| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06688/И |
| Дугаар | 5018 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 5018
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9 тоотод байрлах “Жи Мобайл” ХХК,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж, 15 байр, 41 тоотод оршин суух Боржигон овогт Батмөнхийн Төмөрчөдөр /РД:МЮ91100413/,
Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 120.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Төмөрчөдөр нь “Жи Мобайл” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 240000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмж авч, урьдчилгаанд 20.000 төгрөг өгч, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаатай сар бүр 20000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Б.Төмөрчөдөр нь одоо 80000 төгрөгийн төхөөрөмжийн үлдэгдэл төлбөртөй байгаа. Иймд Б.Төмөрчөдөрөөс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 80000 төгрөг, гэрээнд заасны дагуу 297 хоногийн алданги 40000 төгрөг, нийт 120000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Төмөрчөдөр нь төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 120.000 төгрөгийг төлж барагдуулсан тул “Жи Мобайл” ХХК нь Б.Төмөрчөдөрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Б.Төмөрчөдөрт холбогдуулан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт болон алдангид нийт 120.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Төмөрчөдөр нь нэхэмжлэлийн шаардлага 120.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир хариуцагч Б.Төмөрчөдөрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Б.Төмөрчөдөрт холбогдуулан гаргасан 120.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 2275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА