| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2023/07838/И |
| Дугаар | 210/МА2025/00090 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00090
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/04782 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/03824 дугаар захирамжаар ******* нь зээлийн гэрээний үүрэгт 663,002,039.54 төгрөгийг *******т төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.
1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах ******* га аж ахуйн зориулалттай газрыг битүүмжлэн, хураасан.
1.3. 2023 оны 10 сарын 18-ны өдөр *******-ийг шинжээчээр томилоход тус үл хөдлөх хөрөнгө болон газрыг хэт багаар үнэлсэн. Тухайн үед зээл олгож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан ******* нь тухайн хөрөнгүүдийг 600,000,000 төгрөгөөр үнэлж, 450,000,000 төгрөгийн зээл олгосон. Түүнээс хойш үл хөдлөх эд хөрөнгө болон газрын үнэ өссөн хэдий ч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнийн саналаа 700,000,000 төгрөг гэж өгсөн.
1.4. Талбай ихтэй, үйлчилгээний зориулалттай, төвийн цахилгааны шугамд холбогдсон, төв замтай ойр, цаашид тоосгоны үйл ажиллагаа явуулж болохоор ашигтай, үнэ цэнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хэт багаар үнэлсэн. Энэ нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, дуудлага худалдаагаар борлуулах үед ийм бага үнээрээ зарагдаж, компанид эргээд өр үлдэх эрсдэлтэй байна.
Тус үл хөдлөх хөрөнгө буюу тоосгоны үйлдвэр нь цаашид уг чиглэлээр ашиглагдах боломжтой, тухайн бүс нутагт үнэ цэнэтэй хөрөнгө. Гэтэл шинжээч үнэлэхдээ зах зээлийн болон хөрөнгийн өөрийнх нь онцлог шинжийг харгалзалгүй, үйлчилгээний төв биш энгийн зориулалттай хөрөнгө мэт хязгаарлан дутуу үнэлсэн. Мөн үнэлгээчин нь www.unegvi.mn сайтын ашигласан гэх боловч бусад хөрөнгөтэй харьцуулсан мэдээлэл тайланд тусгагдаагүй, харьцуулалтын арга ашиглаагүй.
1.5. Хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн материаллаг үнийг тодорхойлсноос бус үнэ цэнийг тогтоолгүй үр дүнг гаргасан тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.7-д заасантай нийцээгүй.
Дорноговь аймагт хоосон 10 га газар 450,000,000 төгрөг, 5 га хоосон газар 200,000,000 төгрөг, дуудлага худалдаагаар авсан хамгийн хямд хоосон 5 га газар 60,000,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа нь www.unegvi.mn зарын сайтаас харагдана.
Гэтэл үнэлгээчин ******* м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй ******* м.кв газрыг 60,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Иймд ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 0******* дугаартай ******* га аж ахуйн зориулалттай газрыг үнэлсэн *******-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/03824 дугаар захирамжаар *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 663,002,039.54 төгрөгийг гаргуулан *******т олгохоор, төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 0******* дугаартай мөн хаягт байрлах ******* га аж ахуйн зориулалттай газраар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.
2.2. Шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 23380174 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгч *******, *******, ******* нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй.
Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 сарын 28-ны өдрийн 23380174/10 дугаартай даалгаврын дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 0******* дугаартай ******* га аж ахуйн зориулалттай газрыг 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 23380174/11 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 10 сарын 02-ны өдрийн 23380174/12 дугаар тогтоолоор тус тус хураасан.
2.3. Талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн саналыг харилцан тохиролцон тогтоогоогүй тул 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 10/391 тоот тогтоолоор *******-ийг шинжээчээр томилж тус хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгоход газар болон үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг нийт 248,560,000 төгрөгөөр үнэлсэн. Талуудад үнэлгээний талаарх мэдэгдлийг 4-166/22156, 4-166/22155, 4-166/22157, 4-166/22158 дугаар бүхий мэдэгдлээр 2023 оны 10 сарын 31-ний өдөр мэдэгдсэн.
2.4. Анхны албадан дуудлага худалдааны 2023 оны 11 сарын 07-ны өдрийн тогтоолыг 4-166/23206, 4-166/23204, 4-166/23205 дугаар мэдэгдлүүдийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулсан, 2023 оны 11 сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, *******-ийн үнэлгээ үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, төлбөр төлөгч *******гийн эзэмшлийн мөн хаягт байрлах, ******* м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн *******-ийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Тус шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 4962 дугаартай шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт битүүмжлэн, хураасан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай, ******* м.кв талбайтай эзэмших эрхтэй газартай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч *******т даалгасан ба уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүх хуралд гэрч ******* нь өртгийн болон хандлагын аргыг тус тус хэрэглэсэн тухай мэдүүлсэн ба тус хөрөнгийн үнэлгээний тайлангийн 18-23 хуудаст өртгийн хандлагын аргаар үнэлсэн нь тодорхой байгаа, 4 дүгээр хуудасны хүснэгт 1-т өртгийн хандлага хэрэглээгүй гэж техникийн алдаа гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт Хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.3, 8.3, 8.3.6, 8.3.9, 8.3.10, 8.3.11, 8.3.12-т заасан шаардлагад нийцээгүй, шинжээч хөрөнгийг үнэлэхдээ дээрх байдлыг бүрэн тогтоогоогүй байна хэмээн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж тайлбарлан, маргажээ. /хх1-3, 40/
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/03824 дугаар захирамжаар хариуцагч *******, ******* нар зээлийн гэрээний үүрэгт 663,002,039.54 төгрөгийг нэхэмжлэгч *******т төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* хаягт байрлах, ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******гийн эзэмшлийн ******* гэрчилгээний дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, ******* байрлах, ******* м.кв талбайтай газар эзэмших эрхээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх44-46/
4. ******* нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн101/ШЗ2022/27849 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 101/ГХ2022/02758 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг бичиг баримтыг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн ******* м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн эзэмшлийн мөн хаягт байрлах, ******* м.кв талбай бүхий газрын эзэмших эрх зэрэг эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа тус тус явуулсан байна. /хх41-43, 60-61, 68-69/ Дээрх ажиллагаанд төлбөр төлөгчөөс гомдол гаргаагүй.
5. ******* нь төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн саналаа ирүүлэхийг 2023 оны 10 сарын 12-ны өдрийн 4-166/20495, 4-166/20496, 4-16/20494, 4-166/20497 тоот мэдэгдлүүдээр тус тус мэдэгдсэн байна. Өмчлөгч ******* нь эд хөрөнгийг 750,000,000 төгрөгийн, төлбөр төлөгч ******* болон ******* нар хөрөнгийг 700,000,000 төгрөгийн үнийн санал тус тус ирүүлснийг төлбөр авагч ******* эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгөд шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргажээ. /хх-72-79/
6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 10/391 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр *******-ийн үнэлгээчин *******г томилсон байна.
7. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэргийн нотлох баримтыг үндэслэн зөв тогтоосон. Төлбөр төлөгч нар шинжээч томилсон ажиллагаанд гомдол гаргаагүй, Хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн эсэхэд маргаж, шүүхэд гомдол гаргажээ.
8. Шинжээч нь ******* тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай ******* м.кв талбайтай газар, ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 248,560,000 төгрөг буюу эзэмших эрх бүхий газрын зах зээлийн үнийг 60,000,000 төгрөг, барилга байгууламжийн зах зээлийн үнийг 188,560,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-85-116/
Тэрээр шинжээч ******* нь шүүх хуралдаанд оролцож, дүгнэлтээ ...Үнэлгээ хийхэд зардлын хандлагын, орлогын хандлагын, зах зээлийн хандлагын гэсэн 3 арга ашигладаг. Тухайн хөрөнгийг үнэлэхэд өртгийн хандлагын болон зах зээлийн хандлагын аргыг хэрэглэсэн. Орлогын хандлагын аргыг хэрэглээгүй. Учир нь тухайн хөрөнгийг ямар нэгэн байдлаар ашиглаагүй байсан тул энэ аргаар үнэлээгүй. Газрын үнэлгээг гурван обьекттой харьцуулсан, хоёр харьцуулсан газар нь нэг нь барилгатай, нөгөө нь хоосон газар байгаа, ... ******* суманд 1 м.кв газар 12,000 төгрөгийн үнэтэй байсан судалгааг үндэслэн газрын зах зээлийн үнэлгээг 60,000,000 төгрөг гэж тогтоосон., ... байршлаасаа хамаараад газрын үнэ өөр байдаг., Өртгийн хандлагын арга бол тухайн хөрөнгийг барихад хичнээн төгрөг шаардагдсаныг тооцож гаргадаг. Тухайн барилга хэдэн жил болсноос хамааран элэгдлийг тооцдог. Элэгдэл тооцдоггүй учир газрыг өртгийн хандлагын аргаар үнэлээгүй бөгөөд зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг өртгийн хандлагын аргаар тооцоход 188,560,000 төгрөг байсан. Өртгийн хандлагын аргыг хэрэглэж үнэлгээний тайлан гаргасан ба тайлан дээр энэ аргыг хэрэглээгүй гэж техникийн алдаа гаргасан байна... гэж тайлбарлажээ. /хх-161-162/
9. Дээрхээс дүгнэхэд, шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрын эзэмших эрх зэргийг үнэлэхдээ өртгийн хандлагын болон зах зээлийн хандлагын аргыг хэрэглэж, үүнээс зах зээлийн хандлагын аргыг ач холбогдолтой гэж үзээд эзэмших эрх бүхий газрын үнэлгээг 60,000,000 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан журамд нийцсэн байна.
9.1. Анхан шатны шүүх, шинжээчийн дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчснийг давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр залруулав.
9.2. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/04782 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ч.ЦЭНД