Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 4934

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1-40 мянгат, НЗАА-н байр, 1108 тоот хаягт байрлах, “МҮХК” ХХК

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Нөхөрлөлийн гудамж, 57-2 тоот хаягт байрлах, “Хэт моторс” ХХК /РД:5494451/

42.192.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “МҮХК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч “Хэт моторс” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нийт 47.192.500 төгрөгийн үнэ бүхий 37.75 тн арматурыг зээлээр худалдан авахаар нэхэмжлэгч “МҮХК” ХХК-д хүсэлт гаргасны дагуу тус компани хүлээн зөвшөөрч, худалдан худалдан авахаар харилцан тохиролцон тус өдрөө материалыг нийлүүлсэн. Гэвч “Хэт моторс” ХХК нь анхнаас тохиролцсон төлбөр төлөх хугацаа хугацаа болох 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр арматурын төлбөрийг төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөг төлөөд үүнээс хойш огт төлөлт хийгээгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрөө төлөхийг байнга шаардаж өнгөрсөн хугацаанд тус компани руу төлбөр төлөхийг шаардсан албан бичиг удаа дараа явуулах, компанийн байранд очиж уулзах зэрэг боломжит бүхий л арга хэмжээг авсан боловч тэрээр огт утсаа авахгүй алга болж очиж уулзах бүрт арга саам хийж, компанийг цаг хугацаа болон эд мөнгөний хувьд хохироож байна.

Иймд “Хэт моторс” ХХК-иас 42.192.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “МҮХК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “МҮХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Хэт моторс” ХХК-д холбогдох 42.192.500 төгрөг гаргуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцоонд хүрч, өр төлбөрийн асуудлыг дуусгавар болгохоор тохиролцсон учир нэхэмжлэгч “МҮХК” ХХК нь “Хэт моторс” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгч “МҮХК” ХХК нь хариуцагч “Хэт моторс” ХХК-д холбогдуулан 42.192.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “МҮХК” ХХК нь хариуцагч “Хэт моторс” ХХК-тай харилцан тохиролцоонд хүрч, өр төлбөрийн асуудлыг дуусгавар болгохоор тохиролцсон гэх үндэслэлээр “Хэт моторс” ХХК-д холбогдуулан гаргасан 42.192.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368.912,50 төгрөгийн 184.456,25 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “МҮХК” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “МҮХК” ХХК нь хариуцагч “Хэт моторс” ХХК-д холбогдуулан гаргасан 42.192.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368.912,50 төгрөгийн 50 хувь болох 184.456,25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 184.456,25 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “МҮХК” ХХК-д олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА