Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 237

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 1818004980391 дугаартай хэргийг Монгол Улсын Дээд Шүүхээс 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Х-д 1978 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, “Орхон түшиг ургац” ХХК-д аграномич ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн 6-12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Х нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутагт тус сумын Соёлын төвийн эрхлэгч С.Б-г “та нарын хүн удирдана гэж юу байдаг юм” гэж хэлсэн гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны битүү хугарал, зүүн нүд, зовхи, хамар хэсгийн шарх, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Х нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутагт тус сумын Соёлын төвийн эрхлэгч С.Б-г “та нарын хүн удирдана гэж юу байдаг юм” гэж хэлсэн гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны битүү хугарал, зүүн нүд, зовхи, хамар хэсгийн шарх, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Б.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 16 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сум нь улсын тэргүүний сум болж, Сумын удирдлагуудад хүндэтгэл үзүүлэхээр гол дээр очсон байсан. Тухайн өдөр 16:00 цагийн үед би дуудагдаж очсон. Намайг очиход хүмүүс нэлээн согтсон, хоорондоо зодолдсон, маргалдсан хүмүүс байсан. Би маргалдах гэж байгаа хүмүүсийг салгаж байгаад, гэр гэртээ харьцгаасан. Маргааш өглөө нь С.Б нь хамраа цохиулсан байна гомдол гаргана гэдэг асуудал ярьсан. Би хохирогч С.Б-г хэн цохисон талаар мэдэхгүй байж байсан. Миний хувьд маргалдаж байсан хүмүүсийн дундаар орж салгасан нь үнэн. Ийм асуудалд сумын удирдлагуудыг оруулаад яах вэ гэж бодоод би зохицуулъя гэдэг байдлаар, хүмүүстэй уулзаж ярилцсан. Гэтэл асуудал хүндэрч цагдаа сэргийлэхээр шийдвэрлүүлэхээр болсон. Бид ярилцахдаа цагдаагийн газраар шийдүүлэхгүйгээр хоорондоо тохиролцоод болох байх гэж бодож байсан. Би маргалдаж, зодолдсон цус нөжтэйгөө холилдсон хүмүүс дээр очсон ба хэн хэнийг хэрхэн зодсон талаар сайн мэдэж байгаа. Би хүн чанар гаргаж хүмүүсийг хэрэгт орооцолдуулахгүй гэж бодож явсны улмаас энэ хэргийг өөрөө хүлээх болсон. Иймд би цаашид өөрийнхөө гэм буруугүйг нотолж, эрхээ хамгаалуулахаар шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцож байгаа. Тэр олон хүний нэр төрийг авч гарах гэж байгаад ийм асуудалд орооцолдсон байгаа.

...Сумын удирдлагуудтай ярилцаж байгаад, бид нийлээд 3000000 төгрөг өгсөн. Хохирогч тухайн үедээ гомдолгүй гэж хэлсэн. Гомдол гаргаж байхдаа “энэ хэргийг та ганцаараа даагаад явна гэж би мэдээгүй, дэмий юм боллоо” гэж хэлж байсан. Одоо бид хоёр эвлэрсэн, хамт ажиллаж байгаа.

...Хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6/,

-Хохирогч С.Б-гаас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 7/,

 

-Хохирогч С.Бн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 12 ний өдөр манай Орхон сум Улсын тэргүүний сумаар шалгараад Орхон суманд шагнал гардуулах үйл ажиллагаа болоод дууссан бөгөөд шагнал гардуулах үйл ажиллагааны дараа манай сумын удирдлагууд тамгын газрын ажилчид Шарын голын эрэгт хүлээн авалт хийсэн юм. Хүлээн авалт болж байхад Онолбаяр их согтсон байсан бөгөөд Онолбаяр Түмэнцогттой маргалдаад нэг нэг цохилцсон, дараа нь Онолбаяр Мөнхбаттай барилцаад авсан байхаар нь би очоод салгаад Онолбаярыг дарж хэвтэж тайвшруулсан. Дараа нь Онолбаяр Бээжинтэй маргалдаад хоорондоо бас барилцаад авсан байхаар нь би сумын удирдлагуудад хандаж “Энэ асуудлаа зохицуулаач ээ энэ Онолбаяр чинь хүн бүхэнд очиж зодуулаад байна шүү дээ” гэж хэлэхэд Орхон сумаас аймгийн иргэдийн хуралд сонгогдсон Б.Х надад “чамд ямар хамаатай юм бэ, чи юу гээд байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “энэ Онолбаяр чинь хүн бүхэнд зодуулаад нүүр ам нь хэцүүдлээ шүү дээ, энэ асуудлаа зохицуулаач” гэж хэлсэн чинь Б.Х босч ирээд “чи ер нь юу гээд байгаа юм бэ босоод ир” гэхээр нь би босоод очсон чинь Б.Х миний нүүрлүү нэг удаа цохиход миний хамарнаас цус гарсан. Тэгэхэд Дэлгэржаргал намайг салгаад сумын эмнэлэг дээр очоод тэндээсээ түргэний. машинаар Дарханы Нэгдсэн эмнэлэг дээр ирж хамар болон зовхиндоо оёдол тавиулсан юм.

...Одоо надад.нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би эмчилгээний зардал болох 3000000 төгрөгийг Б.Хаас авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11-12/,

 

-Гэрч Н.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний нарийн бичиг Онолбаяр нэлээн согтуу Түмэнцогт, Батмагнай хоёртой маргалдаад зууралдаад байсан. Тэгэхээр нь би “одоо та нар боль” гэж хэлсэн. Ингээд сууж байхад Батмагнай “та нар энэ агсам тавьж байгаа хүнээ зохицуулаач, сумын удирдлагууд юм бол гэж хэлсэн. Тэгсэн Б.Х уурлаад Батмагнайн нүүр лүү нэг удаа цохиод авсан. Тэгсэн Батмагнайн хамарнаас цус гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,

 

-Гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гол дээр Онолбаяр согтуу хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би Онолбаярт “чи одоо яахаараа дандаа ингэж хамт олны уур амьсгал эвдэж хэрүүл маргаан үүсэгдэг юм бэ” гэж хэлсэн чинь Онолбаяр над руу уурлахаар нь би авч яваад хол очиж байгаад учраа олсон юм. Ингээд би Онолбаяртай уулзаад буцаад ирсэн чинь Батмагнайн хамарнаас цус гарсан Б.Х “би цохисон юм” гэж хэлээд зогсож байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,

 

-Гэрч П.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 12-ний өдөр Орхон сум Улсын тэргүүний сум болоод сумын удирдлагууд Орхон голын эрэг дээр гарч архи ууцгаасан юм. Тэгээд би нилээд их согтчихсон байсан. Лав л Түмэнцогт ахтай маргалдаад эвлэрсэн, Бээжин ах чи ах нарыгаа хүндэлсэнгүй гээд нэг удаа алгадаж байсан, Мөнхбат ах намайг “явъя машинд суу” гэхээр нь маргаж байснаа санаж байгаа юм. Өөр бусад зүйлийг нарийн сайн санахгүй байна. Сүүлд сонсоход Батмагнай, Б.Х ах хоёр муудалцсан гэсэн. Би энэ талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 15/,

 

-“Хамрын хэлбэр муруй, зүүн талаас цөмөрсөн хугаралтай, хамрын арьс 2 см орчим язарч оёдол тавиулсан. Зүүн нүдний зовхи 2,5 см орчим язарч оёдол тавиулсан 2 нүд хөхөрч хавдсан.” гэх нүүр амны их эмч Б.Баярсайханы тодорхойлолт /хэргийн 18/,

-Дархан-Уул аймгийн Орхон сумын эрүүл мэндийн төвийн дуудлагын эмч Ганчимэгийн тодорхойлолт /хэргийн 19/,

 

-“С.Бн биед тархи доргилт, хамар ясны битүү хугарал, зүүн нүдний зовхи, хамар хэсгийн шарх, баруун зүүн нүдний зовхины цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 649 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21/

 

-“С.Б-гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, зүүн зовхи, хамарт шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Шинжээч эмч Э.Отгончимэгийн 2018.06.15-ны өдрийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэг болон 2018.06.16-ны өдрийн Гавал тархины КТГ-н зураг, дуудлагын эмч Ганчимэгийн тодорхойлолт, 2018.06.15-ны өдрийн С.Баярсайхан эмчийн тодорхойлолт зэргээс үзэхэд дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 2018.06.18-ны өдрийн 649 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 954 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27-28/,

 

-Шүүгдэгч Б.Х-аас гаргасан “... гэм буруугаа ухамсарлаж байна. Би хохирол төлбөрийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 66/,

 

-Хохирогч С.Б-гаас гаргасан: “... би эмчилгээний төлбөр болох 3000000 төгрөгийг Б.Хаас авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 67/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-н эрүүл мэндэд “тархи доргилт, хамар ясны битүү хугарал, зүүн нүдний зовхи, хамар хэсгийн шарх, баруун зүүн нүдний зовхины цус хуралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 649 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 954 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27-28/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-н эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны битүү хугарал, зүүн нүдний зовхи, хамар хэсгийн шарх, баруун зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч С.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...Одоо надад.нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би эмчилгээний зардал болох 3000000 төгрөгийг Б.Х-аас авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11-12/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.Х нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутагт тус сумын Соёлын төвийн эрхлэгч С.Б-г “та нарын хүн удирдана гэж юу байдаг юм” гэж хэлсэн гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны битүү хугарал, зүүн нүд, зовхи, хамар хэсгийн шарх, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан байна.

 

Шүүгдэгч Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр заасан байна.

 

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хохирогч С.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч   Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.10 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Б.Хт холбогдох эрүүгийн 1818004980391 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Хыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Я.ТУУЛ