Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00664

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийг шүүх хуралдаанаар,  

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/01500 дугаар шийдвэртэй,

 

*******ы нэхэмжлэлтэй,

*******ад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 54,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 36,000,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл буюу 12 сар 17 хоногийн хугацаатай зээлүүлж, зээлийн гэрээг нотариатаар батлуулж гарын үсэг зурсан ба мөнгөө бэлнээр өгсөн.

Зээлийн гэрээний гол нөхцөлдөө мөнгийг бэлнээр өгч байгаа учраас гэрээний мөнгө бэлнээр авсан гэх хэсэгт ******* гарын үсэг зурсан байдаг. Тухайн зээл нь барьцаагүй бөгөөд сар бүр 3,000,000 төгрөгийг зээлдүүлэгчийн дансанд төлөх, гэрээний 3.7-д хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан.

Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн үндсэн төлбөр болох 36,000,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөх ёстой байсан боловч төлөөгүй өнөөдрийг хүрсэн.

Нэхэмжлэгч ******* нь мөнгөө нэхэмжилж байнга мессеж бичдэг байсан. Хариуцагч ч зээлийн төлбөрийг төлөхөө илэрхийлдэг байсан. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 1 жил 7 сарын хугацааны алданги 61,992,000 төгрөг боловч, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үнийн дүн 36,000,000 төгрөгийн 50 хувь болох 18,000,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардаж байна.

Иймд, хариуцагчаас үндсэн зээлд 36,000,000 төгрөг, алданги 18,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийн хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

*******аас тухайн өдөр бэлнээр ямарваа нэгэн мөнгө хүлээн аваагүй ба тухайн өдөр өөрийн ******* банкны ******* тоот данснаас 2,500,000 төгрөг, мөн өөрийн ээжийн ******* банкны ******* тоот данснаас 12,500,000 төгрөгийг тус тус *******ы данс руу хийсэн. Өмнө нь ******* бид хоёр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хоорондын маргаантай байсан ба 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бид эвлэрэн би дээрх мөнгийг *******ы дансанд шилжүүлсэн болно.

******* нь тухайн өдөр ...чи ахаасаа мөнгө зээлсэн гэрээ хийж өгөөч эвлэрсэн гээд би цаад хөрөнгө оруулагчдаа нэг үзүүлэх гэрээтэй байхгүй бол болохгүй байна... гэснээр дээрх зээлийн гэрээг хийсэн ба тухайн нотариатч бид хоёрт энэхүү гэрээнд миний хажууд мөнгө өгөлцөж аваагүй мөн дансаар шилжүүлээгүй учир шаардлага хангахгүй гэж анхааруулсан боловч ******* нь хамаагүй хэмээн энэхүү гэрээг хийсэн.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад талуудын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээнд заасан төлбөрийг зээлдэгчид олгосон гэдгээ нэхэмжлэгч нотолж чадахгүй байна гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс уг зээлийн гэрээнд заасан мөнгийг хүлээж аваагүй гэдгээ тайлбарласан. Харин өмнөх шүүхийн шийдвэр буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар явагдаж байсан өр төлбөртэй асуудал бүрэн гүйцэт дуусаагүй байсан учраас энэ өр төлбөрийг барагдуулна гэдгээ илэрхийлж байсан. Мөн шүүхийн үзлэг хийсэн мессеж дээр шийдвэр гүйцэтгэлээс мөнгө орж ирэхээр өгье гэх утга агуулга байдаг.

Тэгэхээр зээлийн гэрээ нь нэгдүгээрт, зээлийн мөнгө хариуцагчид ирээгүй буюу өөрөөр хэлбэл зээлдүүлэгч зээлийн төлбөрийг зээлдэгчид олгоогүй, хоёрдугаарт өмнөх гэрээний харилцаа буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой харилцаа дуусаагүй байсны улмаас энэхүү зээлийн гэрээг байгуулсан.

Энэ нь Иргэний хуулийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж байна. Зээлийн гэрээ байгуулсан, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр талууд дансаар харилцсан байдлаас харахад 20 минутын зайтай хариуцагчаас нэхэмжлэгч рүү нийт 15,000,000 төгрөг шилжсэнээс харахад ******* хариуцагчид мөнгө зээлүүлсэн юм бол дансаар шилжүүлэх бүрэн боломжтой. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн гэдгээ нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг. Манайх нэгэнт аваагүй учраас үүнийг нотолно гэдэг нь утгагүй зүйл байна. Зээлийн гэрээний 3.4 дэх заалт бол зээлдэгчид хүлээлгэн өгнө гэсэн утга байгаа болохоос хүлээн авлаа гэсэн утга байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******аас 54 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 430,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас тухайн өдөр бэлнээр ямарваа нэг мөнгө хүлээн аваагүй дээр гэрээ байгуулсан өдөр нэхэмжлэгч *******д өөрийн ******* банкны ******* данснаас 2,500,000 төгрөг, өөрийн төрсөн ээжийн ******* банкны ******* тоот данснаас 12,500,000 төгрөгийг тус тус *******ы данс руу шилжүүлсэн.

Нэхэмжлэгч ******* нь гэрээ байгуулсан өдөр Чи ахаасаа мөнгө зээлсэн гэрээ хийж өгөөч эвлэрсэн гээд бид цаад хөрөнгө оруулагчдаа нэг үзүүлэх гэрээтэй байхгүй бол болохгүй байна гэснээр дээрх зээлийн гэрээг хийсэн ба тухайн нотариатч бид хоёрт энэ гэрээнд миний хажууд мөнгө өгөлцөж аваагүй мөн дансаар шилжүүлээгүй учир шаардлага хангахгүй гэж сануулж анхааруулсан боловч ******* нь хамаагүй хэмээн гэрээг хийсэн байдаг.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч зээлийн гэрээнд заасан төлбөрийг зээлдэгчид олгосон гэдгээ нэхэмжлэгч нотолж чадаагүй.

Иргэний хуулийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэсэн хуулийн зохицуулалттай. ...Зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн мөнгө хариуцагчид ирээгүй буюу зээлдүүлэгч зээлдэгчид зээлийг олгоогүй, мөн өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой харилцаа дуусгавар болоогүй. Зээлийн гэрээ байгуулагдсан өдөр 10-20 минутын зайтай дансаар хариуцагчаас нэхэмжлэгч *******ы дансанд 15,000,000 төгрөг шилжсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байтал шүүх зээлийн гэрээний төлбөрийг шилжүүлсэн мэтээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч, шүүх хуралдааны явцад ч зээлийн гэрээний төлбөрийг хариуцагч буюу зээлдэгчид шилжүүлсэн гэдгээ ямар нэг баримтаар нотлоогүй байхад нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/01500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч, хариуцагч нар олон жилийн хугацаанд мөнгө зээлүүлдэг харилцаатай байсан. Хариуцагчийн хувьд төлбөрийн чадвартай буюу зээлсэн мөнгөө буцаагаад төлдөг. Талууд 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 3.4-т зээлийг бэлнээр 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээж авлаа гэж ******* гарын үсгээ зураад мөнгийг хүлээж авсан. ******* тухайн гарын үсгийг өөрийнх нь биш гэж үгүйсгэдэггүй, мөнгийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Зээлийн гэрээг байгуулахын өмнө өмнөх зээлийн харилцааг дуусгаж төлбөрөө төлсөн байдаг. ...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цаг 22 минутад гэрээ байгуулахын өмнө буюу 11 цаг 46 минутад 12,500,000 төгрөг, 11 цаг 45 минутад 2,500,000 төгрөг шилжүүлээд өмнөх зээлийн тооцоогоо дуусгасан. Төлбөр тооцоогоо дуусгаад дахин мөнгө зээлье гэсэн учраас зөвшөөрөөд өмнөх тооцоог дуусган, дараа нь 12 цаг 22 минутад нотариат орж гэрээ байгуулсан. Өмнөх зээлийн гэрээний төлбөрийг 12 цаг 22 минутад байгуулсан зээлийн төлбөр мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй.

Хэрэв мөнгө зээлээгүй байсан бол талуудын хооронд зурвас бичигдэхгүй. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулснаас хойш буюу 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу төлбөрөө төлөхийг шаардсан. Хариуцагч тухайн үед Хэнтий аймагт явж байна мөнгөө шилжүүлнэ, Чойроос хөдлөөгүй байна энэ 7 хоногт мөнгө хийнэ гэх мэтээр зурвас үлдээсэн. Үүнээс үзэхэд хариуцагч зээлийн төлбөрийг төлнө гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Бодит байдалд дүр үзүүлсэн хэлцэл хийгээд мөнгө өгөөгүй байсан бол *******аас төлбөрөө төл гэж зурвас бичихгүй, ******* төлбөрийг төлөх талаар хариу зурвас бичихгүй байсан.

Хариуцагч тал тайлбарлахдаа ******* нь ахдаа нэг дүр үзүүлсэн хэлцэл хийгээд өгөөч, хөрөнгө оруулагчид үзүүлнэ гэсний дагуу дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэж тайлбарладаг боловч насанд хүрсэн хүмүүс буюу мөнгө зээлдэг, зээлүүлдэг учраас иймэрхүү байдлаар гэрээ байгуулах боломжгүй. Гэрээ байгуулсан нь худал байсан бол талууд зурвасаар харилцахдаа мөнгийг авах, өгөх талаар огт бичихгүй. Хариуцагч алданги төлөхөөс зайлсхийх зорилгоор бодит байдлаас зөрүүтэй тайлбар өгсөн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 54,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *******тай зээлийн гэрээ байгуулж, түүнд 36,000,000 төгрөгийг хүүгүй 12 сар, 17 хоногийн хугацаатай, сар бүрийн 15-ны өдөр 3,000,000 төгрөг төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 5-6/

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зээл олгох хэлбэр, хугацаа: бэлнээр 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бэлнээр хүлээн авсан зээлдэгч ...*******... гэж заасан бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар хариуцагч маргаагүй.

 

5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/01755 тоот захирамжаар *******ы нэхэмжлэлтэй *******ад холбогдох 62,680,000 төгрөг гаргуулах тухай хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэхүү шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан биелүүлэх ажиллагааг явуулсан. /х.х-ийн 85-88/

 

Улмаар ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11:45 минутад 2,500,000 төгрөг болон 11:46 минутад 12,500,000 төгрөгийг тус тус *******д шилжүүлснийг үндэслэн төлбөр авагч тэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь мөн өдөр төлбөр төлөгчийн хөрөнгийн эрхийг сэргээж, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /х.х-ийн 22-23, 159, 161-162, 165/

 

Өөрөөр хэлбэл, *******аас 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *******д шилжүүлсэн тус 15,000,000 төгрөг нь тэдгээрийн урьд өмнө байгуулсан зээлийн гэрээний үүргийн төлбөр байсан байна.

 

6. Харин Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Талуудын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12:22 минутад байгуулсан дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх тохиролцоог үзвэл ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *******ад 36,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэсэн утгыг бүрэн илэрхийлж байхын сацуу энэ нь өөр баримтаар тогтоогджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс зохигчийн хооронд харилцсан бичсэн зурваст үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч *******ад зээлийн гэрээний үүргийг шаардсан утгатай зурвас удаа дараа бичихэд хариуцагч нь хэд, хэдэн удаа зээлийг буцаан төлөхийг зөвшөөрсөн агуулга бүхий хариу зурвас илгээж байснаас үзэхэд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрч байжээ. /х.х-ийн 40-45/

 

Тодруулбал, зохигч нарын хооронд урьд өмнө үүссэн зээлийн гэрээний үүрэг тийнхүү дуусгавар болсон байхад хариуцагч ******* нь хожим нэхэмжлэгч *******д мөнгө төлөхийг зөвшөөрсөн байгаагаас үзвэл хариуцагчийн ...36,000,000 төгрөгийн талаар зурвас бичээгүй... гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан.

 

Иймд, анхан шатны шүүхийн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний зүйл болох 36,000,000 төгрөгийг зээлдэгчид бэлнээр хүлээлгэн өгсөн гэх дүгнэлт үндэслэл бүхий болсон байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн мөнгийг буцаан төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасан алдангийн талаарх тохиролцоо нь дээр дурдсан хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэх хэсэгт тус тус нийцжээ.

 

Тиймээс анхан шатны шүүхийн хариуцагчаас үндсэн зээл 36,000,000 төгрөг, сар бүрийн 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлөөгүй буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хугацаанд бодогдсон алданги 18,000,000 /36,000,000 х 0.3% х 826 өдөр=89,208,000/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосон шийдвэрийг хэвээр үлдээнэ.

 

8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан нь түүний хариу тайлбарын үндэслэл бөгөөд үүнээс үл хамаарч шүүх гэрээ хүчин төгөлдөр эсэхийг тогтоох учир сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн аваагүй нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэх үйлдэлд хамаарахгүй. /х.х-ийн 61, 75-77, 169-170, 174-176/

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/01500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

 

Б.МАНДАЛБАЯР