Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 224

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч Б.Ш,

Шүүгдэгч Н.Б/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн 1918001920192 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Н.Б 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 2-39 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр  Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 2 дугаар байрны 39 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Ш-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Бнь 2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр  Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 2 дугаар байрны 39 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Ш-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Н.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Намайг гэртээ орж ирэхэд манай эхнэр хөнжил нөмрөөд унтаж байсан. Би хөнжлийг нь сөхөхөд манай эхнэр чармай нүцгэн байсан учир ажлын ахыг, бас эхнэрээ зодсон. Би нэлээн согтуу байсан болохоор буруу ойлгоод, эхнэрээ цохисон.

... Унтаж байхад нь салтаа руу нь өшиглөөд, босоод ирэхэд нь нүүр лүү нь цохисон.

...Гэмшиж байна, гэр бүлдээ буруу зүйл хийсэн байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Ш-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би юу болсон талаар мэдэхгүй байна. Нэлээн согтсон байсан учир юу ч санахгүй байгаа. Намайг нэг мэдэхэд доошоо цус гарсан байсан. Н.Б намайг эмнэлэг рүү аваад явсан.

... Миний буруутай үйлдэл байгаа.

... Манай хадам ээж намайг сахиж хоноод Н.Б чамайг ажлынхаа хүнтэй хардаж, зодсон гэж байна лээ, Н.Б-гийн ажлын залуу та хоёрын хооронд ямар асуудал болсон бэ гэж надаас асууж байсан.

...Миний биеийн байдал зүгээр, сайн байгаа. Одоо надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-11/,

-Гэрч Х.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Б Лхагвааг эхнэртэй нь гаргаж өгөх гээд гарсан. Н.Б гарсны дараа Шүрээ “нөгөө янхан чинь байхгүй, гэртээ ирэхгүй байна, та нар угаасаа янхан” гээд өөрийнхөө хувцсыг бүгдийг нь тайлаад “одоо яахыг чинь харъя” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө өрөө рүү орох гээд очтол гаднаас Баясаа ороод ирсэн. Тэгээд Н.Б намайг эхнэртэйгээ хардаад зодсон. Миний хамраас цус их гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15/,

 

-Гэрч Ш.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгсэн чинь Н.Б ах хүнтэй утсаар яриад гэрээсээ гараад явсан. Тэгээд 30-40 минут болоод хаалга нүдэхээр нь би хаалга онгойлгож байх хооронд Н.Б ахтай хамт ажилладаг ах миний байсан өрөө рүү гүйгээд орсон. Тэгээд Н.Б ах ороод ирсэн чинь Н.Б ахын эхнэр нь орон дээрээ доогуураа нүцгэн хэвтэж байсан.

...Шүрээ эгчийн биеийн доод хэсгээс цус гарч байсан. Н.Б ахыг гэртээ орж ирсэн хойно цус гарсан байх.” гэх мэдүүлэг /хэргийн 18/,

 

-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Ш гэх иргэний биед үзлэг хийсэн. Тухайн иргэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, биеийн байдал нь гадны нөлөөтэй зодуулсан  байдалтай, гадна бэлэг эрхтэн хавдсан, цус гарсан байсан. Цус хаанаас гарсныг нь тодорхойлохын тулд ЭХО-д харж үзэхэд умайн хөндий ялимгүй өргөссөн, хоёр дайвар бүтцийн өөрчлөлт байхгүй, үтрээнд дотуур үзлэг хийхэд өвчтөн зовиурлахаас гадна бэлэг эрхтэн хавдаж цус шүүрсэн /баруун талд/ язралт үүссэн, цус гарсан байсан. Үтрээнд нь 2-3 оёдол тавьсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19/,

-Гэрч Ц.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 21 цагийн орчимд би гэртээ байж байсан чинь манай нөхрийн дүү Шинэцэцэг над уруу яриад “Шүрээ эгч, Баясаа ах эмнэлэг дээр байна, та хүрээд ирээч” гэхээр нь би “яасан юм бэ?” гэсэн чинь “энэ 2 хоорондоо маргалдаад Баясаа эх Шүрээ эгчийг зодчихсон байна.” гэж хэлсэн.

...Б.Шийг харсан чинь зүүн нүд нь хөхөрчихсөн, согтуу байсан. Тэгээд тариа хийлгэхгүй гээд байхаар нь би аргадаад тайвшруулсан. Тэгээд тэр шөнөдөө Б.Шийг сахиж хоносон. Эмч нь надад “доогуур нь оёдол тавьсан, хамаагүй хөдөлгөж болохгүй шүү, цус алдах байх” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 23/,

 

-“Б.Ш-ийн биед бэлгийн их уруулын шарх, цус хуралт, баруун нүдний зовхи, баруун, зүүн бугалганд цус хуралт, баруун нүдний зовхи, гадна бэлэг эрхтэний зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 229 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32/,

 

-Н.Бгийн согтуурлыг драгер багажаар үлээлгэн шалгахад 0.50 хувь гарсан болно.” гэх согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 46/,

 

-Хохирогч Б.Ш-ийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хэргийн 50-62/,

 

-Аюулын зэргийн үнэлгээний тайлан /хэргийн 77-78/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн бөгөөд шүүгдэгч Н.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Бг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш-ийн биед “бэлгийн их уруулын шарх, цус хуралт, баруун нүдний зовхи, баруун, зүүн бугалганд цус хуралт, баруун нүдний зовхи, гадна бэлэг эрхтэний зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан боловч хохирогч Б.Ш нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Н.Бнь 2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр  Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 2 дугаар байрны 39 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Ш-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Бнь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Н.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцож, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Бг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Н.Бд үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Н.Бд анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ