| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 147/2024/00309/И |
| Дугаар | 222/МА2025/00002 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 222/МА2025/00002
2025 04 11 222/МА2025/00002
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
хариуцагч *******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жамъяндорж нар оролцсон болно.
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 40 дүгээр шийдвэртэй,
нэхэмжлэгч ******* “Зээлийн гэрээний үүрэгт 26,420,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй,
хариуцагч *******од холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлоор 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн агуулга:
1.а. Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 26,420,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн.
1.б.Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 2016 онд Баруун-Урт сумын 1-р баг Green town хотхоны C1 блок тоотод 52.83 м.кв орон сууцыг худалдаж авах зорилготой 63,396,000 төгрөг бэлдэж, урьдчилгаа 19,018,800 төгрөгийг төлж, үлдсэн мөнгийг 3 хоногийн дараа төлөхөөр барилгын борлуулалтын албатай тохиролцож байсан. Энэ хугацаанд миний төрсөн дүүгийн нөхөр болох ******* нь байрны үлдэгдэл 44,377,200 төгрөгийг надад өгөөч би ХААН банканд одоо амьдарч байгаа амины орон сууцны өндөр төлөлттэй зээлээ төлж чадахгүй банканд алдах гээд байна. Та надад туслаач амины орон сууцны зээлээ хаагаад таны авах байрыг би банкны ипотекийн зээлд хамруулж сарын төлөлтийг төлөөд явъя. Боломжтой үедээ зээлээ хааж, таны нэр дээр байраа шилжүүлээд өгнө. Та санаа зовох хэрэггүй гэж надаас гуйж, би итгэж өгсөн. Ингээд 2024 онд надад мөнгөний хэрэг гарч байраа зарахаар болж *******од байрны үлдэгдлээ төл, би байраа нэр дээрээ шилжүүлж зарах гэсэн юм гэхэд төлж чадахгүй байна. Та боломжтой бол үлдэгдэл 25,200,000 төгрөгийг төлөөд хаачих би банканд төлдөг сар бүрийн төлөлтөө танд төлье, мөн боломжоороо нэмж бөөнд нь төлөөд дуусгая гэж хэлсэн. Бид 2 утсаар тохиролцсон. 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр *******ын ХААН банкны харилцах дансанд 25,200,000 төгрөг шилжүүлсэн. Мөн татварын 2 хувь болох 1,220,000 төгрөгийг *******ын данс руу шилжүүлж, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байрны гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлж авсан. 2024 оны 5 дугаар сараас одоог хүртэл мөнгөө өгөөгүй. Мөнгөө нэхэхэд төлж чадахгүй. Заргалдаад аваарай гэсэн. Иймд *******оос зээлүүлсэн 26,420,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
2.а. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.б. Миний бие нэхэмжлэгчийн төрсөн дүү ******* 2009 оноос хойш үерхэж хамтран амьдарч байгаад 2016 онд гэрлэлтээ батлуулсан. 2016 онд байр авах шаардлагатай болсон. Бид ярилцаж байгаад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүн байхгүй байсан учраас одоогийн байрны урьдчилгааг төлж, миний нэр дээр ипотекийн зээл гаргуулж авсан. Зээлээ төлж дууссаны дараа тухайн үеийн ханшаар худалдаж авна гэж тохиролцсон. Ингээд 2016 оны 09 дүгээр сард Голомт банкнаас ипотекийн зээл авч, миний бие уг зээлийг хугацаанд нь төлж байсан. ******* бид хоёр 2018 оны 11 дүгээр сард салсан боловч одоог болтол гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа. Төрийн банкнаас авсан зээлийг нь хааж өгсөн. Мөнгөний авлагатай байсан учир ямар нэгэн хэрүүл, маргаан үүсгэхгүй хүлээцтэй хандаж байсан. 2024 оны 04 дүгээр сард надтай холбогдож байрны чинь зээлийн үлдэгдэл хэд байгаа вэ?, эгч нь хаагаад өгье, хүнд зарахаар болсон. Миний нэр дээр шилжүүлээд өг. Зөрүү мөнгийг нь байраа зараад өгье гэсэн тул би зөвшөөрсөн. Тухайн үед банк орж зээлээ хаая гэсэн боловч чам руу интернэт банкаар шилжүүлье, би банк орохгүй гэсээр байгаад ХААН банкны данс руу шилжүүлсэн. Шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь зээлэв гэж бичсэн байсныг миний бие анзаарч хараагүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаад гэрчилгээг нэр дээр нь болгож өгсөн. Түүнээс хойш хэд хоногийн дараа намайг шүүхэд өгсөн байсан. Эртнээс төлөвлөж хийсэн гэж бодож байна. Харин татварын 2 хувийн шимтгэл 1,220,000 төгрөгийг бол тухайн үед нь зээлсэн. Тэр мөнгийг төлөхөд татгалзахгүй. Энэ хүнээс өр авлагатай тул тэр авлагаасаа хасаж тооцуулах саналтай. Энэ хүнээс 2016 онд 40,000,000 төгрөгийг зээлж байгаагүй. *******д 2016 онд шилжүүлсэн 20,000,000 төгрөг нь 30 хувийн урьдчилгаа төлсөн гэдэгтээ маргахгүй гэв.
3.Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 1,220,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 290,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2016 оны 4 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банканд 41,394,535 төгрөгийн хадгаламжтай байснаас 40,000,000 төгрөгийн зарлага гаргасан нь түүний Төрийн банкин дахь дугаарын дансны хуулгаар 40,000,000 төгрөгийг энгийн харилцан дансандаа шилжүүлж, үүнээс 20,000,000 төгрөгийг дүү ******* ХААН банк тоот дансанд шилжүүлж, 20,000,000 төгрөгийг бэлнээр авсан нь Төрийн банкны дугаартай дансны хуулгаар Ариунзулын шилжүүлсэн 20,000,000 төгрөг болон бэлнээр авсан 20,000,000 төгрөг нь мөн өдөртөө ******* дансанд орлого болон орж, тэрээр ын ХААН банкны 5644196006 тоот дансанд 37,043,765 төгрөгийг “Алтанзаяа байр урьдчилгаа” утгаар ер нь нийтдээ 51,000,000 төгрөгийг ын зээлийг хаахад зориулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.
Гэтэл шүүх 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ******* дансанд шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс тусад нь байрны урьдчилгаанд дахин 20,000,000 төгрөгийг өгсөн гэх боловч тус нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна хэмээн хэрэгт авагдсан нотлох баримт, үйл баримтыг бодит байдлаас буруу дүгнэн шийдвэрлэжээ.
нь шилжүүлсэн 25,200,000 төгрөгөөр зээлийн төлбөрийг төлснөөр ипотекийн зээл нь хаагдаж, нь орон сууцыг захиран зарцуулах эрх үүсэж, Ариунзулд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байна. Хариуцагч зээлээ дууссаны дараа тухайн үеийн ханшаар худалдаж авахаар тохиролцсон гэх боловч үүнийгээ нотолж чадаагүй бөгөөд дээрх баримтуудаар хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.
Ийнхүү нийт 84,500,000 төгрөгийг од шилжүүлж, үүнээс зээлийн төлбөр хаасан 25,200,000 төгрөгийг буцааж нэхэмжилсэн байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүй 20,000,000 төгрөгийг өгсөн гэх боловч тус нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн 25,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон байна. Иймд хэргийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* дүү болох ******* 2009 оноос хойш үерхсэн. Би 2012 онд аймагт ажилд ороод ******* ажилгүй байсан. Цалингийн зээл авч барааны дэлгүүр нээсэн. 2016 онд *******гийн ахынх нь охин сургуульд орж, хаана байх уу гэдэг асуудал яригдсан. 2016 оны 9 сард ипотекийн зээлийг 5 хувьтай байхад авч өөрийн нэр дээр орон сууцтай болсон.
, ******* нийгмийн даатгал төлдөггүй учраас ипотек зээлд хамрагдах боломжгүй учраас миний нэр дээр байр авсан. Тухайн үед 10 жилийн хугацаатай зээл авч, би сар сардаа төлөөд явъя, төлж дууссан дараа нэр дээр чинь шилжүүлнэ гэсэн. Тэр үедээ бид нэг гэр бүлийн хүмүүс байсан учраас энэ талаар маргаагүй. 2019 оны 3 сараас хойш ******* бид 2 ямар ч холбоогүй болсон. 2024 оны 4 сард надтай эгч холбоо барьж эгч нь айлд ирсэн, байрны чинь үлдэгдэл хэд байгаа талаар асуусан.
Тухайн үедээ надад хүнд зарах, урьдчилгаа мөнгө авсан талаар хэлсэн. Эгчийнхээ нэр дээр шилжүүлээд өгчих эгч нь үлдэгдэл мөнгийг төлөөд зээлээ хаачихна. Тухайн өдөр зээлээ хаасан. Зээлээ хаахдаа Хаан банкны данс руу 25,000,000 сая төгрөгийг шилжүүлсэн. байрны урьдчилгаа 20,000,000 сая төгрөгийг төлсөн нь үнэн, бусдыг нь би төлсөн. Ерөнхийдөө 120 сарын хугацаатай зээл авсан. 2016 оноос хойш 35,600,000 төгрөг буюу 75 сарын мөнгийг төлсөн. Дунд нь Ковид-19 өвчний улмаас 1 жил зээлээ төлөөгүй түр зогссон гэв.
ХЯНАВАЛ:
6.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч *******од холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч нь хариуцагч *******оос 26,420,000 төгрөг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
8.Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, ******* Хаан банкны дугаар дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, харьцуулан дүгнэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1. Нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн нэр дээрх Төрийн банкны тоот хугацаатай хадгаламжийн данснаас 40,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, өөрийн нэр дээрх дугаартай харилцах данс руугаа шилжүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр уг харилцах данснаасаа 20,000,000 төгрөгийг ******* нэр дээрх Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн, мөн өдрөө 20,000,000 төгрөгийг бэлнээр зарлагын гүйлгээ хийсэн байна. (Хэргийн 27, 46 дугаар хуудас)
8.2.Хариуцагч ******* нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тоот гэрчилгээтэй, Green town хотхоны С1 блокийн тоот дахь, 52.83 м.кв 2 өрөө орон сууцыг өмчилдөг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. (Хэргийн 32 дахь хуудасны ар талд)
8.3. Мөн хариуцагч *******, түүний эхнэр ******* нар Green town хотхоны 52.83 м.кв, 2 өрөө орон сууцаа барьцаалан Голомт банкнаас 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 44,370,000 төгрөгийн орон сууцны зээлийг 10 жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй авч, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байсан болох нь орон сууцны зээлийн болон ипотекийн гэрээгээр тогтоогдож байна. (Хэргийн 33-38 дугаар хуудас)
8.4. Нэхэмжлэгч нь Хаан банкны тоот данснаасаа хариуцагч *******ын 5644171864 тоот дансанд 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 25,200,000 төгрөг “ зээлэв” гэсэн утгатайгаар, 1,220,000 төгрөгийг “2 хувь төлөв” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. (Хэргийн 6-7 дугаар хуудас)
8.5. Хариуцагч *******, түүний эхнэр ******* нар Green town хотхоны 52.83 м.кв 2 өрөө орон сууцаа барьцаалан авсан ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн зээлүүлсэн гэх 25,200,000 төгрөгөөр хааж, талууд мөн өдөр “Green town хотхоны 52.83 м.кв 2 өрөө орон сууцыг 61,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхээ шилжүүлсэн байна. (Хэргийн 6-7, 31-32 дугаар хуудас)
9. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд талууд 25,200,000 төгрөгийг зээлүүлсэн эсхүл орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлсөн эсэх талаар маргаж байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар уг мөнгийг нэхэмжлэгч хариуцагчийн дансанд шилжүүлж, хариуцагч ипотекийн зээлээ хааж, өөрийн нэр дээрх 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж, уг орон сууцны өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Гэвч хэрэгт авагдсан баримтаар 52.83 м.кв, 2 өрөө орон сууцны үнийг нэхэмжлэгч нь 2016 онд бүрэн төлсөн, 2024 онд хариуцагчийн данс руу шилжүүлсэн 25,200,000 төгрөгийг уг орон сууцны төлбөрөөс илүү, нэмж төлсөн, хариуцагчид зээлүүлсэн буюу талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Нөгөө талаас нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн хариуцагч ******* болон иргэн ******* нарын дансны хуулга зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болно.
10.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна гэж дүгнэв.
11.Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ