Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2025/00017

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2025/00017

 

 

 

 

Н.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 320/ШШ2025/00198 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Бад холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.А нь нөхөр болох Б.Бтай 2007 онд танилцаж байгаад, 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулж, 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хуримаа хийж айл гэр болсон. Бидний хамтын амьдралын явцад 2008 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр том охин Б.Н, 2009 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дунд хүү Б.Др, 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дунд хүү Б.С, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр бага хүү Б.О нар тус тус мэндэлсэн. Нөхөр Б.Бтай анх эхнэр, нөхөр болж амьдрахаас өмнө л архи дарс уудаг, дэмий сэлгүүцдэг, овилгогүй ааш араншинтай нэгэн байсан.

...Миний хувьд цаашид Б.Бтай айл гэр болж амьдрах ямар ч боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах шийдвэрийг гаргаад байгаа бөгөөд түүнтэй эвлэрэн хэлэлцэх ямар ч боломжгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, уг асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэхийг хүсэж байна.

Иймд нөхөр Б.Б бид хоёрын гэрлэлтийг цуцалж охин Б.Н, хүү Б.Др, Б.С, Б.О нарыг эх болох миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нийт 31,560,000 төгрөгийн эд хөрөнгөөс нөхөр Б.Бад үлдэх 5,260,000 төгрөгийг хасаж тооцоод үлдэх 26,300,000 төгрөгийн эд хөрөнгийг эхнэр Н.А болон 4 үр хүүхдэд минь олгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авна уу. гэжээ.

Нэхэмжлэгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би шүүхэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Одоо надад үр хүүхдүүдтэйгээ тайван амгалан байх нь л чухал байгаа болохоор энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. ...би анхны амьдралаа алдахгүй, үр хүүхдүүдээ өнчрүүлж, өөр эцгийн гар харуулахыг хүсэхгүй байна. Би дахиж архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, хориотой тариа хийлгэсэн.

Иймд гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байна. Би хүүхдээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 320/ШШ2025/00198 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т тус тус зааснаар Хар дархад Наранчимэгийн А, Хар дархад Болдын Б нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Н, 2009 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Др, 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.С, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.О нарыг эх Н.Аийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүү Б.Оыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин Б.Н, хүү Б.Др, хүү Б.С, хүү Б.О нарт 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Б.Баас сар тутам тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгч хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг болох 26,300,000 (хорин зургаан сая гурван зуун мянга) төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ат олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6-д тус тус зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг тус тус мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т тус тус зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулахыг шүүгчийн туслах Х.Адилмаад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг давж заалдах гомдолдоо: ...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодитой дүгнэлт хийсэнгүй, эвлэрүүлэх арга хэмжээ ч авсангүй, зөвхөн нэхэмжлэгчийн талд буюу нэг талыг барьж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.А нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирээгүй бөгөөд миний хариуцагч Б.Б нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан хугацаанд ирж нэхэмжлэгч Н.Атай эвлэрэхийг хүссэн мөн анхан шатны шүүх хуралдаанд ...гэрлэлтээ цуцлуулмааргүй байна, ...эхнэрийгээ уучлаад эргээд ирэх байх гэж бодож байгаа, би хүлээнэ. Эвлэрүүлэх арга хэмжээ авч өгөөч гэж шүүхээс удаа дараа хүссэн. Гэтэл шүүх ...гэрлэгчдэд эвлэрэх хугацаа өгөх шаардлагагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч Н.А нь айлын нөхөртэй холбоотой байсан гэдгээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Н.Аийн үгийг нотлох баримт байхгүй байхад туйлын үнэн гэж дүгнэн гэрлэлтийг яаран цуцалж, хүүхдүүдийг түүний асрамжид үлдээж, эцэг Б.Баас хүүхдийн тэтгэмж гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа төдийгүй шүүх тарж бутарсан бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн ирээдүйг бодолгүй шударга бус шийдвэр гаргаж гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авалгүй нэхэмжлэгч Н.Ат ганцхан үйлчиллээ.

Нэхэмжлэгч Н.А нь 2023 оны 11 дүгээр сард 15 настай Б.Др, 5 настай н.О нарыг Ө аймгийн Е зүйл суманд У буюу Б гэдэг айлд мал маллуулахаар явуулсан байсныг эцэг Б.Б нь өөрийн хамаатан О.Д.Б.Б нарын хамт явж хайсаар байгаад сумын цагдаа, хүүхэд хамгааллын ажилтныг авч хүүхдүүд байсан айлд очиж хүүхдүүдээ авсан байдаг. Хүүхдүүд байсан айлын эзэн Б нь танай эхнэрийн сууж байгаа хүнтэй нь хүүхдүүд нь таардаггүй байсан гэж ярьж байжээ.

Мөн одоо том охин 16 настай Б.Н нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Техник мэргэжлийн сургуульд сурдаг гэх боловч баримт байхгүй хараа хяналт байхгүй, 15 настай хүү Б.Др нь Б суманд Н.Аийн нагац эгч дээр байгаа, сургуульд явуулаагүй, 11 настай Б.С ээжтэйгээ байгаа гэх боловч сургуульд сураагүй, 5 настай Б.О ээжтэйгээ байгаа гэх боловч цэцэрлэгт яваагүй хаана, яаж амьдарч байгаа нь тодорхойгүй, эцэгтэй нь яриулж уулзуулдаггүй учир ядахдаа хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа байлгахыг хүсч байгаа болно.

Гэрлэлт цуцлахад хүүхдийн саналыг харгалзана гэх боловч заавал шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох талаар хуульд заагаагүй, гэр бүл салах үр хүүхдээ өнчрүүлэхэд гэрлэгчдийн хэн хэнийх нь хувийн байдал нөлөөлсөн зэрэгт шүүх анхааралтай хандаж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг нэн тэргүүнд авсангүй, хүүхдүүдээс нь эцгийнх нь асрамжид үлдээсэнгүй хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчим алдагдахад хүрчээ.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 320/ШШ2025/00198 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

1.Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Б.Бад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

2.Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байна. Би хүүхдээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй... гэж маргажээ.

3.Шүүх гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, гэрлэгчдийн дундаас 2008 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр охин Бын Н, 2009 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүү Бын Др, 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүү Бын С, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүү Бын О нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 8-11/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба зохигчийн хэн аль нь дээрх үйл баримттай маргаагүй байна.

5.Хариуцагч Б.Б нь охин Б.Н, хүү Б.Др, хүү Б.С, хүү Б.О нарыг өөрийн асрамжид авахыг хүссэн тайлбар гаргасан байх ба шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр зохигч бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэн хүүхдүүдийг эхийн нь асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтад нийцсэн, хүүхдүүдийн саналыг харгалзан эхийн нь асрамжид үлдээснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байна.

6.Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан ...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодитой дүгнэлт хийсэнгүй, эвлэрүүлэх арга хэмжээ ч авсангүй, ...Нэхэмжлэгч Н.А нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирээгүй бөгөөд миний хариуцагч Б.Б нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан хугацаанд ирж нэхэмжлэгч Н.Атай эвлэрэхийг хүссэн... гэх агуулга бүхий гомдлын тухайд:

Нэхэмжлэгч маргаанаа шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх боловч уригдсан тал буюу хариуцагч Б.Б нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй болох нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр нотлогдсон байна /хх-н 22/.

Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ...байнга хардаж, зоддог байсан. 10 гаруй жил хамт амьдрахад намайг хайрлаж, халамжилж байгаагүй. Эрүүл байсан ч согтуу байсан ч байнга хардаж, би өдөр, шөнийн алинд нь ч байнга дарамтад амьдардаг байсан. Айлд хоносон ч ичиж санаа зовохгүй оролдож, гэрт хүн ирж хоносон ч ялгаагүй оролдож, өмд тайлж, амар тайван байлгадаггүй... шөнө бэлгийн ажлаа хийхгүй байна гээд миний бэлэг эрхтний үснээс зулгааж байсан... гэх тайлбарыг өгсөн байх ба хариуцагч энэ талаар үгүйсгэж мэтгэлцээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэг хүлээх бөгөөд зохигчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл нотолгооны хэрэгсэл болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарт эрх, үүрэг тайлбарласан байх ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүх гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд гэрлэгчдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хүүхдийн амьдрах, сурах, өсч торних орчин, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хүмүүжилд нөлөөлөх нөлөөлөл зэргийг харгалзан үздэг тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 320/ШШ2025/00198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч Б.Бын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                             Б.СОСОРБАРАМ

Л.ЭРДЭНЭБАТ