| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2023/05194/И |
| Дугаар | 210/МА2025/00091 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00091
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04094 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* сумын төвөөс баруун зүгт 9 км-т хучилттай асфальтан төв зам дээр 2022 оны 07 сарын 25-ны өдөр 15 цагийн орчим ******* улсын дугаартай Тоёота Хариэр маркийн машиныг ******* нь жолоодон явж байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар хохирогч *******ийн амь нас хохирч, У.Чинзоригийн биед хүнд хохирол, *******ийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн тул Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 24-ний өдрийн 2023/******* дугаартай шийтгэх тогтоолоор *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн.
1.2. Уг шийтгэх тогтоолын 7-д ... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь ...хохирогч нас барснаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо... нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэсэн тул тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар ... Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэсний дагуу нөхөн төлбөрийн хэмжээг 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 550,000 төгрөг гэж тооцож 150 дахин үржүүлбэл 82,500,000 төгрөгийг *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Би гэм буруутай үйлдэл гаргасан асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа маргах эрхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад автомашины хохирол, оршуулгын зардал, эмчилгээний зардал зэрэгт 46 сая гаруй төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Миний бие тэтгэвэрт гарсан, тодорхой орлогогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* сэтгэл зүйн хохирол нэхэж байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал хүнээ алдсан хүнд хэцүү байгаа. Амьд байсан бол ямар их ажил бүтээж, ар гэртээ ямар их дэм болох байсныг таашгүй. Нэхэмжлэгч талын нэхэж байгаа мөнгийг гаргуулах нь зөв гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах саналтай гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******д холбогдох, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэр бодитой, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, зөвхөн Иргэний хуулийг буцаан хэрэглэхийг хуулиар тусгайлан зохицуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед үйлчилж дагаж мөрдөгдөж байсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй, 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Шүүх шинжилгээний хуулийн зохицуулалт буцаан хэрэглэгдэхгүй гэсэн байдлаар хууль зүйн дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцээгүй.
Шийтгэх тогтоолоор хохирогч нас барснаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг тухайлан заасан байхад уг эрхээ хэрэгжүүлэх боломжийг зөвхөн хуулийг буцаан хэрэглэхгүй гэх үндэслэлээр шаардах эрхийн асуудлаар хууль зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэл муутай.
5.2. Шүүх Шүүхийн шинжилгээний байгууллагыг шинжээч томилохгүйгээр хохирлыг үнэлгээ хийх эрх бүхий өөр бусад байгууллагыг томилон сэтгэцэд учирсан сэтгэл санааны гэм хорын хэмжээг тодорхойлох хууль зүйн боломж байхад шинээр дагаж мөрдөгдөж буй хуулийн дагуу ажиллаж байгаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон нь нэхэмжлэгчийн эрхээ эдлэх боломжийг хязгаарласан гэж үзэж байна.
Дээрх нөхдөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
6.1. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5 дахь заалтууд хэрэг гарснаас хойш хэрэгжиж эхэлсэн тул хэрэглэх боломжгүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон сэтгэцэд учирсан хохирлыг барагдуулах хууль нь 2023 оны 07 сарын 03-ны өдрөөс эхлэн хэрэгжсэн бөгөөд мөн энэ хууль нь өмнөх цаг хугацаанд хэрэгжих боломжгүй буюу хууль гарсан өдрөөс эхлэн хэрэгжих ёстой. Түүнчлэн, шийтгэх тогтоолоор сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж тусгайлан заасан байхад уг эрхийг хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн хуулийг буцаан хэрэглэхгүй гэх үндэслэлээр шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
6.2. Шүүх шинжээчийн үндэсний байгууллагын шинжээчийг томилохгүйгээр өөр бусад байгууллагын шинжээч томилон сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж анхан шатны шүүх тайлбарласан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд миний зүгээс хүсэлт гаргахад дүгнэлт гаргах нь зүйтэй гэсний дагуу албан ёсны шинжээч томилсон боловч шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс энэ асуудалд дүгнэлт гаргах боломжгүй. Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэх хариу өгсөн. Маргаан бүхий асуудал үүссэнээс хойш олон сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хооронд нэхэмжлэгч тал нь өөр шинжилгээний байгууллагад хандах боломжтой байсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс өөр байгууллага энэ дүгнэлтийг гаргах боломжгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хариуцагч ******* нь жолоодон явж байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар хохирогч *******ийн амь нас хохирсон, ... Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжилж байна гэх агуулгаар тайлбарлажээ. Хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад автомашины хохирол, оршуулгын зардал, эмчилгээний зардал зэрэгт 46 сая гаруй төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, тодорхой орлогогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, зохигч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор, Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-11-17/
4. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үндэслэн хариуцагч *******гийн гэм буруугийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
5. Нэхэмжлэгч ******* нь хохирогч *******ийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд тэрээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр нэхэмжилжээ.
6. Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23-ны өдрийн чуулганаар баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд 511.3-511.5 дахь хэсэг нэмсэн. Тодруулбал, хуулийн 511.3 дахь хэсэгт Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ. гэж, 511.5-д Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэсэн хэсэг тус тус нэмсэн байна.
Мөн хуулиар 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэсэн нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тус Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн байна.
Шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэж заасан.
7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл баримт цаг хугацааны хувьд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой асуудлыг хуульчилсан хэм хэмжээг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэхээс өмнө үүссэн, уг харилцаанд тухайн хэм хэмжээг буцаан хэрэглэхийг хуулиар тухайлан зохицуулаагүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд Иргэний хуулийн 511 дүгээр үйлийн 511.3, 511.4, 511.5-д заасныг шүүх хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй, ... хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Анхан шатны шүүх, хариуцагчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2024 оны 04 сарын 19-ний өдрийн 233 дугаартай захирамж гарган, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон байна. /хх74-77/ Уг шүүгчийн захирамжид нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаагүй байх тул Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон нь нэхэмжлэгчийн эрхээ эдлэх боломжийг хязгаарласан гэх гомдол үндэслэлгүй.
9. Шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн нь Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6, 66.7 дахь хэсэгт заасан журамд нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04094 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД