Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 226

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

Шүүгдэгч Ү.Ц, Т.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Ц, Т.Ж нарт холбогдох эрүүгийн 1718003620221 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Ү.Ц 1981 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 1 дүгээр хорооллын 23а байрны 9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

2.Монгол Улсын иргэн, Т.Ж 1985 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 5 дугаар гудамжны 157 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ү.Ц, Т.Ж нар нь бүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм”-ийн эх “Тарвагат уулын зүүн ам” гэх газарт нийт 5032.91м2 талбайд зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологи эдийн засагт 1607538 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Ү.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа ойлгож байгаа

... Дахиж ийм зүйл хийхгүй. Хүний үгэнд итгэж л ийм гэмт хэрэг хийсэн. Миний буруу.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Т.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа ойлгож байгаа

...Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй гэдгийг амлаж байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 16/,

-Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газарт Тагнуулын Ерөнхий газрын Дархан-Уул аймаг дахь хэлтсээс зөрчлийн материалыг харъяаллын дагуу шилжүүлсэн албан тоот, тогтоол /хэргийн 17-19/,

-Лац тавьсан тухай тэмдэглэл /хэргийн 20/,

-Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Батхишиг нь хэргийн газрын үзлэгийн явцад Ү.Цээс алт хураан авсан тухай акт /хэргийн 21/,

-Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Батхишигийн алт олборлож байсан газрын солбилцлын хэмжилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 22-27/,

-Ү.Ц, Т.Ж нарын алт олборлосон гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 30-31/,

-Ү.Ц, Т.Ж нарын хууль бусаар олборлосон 0.55 грамм хоёр хэсэг алтыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 32/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-н “...Би 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Цэхэр цөөрөм”, “Их тарвагатай уул”-ын зүүн ам гэх газарт шалгалт хийж явахад “тэр газар эрүүл тэгш газар байсан” энэ хүмүүс орж эрүүл байсан газрыг эвдсэн байгаа юм.

...байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна.” гэх мэдүүлэг /хэргийн 34/,

 

-Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн тагнуулын газрын албаны хошууч Батсайхан бид хоёр явсан. Тэр өдөр Цэлмэг гэж хүн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Цэхэр цөөрөм” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байхад нь бид 2 шалгасан. Шалгалтаар очих үед эксковатор ашиглаж ухсан байдалтай байсан. Тухайн газарт зургаар баримтжуулж GPS цэг тогтоож шинээр ухсан газрыг хэмжиж авсан. Тухайн үед олборлож байсан шар өнгийн металлыг хурааж авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 35-36/,

-Гэрч Л.Б-ын мөрдөны байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 10 сарын 10-ны үед байх аа, Дарханы зах дээр ажил хайгаад зогсож байсан чинь Цэлмэг гэх залуу “тогооч, туслах ажилчин, гагнуурчин авна” гээд явж байсан. Тэгэхээр нь би уулзаад “би гагнуур хийж чадна” гээд хэлсэн чинь “өдрийн 40000 төгрөгийн цалин өгнө, хөдөө явж ажиллана” гэж тохироод маргааш өдөр нь улаан өнгийн пажеро маркийн машинд суулгаад явсан. Тэгээд шөнө 2 цагийн үед ууланд очиход эксковатор байсан, бас 3 гэр барчихсан байсан. Маргааш өглөө нь босоод гагнуур хийгээд эхэлсэн. Тэд нар газар ухаад алтаа угааж байсан. Хэд хоногийн дараа аймгийн тагнуул, мэргэжлийн хяналт гэх хүмүүс ирээд бүх техник лацдаад явсан. Тэгээд би 14 хоног ажилласан байхаа, нэг өдөр хоол хүнсгүй болоод наашаа алхаж ирсэн. Нэг хоногийн өмнө Цэлмэг төв орж ирнэ гэж алхаад буцаж ирээгүй. Би Дарханд ирээд Цэлмэгийн утас руу залгаж цалингаа авна гэхэд одоо хэд хоногоос өгнө гээд алга болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 37-38/,

-Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг 10 сард очиход манай хариуцдаг талбай дээр хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хүмүүс байгаагүй. Тэр амыг тултал дээшээ сайн явж үзээгүй, зам их муу газар байгаа юм.” гэх мэдүүлэг /хэргийн 41-42/,

-Гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Жигжиддамбатай 10 жилийн ангийн хүүхдүүд юм. 2017 оны 10 дугаар сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна. Жигжиддамба надтай ирж уулзаад “ханьтай хэд хоног уул руу яваад өгөөч, би хүмүүстэй нийлж алтны уурхай гаргаж ажиллаж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр “Хүйтний гол” гэх газар очоод 7-8 хоног ажиллаж байгаад Улаанбаатар хот руу Жигжиддамба бид хоёр яваад Ү.Ц гэх залуу уурхайгаа хараад үлдсэн юм. Тэгээд 2-3 хоногийн дараа уурхай дээрээ буцаж ирэх үед уурхайн үйл ажиллагаа зогсчихсон, техникүүдийг лацадчихсан байсан. Тэгээд юу болсон талаар Ү.Цээс асуухад “Дарханы хууль хяналтынхан ирээд зөвшөөрөлгүй хууль бус үйл ажиллагаа явуулж байна гээд зогсоосон.” гэж хэлсэн. Тэгээд л удалгүй уурхай бууж бид нар Улаанбаатар хот руугаа явсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 44/,

-Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...надад алт олборлодог газар байхгүй. Ямар юмных нь хувь тохирох билээ, наад хүмүүсийг чинь сайн таньж мэдэхгүй, худлаа ярьж байна. Би Жигмэддамбыг хараагүй, мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51/,

-Гэрч О.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед намайг уурхай дээрээ ирсэн байхад хүрч ирээд “дээд аманд алт олборлох үйл ажиллагаа явуулах гэж байгаа” гэж хэлж байсан. Тэр үед нь би зөвшөөрөөгүй ба “дэмий шүү, асуудалтай.” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 52-53/,

-“танай байгууллагын эрүүгийн цагдаагийн тасагт шалгагдаж байгаа 171800362 дугаартай хэргийн газрын байршил нь Дархан-Уул аймгийн Хонгор сум 2 дугаар баг Цэхэр цөөрөмийн эх Тарвагат Уулын зүүн ам гэх газар юм. Тус ойн сан бүхий газар нь 7 дугаар ялгарал, 68 дугаар хэсэглэлийн талбайд багтаж байгаа бөгөөд “Манжинт хайрхан” нөхөрлөл нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргатай ойн санг гэрээгээр эзэмших гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байна.” гэх Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1/235 дугаартай албан тоот, ойн тархалтын зураг /хэргийн 58-59/,

-Эвдэрсэн газрын солбилцлын цэгийг авсан тэмдэглэл, масштаб /хэргийн 61-62/,

-Хонгор сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Батхишиг хэмжилт хийж гаргасан “нийт боломжит хохирлын хэмжээ 52.783.123.” гэх экологи эдийн засгийн үнэлгээг урьдчилсан байдлаар тооцсон шинжилгээний дүн /хэргийн 63-64/,

-“хохирлын нийт хэмжээ 18956865.61 төгрөг, нөхөн төлбөрийн хэмжээ 47272812.91 төгрөг” гэх “МОНСЛОВ” ХХК-ийн байгаль орчны хохирлын үнэлгээний дүгнэлт /хэргийн 67-75/,

-“Хохирлын нийт хэмжээ 1607538.04 төгрөг, нөхөн төлбөрийн хэмжээ 5127750.07 төгрөг.” гэх “МОНСЛОВ” ХХК-ийн байгаль орчны хохирлын үнэлгээний нэмэлт дүгнэлт /хэргийн 82-92/,

-Шинжээч Б.Эрдэнэзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн мөрдөгч дэслэгч Д.Баярмагнайн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн цэгүүдийн дагуу зураг зүйн программд хийж олборлолт явуулсан талбайн хэмжээг тогтоож хөрс, ургамал, газрын хэвлий, эдэлбэр газарт учирсан хохирлын үнэлгээг тогтоон тооцоход 18956865.61 төгрөгийн хохирол тогтоогдсон юм.

Уг газарт би өөрийн биеэр очиж хэмжилт хийгээгүй хараагүй учир мөрдөгчийн өгсөн цэгүүдийн дагуу дүгнэлт гаргасан. Харин мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч ахмад С.Сүхбаатарын 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх талбай дээр очиж хэмжилтийг гармин маркийн GPS багажаар эвдэгдсэн талбайд хэмжилт хийхэд 2 хэсэг газар эвдэгдсэн байсан бөгөөд тус газар хэмжилтийг хийж, эдэлбэр газар, хөрс, ургамлын хохирлыг тогтооход байгаль орчинд нийт 1607538.4 төгрөгийн хохирол тогтоогдсон. Хоёр дүгнэлтийн зөрүүтэй байгаа учир нь анх авсан цэг, хэмжилтийн зөрүү, эвдэгдсэн газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн, эвдэгдсэн гэх талбайн дунд байсан эрүүл газар болон тойргийн цэгүүдийг шууд холбож ирүүлснээс дундах эрүүл газар эвдэгдсэн мэтээр урьд гаргасан дэслэгч Д.Баярмагнайн шинжээч томилсон дүгнэлтэд тусгагдаж хохиролд тооцогдсон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 93-94/,

“Актаар тогтоосон нийт нөхөн төлбөр 5127750 төгрөг” гэх 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 10-04-305/05 дугаартай Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нөхөн төлбөр тогтоох тухай акт /хэргийн 102/,

-Ү.Ц, Т.Ж нарын хууль бусаар олборлосон алтны сорьц тогтоосон сорилтын дүн /хэргийн 104/,

-Ү.Ц, Т.Ж нараас 5127750 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн банкны баримт /хэргийн 250/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Ү.Ц, Т.Ж нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм”-ийн эх “Тарвагат уулын зүүн ам” гэх газарт нийт 5032.91м2 талбайд зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологи эдийн засагт 1607538 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Ү.Ц, Т.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Ү.Ц, Т.Ж нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас эдэлбэр газар, газрын хэвлий, газрын хөрс, ургамлын бүрхэвч, усан орчинд учирсан хохирол, нөхөн төлбөр нь 5127750.07 төгрөг болж байгаа нь “МОНСЛОВ” ХХК-ийн байгаль орчны хохирлын үнэлгээний нэмэлт дүгнэлтээр /хэргийн 82-92/ нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Ү.Ц, Т.Ж нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг төлж барагдуулсан /хэргийн 250/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Хохирогч Т.А нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “…Байгаль орчны үнэлгээний “Монслов”ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд экологи эдийн засгийн үнэлгээг нийт 18956865.61 төгрөг, нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн зардлыг нийт 22382524.44 төгрөг гэж тогтоосон байна. Гэтэл шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн хүсэлтээр дахин шинжээч томилуулах хүсэлтээр хэрэг гарснаас хойш 2 жил гаруй хугацааны дараа буюу 2019 оны 02 сарын 01-ний өдөр “Монслов”ХХК дахин шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Энэ дүгнэлтэд экологи эдийн засгийн үнэлгээг нийт 1607538.04 төгрөг, нөхөн төлбөрийн хэмжээг нийт 5127750.07 төгрөг гэж тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин мэргэжлийн байгууллагаар дүгнэлт хийлгүүлж өгнө үү.” гэжээ.

Шинжээч Б.Эрдэнэзаяа нь мөрдөн байцаалтын шатанд “...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн цэгүүдийн дагуу зураг зүйн программд хийж олборлолт явуулсан талбайн хэмжээг тогтоож хөрс, ургамал, газрын хэвлий, эдэлбэр газарт учирсан хохирлын үнэлгээг тогтоон тооцоход 18956865.61 төгрөгийн хохирол тогтоогдсон юм. Уг газарт би өөрийн биеэр очиж хэмжилт хийгээгүй хараагүй учир мөрдөгчийн өгсөн цэгүүдийн дагуу дүгнэлт гаргасан. Харин мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч ахмад С.Сүхбаатарын 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх талбай дээр очиж хэмжилтийг герман маркийн GPS багажаар эвдэгдсэн талбайд хэмжилт хийхэд 2 хэсэг газар эвдэгдсэн байсан бөгөөд тус газар хэмжилтийг хийж эдэлбэр газар, хөрс, ургамлын хохирлыг тогтооход байгаль орчинд нийт 1607538.4 төгрөгийн хохирол тогтоогдсон. Хоёр дүгнэлтийн зөрүүтэй байгаа учир нь анх авсан цэг, хэмжилтийн зөрүү, эвдэгдсэн газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн, эвдэгдсэн гэх талбайн дунд байсан эрүүл газар болон тойргийн цэгүүдийг шууд холбож ирүүлснээс дундах эрүүл газар эвдэгдсэн мэтээр урьд гаргасан дүгнэлтэд тусгагдаж хохиролд тооцогдсон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 93-94/ өгсөн байх тул дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ү.Ц, Т.Ж нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм”-ийн эх “Тарвагат уулын зүүн ам” гэх газарт нийт 5032.91м2 талбайд зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологи эдийн засагт 1607538 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ү.Ц, Т.Ж нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч Ү.Ц, Т.Ж нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 7200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7200000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг сард 200000 төгрөгөөр тооцон 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ү.Ц, Т.Ж нарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 550 мг алтыг Үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторид хүлээн авч, сорьцыг тогтооход шинжилгээгээр 46.95 мг хорогдол гарч, 503.05 мг алтыг буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /хэргийн 104/ байх тул 503.05 мг 2 хэсэг алтыг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ү.Ц, Т.Ж нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч   Ү.Ц,   Т.Ж нарт тус бүр 7200 /долоон мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7200000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 7200000 төгрөгийг сард 200000 төгрөгөөр тооцон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ү.Ц, Т.Ж нарт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ү.Ц, Т.Ж нарт анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 503.05 мг 2 хэсэг алтыг хурааж, улсын орлого болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Ц, Т.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Я.ТУУЛ