Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/42

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга: Н.Ням

            Улсын яллагч: Д.Алимаа

            Шүүгдэгч: Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овгийн Б-ийн Г-од холбогдох эрүүгийн 1927000000037 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19__ оны 08 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, __ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овгийн Б-ийн Г-, /РД:___/,

 

   Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ дугаар багийн ___ тоотод оршин суух иргэн Б.Ж-ын хашаанд Б.Э-ын нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Б.Г- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул улсын яллагчийн саналаар түүний сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг уншиж сонсгов.

 

Хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 16-ны орой намайг гэртээ ангийнхаа Ч-тэй унтаж байхад А- 23 цагийн үед над руу гар утсаар залгаад ойр зуурын юм ярьсан би унтаж байна гээд утсаа салгасан удаагүй байж байтал А- ахиад миний утас руу залгасан утсаа автал Г- надтай яриад Мобигийн доод талын хашаанд хүрээд ир гэсэн Ч- гэрт унтаад үлдсэн би ганцаараа мотоцикльтой явж очиход Г-, Я-, А- нар айлын хашаан дотор цагаан машинтай пиво уугаад сууж байсан намайг очиход ууж байсан пиво нь дуусч байсан. ...Г- урд өмнө надтай наадам дээр маргалдсан асуудлаа яриад миний баруун талын хацар хэсэг рүү 3 удаа цохьсон би түүнийг цохиогүй. Тэгээд Г- бид хоёр нэг нэгнээсээ уучлалт гуйгаад салсан. А- үлдсэн нэг пивыг өвөртлөөд бид хоёр манай гэр рүү явсан. Тэр миний хамар хэсэг рүү цохиогүй. Баруун хацар хэсэг рүү гараараа 3 удаа цохьсон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед Г- намайг цохиход А-, Я- нар хараад зогсож байсан. Б.Г- миний баруун хацар хэсэгт гараараа 3 удаа цохьсон. Тухайн үед миний баруун нүдний орчим хөхөрчихсөн байсан. Маргааш нь аймаг ороод дүрс оношлогоо хийлгэсэн чинь миний хамрын таславч ар хэсгээр зүүн тийш бага зэрэг муруйсан, хамар ясанд гэмтэлгүй байна гэсэн. Би хамраа гэмтээж байгаагүй. Би Б.Г-од одоо болон цаашид гомдолгүй. Одоо болон цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 24-30/

 

Гэрч Б.Я-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр намайг Ж-гийнд байхад Г-, А- нар хөдөөнөөс ирсэн. Бид нар Ж-гийн машины грашид орж машин дотор 2.5 литрын 1 том пиво уусан. Тэр үед Ж- хашаандаа гэртээ байсан. Тэгээд байж байтал Э- гэж банди ирсэн. Тэр А-тай явж 2 ширхэг 2.5 литерийн пиво авч ирсэн. Тэрнээс нэгийг нь бид нар хуваагаад ууж байсан чинь Г- Э- гэж бандийг нүүр хэсэг рүү нь гараараа 2 удаа цохиж авсан. Тэр хоёр хоорондоо учраа олсон. Г-, Э- хоёр урд өмнө маргалдсан юм шиг байна лээ. Тэгээд А-, Э- хоёр үлдсэн нэг пивоо аваад явсан. Г- бид хоёр үлдэж тамхи татчихаад би гэр рүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /хх 37/

 

Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2018 оны 11 дүгээр сарын 16-ны орой гэртээ байхад Г-, Я-, А- гурав манай гэрт ирсэн. Г- машины грашинд чинь ганц пиво юм уучихъя гэсэн би тэг тэг гээд оруулсан. Би гэр рүүгээ яваад орсон тэд нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 38/

 

Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №204 дугаартай дүгнэлт: “Б.Э-ын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гавал ясны 2 байрлалт рентген зурагт баруун этмойд хөндийн агааржилт арилсан, баруун этмойд хана цөмөрсөн байсан. Мөн баруун нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт гэмтлүүд нь Б.Э- үзүүлэхээр ирэх үед үүссэн байсан гэмтлүүд юм. Этмойд хөндий гэж хамар ясны ард буюу цаана байрлах агаар хуримтлуулах хөндийрхөг бүтэц юм. Нүүр хэсэг рүү цохиулах цохигдох үед амархан гэмтдэг байна. Эдгээр гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 52/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-7/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8-13/,

 

Шүүгдэгч Б.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ дугаар багийн ___ тоотод оршин суух иргэн Б.Ж-ын хашаанд Б.Э-ын нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Э- /хх 24-30/, гэрч Б.Я- /хх 37/, Б.Ж- /хх 38/ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хх 52/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Г-од холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Б.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,

шүүгдэгч Б.Г-ын эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий “Sаmsung-A6” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №28 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овгийн Б-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б- овгийн Б-ийн Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

            5. Шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий “Sumsung-A6” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №28 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХ-АМГАЛАН