Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00216

 

  

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/04448 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь 2005-2008 онуудад ******* сервис ХХК-д ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажлаас халагдах үед компанийн удирдлагуудад хүсэлт тавьж, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, ******* байрны *******од байрлах, 31 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авсан. ******* сервис ХХК-ийн удирдлагын зөвлөлөөс орон сууцны үнийг 50 хувь хөнгөлж үлдэгдэл төлбөр болох 18,600,000 төгрөгийг 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх шийдвэр гарсан.

Улмаар ******* нь 2008 оны 12 дугаар сард ******* ХХК-д ажилд орсон ба түүний тавьсан хүсэлтийн дагуу ******* ХХК-ийн удирдлага орон сууцны үнийн үлдэгдэл 18,600,000 төгрөгийг ******* сервис ХХК-д шилжүүлсэн. Компанийн болзлын дагуу байрны ордерыг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Тус компанид 3 жил үр бүтээлтэй ажиллавал байрыг бэлэглэх аман шийдвэрийг компанийн удирдлага гаргасан тул ******* ******* ХХК-д болон түүний хараат компаниудад 2008-2016 оны 03 дугаар сар хүртэл 8 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан. Тэрээр 3 жил ажиллаад орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт тавихад зээлийн барьцаанд тавигдсан байгаа, сулрахаар амалсны дагуу шилжүүлнэ гэсэн. Жил бүр уг асуудлаа тавьж байсан боловч барьцаанаас тусад нь чөлөөлж болохгүй байгаа тухайгаа хэлж байсан. 2020 оноос ******* ХХК-ийн үйл ажиллагаа доголдож зогссоноос хойш холбогдох боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

1.2.2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай 23420883/12 тоот тогтоолыг хүлээн авсан ба тогтоолд дурдсан орон сууцны ордер ******* ХХК-ийн нэр дээр байгаа ч тус компанийн өмчлөлийн байр биш иргэн *******ын өмчлөлийн байр юм. Тус байр нь ******* ХХК-ийн барьцааны багцад орж барьцаалагдсан.

Тус орон сууцанд ******* 2007-2015 онд, 2015 оноос өнөөдрийг хүртэл түүний том хүү Э.Самдан эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс өгсөн утсаар ******* ХХК-ийн удирдлагатай холбогдоход барьцааны багцаас тусад нь шийдвэрлүүлэх боломж гаргалгаа гарвал ******* шилжүүлэх асуудлыг дэмжихээ илэрхийлсэн. Нэхэмжлэгч нь байрны үлдэгдэл 8 сая гаран төгрөгийг тус компанийн ******* захиралд түүний хэлсэн дансаар төлсөн.

Иймд *******ыг тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, ******* байр, ******* хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2008 онд ХХК-аас шилжүүлэн авсан. Тухайн үед ******* амьдардаг байсан ба үлдэгдэл төлбөр болох 18,600,000 төгрөгийг төлөөд өгвөл танай компанид тогтвор суурьшилтай, сайн ажиллая гэдэг санал тавьсны дагуу 18,600,000 төгрөгийг ХХК-д төлж ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Үл хөдлөх эд хөрөнгийг *******ын нэр рүү шилжүүлж өгөх нь манай үүрэг ба ямар нэгэн гэрээ болон тушаал, шийдвэр байхгүй амаар харилцан тохиролцсон юм.

2.2.******* нь 8 жил тогтвортой сайн ажилласан боловч манай зүгээс уг үл хөдлөх эд хөрөнгийг *******ын нэр рүү шилжүүлж амжилгүй өнөөг хүрээд байгаа болно. Уг орон сууцыг ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байсан. Манайх ХХК-ийн төлбөрийг төлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, 2024 оны 08 дугаар сард байрыг барьцаанаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 276 дугаар зүйлийн 276.1-д заасан үндэслэлгүй тул ******* ХХК-д холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ******* дугаар байрны *******од байрлах 31 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

******* ХХК-д 2008 оны 12 дугаар сард ажилд орох үедээ санхүүтэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг компанийн удирдлагад танилцуулахад эерэгээр хүлээн авч, компанид тогтвор суурьшилтай, үр бүтээмжтэй ажиллаж ажлын үр дүнд ахиц гаргахаар харилцан тохирч, ******* ХХК-аас ******* сервис ХХК-д үлдэгдэл үнэ болох 18,600,000 төгрөгийг шилжүүлж, тухайн байр ******* ХХК-ийн өмчлөлд шилжсэн. ******* нь ******* ХХК-д 8 жил гаруй хугацаанд ажилласны дараа тухайн байрыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг ******* ХХК-ийн захирал *******ээс шаардахад тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан байсан учир шилжүүлж өгөх хугацаа хойшилсоор байсан. Энэ хугацаанд тухайн байрны ашиглалтын зардал, урсгал зардал зэрэг санхүүжилтийг ******* гаргаж байсан гэдгийг нь дурдах нь зүйтэй.

Гэтэл 2023 онд шүүхийн шийдвэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэрийг *******т ирүүлсэн. Хариуцагчийн хойшлуулж байсан үйлдлээс болж *******ын шударгаар хөдөлмөрлөснийхөө үр дүнд бий болгосон хөрөнгийг алдах эрсдэл үүсч байна. Талууд хийсэн хэлцлийнхээ хүрээнд ******* нь ******* ХХК-д тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж ажлын үр дүн гаргасан.

Иймд талуудын хийсэн хэлцэл нь хуульд үл харшлах хэлцэл тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. *******т маргаан бүхий орон сууцыг шилжүүлж өгөх нь ******* ХХК-ийн үүрэг байсан. Гэтэл маргаан бүхий орон сууцыг *******ын нэр дээр шилжүүлж амжилгүйгээр барьцаанд тавьж, ******* ХХК-ийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаж, маргаан бүхий орон сууц Нутгийн буян ХХК-ийн барьцаа хөрөнгөөс чөлөөлөгдсөн. ******* ХХК-ийн зүгээс маргаан бүхий орон сууцыг *******т өгнө гэж хэлснээ хүлээн зөвшөөрдөг боловч тухайн үед гаргаж байсан тушаал, шийдвэрүүд олдохгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... орон сууцыг ******* сервис ХХК-д ажиллаж байхдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авахаар тохирсон бөгөөд үлдэгдэл төлбөр 18,600,000 төгрөгийг ******* ХХК-аар төлүүлж, уг компанид үр бүтээлтэй, тогтвортой 3 жил ажиллавал бэлэглэхээр тохирсон, үүргээ биелүүлж 2008-2016 онуудад 8 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан учир орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарлажээ.

 

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

4.1.******* сервис ХХК-ийн Удирдах зөвлөлөөс 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө ******* дугаар байрны ******* хаягтай, 31 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зах зээлийн үнийг 37,200,000 төгрөгөөр тогтоож, тус орон сууцыг Хүний нөөцийн газрын дарга *******т хувьчлах, төлбөрийн 50 хувийг компани хариуцан төлж, *******т худалдах эцсийн үнэлгээг 18,600,000 төгрөгөөр тооцох, уг шийдвэр 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүчинтэй байхаар шийдвэрлэсэн байх ба ******* сервис ХХК, ******* нар 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.

4.2.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн архивын баримтаар дээрх орон сууц нь 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* сервис ХХК-ийн өмчлөлд анх бүртгэгдсэн, ******* сервис ХХК нь 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн ба өмчлөгч өөрчлөгдөөгүй байна.

4.3.Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч нь 2007 оны 04 дүгээр сараас хойш эзэмшиж, ашиглаж байгаа болох нь хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Баянгол дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, ашиглалтын зардал төлсөн төлбөрийн баримтаар тогтоогдсон.

4.4.Мөн нэхэмжлэгч нь 2004 оны 09 дүгээр сараас 2008 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд ******* сервис ХХК-д, 2008 оны 12 дугаар сараас 2012 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд ******* ХХК-д, 2012 оны 04 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарыг дуустал Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-д тус тус ажилласан болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдсон бөгөөд ******* ХХК, Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ууд нь хамаарал бүхий хуулийн этгээд гэж зохигч тайлбарласан байна.

4.5.Дээрх орон сууцанд ******* ХХК, ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ бүртгэгдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4/15838, 4/28949, 2020 оны 4/7690, 4/16041, 2023 оны 04-22/15495 тоот албан бичгүүд, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 06/1603 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 134 тоот Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай зөвшөөрөл зэргийг үндэслэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ.

 

5.Талуудын хооронд үүссэн харилцааг бэлэглэлийн гэрээ гэж шүүх дүгнэж, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба уг алдааг залруулах боломжтой байна.

5.1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан.

******* нь 2008 оны 12 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд ******* ХХК болон түүний хамаарал бүхий Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-д тус тус хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилласан байх ба уг харилцааны хүрээнд ******* нь компанид үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай, 3 жил ажиллах, ******* ХХК нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө ******* дугаар байрны ******* хаягтай, 31 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхээр талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн байна.

5.2.******* нь ******* ХХК-аас орон сууц шилжүүлж авахын тулд уг компанид тодорхой болзол, нөхцөлөөр ажиллах үүрэг хүлээсэн тул хариу төлбөргүй хөрөнгө шилжүүлэх буюу бэлэглэлийн гэрээний харилцаа гэж дүгнэх үндэслэлгүй.

 

6.Нэхэмжлэгч ******* нь үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул хариуцагч ******* ХХК-д холбогдуулан маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

7.Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь мэтгэлцэх зарчимд нийцээгүй. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан ба хариуцагч нь энэ үндэслэлээр маргаагүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/04448 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө ******* дугаар байрны ******* хаягт байрлах, 31 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 343,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 343,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА