| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 155/2025/00066/И |
| Дугаар | 225/МА2025/00018 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 225/МА2025/00018
| 2025 оны 04 сарын 16 өдөр | Дугаар 225/МА2025/00018 |
Х газрын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 320/ШШ2025/00157 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Х Үний газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Нд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч Х Үний газар нь хариуцагч Т.Нд холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан аж ахуйн бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүргийн биелэлт болох 2,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...2017 онд тус байгууллага нь иргэн Т.Нтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Т.Н нь тийм гэрээн дээр гарын үсэг ч зураагүй юм. Тийм байтал, ямар утга учиртай гэрээний асуудал яригдаад байгааг ойлгохгүй байна. Харин тухайн цаг үед хөгжлийн бэрхшээлтэй иргэн болоод асран хамгаалагч нарт зориулсан буцалтгүй тусламж болгон 2,500,000 төгрөг өгч байсан нь үнэн. Хариуцагч Т.Н нь хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан, нөхөр О.Бийн хамт амьдардаг. Тухайн үед уг мөнгийг тусламж гэж өгчихөөд одоо зээлүүлсэн мэтээр хэлж, тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй... гэж маргажээ.
4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Х Үний газар, иргэн Т овогтой Н нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулж, гэрээндээ 2,500,000 /хоёр сая таван зуу мянга/ төгрөгийг 24 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлийг тусгасан байна /хх-н 8-9 тал/.
Уг гэрээний салшгүй хэсэг, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож, мөн өдөр 4,000,000 төгрөгийн үнэ бүхий усалгааны тоног төхөөрөмжийг барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ /хх-н 10 тал/.
5.Анхан шатны шүүх ...зээлийн гэрээний дагуу зээлдэгч зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
6.Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заасан бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон байна.
Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дуусахаар байна гэсэн дүгнэлт хийж хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
7.Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.2-т ...Нэхэмжлэгч нь гэрээний 1.4-т заасан хугацаа дууссан тул 2021 оны 11 сарын 15-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба хариуцагчийн хаяг тодорхой биш гэх шалтгаанаар ажиллагаа хийгдээгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэв. гэх дүгнэлт үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч ...2021 оны 11 сарын 15-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан гэх байдал холбогдох нотлох баримтуудаар нотлогдоогүй байна.
Тухайлбал; Нэхэмжлэгч талаас тухайн маргаанаа эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхээр хандсан болохоо баримтаар нотлох зорилгоор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн мэдэгдэх хуудас, Талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуусан тухай баримт зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
Гэтэл энэхүү баримтууд нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр огноологдсон байгаагаас үзэхэд энэ нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцох эцсийн өдрөөс хойш буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойшхи баримт байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шаардах эрхээ тодорхойлсон гэж дүгнэх үндэслэлгүй.
Нөгөө талаар Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 79.4-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, улмаар уг тасалдал зогсож, хугацааг шинээр тоолох үндэслэл бий болсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
8.Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн гомдол гаргахдаа төлсөн 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 320/ШШ2025/00157 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Х Үний газрын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Т.Нийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511..2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ