Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 223

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Б.Н /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н холбогдох эрүүгийн 1918000000258 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Н 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастрын инженер мэргэжилтэй, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртолгойн уурхайд хүдэр боловсруулах тоног төхөөрөмжийн туслах операторчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 15 дугаар байрын 148 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 15 дугаар байрын 148 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хадам эцэг Д.Б эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 15 дугаар байрын 148 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хадам эцэг Д.Б эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Б.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 5 дугаар сарын 13-нд ажлынхантайгаа мод тариад согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Орой хадмынд ороод сандал дээр сууж байгаад согтуу байсан болохоор ийм үйлдэл хийсэн. Эмчилгээ хийлгэж өгсөн.

... Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Би зөндөө зүйл ухаарч ойлгосон.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,

 

-Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай том охины нөхөр Ням согтуу орж ирээд сандал дээр суусан. Би тухайн үед газраар ор засаад хэвтэж байсан. Тэгээд би Нямд хандаж “чи битгий архи уугаад гадуур яваад бай, тэр эхнэр хүүхэд дээрээ оч, эхнэр хүүхэд чинь чамайг асуугаад байна.” гэж хэлсэн чинь Ням “чи миний хадам ээжийг алсан биз дээ” гээд намайг газар хэвтэж байхад Ням босож ирээд миний баруун шанаа уруу гуталтай хөлөөр нэг удаа дэвсээд, дараа нь миний толгой уруу нэг удаа өшиглөөд, намайг үсдээд доош нь дарсан. Энэ үед миний хүү Даваадорж гаднаас орж ирээд салгасан.

...Ням намайг урд өмнө нэг удаа цохих үйлдэл хийж байсан. Тэгэхэд нь би бултаад цохиулаагүй өнгөрч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн  6/,

 

-Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 21 цаг 40 минутын орчим би найзтайгаа уулзах гээд гарахад миний төрсөн эгчийн нөхөр Ням надтай зөрөөд манай гэр рүү согтуу яваад орсон юм. Ингээд би байрны гадаа гараад найз Очирбатыг тосож уулзаад буцаад гэртээ ороод ирэхэд Ням аавыг үстэж, доош нь дарсан байдалтай, аавын нүүрнээс цус гарсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь би салгаад Нямыг гэрээс гаргаад, хаалгаа түгжээд, цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 7/,

 

-“...баруун хацар, шанаа, зовхи хавдар ихтэй, зүүн хөмсөгт 0.1 см өргөн язарсан шархтай.” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 10/,

 

-“Д.Б биед хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, зүүн ухархайн дотор хананы хугарал, нүүрний цус хуралт, баруун тохойн дотор хонхор ба баруун дал орчмын зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Бад учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 424 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 12-13/,

 

-Аюулын зэргийн үнэлгээний тайлан /хэргийн 28-29/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг”,  3 дугаар зүйлийн 3.1.5-т “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Нын хадам эцэг хохирогч Д.Б нь тус хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн бөгөөд шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Ныг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б биед “хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, зүүн ухархайн дотор хананы хугарал, нүүрний цус хуралт, баруун тохойн дотор хонхор ба баруун дал орчмын зулгаралт” бүхий гэмтэл учирсан боловч хохирогч Д.Б нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хуралд оролцохгүй.” гэж мэдэгдсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 15 дугаар байрын 148 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хадам эцэг Д.Б эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч Б.Н анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээн тэтгэдэг зэргийг харгалзан шүүгдэгч Б.Нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцож, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Н гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Н 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Нд үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Нд анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Я.ТУУЛ