Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 4941

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 47 хаягт байрлах “Мобиком корпораци” ХХК,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 26 дугаар байр, 124 тоотод /одоо Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, СОТ 2-2 байр, 59 тоот/ оршин суух, 1992 онд төрсөн 24 настай, Хариад овогт Батмөнхийн Оюунцэцэг /РД:АЙ92121405/

            1.029.947 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг  2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

 Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мобиком корпораци ХХК нь хариуцагч Б.Оюунцэцэгтэй үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлт гаргасны дагуу 20155314 тоот гэрээ байгуулан 99029030 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 5 S 16GB гар утсыг зээлээр худалдан хэрэглэгч авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж мэдэгдэх хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй. Б.Оюунцэцэг нь тухайн үед гар утсыг 1.700.000 төгрөгөөр худалдаж авсан. Хариу тайлбартаа гар утасны төлбөрийг төлөхгүй гэсэн байсан. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30.000 төгрөгийг хассан. Иймд хариуцагч Б.Оюунцэцэгээс үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гэр утасны төлбөрт нийт 1.029.947 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

         Хариуцагч Б.Оюунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Оюунцэцэг миний бие 2014 оны 05 дугаар сарын 16-нд Мобиком корпораци ХХК-наас iPhone 5 S 16GB гар утсыг урьдчилгаа 455.000 төгрөг бэлнээр төлж лизенгээр авсван. 2014 оны 05 дугаар сараас 2015 оны 04 дүгээр сарын хоорондох хугацаанд 732.628 төгрөг төлсөн байна. Энэ хугацаанд төлбөрөө төлсөөр ирсэн. Гэтэл Мобиком корпораци ХХК-наас хамгийн сүүлийн төлбөрөө төлснөөс хойш 20-иод хоногийн дараа үүргээ зөрчсөн гэх шалтгаанаар гэрээний хугацаа болоогүй байхад гэрээ цуцалж надаас хагас сая орчим төгрөг нэхэмжилж байна. Мобиком корпораци ХХК миний 2011 онд 400.000 төгрөгөөр авсан 99029030 дугаарыг бусдад зарсан байна. Тэгээд ч одоо iPhone  утасны зах зээлийн ханш нь 300.000 төгрөгний үнэтэй байгаа. Би 455.000, 732.628, 400.000 төгрөг төлсөн гэж үзэж байна. Миний хувьд хохиролтой. Нэхэмжлэгч компани хүмүүсийг хэтэрхий шулж хохироож байна. Иймд нэхэмжилсэн төлбөрийг төлөхгүй, боломж байхгүй гэжээ.

           

              Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК хариуцагч Б.Оюунцэцэгт холбогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1.029.947 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч Б.Оюунцэцэг нь Мобиком корпораци ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Үүрэн телефон холбооны iPhone үйлчилгээний гэрээ байгуулан 99029030 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ мөн iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулсан болох нь гэрээний өргөдлийн маягт, 20155314 дугаартай гэрээ, нэмэлт гэрээ, харилцагчийн гүйлгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Үүрэн телефон холбооны  iPhone үйлчилгээний гэрээ, iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул Мобиком корпораци ХХК, Б.Оюунцэцэг нарын хооронд хийгдсэн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

Үүрэн телефон холбооны iPhone үйлчилгээний гэрээний 5.6 “хэрэглэгч төлбөрийг нэхэмжилсэн сарын 20-ны дотор үлдэгдэлгүй, бүрэн төлж барагдуулах үүрэгтэй”, 5.7 “нэхэмжилсэн төлбөрийг төлөөгүй, төлбөрөөс хаалттай 4 сар болсон тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь барьцаа төлбөрийг төлбөрт нь суутгах эрхтэй”, 5.10 “хэрэглэгч гэрээг буюу дугаарыг цуцлах өдрийг хүртэлх хугацаанд ашигласан үйлчилгээний төлбөрийг бүрэн барагдуулах үүрэгтэй”, iPhone  гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээний 2.1 “хэрэглэгч зээлээр худалдан авч буй гар утасны үнийг гэрээний хавсралтад заасны дагуу төлнө”, 2.5 “хэрэглэгч нь гэрээний хавсралтад заасан гар утасны сар бүр төлөх төлбөрийг үндсэн гэрээний 5.6-д заасан хугацаанд төлөх үүрэгтэй”, 2.6 “хөнгөлттэй нөхцлөөр гар утас худалдан авсан хэрэглэгч iPhone багцаа гэрээний 24 сарын хугацаанаас өмнө гэрээ цуцлах тохиолдолд гар утасны үнийг үндсэн үнээр тооцон үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна” гэж зааснаар хэрэглэгч Б.Оюунцэцэг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гар утасны үнийг үндсэн үнээр тооцон үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэгч буюу худалдан авагч нь ярианы төлбөр, зээлээр худалдан авсан утасны үнийн үлдэгдэл төлбөр 1.029.947 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.

Иймд хариуцагч Б.Оюунцэцэгээс ярианы төлбөр, гар утасны үнийн үлдэгдэл төлбөр 1.029.947 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-нд олгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Б.Оюунцэцэг нь /2016 оны 08 дугаар сарын 24ий өдрийн 11 цагт шүүх хуралтайг мэдэгдэж шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтанд гарын үсэг зурсан/ энэ өдрийн шүүх хуралдааныг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдав.

               

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Оюунцэцэгээс 1.029.947 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.269 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюунцэцэгээс 29.269 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

     

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                  

              

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.КУЛЬДАНА