Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1669

 

 

А.Рэнчинхандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2016/00595 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Рэнчинхандын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хучилт” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11 402 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Шараагийн давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч Д.Шараа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Рэнчинханд нь Д.Шараатай Хэнтий аймгийн Дадал суманд 16х10 метр квадрат хэмжээтэй сургуулийн номын сан, үдийн цайны хөтөлбөрийн байрны барилгыг 40 хоногт багтаан бариулахаар, ажлын хөлсөнд 15 000 000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Захиалагчаас гэрээнд заасан үүргээ биелүүлэн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажлын хөлсний урьдчилгаанд 6 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн боловч Д.Шараа нь гэрээний 2 дугаар зүйлд заасан гүйцэтгэгчийн үүргээ зөрчиж 26 хоногийн хугацаанд хийсэн ажил нь ердөө нэг дан өрлөг өрсөн, тэр нь технологийн дагуу хийгдээгүй, мэргэжлийн бус хүмүүсээр өрлөг хийлгэсэн зэргээс шалтгаалж дахин шинээр өрлөг хийлгэхээс өөр аргагүй байдалд хүрч дахин өөр мэргэжлийн хүмүүстэй гэрээ байгуулан өрлөг хийлгэж дуусгасан. Д.Шараа нь дээрх хугацаанд захиалагчийн худалдаж авсан бараа материалыг үр ашиггүйгээр хэрэглэж тоглож дуусган хохирол учруулсан. Мөн энэ хугацаанд ажилчдынхаа замын зардалд болон бусад зардалд А.Рэнчинхандаас байнга мөнгө гаргуулж байсан ба ажилчид нь ажлын байрандаа архи ууж, материал дутаах зэргээр гэрээний үүргээ байнга зөрчдөг байсан. Үүнээс хойш Д.Шараа нь мэргэжлийн өрлөгчид олж явуулъя гэсээр дахин 26 хоносон боловч холбогдохгүй сураггүй болж гэрээний хугацаа хэтрээд 58 хоносон тул А.Рэнчинханд нь өөрийн биеэр Улаанбаатар хотод ирж өөрөө хайж яваад мэргэжлийн өрлөгчид хөлсөлж гэрээ байгуулан барилгыг 9 хоногт бариулж дуусгасан юм. Иймд хариуцагч Д.Шараагаас нийт бэлнээр түүнд өгсөн 6 000 000 төгрөг, бусад зардалд зарцуулсан 2 402 000 төгрөг, гэрээний дагуу төлөх алданги 3 000 000 төгрөг, нийлбэр дүнгээр нийт 11 402 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Дадал сумын сургуулийн үдийн цай хөтөлбөр, номын сангийн барилга бариулахаар иргэн А.Рэнчинханд нь манай компанид санал болгосны дагуу миний бие 20 000 000 төгрөгөөр хийх санал гаргасан боловч 15 000 000 төгрөгт хийж өгөөч гэж гуйсан, би зөвшөөрч гэрээ байгуулан 16х10 харьцаатай барилгын хар зураг гаргаж, төсөв зохиож материалын жагсаалт гаргаж 3 хоног сууж ажилласан. А.Рэнчинхандын хамт хотоос татах бүх материалыг 3 хоног явж цуглуулж татаж ажилласан. Миний бие ажилчдын хамт Дадал суманд очиж 8 хоног барилгын ажлыг эхлүүлээд буцсан. Манай ажилчид барилгын бүх суурийн ажлыг дуусгаад өрлөгөө эхэлж байтал А.Рэнчинхандын таньдаг хүмүүс ирж маш хямдхан хийж өгье гэж шургасны үндсэн дээр манай компанид мэдэгдэлгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын тогтоол шийдвэр гараагүй байхад гэрээ дур мэдэн цуцалж 40 хоногоос дөнгөж 20 хонож байхад ажилчдыг хөөж явуулснаас хойш 2014 оны 4 дүгээр сар хүртэл 215 хоног ажилгүй болгож тус бригадыг 8 400 000 төгрөгийн хохирол учруулсан. Ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийг илт зөрчиж 3 000 000 төгрөг, миний хот хөдөөд ажилласан цалин 2 200 000 төгрөг, бригадын хийсэн ажил 3 200 000 төгрөг, бүгд 16 800 000 төгрөгийн хохирол компанид учруулсан. Бригад А.Рэнчинхандад учруулсан хохирол гэвэл 760 кг элс, 5 уут цемент бүгд 87 500 төгрөг, бусдыг нь хүлээх боломжгүй. Манай ажилчид ажлаа сайн хийж байсан. Манай хийсэн ажлыг мэргэжлийн хяналтын байгууллага болон зохих хууль хяналтын байгууллага хянаж, акт гаргасан бол би хүлээн зөвшөөрөх байсан. Би 6 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй, бид энэ хугацаанд маш их ажил хийсэн. Уг барилгын ажлыг эхлүүлэхийн тулд элс айрга, тоосго ачуулж, тоосго зөөсөн, барилгын газар дээр улаан шугам татсан, уг байшингийн суурийг дайрсан маш том модны үндэс, хожуул булаастай байсныг бид бүтэн ажлын 3 хоног ухаж, жижиг болгон гаргаж ирсэн. Энэ ажлуудыг хийхэд маш хүнд байсан, уг хожуулыг 3-4 хэсэг болгож ухаж гаргахад 3-4 хоногийн хугацаа орсон. Мөн уг барилгын суурийг тавихын тулд их ажил орсон, уг газар нь зөөлөн хөрстэй байсан тул 70 сантиметрийн гүнтэй нүх ухаж хундам тавихад 3-4 хоносон, хотоос арматур авч ирж, түүнийг угсрахад 2-3 хоногийн ажил орсон, үүний дараа банзаар палк зангидсан, үүнийг зангидахад бас 3-4 хоногийн хугацаа зарцуулсан. Энэ бүх ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг ерөөсөө тооцоогүй байна. Миний хувьд ажил эхлүүлээд 9 дэх хоног дээрээ хот руу явсан. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд бид 5-уулаа ажилласан, энэ барилгын ажлыг гардаж хийлгэхээр бригадын дарга н.Банзрагчийг ажиллуулж, ажлыг ахлуулан хийлгэхээр болж ажиллуулж байсан. Миний хувьд уг барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд их цаг зарцуулсан, уг барилгын хар зураг гаргасан, хар зураг зурахад мэргэжлийн түвшинд хийхэд цаг хугацаа орсон. Хар зургаа гаргаж дуусаад барилгад орох материалын тооцоог хийж, төсвийг гаргасан. Үүний дараа хот руу А.Рэнчинхандтай явж материал цуглуулж, татахад өөрийн биеэр оролцож ажилласан. Энэ бүх ажлыг хийж гүйцэтгэхэд 11 хоногоо зарцуулсан боловч эдгээр ажлын хөлс шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй байгаа. Манай бригадын хийсэн ажлын хөлсийг 3 214 350 төгрөг болох тухай шинжээчийн дүгнэлтэд тусгасан байгаа боловч үүнээс гадна 2 200 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж би үзэж байгаа. Энэ нь 2013 онд барилгын ажилчдын цалин өндөр байх үеэр тооцоход барилгын туслахыг өдөрт ажлын хөлсийг 150 000 төгрөгөөр тооцох боломжтой. Ингэж тооцоход ажилласан өдрөөр тооцоход их мөнгө гарна, гэвч би энэ хөлсийг оруулж тооцохгүйгээр зөвхөн өөрийн ажилласан 11 хоногийг 200 000 төгрөгөөр тооцоход л 2 200 000 төгрөгийн ажил хийсэн гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлд онцгой нөхцөлгүйгээр гэрээг цуцалсан аль нэг тал нь үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг нөгөө талдаа төлөхөөр заасан тул ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15 000 000 төгрөгийн 20 хувь болох 3 000 000 төгрөгийн төлбөрийг А.Рэнчинханд хариуцах ёстой. Бид ажлаа хийж 18-19 хонож байхад ажилтнуудыг хөөж явуулсан хүн бол А.Рэнчинханд юм. Миний хар зураг зурж, төсөв гаргах нь инженерийн нарийн мэргэжлийн ажил тул энэ ажлаа 500 000 төгрөгөөр үнэлж байна. Энэ үнэлгээ нь өнөөгийн нөхцөлд харин ч багаар үнэлж байна. Би нэхэмжлэгч А.Рэнчинхандад учруулсан хохирол байхгүй, 5 уут цемент, элс 760 килограммыг л үрэгдүүлсэн, үүний үнэлгээ нь 87 500 төгрөг болж байна. Иймд нэхэмжилж байгаа 6 000 000 төгрөг болон бусад зардал 2 402 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөгийг төлөх үндэсгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 6 000 000 төгрөгийн тухайд би өөрөө аваагүй, н.Банзрагчид би өгөөд явсан. Мөн нэхэмжлэгчийн хэлж байгаагаар материал эвдсэн хулгайлсан гэдэг бол худлаа. 1 метр гаран өндөртэй өрлөг өрсөн ажлыг нурааж дахин өрсөн ч энэ шинэ тоосгыг цэвэрлээд эргээд ашиглах бүрэн боломжтой юм. Иймд би харин хийсэн ажлын хөлсөө нэхэж байна. Суурь цутгана гэдэг бол барилгын ажлын бараг 50 хувь гэж манай мэргэжлийн үүднээс үздэг. Бүх тооцоо төсвийг гаргаж өгчхөөд энэ мөнгийг хариуцахгүй, харин нэхэмжлэлийн шаардлагаас 87 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч болох юм. Үүнийг л төлнө. Нэхэмжлэгч А.Рэнчинханд анх надтай гэрээ байгуулахдаа бидний очих унааны зардал болон байр хоолны мөнгө даана гэж надад үлдсэн гэрээн дээр тохиролцож бичсэн байгаа, 6 000 000 төгрөгөөс өөр нэг ч төгрөг аваагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.5, 355.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11 402 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2 934 350 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Хучилт” ХХК-иас 2 934 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Рэнчинхандад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 467 650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Рэнчинхандаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Хучилт” ХХК-иас 61 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Рэнчинхандад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Шараа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч А.Рэнчинханд нь 58 хоног юу ч хийгээгүй гэж гүтгэсэн. Мөн барилгын суурийн ажлыг цэргийн ангиар хийлгэсэн гэж гүтгэсэн. 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээг 2014 оны 4 дүгээр сард нотариатаар хуурамчаар батлуулсан. Анхан шатны шүүх, бригадын хийсэн ажлын хөлснөөс 700 000 төгрөг хассаныг хүлээх боломжгүй. Мөн туслан гүйцэтгэх бригадын дарга н.Банзрагчид А.Рэнчинханд нь өөрөө миний зөвшөөрөлгүй 700 000 төгрөг өгснийг би хүлээх боломжгүй. Анхан шатны шүүх авч хэлэлцээгүй ажлууд, онцгой нөхцөлгүйгээр А.Рэнчинханд нь гэрээг дур мэдэн цуцалсан 3 000 000 төгрөг, Д.Шараа миний бие хот хөдөөд 11 хоног ажилласны 2 200 000 төгрөг, зураг төсөв хийсний 500 000 төгрөг, барилгын улаан шугам дотор байсан ургаа модны том суурийг олон хэсэг болгож 3 хоног ажилласны 400 000 төгрөгийг тус тус авч хэлэлцээгүй тул давж заалдаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн боловч тооцооны алдаа гаргасан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч А.Рэнчинханд нь хариуцагч “Хучилт” ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11 402 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч барилгын хар зураг гаргасан, төсөв зохиосон, материалын жагсаалт гаргасан, Улаанбаатар хотоос бүх материалыг нэхэмжлэгчтэй хамт 3 хоног явж цуглуулж, ачуулсан, алданги төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

            Талуудын хооронд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 19 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр 16х10 харьцаатай байшин барих, бүх заслын ажлыг хийх, сантехник угсрах, саравч барих, цахилгааны монтаж хийх зэрэг ажлуудыг 40 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг 15 000 000 төгрөг, урьдчилгаанд 40 хувийн ажлын хөлс 6 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэргийн 6-7 дугаар талд авагдсан Ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогджээ.

 

            Нэхэмжлэгч хариуцагчид урьдчилгаанд 6 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, барилгыг бусдаар гүйцээн бариулсан үйл баримтын талаар талууд маргаагүй, харин хийсэн ажлын гүйцэтгэл болон гүйцэтгэсэн ажлын хөлс дээр маргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хөрөнгийн үнэлгээний “Итгэлт-Эстимэйт” ХХК нь хариуцагч “Хучилт” ХХК-ийг барилгын гадна дотор талын хундамын нүх ухсан, гадна дотор талын хундам цутгасан, хундамны арматур апалник зангидсан, 7000 ширхэг тоосго, 5 тн цемент буулгасан, улаан шугам татсан, 7.52 метр урттай, 1 метр орчим өндөртэй, 12-ын тоосгон хана өрж гүйцэтгэсэн, уг гүйцэтгэсэн ажлын үнэлгээг 3 214 350 төгрөг гэж үнэлжээ.

 

Шинжээчийн дээрх дүгнэлтээр тогтоогдсон хийсэн ажлын гүйцэтгэл болон гүйцэтгэсэн ажлын үнэлгээний талаар хэн аль нь гомдол гаргаагүй тул хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан судалвал хариуцагчийг 3 214 350 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс талуудын хооронд маргаан үүсч гэрээг цуцласан тул гэрээ цуцлах хүртэлх хугацаанд хийсэн ажлын гүйцэтгэл 3 214 350 төгрөгийг урьдчилгаанд өгсөн 6 000 000 төгрөгөөс хасч үлдэх 2 785 650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж учирсан хохирлоо шаардах эрхтэй гэжээ.

 

Иймээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон нөхцөлд нэмэлт үүрэг нэгэн адил дуусгавар болдог тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 3 000 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч бусад зардалд 2 402 000 төгрөгийн зардал гаргасан гэх боловч энэ талаар нотолсон баримтгүй тул шүүх хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол, очих унааны зардлыг гэрээнд нэмэлт оруулж хариуцахаар тохиролцсон гэж маргасан боловч нотолсон баримтгүй, энэ талаар гэрээнд гараар нэмж бичсэнийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй маргасан тохиолдолд гэрээнд талууд нэмэлт оруулж тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

                                                                                                               /хх-17 дугаар тал/

 

Харин шүүх нэхэмжлэгч А.Рэнчинхандын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр А.Банзрагчид бэлнээр өгсөн 500 000 төгрөгийг, 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн 200 000 төгрөг, нийт 700 000 төгрөгийг “Хучилт” ХХК-иас гаргуулсан нь үндэслэлгүй бусдаас болсныг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дээр дурдсан үндэслэлээр тооцооны алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2016/00595 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 934 350 төгрөг” гэснийг “2 785 650 төгрөг”,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “61 900 төгрөг” гэснийг “59 520 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Хучилт” ХХК-ийн захирал Д.Шараагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧИД                                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ