Гэвч тэрээр авто угаалгын газрыг ашиг орлого сайжирсан, үйлчлүүлэгч олширсон учир 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр намайг Дархан-Уул аймагт явж байх үед утсаар холбогдон гэрээгээ цуцаллаа, цахилгааны төлбөр төлсөнгүй гэдэг шалтгаан хэлсэн. Ингээд би авто угаалгын газраа очиж бичиг баримтаа авч, угаалгын тоног төхөөрөмжийг ажилчдын хамт үлдээгээд явсан.

Үүнээс хойш бид хоёр цахилгааны төлбөрт авто угаалгын газар үлдээсэн тоног төхөөрөмжийг 10,000,000 төгрөгт тооцож үлдээхээр болж, үлдсэн 9,493,151 төгрөгийг өгөхөөр харилцан тохирсон. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ор үндэслэлгүй мөнгөн дүн оруулж нэхэмжилж байгаад ихэд гайхаж байна. Талуудын харилцан тохиролцож авто угаалгын газарт үлдээсэн хаяг, бусад тоног төхөөрөмжийг цахилгааны төлбөрийн 10,000,000 төгрөгт нь тооцож үлдсэн хэр нь цахилгааны төлбөрийг тэр чигт нь мөн хаанаас яаж гаргаж ирсэн нь тодорхойгүй 10,000,000 төгрөг болон алдангид төлсөн гэх 2,959,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь ямар нэгэн мэдэгдэл өгөхгүй гэнэт түрээсийн гэрээг цуцалж намайг орлогын эх үүсвэргүй болгосон хэр нь надтай харилцан тохиролцсон мөнгөн дүнг бус илтэд худал зүйл нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Би, гарахдаа нэхэмжлэгчтэй тохироод хэл амгүй салцгаая гээд угаалгын газраа тэр чигт нь үлдээгээд 10,000,000 төгрөгт тооцоод, цахилгааны төлбөрөөс 9,000,000 төгрөгийг төлөхөөр болсон гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 22,366,320 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 10,933,584 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 269,781 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

...анхан шатны шүүх хариуцагч *******ын төлөөгүй гэх төлбөрөөс алданги бодогдсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж нотлох баримтыг судлан үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 10,933,584 төгрөгийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа талаар огт тайлбарлаагүй, ойлгомжгүй тодорхой бусаар шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, шүүхэд гарган өгсөн нотлох баримтыг бүрэн дүүрэн дүгнэж үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Хариуцагч түрээсийн гэрээний хугацаандаа өөрийн ашигласан төлбөрөө бүрэн төлсөн бол бид ингэж алданги торгууль төлж хохирохгүй байсан ба одоо ч төлөгдөөгүй байгаагаас шалтгаалан алданги байнга тооцогдон цахилгааны нэхэмжлэх ирсээр байгаа ч үүнийг нэхээгүй. Зөвхөн гэрээний хугацаанаас үүссэн цахилгааны төлбөрүүд, түүнээс үүссэн алданги зэргийг нэхэмжилсэн болохыг анхан шатны шүүх анхаарч дүгнэж үзээгүй.

Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/01639 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд гэрээний зөрчил гаргаагүй. 2023 оны 04 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл түрээсийн төлбөр болон цахилгааны төлбөрийг хугацаанд нь төлж байсан. 06 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх цахилгааны төлбөрөө бүрэн төлөхөөр удаа дараа ******* ТӨХК-нд мэдэгдсэн ч танай цахилгааны төлбөр 1 сарын 19,000 гарсан байна гэх тайлбар ирсэн. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 19,000,000 төгрөгийн цахилгааны нэхэмжлэх ирсэн. Үүнд хариуцагчийн буруутай үйлдэл болон түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн зүйл байхгүй. ******* ТӨХК-ийн диспетчерийн буруутай үйлдлээс шалтгаалан цахилгааны төлбөрийг дутуу тооцоолж гаргасан тухай мэдэгдсэн. 19,000,000 төгрөгийн цахилгааны төлбөрийг хариуцагч тал асуудалгүй төлөх байсан ч нэхэмжлэгч тал түрээсийн гэрээг шууд цуцалсан. Түрээсийн гэрээг цуцлах тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэх тухай заасан. Хариуцагч цахилгааны төлбөрийг төлөхгүй удаасан зөрчил гаргаагүй. Гэрээний зөрчил гаргасантай холбогдуулан алдангийн асуудал яригдана.

Цахилгааны төлбөрийн 19,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг тоног төхөөрөмжид суутгуулан, үлдэгдэл 9,000,000 төгрөгийг тодорхой хугацааны дараа төлөхөөр талууд амаар тохиролцсон. Үүний дараа алданги тооцон, шаардсан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт алданги гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар 9,000,000 төгрөгийн алданги нь 22,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь алдангийн 50 хувиас хэтрэхгүй байх үндсэн заалтыг зөрчиж нэхэмжлэл гаргасан нь нотлогдож байна. Цахилгааны утсыг салаалуулж бусад газрыг цахилгааныг хангасан тухай дурдсан бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй. ******* ТӨХК болон диспетчерийн үндэсний төвүүдээс цахилгааны төлбөрийг асууж тодруулж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

2023 оны 03 дугаар сараас хойш нэхэмжлэгч тал цахилгааны төлбөрийг төлөөгүй бөгөөд тус хугацааны цахилгааны төлбөрийн алдангийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...3-н жилийн хугацаатай байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.5-д ... гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд нөгөө талдаа 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байхад нэхэмжлэгч нь надад 3 хоногийн өмнө мэдэгдэж, түрээсийн талбайг ашиглах аргагүй байдалд оруулж өөртөө шилжүүлж авсан байдаг.

Гэтэл шүүх гэрээг харилцан тохиролцон дуусгавар болсон мэтээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зүй нь, шүүх талуудын гэрээг дуусгавар болсон хэмээн дүгнэхдээ гэрээнээс татгалзсан эсэх, эсвэл гэрээг цуцалсан эсэх дээр заавал бодит үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Мөн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болсон учир шалтгааныг талууд хэн аль нь мэдүүлдэг бөгөөд уг үйл явдалд гэрээг цуцлах хугацааг гэрээнд зааснаар баримтлаагүй нөхцөл байдлыг дүгнэж шийдвэр хэсэгтээ оруулахгүй орхигдуулсан. Ингэснээр гэрээ цуцалснаас хойших үр дагаврыг хэн нь ямар байдлаар хариуцах тал дээр хууль зүйн хувьд үндэслэл бүхий шийдвэр болсонгүй.

Хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сард цахилгааны төлбөр гэнэт 19,681,114 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж холбогдох байгууллагад хандаж байсан боловч намайг эрх бүхий этгээд биш, харин *******т түүнийг эрх бүхий этгээд гэж удаа дараа сануулж байсан. Гэвч нэхэмжлэгч нь цахилгааны төлбөрийг мэдсэн өдрөө түрээсийн талбайг суллаж өгөх шаардлага тавьсан байдаг.

Харин би, цахилгааны төлбөр гэнэт 19,681,114 төгрөг гарсан талаарх асуудлыг огт хүлээн зөвшөөрөөгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Миний бие авто угаалгын газраа бүрэн тохижуулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ашиглалтын зардал буюу урсгал зардлыг тогтмол төлж байсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хүсэлт илгээхэд төлбөрийн үлдэгдэлгүй байна гэх хариу мессежийг ирүүлж, энэ үйл явц 2023 оны 10 дугаар сарыг хүртэл үргэлжилсэн.

Ингээд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 74,048 төгрөгийн нэхэмжлэх ирсэн тул 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлсөн. ******* ТӨХК-иас шүүхэд ирүүлсэн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаас үзэхэд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш цахилгааны өр төлбөргүй байсан атлаа гэнэт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр гэж 19,493,151 төгрөгийн төлбөр гарсан тухай мессеж ирсэн ба үүнийг тодруулахаар 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр тус байгууллагад миний бие өөрийн биеэр очин уулзаж лавлахад ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж бичилт хийгдээгүй байна гэдэг хариуг хэлсэн.

Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байх учир хариуцагч тал хугацаандаа сар бүрийн төлбөрийг төлөөгүйгээс хуримтлал үүсгэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасан хохирол төлөх үндэслэлгүй.

Мөн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар хариуцагч нь түрээсийн гэрээг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байхад түрээслүүлэгч цахилгааны төлбөр төдийхнөөр шалтаглан гэрээг цуцалж байгаагаа мэдэгдэлгүйгээр гэрээг цуцалж түрээслэгчийг хохироосон байдлыг дүгнээгүйд харамсаж байна.

Түрээсийн гэрээний заалтад ямар нэгэн байдлаар алданги гэх нэр томьёог огт тодорхойлоогүй байхад шүүх 2,685,206 төгрөгийн алдангийг хариуцагчаас нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль болон гэрээг зөрчин шийдвэрлэсэн байна.

Өмнө дурдсанчлан А.Мэнд-Амар нь үндэслэлгүйгээр гэрээг цуцлахдаа *******ын авто угаалгын багаж тоног төхөөрөмж, засвар хийсэн зардал бүрийг цахилгааны мөнгөнд суутгалаа хэмээн авсан байдаг. Энэ талаар гэрч мөн хангалттай нотлон мэдүүлдэг ч энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэсэн нь тухайн хэргийг тал бүрээс нь гэрчийн мэдүүлэг болоод нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн гэхэд дэндүү учир дутагдалтай байна.

Иймд, дээрх байдлаар Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 192/ШШ2025/01639 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо түрээсийн гэрээтэй холбоотой алдангийн асуудлыг ярьж байна. Бид түрээсийн гэрээтэй холбоотой алданги бус цахилгааны төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс үүдэн ******* ТӨХК-нд төлөх алдангийн асуудлаар маргаж байгаа. Цахилгааны төлбөрийг цаг тухайд нь төлдөггүй байсан учраас нэхэмжлэгчээс хариуцагчийн гар утсанд мэдэгдэл очдог системийг суулгуулж өгсөн. Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-иас төлбөрийн мэдээллээ авч байсан бөгөөд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд цахилгааны төлбөр 19,000,000 төгрөг гарсан тухай мэдэгдэл хариуцагчийн гар утсанд очсоныг бид ******* ТӨХК-иас мэдэж авсны дараа түрээсийн гэрээг цуцлах тухай асуудал яригдсан. Шүүхээс нотлох баримтуудыг үнэн зөвөөр үнэлж дүгнэсэн бөгөөд талуудын эрх ашгийг бүрэн хангасан, ямар нэг ноцтой зөрчил гаргаагүй. Харин шүүх цахилгааны төлбөрийн үлдэгдэл 9,000,000 төгрөгийн, алдангийн үнийн дүн өссөн тухай буруу ойлгосон тул буруу шийдвэр гаргасан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хангуулахаар давж заалдах журмаар гомдол гаргасан. Хариуцагч тал хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны тойргийн шүүхэд буцааж шийдвэрлүүлэхээр гомдолдоо гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэж гомдлоо танилцуулж байгаа нь эргэлзээтэй байх тул хариуцагчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан түрээсийн гэрээний зүйлийн цахилгааны төлбөр болон алдангид нийт 33,299,904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. ******* нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр *******тай түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, *******, , ******* хаягт байрлах 741 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 4-6/

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, мөн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийн төрлөөс үл хамаарч түрээсийн гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болох учиртай.

 

Мөн үүний сацуу үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхтэй холбоотой талуудын хүсэл зоригийн илэрхийллийг бичгийн хэлбэрт тусгаж, тэдгээр нь гарын үсэг зурснаар гэрээг хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй ба зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлэхийг хуулиар шаардсан байна. Энэ талаар уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заажээ.

 

Анхан шатны шүүх зохигчид түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байгааг анхаараагүй, улмаар талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

Иймд, нэгэнт талуудын байгуулсан гэрээ, хэлэлцээр хүчин төгөлдөр бус учир нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар гэрээ, хэлэлцээртэй холбоотой үүрэг шаардах боломжгүйгээс гадна зөвхөн хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах болон цуцлах тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 491.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигчийн байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус тул үүнтэй холбоотойгоор талууд өгсөн болон авсан зүйлийг харилцан буцаах ёстой бөгөөд харин энэ тохиолдолд аль нэг тал үндэслэлгүй хөрөнгөжиж үлдэх ёсгүй.

 

Талуудын тайлбараар хариуцагч ******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгчээ. Хариуцагчийн зүгээс өнгөрсөн хугацаан дахь түрээсийн зүйлийн эзэмшил, ашиглалтыг нэхэмжлэгчид буцаах боломжгүй хэдий ч өөртөө ашиглаж үр шимийг хүртсэн тул холбогдох ашиглалтын зардлыг хариуцах учиртай.

 

Энэ талаар Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж зохицуулжээ.

 

5. Хариуцагчийн шүүхэд гаргасан ...2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны төлбөр гэж 19,493,151 төгрөгийн төлбөр гарсан тухай мессеж ирсэн... гэх тайлбараас үзэхэд тэрээр үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж байх хугацааны цахилгааны төлбөр 19,493,151 төгрөг гарсан гэдгийг мэдсэн бөгөөд төлбөрийн хэмжээний талаар маргахгүй гэсэн тул өөрийн ашигласан хугацааны цахилгааны төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

 

Тиймээс нэхэмжлэгч ******* нь 10,000,000 төгрөгийг ******* ТӨХК-д төлсөн эсэхээс үл хамаарч хариуцагч ******* нь 19,493,151 төгрөгийг төлөх бөгөөд нэхэмжлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ашигласан хугацааны цахилгааны төлбөрийг хариуцахгүй.

 

Харин хэрэгт авагдсан баримтаар зохигч нар авто угаалгын багаж, тоног төхөөрөмж, засвар хийсэн зардалд 10,000,000 төгрөгийг цахилгааны төлбөрөөс хасуулж тооцохоор харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй, хариуцагч нь энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

6. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн цахилгааны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс бодогдсон бөгөөд төлсөн алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан ******* ТӨХК-иас ирүүлсэн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаас үзэхэд хариуцагч нь цахилгааны төлбөр 19,493,151 төгрөгийг төлөөгүйгээс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд 4,904,401.06 төгрөгийн алданги бодогджээ. /х.х-ийн 67-68/

 

Мөн нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хугацаанд өөрийн ашигласан цахилгааны төлбөрийг төлөөгүйтэй холбоотой алданги тооцогдсон бөгөөд дээрх хугацаанаас хойш хариуцагчийн төлөх ёстой цахилгааны төлбөрт бодогдсон алдангийг ялгах боломжгүй байх тул түүний өмнөөс нэхэмжлэгчийн төлсөн 2,959,200 төгрөгийн алдангийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд, хариуцагчаас цахилгааны төлбөр 19,493,151 төгрөг, алданги 2,959,200 төгрөг, нийт 22,452,351 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, мөн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/01639 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 22,452,351 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,847,553 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ...269,781 гэснийг 270,212 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 190,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 220,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР