Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2025/00016

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2025/00016

 

 

 

Э.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2025/00172 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Б, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох

Гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 1,162,903 (нэг сая нэг зуун жаран хоёр мянга есөн зуун гурав) төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Намайг Хөвсгөл аймгийн Н сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдпаа урвуулан ашиглаж тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэвэр олгож, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврийг олгож, тэдгээрт давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад эрүүгийн хариуцлага оногдуулсан. Би тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын санд учирсан 42,980,834 төгрөгийг төлсөн ба Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны … дугаар сарын …-ний өдрийн 2023/ШЦТ/… дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаарт тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү олгосон тэтгэврийн зөрүүг тэднээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байдаг.

Иймд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Н сумын 1 дүгээр багийн иргэн П.Бид илүү олгосон тэтгэвэр болох 1,162,903 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг үндэслэн түүнээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие хариуцагч П.Б нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн сангаас илүү тэтгэвэр авч тус газраас байцаагчийн акт тогтоогдсон нь үнэн билээ. Тухайн акт гарснаас шалтгаалан миний тэтгэврийг зогсоосон. Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч П.Майнбаяр илүү авсан тэтгэврийн мөнгөө буцааж төлөхгүй бол тэтгэврийг цаашид олгохгүй гэж удаа дараа шаардаж байсан учраас түүний хэлсний дагуу миний бие өөрийн ХААН банкинд эзэмшдэг 000 тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,208,064 /нэг сая хоёр зуун найман мянга жаран дөрөв/ төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 546,000 /таван зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг шилжүүлэн өгч илүү авсан мөнгөө бүрэн төлж барагдуулсан юм. Төлж барагдуулсны дараа миний тэтгэвэр дахин тогтоогдож хэвийн үргэлжлэн олгогдож эхэлсэн. Ийм байхад ... ямар ч үндэслэлгүй мөнгө төлөхөд хүрч байгаадаа гомдолтой байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай шалгалтын удирдамжийн дагуу Хөвсгөл аймгийн Н сумын 2020 оноос 2021 онд шинээр тогтоогдсон тэтгэвэр, түүний олголтод хяналт шалгалт явуулахад нийгмийн даатгалын байцаагч Э.М нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг тус тус зөрчиж тэтгэвэрт гарах хүсэлт, материалаа өгсөн тодорхой тооны хүмүүсийн тэтгэврийн хувийн хэргийг нээж Нийгмийн даатгалын газарт ирүүлж тэтгэврийг тогтоолгохгүйгээр өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэж тэтгэврийг иргэдэд олгосон байсан. Дээрх шалгалтын хүрээнд 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 17/45 дугаартай улсын байцаагчийн актаар нэр бүхий 41 хүнд хууль зөрчиж олгосон нийт 59,565,131 төгрөгийн төлбөрийг Э.Мд хариуцуулан төлүүлэхээр акт тогтоосон. Дээрх актыг хариуцагч Э.М хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тухайн актад дурдагдсан 41 иргэн дотор иргэн П.Бид 2021 оны 2, 3, 4 дүгээр сарын хугацаанд нийт 1,162,903 төгрөг олгосон ба дээрх мөнгийг Э.М бүрэн барагдуулсан. ...Э.Мыг эрх нь үүсээгүй хүнд тэтгэврийг олгосны төлөө хариуцан төл гэж акт гаргасан. ...Үүний дагуу төлсөн. Иргэний хувьд Э.Мын нэхэмжлэх асуудал учир оролцохгүй. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2025/00172 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Б, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газар нарт холбогдох гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 1,162,903 (нэг сая жаран хоёр мянга есөн зуун гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,460 (гучин хоёр мөнгө дөрвөн зуун жар) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С давж заалдах гомдолдоо: ....дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. ...Нэхэмжлэгч нь хариуцагч П.Бийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нийгмийн даатгалын санд төлөх ёстой байсан 1,162,903 /нэг сая нэг зуун жаран хоёр мянга есөн зуун гурав/ төгрөгийг түүний өмнөөс төлсөн нь нэхэмжлэл гаргах үндэслэл болсон байна. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Э Мыг мөнгийг авсан буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

2.Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч Э.М нь шийтгэх тогтоолоор тогтоогдсон 1,162,903 төгрөгийг П.Бийн өмнөөс Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар шаардах эрхтэй байна. гэж зөв дүгнэсэн атлаа Гэвч нэхэмжлэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч П.Бид ногдох төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд 1,162,903 төгрөгийг төлөх болсон үндэслэл нь нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлээс үүсэлтэй байх тул гэж авах ёсгүй мөнгийг завшсан хариуцагчийг хуулийн хариуцлагаас чөлөөлсөн нь шүүх хуулийг буруу хэрэглэж, түүний хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн байна.

3.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хариуцагч П.Бийн тэтгэвэр тогтоолттой холбоотой актаар өр төлбөрөө барагдуулсан гэсэн ойлгомжгүй байдал бий болгосны улмаас тус газрыг хамтран хариуцагчаар татаж үүсч бий болсон маргаантай байдлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байсан.

4.Нэхэмжлэгч Э.М нь өөрийн холбогдсон эрүүгийн хэрэгт нийгмийн даатгалын сангаас үндэслэлгүйгээр 1,162,903 /нэг сая нэг зуун жаран хоёр мянга есөн зуун гурав/ төгрөгийг авсан хариуцагч П.Боос болж хохирч шүүхийн шийдвэрээр олгосон эрхийн дагуу түүний өмнөөс төлсөн мөнгөө буцааж авахаар нэхэмжилж байгаа тул ...шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолын биелэлтийг хангах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд ...шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч П.Б, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 1,162,903 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч П.Б ...миний бие өөрийн ХААН банкинд эзэмшдэг 000 тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,208,064 /нэг сая хоёр зуун найман мянга жаран дөрөв/ төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 546,000 /таван зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг шилжүүлэн өгч илүү авсан мөнгөө бүрэн төлж барагдуулсан гэх тайлбар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н ...Э.Мыг эрх нь үүсээгүй хүнд тэтгэврийг олгосны төлөө хариуцан төл гэж акт гаргасан. ...Үүнийг П.Б гуай төлнө, төлөхгүй гэдэг дээр маргахгүй. гэх агуулга бүхий тайлбар тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Б, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газар нарт холбогдох гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 1,162,903 (нэг сая жаран хоёр мянга есөн зуун гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж үзэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч Э.М нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Н сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах хугацаандаа 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэврийг олгож, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврийг олгож, тэдгээрт давуу байдал бий болгон Нийгмийн даатгалын санд 66,707,343 төгрөгийн хохирол учруулж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолоор, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь төлбөр төлсөн баримт, зохигчийн тайлбараар нотлогджээ.

Харин хариуцагч П.Б нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтыг зөрчиж, малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргахдаа хуурамч нотлох баримт бүрдүүлэн 2021 оны 08 дугаар сарын 18-наас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үндэслэлгүйгээр тэтгэвэр авсан нь тогтоогдож, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021.12.02-ны өдрийн 17/116 дугаартай актаар 1,208,064 төгрөгийг буцаан төлөхөөр тогтоогдсон. Дээрх актаар тогтоосон төлбөрийг П.Б төлсөн нь Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021.06.14-ний өдрийн 17/45 дугаартай актаар Э.Маар 59,565,131 төгрөг нөхөн төлүүлэхээр тогтоосон акттай хамааралгүй байна.

Гэхдээ нэхэмжлэгч Э.Мын албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх; өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах үүргээ биелүүлээгүй гэм буруутай үйлдлээр хариуцагч П.Бид олгосон 1,162,903 төгрөгийн тэтгэврийг түүнд буцаан төлөх гэрээний бус үүрэг хариуцагчид үүсэхгүй. Учир нь:

Төрийн албан хаагч нь холбогдох хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө Төрийн албаны тухай хуулийн 61.1 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж  авах баталгаагаар хангагдан ажиллахдаа мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.8-д заасан ...хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээнэ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: ...4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан тул П.Бид өндөр насны тэтгэвэр олгох шийдвэр гарч, тэтгэврийг олгож эхэлснээр түүний тухайн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд итгэх итгэл хамгаалагдах, захиргааны байгууллага, албан тушаалтан өөрийн гаргасан шийдвэрийн хариуцлагыг өөрөө хүлээх эрх зүйн үр дагавар үүснэ.

Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. гэж зааснаар П.Б өндөр насны тэтгэвэр тогтоох хуулийн шаардлага хангасан эсэх, ажиллаж байсан байдал нь холбогдох нотлох баримтаар нотлогдсон эсэх, нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангасан эсэх зэрэг байдлыг хянан шалгасны эцэст шийдвэр гаргах нь захиргааны байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаарна.

Нэхэмжлэгч Э.М нь П.Бид тэтгэвэр тогтоохдоо түүнд өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн эсэх бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг гүйцэт хэрэгжүүлээгүй буруутай тул алдаатай шийдвэрийн үр дагаврыг өөрөө хариуцаж, нэгэнт олгосон тэтгэврийг буцаан төлөхийг шаардах эрхгүй.

Түүнчлэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолд Э.М 1,162,903 төгрөгийг иргэний хариуцагч П.Боос иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан нь уг мөнгийг хариуцагчаас шууд гаргуулахаар шийдвэрлэсэн заалт биш юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч дээрх тогтоолд дурдсаны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг үнэлж дүгнэсний эцэст нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх бөгөөд тус шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасныг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шийтгэх тогтоолын биелэлтийг хангах-ыг хүссэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2025/00172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,460 /гучин хоёр мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ