Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0161

 

                                   Д.Э-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О/цахимаар/ нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй, Д.Э-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр:  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд  хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ийн Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох иргэн Н.Д-ийн нэр дээр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0518000371 дүгээр бүртгэл, 000103030 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хамт хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Э давж заалдах гомдолдоо: “...  Н.Д-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0518000371 дүгээрт бүртгэж, 000103030 дугаар гэрчилгээг олгосон бүртгэл нь 2003 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан зарчмын хүрээнд хийгдээгүй бөгөөд бусдын өмчлөлийн барилгын хана, нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглан, эрх бүхий байгууллагаас тухайн газрыг өмчлүүлсэн шийдвэр, гэрчилгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайг хааж урд, хойд талд нь хана орж уг үл хөдлөх хөрөнгө дээрээ гэрчилгээ гаргуулсан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бусдын ханыг ашиглаж барьсан гэдгийг хүлээн зөвшөөрч байхад анхан шатны шүүх тус барилгын дахин бүртгүүлсэн учир Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасныг баримтлах шаардлагагүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 14.1.6, 15.2-т тус тус хуульчилсан.

Гэтэл иргэн Н.Д-ийн гаргасан мэдүүлэг нь хуульд заасан журмыг баримтлаагүй, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон байхад түүнийг бүртгэж, гэрчилгээ олгосон нь дээр дурдсан хуулийг зөрчсөн байна.

Мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд тухайн обьектийн хэмжээ нь харилцан адилгүй буюу тухайн үеийн Засаг даргын тодорхойлолтод 9 мкв, кадастрын зурагт 13 мкв гэсэн байхад үүнийг улсын бүртгэгч нь хянан шалгалгүйгээр зөвхөн мэдүүлэг гаргагчийн бичсэн 15 мкв гэх хэмжээгээр улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.2-т зааснаар хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох боловч шинэ өмчлөг нь уг бүртгэлээ хийлгэхдээ тус хуулийн 13 дугаар зүйлд заасныг баримталж, мэдүүлгээ гарган уг  мэдүүлэгтээ хуульд заасан баримтуудыг хавсаргах ёстой байсан.

Гэтэл иргэн Н.Д нь улсын бүртгэлд мэдүүлэг гаргахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж мэдүүлэг гаргаса, улсын бүртгэгч нь хянан шалгах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр бүртгэж гэрчилгээ олгосныг шүүх нягтлан шалгалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн маргаж буй гуравдагч этгээд Н.Д-ийн нэр дээрх Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Алтай хороонд байрлах, 1 өрөө, 15 м.кв талбай, 600,000 төгрөгийн үнэлгээ бүхий гутал засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон нэхэмжлэгч Д.Э-ийн өмчлөлд байгаа худалдаа үйлчилгээний зориулалттай 399 м.кв 8 өрөө, 2,500,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг “Ж Ц” хоршоо, Ц.Н, Ц.Р, А.Н нар хамтран өмчлөгчөөр анх 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус тус улсын бүртгэлд  бүртгүүлж гэрчилгээ авсан байна. Уг бүртгэлийг хийхэд бүрдүүлсэн хэрэгт авагдсан мэдүүлэгт хавсаргасан барилгын байршил схем зургаас үзэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэг ханаар тусгаарлагдсан тусдаа, хөрш залгаа хөрөнгө байсан болох нь тогтоогдож байна.

Улмаар гутал засварын байрны хамтран өмчлөгчөөс 2001 онд Ц.Нарангэрэл хасагдсаны дараа өмчлөгч Ц.Р, А.Н /хоршооны гишүүд/ нар 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр гуравдагч этгээд Н.Д-д, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөө Ц.Р, А.Н, Ц.Н нар 2003 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөн бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч Д.Эт тус тус шилжүүлжээ.  

Нэхэмжлэгч Д.Э нь 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн Ү-0518000370 дугаарт, гуравдагч этгээд Н.Д нь 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн Ү-0518000371 дугаарт дээрх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр  тус тус бүртгүүлсэн байна.

  Дээрх үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэл болон давж заалдах гомдолд дурдсан “Н.Д нь миний байшингийн ханыг ашиглаж, нийтийн эзэмшлийн зам талбай орц гарц, ус зайлуулах газрыг хааж 2 хана өрж зөвшөөрөлгүй гутал засварын байр барьснаас нэхэмжлэгчийн өөрийн барилгаа өргөтгөн шинэчлэхэд саад болж байгаа” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх”-ээр заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийг 2004 оны 2 дугаар сард тус тус шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх нь баталгаажсан байх тул гуравдагч этгээдийн бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй, нэхэмжлэгчид бусдын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд халдах үндэслэл байхгүй.

Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг 2000 онд анх улсын бүртгэлд бүртгүүлэх үед Ц.Р-ийн нэр дээрх 414 м.кв газрыг эзэмших гэрээг хавсаргасан, Барилгын байршил схем зураг /гараар тоймолж зурсан/-т “Энэ байрны газар 415 м.кв газар байгаа” гэж тэмдэглэн, тухайн байрыг 399 м.кв болон 15 м.кв-аар тусад нь бүртгүүлэхээр 2 мэдүүлэг гаргасан, 2003 онд эдгээр үл хөдлөх хөрөнгөө нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд тус тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, энэ үед газар эзэмших эрхээ нэхэмжлэгчид шилжүүлэх талаар бэлэглэлийн гэрээ болон бусад баримтад дурдаагүй, энэ талаар эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй тул Н.Д-ийн гутал засварын байрны доорх газрыг нийтийн эзэмшлийнх гэж үзэх үндэслэлгүйн дээр нэхэмжлэгч Д.Э нь уг газрын талаар маргах эрхгүй.

Иймд нэхэмжлэгчийн “Н.Д-ийн нэр дээрх улсын бүртгэлийг хийхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.5-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байхад нь мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаагүй бүртгэсэн нь уг хуулийн заалтыг зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч маргаж буй эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг бүрэн баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.