Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 228

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч А.Х /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Х холбогдох эрүүгийн 1918002460218 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, А.Х 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 2 давхрын 7-9 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч А.Х нь:

-2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр хөл бөмбөгийн талбайн хажууд хамтран амьдрагч Э.Д-тэй маргалдаж, улмаар зүүн шанаа орчимд нь цохисон,

-2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-9 тоотод өөрийн төрсөн хүүхэд болох 3 настай Д.Чг нэг удаа алгадсан,

-2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч Э.Д г нэг удаа өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 2019 оны 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-9 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Э.Д г хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-2019 оны 04 сарын 01-нээс 2019 оны 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-9 тоотод байх өөрийн гэртээ иргэн Т.Б-н эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Х нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Э.Д г 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр хөл бөмбөгийн талбайн хажууд хамтран амьдрагч Э.Д-тэймаргалдаж, улмаар зүүн шанаа орчимд нь цохисон,

-2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-9 тоотод өөрийн төрсөн хүүхэд болох 3 настай Д.Чг нэг удаа алгадсан,

-2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч Э.Д г нэг удаа өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 2019 оны 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-9 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Э.Д г хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн,

-мөн 2019 оны 04 сарын 01-нээс 2019 оны 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-9 тоотод байх өөрийн гэртээ иргэн Т.Б-н эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч А.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай эхнэр намайг ажил хийлгэхгүй хардаж уурладаг асуудлаас болж эхнэрээ удаа дараа зодсон нь үнэн. Хамгийн сүүлд хутгалсан үйлдлийн тухайд согтуу ирсэн болохоор нь айлгах санаатай хутгалсан.

...хохирогч Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийн хувьд гэрт хэрүүл хийгээд байсан учир уур хүрээд цохисон.

...гэм буруугаа ойлгож байгаа. Нэгэнт таарч тохирохгүй байгаа учир эхнэр Э.Д  бид 2 салах талаар ярьж байгаа. Салсан тохиолдолд хүүхдүүдээ би өөрийнхөө асрамжид авна. Шарын голын зам ангид ажилд орох гэж байгаа учир хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 11/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 24/,

 

-Хохирогч Э.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Хамтран амьдраад 4 жил болж байна. Гэрлэлтийн гэрчилгээ байхгүй. Том хүү маань 3 настай ба нэрийг нь Д.Ч гэдэг юм. 2019 оны 02 сарын 28-ны орой 18-н цагийн орчимд нөхөр бид дөрөв гэртээ амарч байсан юм. Манайх гэртээ идэх хоол унд байхгүй байсан юм. Гэтэл хүүхэд боорцог идье гээд гонгиноод уйлаад байсан. Энэ үед нөхөр хүү Х.Чг /3 настай/ чимээгүй бай гэж хэлээд зүүн хацар луу нь нэг удаа алгадсан юм. Гэтэл хүүгийн хамраас цус гарсан. Тэгээд нөхөр өөрөө хамрынх нь цусыг угаасан юм. Тэгээд хүү уйлж байгаад гайгүй болсон юм.

...тэгээд гэрийнхээ гадаа ганцаараа хэсэг сууж байтал араас А.Х гүйж гарч ирээд миний баруун хөлний шилбэ хэсэг рүү өшиглөхөөр нь цагдаа дуудна шүү гэж хэлсэн чинь шууд зугтаасан. Тэгэхээр нь гэртээ ороод хаалгаа түгжээд сууж байтал гэрийнхээ хаалгыг А.Х татаж байснаа гарч цонхоо чулуугаар цохиж хагалсан. Тэгэхээр нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан. Тэгтэл цагдаа нар удалгүй манайд ирж араас нь А.Х өөрөө орж ирж таараад баригдаад явсан.

...А.Х над руу нэг юм хэлээд уурласан ба яг юу гэж хэлснийг санахгүй байна. Гэтэл Бадамцэцэг цаанаас “Э.Д  бос, буцаад нөгөө хэд дээр оръё” гэсэн чинь А.Х уурлаж Бадамцэцэг рүү дайрч түүний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэр үед би А.Хад хандаж “чи айлын хүүхэд аллаа шүү дээ” гэсэн чинь над руу ирж миний нүүрэн тус газарт өшиглөж унагасан бөгөөд миний үснээс зулгайж байгаад хэд хэдэн удаа нүүр лүү гараараа цохисон. Тэгэхээр нь би айгаад цаашаа хадам аав руу мөлхтөл миний нуруун тус газарт 2 удаа час час хийх шиг болсон. Тэгтэл миний нуруунаас цус гараад эхэлсэн ба А.Х тэр дороо хутгаа аваад гэрээс гараад зугтсан. Мөн Бадамцэцэг гараад явсан байсан. Гэтэл удалгүй гаднаас Баярбилэг, Оюунсүрэн нар орж ирээд намайг авч өөрсдийнхөө гэр лүү оруулж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14,38/,

 

-Хэрэг учрал болсон гэх Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7 дугаар байрны 9 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 25-28/,

-Цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хүрэм, 1 ширхэг хутга зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хэргийн 32/,

 

-Хохирогч Т.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд бид нар нийлж авсан архийг нь ууж дуусаад А.Х, Э.Д  нар гэртээ харихаар болж согтуу учраас хүүхдүүдээ тэврээд явж чадахгүй болохоор нь би тусалж хүүхдүүдийг нь гэр лүү нь оруулж өгсөн. Энэ үед А.Хын аав нь гэх хүн согтуу унтаж байсан бөгөөд Э.Д  А.Х-ад хандаж “чи надад 2-3 хоног хоол өгсөнгүй, би Оюунсүрэнгийн гэрт орж хоол идчихээд ирье” гэж хэлсэн чинь гэнэт Э.Д тэй А.Х маргалдаж байснаа над дээр шууд ирээд миний нүүрэн тус газар нилээд хэдэн удаа гар болон хөлөөрөө цохиж гэмтээсэн. Энэ үед би айсандаа гэрээс нь гарч гүйгээд Оюунсүрэнгийн гэрт явж ороод болсон зүйлийг хэлтэл Оюунсүрэн, Баярбилэг нар А.Хын гэр лүү гарч гүйсэн. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хэргийн 40-41/,

 

-Гэрч Э.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э.Д  эгчийг өнгөрсөн жилээс эхлээд А.Хтай таарч тохирохгүй байнга хэрүүл маргаан хийж, хааяа зодуулсан талаар нь сонсож байсан. Э.Д  өөрөө ч над руу энэ талаар утсаар хэлж байсан удаа байгаа. Сүүлд Э.Д  эгчийг А.Хад зодуулж, хутгалуулсан гэж сонссон.” гэх мэдүүлэг /хэргийн 42/,

 

-Гэрч Ө.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э.Д  А.Х хоёр анхандаа эвтэй найртай сайхан амьдарч байсан. Гэтэл бага охин нь төрснөөс хойш ер нь байнгын хэрүүл уруултай амьдрах болсон.

...Гэтэл сүүлд хоорондоо зодолдсон гэж сонсогддог болсон. Ганц нэг удаа манай гэрээр Э.Д  шөнө орой болсон байхад А.Х намайг зодчихлоо гэсээр орж ирсэн. Энэ болгоныг нь цагдаагийн байгууллагад мэдэгдээд байдаггүй байсан.

...2019 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө А.Х нь миний охин Э.Д г бас зодож, нуруун тус газарт нь хутгалсан байна лээ. Үүнийг би маргааш өглөө нь буюу 04 сарын 02-ны өглөө мэдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 43/,

 

-Гэрч Э.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү Э.Д тэй хамтран амьдарч байгаа А.Х гэх залуу ер нь байнгын архи дарс уудаг, уухаараа гэр бүлдээ агсан согтуу тавьдаг залуу байгаа юм. Би сар өдрийг сайн санахгүй байна. Э.Д  нь манай гэрт нэг бус удаа А.Хад зодуулчихлаа гээд ирж байсан удаа бий. Тэр болгоныг нь Э.Д  өөрөө дандаа нууж хаагаад өмгөөлдөг, цагдаагийн байгууллагад хандахаар А.Хад гомдолгүй гээд гараад явчихдаг, сонин хүн байгаа юм. Харин сүүлд миний сонссоноороо А.Х нь өөрийн хүү Д.Чг зодож цохисон гэж яриа гарч байсан. Үүнийг нь би тоогоогүй юм аа. Гэтэл 2019 оны 04 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Д г зодож улмаар хутгалж, биед нь гэмтэл учруулсан байна лээ. Энэ явдал болсны дараа би Э.Д г дагуулж явж, Дархан-Уул аймгийн эмнэлгээр үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 44/,

 

-Гэрч С.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би энэ хүмүүстэй нэг байранд 4-5 жил хамт амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд А.Х нь 2 хүүхэдтэй болсон. Гэвч А.Х, Э.Д  нар нь нэг гэрт орсон цагаасаа хойш байнгын хэрүүл уруултай, зодоонтой амьдрах болсон ба хоёулаа байнгын архи дарс ууж хэрэглэнэ. Тэгээд л зодолдоод эхэлнэ, их хэцүү амьдралтай хүмүүс байгаа юм аа.

...2019 оны 02 сарын 28-ны орой Д.Ч нь манай гэрт уйлсан орж ирсэн бөгөөд хацар нь улайчихсан намайг аав зодсон гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Д.Чд цай унд өгч аргадаж байгаад гэр лүү нь оруулсан. Тэр өдрөөс хойш удалгүй А.Х нь Э.Д г хутгалж гэмтээсэн гэж хүмүүсээс сонсож байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 46/,

 

-Гэрч А.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд нэг сэрсэн чинь Бадамцэцэг гаднаас нүүр нь цус болчихсон уйлаад орж ирсэн ба намайг А.Х зодчихлоо гэж хэлж байсан. Тэгтэл Улаакаа бид нарыг “ороорой цаана чинь бөөн юм болж байгаа юм шиг байна” гэхээр нь би хувцсаа өмсөж байх хооронд Пөөдий, Оюука хоёр гарч гүйгээд удалгүй Э.Д г аваад ороод ирсэн бөгөөд Э.Д  уйлчихсан ар нуруу нь нил цус болчихсон байдалтай байсан. Тэгтэл Улаакаа цагдаагийн байгууллага руу утсаар ярьж, дуудлага өгч А.Хыг бариулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 52/,

 

-Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гэрт Оюука эгч, Нандинцэцэг, Улаакаа нар үлдэж унтах гээд хэвтэж байтал 20 орчим минутын дараа гэрийн хаалга нүдэхээр нь эгч босож хэн бэ гэсэн чинь Бадамцэцэг эгчийн нүүр нь цус болсон байдалтай орж ирээд “намайг А.Х зодчихлоо” гэж хэлсэн. Тэгтэл хажуугаас Улаакаа эгч “Бадамцэцэгийг ингэж зодож байгаа юм чинь Э.Д г алах гэж байгаа юм байна” гээд Оюука эгч бид хоёрыг А.Хын гэр лүү явуулсан. Тэгээд эгч бид 2 шууд гэрт нь яваад ортол Э.Д  эгч гадуураа хүрэн өнгийн хүрэм өмсчихсөн дээшээ хараад уйлаад хэвтэж байхаар нь согтоод хэвтэж байгаа юм байна гэж бодоод би нуруун доогуур нь гараа хийгээд өргөх гэсэн чинь гар наалдаад цус болоод гараад ирсэн. Тухайн үед Э.Д  эгч “намайг А.Х хутгалчихлаа, намайг эндээс аваад гараач” гэж хэлсэн. Тэгтэл цаана согтуу хэвтэж байсан хадам аав нь юундаа уйлдаг юм гээд тоох ч үгүй хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 53-54/,

 

-Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд бөөнөөрөө нөгөө авсан архиа хувааж уугаад сууж байхад Э.Д  нөхөртөө гомдоод “энэ намайг зоддог” гэх мэтээр нөхрөө хэлж уйлсан. Тэгтэл А.Х эхнэр Э.Д гээ болон 2 хүүхдээ аваад гэр лүүгээ орохоор болсон учир Бадамцэцэг нэг хүүхдийг нь тэврээд гэр лүү нь оруулж өгөхөөр хамт явсан. Харин бид нар унтах гээд орондоо хэвтэж байтал 30 орчим минутын дараа гэрийн хаалгыг хүн тогшоод байхаар нь би босож онгойлгосон чинь өөдөөс Бадамцэцэг уйлж орж ирээд “А.Х намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэр үед Отгончимэг цаанаас “тэгвэл А.Х чинь Э.Д гээ алж байгаа юм байна” гэж хэлэхээр нь Баярбилэг бид 2 гэрээс гарч А.Хын гэрт ортол хадам аав нь согтуу байдалтай 2 жаахан хүүхдийг нь тэврээд унтаж байсан ба Э.Д  унтлагын өрөөндөө дээшээ хараад газар хэвтчихсэн байхаар нь унтаж байгаа юм байх гэж бодоод зогсож байтал Э.Д  над руу “аниа намайг А.Х хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь сандраад цамцыг нь сөхөж цээжийг нь үзсэн чинь ямар нэгэн шарх сорви байхгүй байхаар нь хаана хутгалсан талаар асуухад ар нуруун дээр гэж хэлсэн. Тэгэхээр нь цааш нь эргүүлээд хартал нурууны зүүн талд нь дээр доор хоёр газар хутгалуулсан гэмээр шарх байсан. Тэгээд цус нь гараад байхаар нь Э.Д г Баярбилэгтэй хамт өргөөд өөрийнхөө гэр лүү буюу Хайрхан баг 2 давхрын 14-06 тоот руу оруулсан. Тэгтэл Отгончимэг шууд миний гар утсыг аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 55-56/,

 

-“Зүүн далны дунд хэсэгт гүн нь 2 см, зүүн далнаас доош 2см-т гүн нь 2 см орчим хурц ирмэгтэй зүйлээр зүсэгдсэн шархтай.” гэх Шарын гол сумын Эрүүл мэндийн төвөөс өвчтөн илгээх хуудас /хэргийн 60/,

 

- “Э.Д гийн биед зүүн дал хэсгийн шарх, дух, шанаа, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 2 удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 296 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 62/,

 

- “Т.Б-н биед тархи доргилт, нүүр, нуруун дахь цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 309 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 65/,

 

-Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хэргийн 66/,

-А.Хын захиргааны зөрчилд холбогдсон байдлын талаарх бүртгэл /хэргийн 94/,

А.Хын Цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдсэн байдлын талаарх бүртгэл /хэргийн 95-96/,

-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 106-111/,

-Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хэргийн 115-116/,

 

-Э.Д  миний бие нөхөр болох А.Хад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хорихоос өөр ял оногдуулж өгнө үү.” гэх хохирогч Э.Д гийн хүсэлт /хэргийн 149/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-н биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 309 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 65/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн бөгөөд шүүгдэгч А.Хын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Д гийн биед “зүүн дал хэсгийн шарх, дух, шанаа, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт” гэмтэл учирсан болох нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 296 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 62/ нотлогдож байх боловч хохирогч Э.Д  нь “би нөхөр А.Хад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хорихоос өөр ял оногдуулж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 149/ ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч А.Хаас хохирогч Э.Д д гаргуулах төлбөр байхгүй байна.

 

Харин хохирогч Т.Б-н биед “тархи доргилт, нүүр, нуруун дахь цус хуралт” гэмтэл учирсан болох нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 309 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 65/ нотлогдож байх боловч хохирогч Т.Б нь хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж ирүүлээгүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч А.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч А.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч А.Х бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч А.Хийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч А.Хад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийн хугацаагаар хорих ялыг 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, бор өнгийн хүрэм 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, А.Хын эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч   А.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч   А.Х-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч А.Х-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоног хорих ялаар тооцон 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 7 сарын /долоон сар/ хугацаагаар хорих ял тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Хад оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, бор өнгийн хүрэм 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, ялыг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Я.ТУУЛ