Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 229

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Ц.Н /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Ц.Нд холбогдох эрүүгийн 1918000000243 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,   Ц.Н   1988 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 2 дугаар хорооллын 49 дүгээр байрны 1016 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Н нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг “Парк таун” хотхоны 1016 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Б.С-г “гэрээсээ гарч нэмж архи уух хэрэггүй” гэхэд нь уурлаж нүүрэн тус газарт нь олон удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Н нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг “Парк таун” хотхоны 1016 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Б.С-г “гэрээсээ гарч нэмж архи уух хэрэггүй” гэхэд нь уурлаж нүүрэн тус газарт нь олон удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Ц.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Ангийн хүүхэд дуудаад байхад эхнэр гаргахгүй байсан учир би согтуурхаж эхнэрээ зодоод гараад явсан.

...Утасны цэнэглэгч аваад ир гэхэд авч ирэхгүй болохоор нь охиноо цохисон.

...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, торгох ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Б.С-гаас гаргасан өргөдөл /хэргийн 5/,

 

-Хохирогч Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний орой би 19 цагийн орчим ажлаа тараад толгойтод нөхрийнхөө эгчийнд хүүхдээ авах гээд очиход манай нөхөр Ц.Н тэнд согтуу орж ирж таарсан юм. Ингээд Ц.Н бид хоёр хүүхдүүдээ аваад гэртээ ирэхэд Ц.Н “буцаж гарч явна, гадагшаа гарч ангийнхантайгаа уулзаж архи ууна.” гэхээр нь би гаргахгүй гэсэн чинь Ц.Н “надад мөнгө өг, би гарна.” гэж уурлаад миний толгой, нүүр, баруун зүүн гар, шилбэ рүү цохиж зодсон юм.

...Миний нөхөр Ц.Н нь надаас уучлалт гуйсан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 7-8/,

 

-Насанд хүрээгүй гэрч Н.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ээж Б.С-г бид хоёр ээжийн ажлаас гараад толгойтод аавын эгчийнд очиход аав тэнд согтуу байсан бөгөөд манай дүү Энхтөр, Бажидмаа нар мөн тэнд байсан. Ингээд бид нар гэртээ ирсэн бөгөөд гэрт ирсний дараа манай аав гарна гээд ээж аавыг гаргахгүй гээд хэрүүл хийж эхэлсэн бөгөөд аав ээжийг гараа атгаж байгаад нүүр болон гар хөл рүү цохиод байсан. Би тэр хооронд нь ээжийн түрийвчийг аваад нуусан чинь аав надаас “түрийвч аваад ир”

 гээд миний гуя руу нэг удаа гар утасны цэнэглэгчээр ороолгосон. Тэгээд аав гараад явсан.

...манай аав ээжийг урьд өмнө нэг биш удаа зодож байсан. Хэдэн удаа зодож байсныг нь санахгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 11/,

 

-Н.С-ийн биед зүүн гуянд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх цус хуралт нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 395 дугаартай Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хэргийн 14/,

 

-“Б.С-гийн биед дух, зүүн нүдний зовхи, баруун зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зулгарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 396 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 18/,

 

-Аюулын зэргийн үнэлгээний тайлан /хэргийн 29-30/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн бөгөөд шүүгдэгч Ц.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Н-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-гийн биед “дух, зүүн нүдний зовхи, баруун зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зулгарал, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан боловч хохирогч Б.С-г нь “...Миний нөхөр Ц.Н нь надаас уучлалт гуйсан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 7-8/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ц.Н нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг “Парк таун” хотхоны 1016 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Б.С-г “гэрээсээ гарч нэмж архи уух хэрэггүй” гэхэд нь уурлаж нүүрэн тус газарт нь олон удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Н-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Н-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцож, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Н-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч   Ц.Н-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.Н-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ц.Н-д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ