Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/00022

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/03824 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ТӨХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс ******* ТӨХК-д хүний нөөцийн мэргэжилтнээр, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр томилогдон ямар нэг алдаа дутагдалгүй ажиллаж байсан.

Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх хэсгийг үндэслэл болгон ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэл өгч, гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/448 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

1.2.Миний бие энэ тушаалыг үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчсөн гэж үзэж, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр "2 тал харилцан тохиролцоогүй тул урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгов" гэсэн тэмдэглэл ирүүлсэн, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн 5Ш ажиллагааны хүрээнд Шүүр ажиллагааны хяналт, шалгалт 2023 оны 06 дугаар сард ******* ТӨХК-д хийгдэж, төв оффист ажиллаж байгаа нийт ажилчдын чиг үүргийн давхардал, хийдэл ихтэй, үүрэг оролцооны хүрээ тодорхойгүй, албаны дарга, ахлах мэргэжилтэн бүрийн ажлын байрны давхардал, хийдэл 70-100% байгаа нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байна гэж үзсэн. Үүний дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар тус компанийн зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдаж, 119 орон тоо хасагдсан.

2.2.Дээрх шийдвэрийн дагуу ажилтанд 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан "ажлын байр хасагдсан" буюу тус компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Захиргаа, удирдлагын газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажлын байр хасагдсан үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдийн Б/448 дугаар тушаалаар *******атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчтой харилцан тохиролцон 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тогтоолгон авсан атлаа компанийн гүйцэтгэх захирлын тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй.

Иймд "*******" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/448 дугаар тушаал нь хуульд тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Надад мэдэгдэл өгснөөс хойш ажил үүрэгт оролцуулаагүй, ямар бүтэц батлагдсан, орон тоо хэрхэн өөрчлөгдсөн, тухайн орон тоонд ямар ажилтан томилогдон ажиллаж байгаа талаар надад ямар нэг мэдээлэл байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3 дахь хэсэгт заасан мэдээллийг тодорхой гаргаж ажилтны төлөөлөгчид эсхүл надад ил тод мэдээлсэн тохиолдолд өөрийн мэргэжил, хийж чадах ажлын сул байгаа орон тоонд томилогдохоор ажил олгогчтой тохиролцох байсан. Гэтэл бүтцийн талаар, аль орон тоо сул байгаа, тухайн сул орон тооны цалингийн талаар ямар ч мэдээлэл байгаагүй болно.

Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой гаргах нь шүүхээс гарах шийдвэр нэг мөр биелэх боломжтой болно гэж үзэж байсан тул ажилд эгүүлэн тогтоолгох гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулахаар заасан. Хуулийн энэ заалтаас харахад шүүх урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон ч орон тоо цомхотгогдсон бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөр ажилд томилж болохоор заасан байна гэж ойлгосон.

Миний бие дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

*******а нь 2013 оноос "*******" ТӨХК-д хүний нөөцийн ахлах мэргэжилтэн албан тушаалд томилогдож ажилласан хэдий ч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолд Захиргаа, удирдлагын газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтний орон тоо хасагдаж батлагдсан. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасны дагуу ажлын байр хасагдсан үндэслэлээр 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр *******атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчтой харилцан тохиролцож, 4 сарын тэтгэмж авсан атлаа ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Ямар ажил, албан тушаалд томилуулах талаараа нэхэмжлэгч өөрөө тодорхойлох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн зүгээс ямар ажил албан тушаалд томилуулах талаар тодорхойлоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч *******а нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.*******а нь хөдөлмөрийн эрхийн маргааны талаарх гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр талууд харилцан тохиролцож эвлэрч чадаагүй, харилцан тохиролцох боломжгүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон байх ба тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж дор дурдсан үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

4.1.******* ТӨХК нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр *******атай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Захиргаа, удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын албаны хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажиллуулсан байна.

4.2.Тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/448 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ба уг тушаалд компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Захиргаа, удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын албаны хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажлын байр хасагдсан гэсэн үндэслэл заажээ.

4.3.Компаниас 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэх хуудсаар *******ад Захиргаа, удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын албаны хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар урьдчилан мэдэгдсэн.

4.4.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоол, ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 23/18 дугаар тогтоолоор ******* ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг баталсан байна.

Уг өөрчлөлтөөр Захиргаа, удирдлагын газрын 4 албыг татан буулгаж 4 хэлтэстэй болсон байх ба шинээр байгуулсан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн 22 орон тоонд хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажлын байр батлагдаагүй байна.

 

5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчсөн үндэслэлээр урьд эрхэлж байсан хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодорхойлсон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зохицуулалтад хэрхэн нийцээгүй талаар тайлбарлаагүй байна.

5.1.Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, 2024 оны 04 дүгээр сарын 24, 06 дугаар сарын 05, 09 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 10-ны өдөр тус тус шүүх хуралдаан явуулахад нэхэмжлэгч *******а өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтүүд гаргаж огт оролцоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой тайлбар гаргаж хариуцагч талтай мэтгэлцээгүй байна.

5.2.Түүнчлэн давж заалдах гомдолдоо ямар бүтэц батлагдсан, орон тоо хэрхэн өөрчлөгдсөн, тухайн орон тоонд ямар ажилтан томилогдон ажиллаж байгаа талаарх мэдээлэл байгаагүй, мэдээллийг тодорхой гаргаж ажилтны төлөөлөгчид эсхүл надад ил тод мэдээлсэн тохиолдолд өөрийн мэргэжил, хийж чадах ажлын сул байгаа орон тоонд томилогдохоор ажил олгогчтой тохиролцох байсан гэж дурдсан байх боловч энэ талаар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ тусгаагүй.

Мөн гомдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөр дүйцэх ажилд томилж болохоор заасан гэж дурдсан нь тус маргаантай холбоогүй байна.

5.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд Хөдөлмөрийн тухай хуулийн бөөнөөр халах зохицуулалтыг баримтлаагүй гэж тайлбарласан байх хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаж буй этгээд нь эрх, ашиг сонирхолоо хэрхэн зөрчигдсөнийг өөрөө тодорхойлж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү өөрөө гаргах журамтай.

Иймээс анхан шатны шүүх дээрх бүтцийн өөрчлөлттэй холбоотой нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч шинээр бий болсон, эсхүл нэмэгдсэн ажлын байранд томилуулах нэхэмжлэл гаргаагүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

 

6.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, хариуцагчид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/03824 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА