Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/00171

 

 

                                  *******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/04603 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 24360078/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/01170 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/01442 дугаар магадлалаар *******, ******* нараас 1,428,401,553.2 төгрөгийг гаргуулан ******* банк ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2.Шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр төлөгчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл үйлдэж, нэхэмжлэгч нарт танилцуулсан. Мөн тухайн өдөр 24360078/02 дугаар төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, 24360078/04 дугаар зарлан дуудах мэдэгдэл, 24360078/03 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүдийг гардуулсан. Мэдэгдэлд төлбөрийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Банкны төлбөр барагдуулах газрын холбогдох дансанд тушаахыг мэдэгдсэн атлаа 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24360078/05 дугаар, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24360078/03, 24360078/04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудаар нэхэмжлэгч нарын дараах 3 үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журам болон нэхэмжлэгч нарын саналыг үл харгалзан битүүмжилсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоолд заагдсан хугацаа болоогүй, нэхэмжлэгч нарт төлбөр төлөх боломжит хугацааг олгоогүй байна. Үүнд: *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, 7 дугаар байрны ******* хаягт байрлах, 148 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө болон 14 м.кв талбайтай автозогсоол, *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, ны мансардын давхар хаягт байрлах, 253 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, ны 1 ба 2 дугаар давхрын хойд хэсэг хаягт байрлах, 264 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө.

Мөн төлбөр төлөгчийн хууль, эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг зөрчиж битүүмжлэх ажиллагааг хөндлөнгийн гэрчгүйгээр гүйцэтгэсэн.

1.3.Төлбөр төлөгч нарын зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөнтэй холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч болон шүүхэд гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 24360078/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураасан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэхдээ үл хөдлөх хөрөнгө тус бүр дээр тогтоол үйлдэж 3 өөр тогтоолоор хөрөнгийг битүүмжилсэн байтал 24360078/10 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг нэгтгэн хураасан. Улмаар хураасан эд хөрөнгүүдэд хууль бусаар үнэлгээ хийлгэж, албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг гардуулан өгсөн. Шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан үндэслэл журмыг удаа дараалан зөрчиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчид хэт давуу байдлыг илтээр бий болгож төлбөр төлөгч нарын өмчлөх эрхэд ноцтойгоор халдсан.

Иймд хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэхэмжлэгч нарын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй тул 24360078/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/01170 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 1,421,068.062.80 төгрөг гаргуулж ******* банк ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч *******, ******* нарт 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 24360078/03 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг гардуулахад төлбөрөө төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, 7 дугаар байрны *******од байрлах, 148 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон 14 м.кв талбайтай автозогсоолыг 24360078/03 дугаар тогтоолоор, төлбөр төлөгч *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, ны мансардын давхар хаягт байрлах, 253 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 24360078/04 дугаар тогтоолоор, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, ны 1 ба 2 дугаар давхрын хойд хэсэг хаягт байрлах, 264 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 24360078/05 дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн. Хөндлөнгийн гэрч , нарыг байлцуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийг танилцуулан 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 24360078/10 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хурааж, хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгч *******д үлдээж, асууж тодруулах зүйл байхгүй гэснийг тэмдэглэлд тусган, тогтоол болон мэдэгдлийн хувийг гардуулсан болно.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 24360078/10 дугаар Эд хөрөнгө хураах тогтоол хуулийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу хураах ажиллагаанд , гэх 2 иргэнийг байлцуулан, тогтоол үйлдэж, төлбөр төлөгчөөс асууж тодруулах зүйл байгаа эсэхийг тэмдэглэлд тусгаж, тогтоол болон мэдэгдлийн хувийг гардуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн хөрөнгийг хураах ажиллагааг явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.3, 54.4, 44 дүгээр зүйлийн 44.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******т холбогдох 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 24360078/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

5.1.Шүүхийн шийдвэр дараах үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй.

5.1.1.Анхан шатны шүүх ...төлбөрөө сайн дураар төлөхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрт заасан барьцаа ... хөрөнгүүдийг хураажээ гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэгчээс нэхэмжлэгч нарт өгсөн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24360078/03 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлд төлбөрийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Банкны төлбөр барагдуулах газрын холбогдох дансанд тушаахыг мэдэгдсэн атлаа 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 24360078/05 дугаар, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 24360078/03, 24360078/04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудаар нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг хуульд заасан үндэслэл журам болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоолд заагдсан хугацаа, нэхэмжлэгч нарын саналыг үл харгалзан битүүмжилж хураасан.

5.1.2.Мөн төлбөр төлөгчийн хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хөндлөнгийн гэрчгүйгээр битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөнтэй холбогдуулан гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад 24360078/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураасан.

5.1.3.Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гомдол гаргасан байхад 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 24360078/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан эд хөрөнгүүдэд хууль бусаар үнэлгээ хийлгэж, албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг гардуулан өгсөн. Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх үйлдлүүд нь ямар ч ойлгомжгүй бөгөөд төлбөр төлөгч нарын аль хөрөнгийг дуудлага худалдаанд оролцуулах гэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож, цаашлаад хуульд заасан үндэслэл журмыг удаа дараалан зөрчиж гүйцэтгэсэн үйлдлээ хуульд нийцсэн гэж тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр авагчид хэт давуу байдлыг илтээр бий болгож, төлбөр төлөгч нарын өмчлөх эрхийг хөндөж байгаа тухай хандсан байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

5.1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. гэж, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусдад ялгавартай хандах, хууль бусаар давуу эрх олгохыг хориглоно. гэж тус тус заасныг зөрчсөн.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаатай холбоотой гомдлыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эд хөрөнгө хураах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан, хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулсан тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

7.Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох байсан. Нэхэмжлэгч эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа гэрчийг оролцуулаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Тус ажиллагааг явуулахдаа гэрчийг байлцуулна гэх хуулийн зохицуулалт байхгүй. Эд хөрөнгө хураан авах ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулах зохицуулалттай. Хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Эд хөрөнгө хураах, битүүмжлэх тогтоолыг хамтад нь үйлдэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй учраас 3 үл хөдлөх эд хөрөнгийг нэг тогтоолд нэгтгэж үйлдсэн. Нэхэмжлэгч ахлах шийдвэр гүйцэтгэгч, Шийдвэр гүйцэтгэх алба болон шүүхэд гомдол гаргасан. Гомдлыг хүлээн авч эцэслэн шийдвэрлэсэн, хуулийн дагуу хураах тогтоолыг үйлдсэн тул нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч *******, ******* нь хариуцагч *******т холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 24360078/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* банк ХК нь хариуцагчийн байр суурийг дэмжсэн агуулгаар тайлбар гаргасан байна.

3.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/01170 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/01442 дугаар магадлалаар *******, ******* нараас 1,421,068,062.80 төгрөгийг гаргуулан ******* банк ХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

4.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШЗ2023/15326 дугаар захирамж, 182/ГХ2023/01117 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн явуулжээ.

4.1.Барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, 7 дугаар байрны ******* хаягт байрлах, 148 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө болон 14 м.кв талбайтай автозогсоол, *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, ны мансардын давхар хаягт байрлах, 253 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ гудамж, ны 1 ба 2 дугаар давхрын хойд хэсэг хаягт байрлах, 264 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24360078/05 дугаар, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24360078/03, 24360078/04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудаар битүүмжилсэн байна.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулах, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2024/02851 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Уг үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримтад хамаарах тул нэхэмжлэгчийн гаргасан Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудаар нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг хуульд заасан үндэслэл журам болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоолд заагдсан хугацаа, нэхэмжлэгч нарын саналыг үл харгалзан битүүмжилсэн, төлбөр төлөгчийн хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хөндлөнгийн гэрчгүйгээр битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.2.Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 24360078/10 дугаар тогтоолоор дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах ажиллагааг явуулжээ.

а.Шийдвэр гүйцэтгэгчээс ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд тогтоолд тавигдах шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-12.2.8-д тодорхойлсон. Тус хуулийн 12.2.6-д шийдвэрлэх асуудлын агуулгыг тогтоолд тусгахаар заасан бөгөөд дээрх 24360078/10 дугаар тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийг үндэслэн нэр бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг хурааж байгаа талаар тусгаж, хөрөнгүүдийн нэр, хаяг, байршил, бүртгэлийн дугаар, шинж байдал, тоо хэмжээ зэргийг дэлгэрэнгүй тусгажээ. Иймээс уг тогтоол хуульд заасан шаардлагыг хангасан, хураах тогтоолыг хөрөнгө тус бүрээр гаргахаар хуульд тухайлан зохицуулаагүй тул үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэг тогтоолоор хураасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

б.Эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрч , , эд хөрөнгийн өмчлөгч ******* болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарыг оролцуулсан үйл баримтыг шүүх зөв тогтоож, уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 54 дүгээр зүйлийн 54.3, 54.4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

в.Түүнчлэн нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт зааснаар тухайн ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх үндэслэл болохгүй. Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөнтэй холбогдуулан гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад 24360078/10 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураасан гэх гомдлыг мөн хүлээн авах боломжгүй.

4.3.Хариуцагчид холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 24360078/10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл үндэслэлтэй.

5.Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.3, 54.4, 44 дүгээр зүйлийн 44.5 гэж тусгажээ.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.3, 54.4, 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг дүгнэснээс үзвэл тогтоох хэсэгт хуулийн нэрийг буруу тусгаж техникийн шинжтэй алдаа гаргасан байхын зэрэгцээ тухайн зохицуулалтыг баримтлах нь хууль хэрэглээний хувьд буруу тул залруулна.

Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураан авах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д тодорхойлсон иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний нэг төрөл бөгөөд талууд уг ажиллагааг зөвшөөрөөгүй тохиолдолд ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар мөн хуулийн 44.3, 44.4 дэх хэсэгт зохицуулсан. Иймээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт төлбөр төлөгчийн гомдол гаргах эрхийг тодорхойлсон дээрх зохицуулалтыг тусгах нь оновчтой тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/04603 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.3, 54.4, 44 дүгээр зүйлийн 44.5-д ... гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА