Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 40

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар П.Булгаагийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргад холбогдох 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцогт, хариуцагч тус аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Будсүрэн, гуравдагч этгээд Ахмадын хорооны дарга Ү.Юнрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Баасандэмбэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Булгаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1982 онд төрсөн, эмэгтэй, 35 настай, ам бүл 6 нөхөр, хүүхүүдийн хамт амьдардаг. Ажлын байргүйн улмаас гэрээрээ үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг. Би үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх өөрийн гэсэн ажлын байртай болох зорилгоор олон жил хөөцөлдсөний эцэст зоогийн газар байгуулах төсөл маань дэмжигдэж, аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн А/187 дугаар захирамжаар Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт Ахмадын ордны урд талд 200 м2 талбайтай газрыг үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмших эрх авч зохих хуулийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ авч эзэмшиж ажлынхаа байрыг барих бэлтгэлээ хангаад байна. Миний бие аль ч намын гишүүн бус бөгөөд элдэв төрлийн ямар нэг лобигүйгээр энэхүү газрыг шударгаар авч эзэмшиж байсан иргэн юм. Гэтэл аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамж гаргаж, жирийн иргэн миний газар эзэмших эрх авсан захирамжийг хүчингүй болгосон байна. Засаг дарга Д.Батсайханы энэхүү захирамж нь иргэн намайг хохироосон, миний эрхэд бүдүүлгээр халдсан, хууль бус захирамж байна гэж үзэж гомдолтой байгаа тул танай шүүхэд хандаж, аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамжийн 17 дугаар жагсаалтад тусгагдсан заалтыг хүчингүй болгуулж, уг газрыг өөрийн эзэмшилд эгүүлэн тогтоолгохоор танай шүүхэд хандаж байгаа юм гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Булгаа нь Улиастай суманд хувиараа оёдол хийж, цайны газар ажиллуулдаг. Булгаа нь өөрийн гэсэн байртай болохоор газрын зөвшөөрөл авахаар 2005 оноос хойш төсөл бичиж үе үеийн Засаг дарга нарт өгдөг боловч хүлээж авахгүй байсаар 2016 онд 3 дахь удаагаа төсөл бичиж өгсөн нь дэмжигдэж аймгийн Засаг даргын 2016 оны А/187 тоот захирамжаар Жинст багийн нутаг дэвсгэрт Ахмадын ордны урд талбайд 200 м.кв талбайтай газрыг үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугагцаатай эзэмших гэрчилгээг зохих хууль тогтоомжийн дагуу авч гэрээ байгуулж, газраа эзэмшиж төлбөрөө төлж байна. Тухайн газарт материалаа татаж ирүүлээд ажил эхлэх гэж байтал аймгийн Засаг дарга Батсайхан 2017 оны 1 сарын 20-ны өдөр А/25 тоот захирамжаар иргэдийн гражийн газрын гэрчилгээг цуцлахдаа үйлдвэрлэл, үйлчилгээний газруудаас Булгаагийн газрыг оруулж газар эзэмших гэрчилгээг нь цуцалсан байна. Энэ захирамж нь иргэний газар эзэмших эрхэнд халдаж, эрх мэдлээ хэтрүүлсэн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иргэн Булгаа тус газрыг хуульд заасан журмаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Улиастай сумын Засаг даргад шаардлагатай материалыг бүрдүүлж өгсөн. Булгаагийн газар эзэмших гэрчилгээг хүчигүй болгосон захирамжийг хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан... Тэр ажлын хэсгийн дүгнэлтүүд дотор иргэн Булгаагийн газрыг өөр газартай давхацсан гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байсан. Энэ талаар тайлбарлахдаа Ахмадын хорооны газар болон Лосолмаагийн газартай давхацсан гэдэг. Өмнө нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан хүн тус газрыг өөр газартай давхцаагүй гэсэн тайлбар өгсөн байдаг. Лосолмаагийн газар зүүн урд талд байдаг учраас давхцаагүй, Булгаагийн газар сул чөлөөтэй байгаа юм. Энэ газрын төлөө явж байгаа хүн бол Булгаа, харин Лосолмаагийн талаас маргасан зүйл байхгүй. Тиймээс өөр газартай давхцсан гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны ажлын уялдаа холбоогүй, сонгон шалгаруулалт дуудлага худалдаа зохион байгуулах ажлыг хийгээгүй өнгөрсөн юм уу гэдгийг мэдэхгүй байна. Булгаа газрын асуудлаар 2012 оноос хойш хөөцөлдсөн байдаг. Эхэлж тэр газрыг чөлөөтэй байна гэдгийг мэдэж мэдээллийн санд оруулсан нь үндэслэлтэй юм. Булгаа 2014 онд газраа авчихсан гээд явж байсан. Өмнөх Засаг дарга хуульд нийцүүлж захирамжаа гаргаад газар эзэмшүүлсэн байх гэж бодож байна. Намайг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаанд Улиастай сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж өнөөг хүртэл албан ёсоор гарч байгаагүй. Өмнөх жилүүдэд 1 удаа л дуудлага худалдаа зохион байгуулсан байдаг. Үүний улмаас иргэн хохирч болохгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн А/187 дугаар захирамжаар Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт Ахмадын ордны урд талд 200 м2 талбайтай газрыг үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар П.Булгаад эзэмшүүлэх шийдвэр гарсан байна. Нэгдүгээрт аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг энэхүү захирамжийг хянаж, дараах хуулийн заалтуудыг зөрчиж илт хууль бус гэж шийдвэрлэсэн тул хүчингүй болгосон. 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлаагүй бөгөөд Улиастай сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Ахмадын ордны урд үйлчилгээний зориулалтаар 200 м2 газрыг эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй байгаа нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэсэн заалтыг зөрчсөн. Мөн энэ нь Газрын тухай хуулийн 33.4 буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна.

Хоёрдугаарт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж , байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу тухайн газрыг зөвхөн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх ёстой байсан. Тухайн захирамжид аль зарчмыг сонгосон нь нь тодорхойгүй бөгөөд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу зохион байгуулах ёстой. 2016 онд тус аймаг газар өмчлүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх, дуудлага худалдааг огт зохион байгуулаагүй. Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай зар мэдээг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс одоо мөрдөгдөж байгаа журмаар 60-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар нийтэд мэдээлж, комисс томилон тухайн сонгон шалгаруулалтыг явуулах ёстой боловч уг талбарын зарыг олон нийтэд мэдээлээгүй, захирамж гарахаас өмнө ирүүлсэн төсөл байхгүй, сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулаагүй байна. Энэ нь газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчиж, илт хууль бус материал бүрдүүлэн газар эзэмшүүлсэн гэж үзэж байгаа болно. Тус байгууллагад иргэн П.Булгаагийн газар эзэмших хувийн хэрэгт Зоогийн газар гэх төсөл, гэрчилгээний хуулбар, гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар байгаа. Эдгээрийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь заалтын дагуу илт хууль бус акт гэж үзэж аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/187 дугаар захирамжийг хүчингүй болгосон болно... Газрын мэдээллийн санд тус газрын кадастрын зураг байдаг. Энэ зургаас харахад тус газар нь Ахмадын хорооны газарт хамаарч байгаа юм. Аймгийн засаг дарга 2016 оны 8 сарын 3, 4-нд дараалан захирамж гаргаж нэг газрыг 2 хүнд олгосон байдаг. Улиастай сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө жил бүр гардаг. Харин хөгжлийн төлөвлөгөө аймаг, сумд аль алинд нь байхгүй. Ийм ерөнхий төлөвлөгөөгүй учраас Улиастай сум жил бүр хаана ямар газар олгох вэ гэдэг талаараа төлөвлөгөө гаргадаг. Тухайн газар дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын аль ч хэлбэрээр олгосон кадастрын зураг гарсан байх ёстой. Булгаа, Лосолмаа нарын алины ч нэр дээр эргэлтийн цэг байхгүй. Газар эзэмшүүлэх тухай захирамж л байдаг. Хариуцагч тус газарт байшин барилга бариагүй сул газар байгаа гэж байгаа ч газрын мэдээллийн санд бүртгэгдэж кадастрын зураг, гэрчилгээ нь гарсан байдаг учраас тус газар нь эзэнтэй юм. Эзэнтэй боловч тухайн газрыг сул чөлөөтэй байна гээд хэн дуртайд нь эзэмшүүлээд байж болохгүй юм. Инженерийн шугам сүлжээтэй дээрх газар дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт зарлах ёстой гэтэл шууд газар олгосон захирамж гаргасан байсан учраас хуульд нийцээгүй байсан учраасхүчингүй болгосонгэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Ахмадын хороо нь 2007 онд Улиастай сумын Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаар захирамжаар 2134 м2 талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр шийдвэрлүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээ авч жил бүр газрын төлбөрөө хуульд заасан хэмжээгээр төлж ирсэн юм. Гэтэл 2012 онд эзэмшиж буй газрын хэмжилт зөрүүтэй газрын кадастрын зураггүй учир дахин хэмжилт хийлгэх хүсэлт гаргаснаар Улиастай сумын Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн 9 дүгээр захирамжаар 2227 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр газрын кадастрын зураг, гэрээ хийж, газрын гэрчилгээг авсан билээ. Гэтэл 2014 оны 8 сард Ахмадын ордонг шинээр барих болж хуучин барилгыг буулган суурин дээр нь шинээр Ахмадын ордонг барьж эхэлсэн юм. Өмнө нь ахмадын байгууллагын барилга одоогийн барилгаас том талбайтай нэг давхар байсан. Одоо хоёр давхар барилга баригдаад суурийн талбай нь багасчихсан учраас сул газрыг нь эзэмших сонирхолтой хүмүүс гарч ирсэн...Булгаагийн газар гэж гарсан кадастрын зураг байхгүй. Ахмадын хорооны 2007, 2012 оны кадастрын зураг, гэрчилгээ нь байгаа. Ахмадын хороо тус газрын төлбөрийг 2007 оноос хойш төлж ирсэн юм гМанайх дээрх газрыг эзэмших болсноор газар эзэмшүүлсэн захирамжийн дагуу газрын кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээг хийсээр өдийг хүртэл нийт 10 шахам жил энэ газраа эзэмшиж, татварыг жил бүр төлсөөр 2017 оныг хүрсэн. Ахмадын ордны барилгыг барьж байхад барилга барих газар барилгын хэрэгцээний материалыг татан ирж, манай эзэмшлийн газарт бүрэн ашигласан билээ. Ахмадын ордны барилга нь 2014, 2015 онд баригдаж, 2016 оны 8 сард П.Булгаад манай эзэмшлийн газартай давхцуулан газар эзэмшүүлсэн шийдвэр гарсан байна. Үүнийг аймгийн засаг дарга Д.Батсайхан 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамжаар хүчингүй болгосон юм. Манай байгууллага 2 удаа газар эзэмших шийдвэр гаргуулан эзэмшиж буй газрын татварыг 2003-2007 он хүртэл 15 жил тасралтгүй төлж газраа зориулалтын дагуу эзэмшин ашигласаар ирсэн, цаашид ашиглана гэж үзэж байна...Ахмадын хороо кадастрын зурагт заагдсан талбайдаа хайс хийсэн. Ахмадын хорооны газрын хэмжээ 2007 оны кадастрын зурагт 2134 м.кв, 2012 оны кадастрын зурагт 2236 м.кв хэмжээтэй байгаа юм. Бид 2012 оны кадастрын зургийн дагуу хайсаа барьсан. Гомдол гаргагч иргэн П.Булгаад газар эзэмшүүлсэн шийдвэр гарах үед Ахмадын ордны барилга баригдаж байсан бөгөөд энэ газрын асуудлаар манай байгууллагатай ярьж мэдэгдсэн зүйл байхгүй болно. Хуучин манай байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан албаны байр нь нэг давхар боловч зай талбай ихтэй нилээд газрыг эзэлдэг байсан. Уг байрыг буулгаж нураагаад суурин дээр нь сүүлд 2016 онд шинээр ашиглалтад орсон 3 давхар барилгыг барьсан байгаа. Шинээр бага зай эзлэх суурь бүхий давхар барилга баригдсан учраас сул талбай ихтэй болсон. Тиймээс энэ сул талбайг олзуурхан харж эзэмших хүсэлтэй хүмүүс олон байсан байна. П.Булгаад 200 м2 газрыг эзэмшүүлэх захирамж гарах үед Ахмадын ордны барилга ашиглалтанд бүрэн ч ороогүй байсан үе байна. Гэтэл бид энэ тухай өнөөдрийг хүртэл мэдээгүй байсан байна. Манайх дээрх газраа Монгол Улсын Газрын тухай хуулийн хүрээнд кадастрын зургийн дагуу зориулалтаараа ашиглан эзэмшиж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн П.Булгаа нь газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн хэмээн үзэж, Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/25 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэр дэх Ахмадын ордны барилгын урд хэсэгт 200 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр олж авсан тул уг газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй хэмээн маргаж байна.

Хариуцагч тал П.Булгаад газар эзэмшүүлэх эрх олгосон захиргааны акт нь Газрын тухай хуульд нийцээгүй, тодруулбал түүнд эзэмшүүлсэн гэх 200 м2 газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр тусгасан газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдан гараагүй, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй, түүнчлэн Ахмадын хорооны эзэмшил газартай давхцсан тул түүнийг хүчингүй болгох үндэслэлтэй хэмээн тайлбарлаж байна.

Тодруулбал, талууд үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх асуудлаар урьд гарсан захиргааны актыг хүчингүй болгох асуудал хуульд нийцсэн эсэх талаар маргаж байгаа болно.

Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамжаар Газрын тухай багц хуулиудын хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хавсралтад заасан холбогдох захиргааны актуудыг болон нэр бүхий иргэн, хуулийн этгээдүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцохоор шийдвэрлэсэн байна.

Тэдгээрийн дотор нэхэмжлэгч П.Булгаад газар эзэмшүүлэх эрх олгосон 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/187 дугаар захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцохоор маргаан бүхий А/25 дугаар захирамжийн хавсралтын 17 дугаар хэсэгт тусгажээ.

Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/187 дугаар захирамжаар Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэр дэх Ахмадын ордны баруун урд хэсэгт 200 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар П.Булгаад эзэмшүүлэхээр анх шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэснийг доорх үндэслэлээр хууль зөрчсөн хэмээн үзэж, хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг тайлбарлаж байна.

1. П.Булгаад маргаан бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхдээ төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа явуулаагүй гэх үндэслэлийн тухайд:

Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх журмын талаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зохицуулжээ.

Уг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана., 33.1.2-д энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ... газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно. хэмээн тус тус заасан байна.

Харин 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-д иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх тухай асуудлыг зохицуулжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас харвал үйлчилгээний зориулалтаар газрыг эзэмшүүлэхдээ заавал төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны журмыг баримтлахаар байна.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам-ын 1.2-д зааснаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн тухайн шатны Засаг дарга зохион байгуулахаар байна.

Гэтэл Завхан аймгийн Засаг даргаас 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/187 дугаар захирамжаар нэхэмжлэгч П.Булгаад үйлчилгээний зориулалтаар маргаан бүхий 200 м2 газрыг эзэмшүүлэхдээ хуульд заасан журмын дагуу төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан гэрч Д.Анхтэсийн ...2016 онд дээрх байршилд газар эзэмшүүлэхээр төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа явагдаж байгаагүй.. гэх мэдүүлэг[1], гэрч Б.Баяржавхлангийн ...П.Булгаад төсөл сонгон шалгаруулалтыг үндэслэн уг газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй байсан... гэх мэдүүлэг[2], Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 198 дугаар албан бичиг[3] зэргээр нотлогдож байна.

Тиймээс нэхэмжлэгч П.Булгаад үйлчилгээний зориулалтаар 200 м2 газрыг эзэмшүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчиж, төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа явуулаагүй гэх хариуцагч талын тайлбар үндэстэй байна.

2. Нэхэмжлэгчийн маргаж буй 200 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр газар зохион байгууллатын 2016 оны төлөвлөгөөнд тусгаагүй байсан гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д аймгийн Засаг даргаас газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгасан байх ба 21.3.2-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. гэжээ.

Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128 дугаар албан бичгээс харахад тус аймгийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөө батлагдаагүй байна. Энэ талаар гэрч Д.Анхтэс мөн мэдүүлсэн байна.

Харин Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 сарын 18-ны өдрийн хуралдаанаас тус сумын газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөг батлан гаргажээ.

Уг төлөвлөгөөнөөс харахад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоосон байх ба түүн дотор Жинст багийн нутаг дэвсгэр дэх Ахмадын ордны ойр орчимд газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчид эзэмшүүлсэн гэх газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр тогтоосон Завхан аймгийн газар зохион байгууллатын 2016 оны төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас огт батлан гаргаагүй, мөн Улиастай сумын газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөнд ч энэ талаар тусгагдаагүй байна.

Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д Аймаг...сум...ын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно. гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр хариуцагчаас 2016 оны А/187 дугаар захирамжийг хүчингүй болгох асуудлыг маргаан бүхий захиргааны актаар шийдвэрлэсэн нь үндэстэй бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг болон Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам-ын 1.2-дахь заалт зөрчигдсөнийг зөвтгөсөн байна гэж үзэхээр байна.

3. Нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар бусдын эзэмшил газартай давхцсан гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна., 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заажээ.

Уг зохицуулалтуудаар бусдын эзэмшил газарт давхар газар эзэмшүүлэхийг хориглосон байна.

Нэхэмжлэгчийн маргаж буй газар нь аймгийн Ахмадын хорооны эзэмшиж буй газрын хэсэгтэй давхцаж байгаа. Мөн дээрх хуулийн этгээдийн эзэмшил газар дээр аймгийн Засаг даргаас 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/193 дугаар захирамжаар 400 м2 газрыг иргэн Н.Лосолмаад эзэмшүүлэхээр мөн шийдвэрлэсэн байсан. Өөрөөр хэлбэл нэг байршил бүхий газар дээр гурван этгээдэд газар эзэмших эрх олгосон байсан хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан гэрч Д.Анхтэс ... Н.Лосолмаад 400 м2 газрыг Ахмадын хорооны гадна хайсны дотор талд зүүн урд хэсэгт эзэмшүүлэхээр, харин нэхэмжлэгч П.Булгаад 200 м2 газрыг уг хайсны баруун урд хэсэгт эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан тул дээрх хоёр иргэний газар давхцаагүй бөгөөд Н.Лосолмаад дээрх 400 м2 газрыг эзэмших эрх олгосон захирамжийг аймгийн Засаг даргаас хүчингүй болгон шийдвэрлэсэн хэмээн мэдүүлсэн байна.

Түүнчлэн энэ хэрэгт маргаж буй захиргааны акт болох 2017 оны А/25 дугаар захирамжийн хавсралтын 18 дугаар хэсэгт бичигдсэн мэдээллээс харахад Н.Лосолмаад 400 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/193 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа тул уг газрыг эзэмших эрхгүй болсон Н.Лосолмааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй байсныг тэмдэглэж байна.

Харин гуравдагч этгээд Завхан аймгийн Ахмадын хороо нь ахмадын эрх ашгийг хамгаалах үндсэн чиглэлээр байгуулагдаж, 2015 оны 6 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Ахмадын хороо нь үндсэн үйл ажиллагаагаа явуулах зорилгоор нэхэмжлэгчийн маргаж буй Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэр дэх байршилд Улиастай сумын Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаар захирамжийн дагуу 2134 м2 газрыг эзэмшиж байгаад 2012 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр захирамжийн дагуу дээрх газрын хэмжээг нэмэгдүүлэн 2227 м2 газрыг эзэмшиж, газрын төлбөрийг төлж ирсэн нь хэрэгт авагдсан дээрх захирамжууд болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, 2013-2016 онуудад төлсөн газрын төлбөрийн тайлан, хүсэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэрч Д.Анхтэс ...Ахмадын хорооны эзэмшил газарт Ахмадын ордны барилгыг барьснаас хойш гадна хайсыг сунгаж барьсан байна лээ. Хайсыг сунгаагүй бол П.Булгаад эзэмшүүлсэн гэх газар гадна нь байх ёстой. Тухайн газар нь Ахмадын хорооны эзэмшил газартай давхцахааргүй байсан... гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас гаргаж өгсөн кадастрын зураг тус бүрийг харьцуулан үзэхэд П.Булгаад эзэмшүүлсэн гэх газрын цэг, тэмдэгтүүд гуравдагч этгээдийн эзэмшил газрын кадастрын зураг дахь цэг, тэмдэгүүдтэй давхцаж байх тул гэрч Д.Анхтэсийн мэдүүлгийн дээрх хэсгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй юм.

Тодруулбал, нэхэмжлэгч П.Булгаагаас өөрийн эзэмшлийн газрын зураг хэмээн шүүхэд гаргаж өгсөн уг кадастрын зурагт тэмдэглэгдсэнээр түүний газрын баруун урд захын цэг тэмдэгт /Х 5289808.10, Ү 338381.03/ нь гуравдагч этгээдээс гаргаж өгсөн газрын кадастрын зурагт тэмдэглэгдсэн газрын мөн баруун урд захын цэг тэмдэгт /Х 5289808.100, Ү 338381.032/-тэй давхцаж байгаа нь нэхэмжлэгчид эзэмшүүлсэн гэх 200 м2 газар бүхэлдээ гуравдагч этгээдийн эзэмшил газарт хамаарч байгааг харуулж байна.

Иймд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн гэх 200 м2 газар бусдын эзэмшил газартай давхцсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэстэй байна.

Нэхэмжлэгч П.Булгаад дээрх 200 м2 газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн А/187 дугаар захирамж нь 2016 онд гарсан байхад нэхэмжлэгчийн гаргаж өгснөөр хэрэгт авагдсан кадастрын зургийг дээрх захирамжийг гаргахаас өмнө буюу газрын кадастрын мэдээллийн сангаас 2014 оны 03 дугаар сарын 04-ны өдрөөр хэвлэн гаргаж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байгаа нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдийн хуульд нийцээгүй үйл ажиллагаа байсныг харуулж байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Мөн шүүхээс шаардсаны дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гуравдагч этгээдийн эзэмшил газрын кадастрын зургийг гаргаж ирүүлсэн байх ба уг зургийг гуравдагч этгээд болох Ахмадын хорооноос шүүхэд гаргаж өгснөөр хэрэгт мөн авагдсан кадастрын зурагтай харьцуулахад газрын хэмжээний тухайд 1372 м2 хэмээн зөрүүтэй бичиж тэмдэглэсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар дээрх кадастрын зургийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр газрын кадастрын мэдээллийн сангаас гаргаж өгсөн бол гуравдагч этгээдээс гаргаж өгсөн кадастрын зураг 2013 онд хэвлэгдэн гарсан зураг байна.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээг газрын кадастрын мэдээллийн санд 2013 оноос хойш зориудаар өөрчилсөн нөхцөл байдал харагдаж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Учир нь Улиастай сумын Засаг даргын 2012 оны 09 дүгээр захирамжаар Ахмадын хороонд эзэмшүүлсэн 2227 м2 газрын хэмжээг өөрчилсөн, багасгасан талаар захиргааны акт гараагүй байх тул дээрх кадастрын зургийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэхдээ дээрх кадастрын зургаас харахад мөн л гуравдагч этгээдийн эзэмшил газрын баруун урд цэг Х5289808.10 Ү338381.03 тэмдэгт дээр байгааг харуулж байна.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн газрын хэмжээг багасгаж тэмдэглэсэн уг зурагт нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрын байршил мөн л давхцсан байдлаар харагдаж байгааг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч талаас Нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт гэх баримтыг гаргаж өгсөн байх ба уг баримтыг үйлдэж, эргэлтийн цэгийг газарт бэхэлж, солбилцол тодорхойлсон албан тушаалтан болон хүлээн авсан газар эзэмшигч П.Булгаа нарын гарын үсэг зурагдаагүй, зөвхөн дарга Д.Анхтэсийн гарын үсэг зурагдсан мөртлөө ямар нэгэн тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байх тул уг баримтыг үнэлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй болох нь бусад баримтуудаар нэгэнт тогтоогдож байгаа тул дээрх баримтын үнэн зөвийг шүүхээс шалган тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч П.Булгаад газар эзэмших эрх хуульд заасны дагуу үүсээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана., 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө... өөрчлөх буюу хүчингүй болгоно. хэмээн заажээ.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтангазрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох эрх нарийвчлан зохицуулагдсан байна.

Дээрх зохицуулалтаас харвал хууль тогтоомжид нийцээгүй захирамжийг өөрөө өөрчлөх буюу хүчингүй болгох эрх Засаг даргад олгогдсон байх ба уг эрх хэмжээний хүрээнд, нэхэмжлэгч П.Булгаад газар эзэмшүүлэх асуудлыг урьд шийдвэрлэсэн 2016 оны А/187 дугаар захирамжийг хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны акт болох 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамжаар хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд дээрх хуулиудад заасантай нийцсэн байна.

Хариуцагчаас уг маргаан бүхий захиргааны актаар асуудлыг шийдвэрлэхдээ 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/237 дугаар захирамжаар тусгайлан ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалтыг явуулжээ.

Уг ажлын хэсгээс П.Булгаад газар эзэмшүүлэх асуудлыг урьд шийдвэрлэсэн 2016 оны А/187 дугаар захирамжийн үндэслэлийг шалгаж, хууль бус болохыг тогтоосон болох нь гэрч Б.Ариунаа, Б.Баяржавхлан нарын мэдүүлэг болон ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, ажлын хэсгийн дүгнэлт, мэдэгдэл, ажлын хэсэгт гаргаж өгсөн П.Булгаагийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журамд нийцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргад холбогдох 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамжийн хавсралтын 17 дугаар хэсэгт бичигдсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн П.Булгаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Л.ТУНГАЛАГ

 

 


[1] Хавтаст хэргийн 37-38 дугаар хуудсанд

[2] Хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудсанд

[3] Хавтаст хэргийн дугаар хуудсанд