Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 225/МА2025/00019

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 225/МА2025/00019

 

 

Л.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 320/ШШ2025/0052 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Бийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Бд холбогдох

10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, шатахуун, шатах тослох материалын үнэ 1,164,805 /нэг сая нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун тав/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч С.Баасанжав, хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Б би 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.Болд-Эрдэнийн хүсэлтээр түүнтэй харилцан тохиролцож 10,000,000 төгрөгийн хөлстэй ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулсан. Би тус ажлыг 2023 оны 05 дугаар сарын 23-ны дотор хийж гүйцэтгэж дуусгасан. Гэрээ тохиролцоо ёсоор ажлыг гүйцэтгэж дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор ажлын хөлсийг надад төлөхөөр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл Н.Б нь утсаа авахгүй, ажлын хөлсөө төлж барагдуулахгүй байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний эрх, үүргийн дагуу Н.Бэс 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Л.Бтэй ажил ярихад Л.Б, Б.Г бид гурав хамт байсантай маргахгүй. Би нэхэмжлэгч Л.Бт 10,000,000 төгрөгөөр хийх ажлын тухайн тоо хэмжээний мэдээллийг өгсөн.

Л.Бтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах 5 гудамжны автозамыг 90 см өргөнтэй, дундаа 70 см зайтай дахиад 90 см өргөнтэй, гүн нь 25 см газар ухаж, 10 см хайрга дэвсэнэ. Туслан гүйцэтгэгч компани нь битон цутгаад дууссаны дараа хажуу талын хөвөөгөөр 135 см өргөн хайрга дэвсээд гудамжаа цэвэрлэх ажлыг 10,000,000 төгрөгөнд гүйцэтгүүлэхээр тохирсон. Уг ажлыг хийхэд зарцуулсан шатахууны үнийг уг мөнгөнөөсөө хасахаар тохирсон.

...Л.Бийн хийсэн ажил нь 1 өдөр ажилласан. 1 өдрийн ажлын хөлс ч байна уу, юу ч байсан гэсэн 1,164,805 төгрөгийн түлшээр эд нарын хийсэн ажлыг өр, ширгүй гэж үзнэ.

... 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс Б.Ц гэх залууг ажиллуулж эхэлсэн. ...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.... гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Хариуцагчаас дараах шатахуун, шатах тослох материалын үнийг нэхэмжилнэ. Үүнд: 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Соносмол маркийн 000 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон эксковаторт ажил эхлэх зорилгоор хийлгэсэн А80 шатахуун 30 литр 2,470 төгрөг, нийт 74,100 төгрөг, дизель түлш 88 литр 3,550 төгрөг, нийт 312,400 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр эксковаторт ажил хаян гудамжинд эксковатороо орхин явахдаа хийлгэсэн дизель түлш 40 литр 3,550 төгрөг, нийт 142,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дээрх тээврийн хэрэгсэлд худлаа хэлж А80 шатахуун 130 литр, 2,470 төгрөг, нийт 321,100 төгрөг, дизель түлш 88.79 литр 3,550 төгрөг, нийт 315,205 төгрөг, бүгд 636,305 төгрөг. Иймд дээр дурдсан шатахуун, шатах тослох материалын үнэ нийт 1,164,805 төгрөгийг Л.Бээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б сөрөг нэхэмжлэлд холбогдуулж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Би ажил хийж байхдаа түлш авсан. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрнө. Иймд нэхэмжилж байгаа 10,000,000 төгрөгөөс 1,164,805 төгрөгийг хасаад 8,835,195 төгрөг нэхэмжилнэ. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 320/ШШ2025/0052 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар хариуцагч Н.Бэс 8,835,195 (найман сая найман зуун гучин таван мянга нэг зуун ерэн тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг, хариуцагч Н.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,506 (гучин хоёр мянга таван зуун зургаа) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бэс улсын тэмдэгтийн хураамж 142,444 (нэг зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун дөчин дөрөв) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бт олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр нь зөвхөн хуульд нийцсэн төдийгүй бодит нөхцөл байдалд үндэслэсэн байх ёстой бөгөөд энэ нь нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, үнэлж, дүгнэсэн байхыг шаарддаг.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нэхэмжлэгч Л.Б нь... ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг авахаар тохиролцсон болох нь 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Иргэд хооронд ажил гүйцэтгэх гэрээ- гээр /1-р хх-ийн 6 дугаар тал/... тогтоогдож байна... гэж дүгнэсэн атлаа мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...талууд ажил гүйцэтгэх гэрээг амаар тохиролцсон гэж үзлээ... гэж өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн эргэлзээ бүхий ойлгомжгүй шийдвэрийг бичжээ.

Хэрэв талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээг амаар хийсэн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан хэлцлийн гол нөхцөл-ийн талаар талууд хэрхэн хэлэлцэн тохиролцсон болохыг ямар үйл баримтаар үнэлж дүгнээд байгаа нь тодорхойгүй.

...Хэдий шүүхийн шийдвэрт ...Л.Б нь хариуцагчтай тохиролцсон 5 гудамжны автозамыг ухаж дуусгасан болох нь гэрч Б.Цын ...Л.Б ухах ажлыг нь бүрэн хийсэн байсан... гэх мэдүүлгээр тогтоогдов .. гэж дүгнэсэн байх боловч тус үйл баримт нь нотолгооны чадвараа алдах мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй мэдээлэл юм.

...Нэхэмжлэгч Л.Б нь өөрийн хийсэн ажлын үр дүн буюу үүргийн гүйцэтгэлийн чанартай холбоотой үйл баримтаа огт гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх бүрэн боломжтой.

Түүнчлэн Н.Б миний бие Л.Бийн дутуу орхиж явсан ажлыг Б.Ц гэгчээр үргэлжлүүлэн хийлгэж дуусгасан талаараа тайлбарлаж, тус нөхцөл байдлыг нотлох үйл баримт болох өөрийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулгыг гаргаж өгсөн.

Гэтэл анхан шатны шүүхээс уг үйл баримтыг үнэлэхдээ ...бэлэн мөнгө зарлагадсан үйлдлийг Б.Цд ажлын хөлс төлсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ

нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна...

гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

...хариуцагч Н.Б миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон байх тул иргэн надаас 8,835,195 төгрөг гаргуулан Л.Бт олгуулахаар шийдвэрлэсэн 320/ШШ2025/00052 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Л.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Н.Бэс ажил гүйцэтгэх гэрээний хөлс 10,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч нь нэхэмжлэгчээс шатахуун, шатах тослох материалын үнэ 1,164,805 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Хариуцагч Н.Б ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрнө. гэсэн тайлбар, нэхэмжлэгч Л.Б ...сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрнө, үндсэн нэхэмжлэлээс хасч тооцуулна. гэсэн тайлбар тус тус гаргасан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хооронд нь тооцож хариуцагч Н.Бэс 8,835,195 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бт олгохоор шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж үзэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.

Зохигч нь ...5 нүхийг 25 см гүнтэй ухах ажлыг 10,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон талаар маргаангүй байх ба харин хариуцагч ...нэхэмжлэгч ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй, автомашины зорчих хэсгийн өргөн 70 см, мөр хоорондын зай 90 см, хайрган суурины зузаан 10 см, зорчих хэсгийн замын зузаан 12 см, хөвөөний өргөн 135 см байх норматив хэмжээгээр хийхийг ажил гүйцэтгэгчид хэлсэн, чанар, стандартын шаардлага огт хангахгүй, хагас дутуу ажил хийгээд хаяад алга болсон гэж маргажээ.

Зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Иймд анхан шатны шүүх Иргэд хооронд ажил гүйцэтгэх гэрээ гэх бичвэрт ... нийт 5 гудамжны авто замын хос мөрийг 25 см гүнтэй ухах ажлыг 10,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон талаар тусгасан, уг бичвэрийг хариуцагч бичсэнтэй талууд маргаагүй, уг баримтад захиалагч буюу Н.Болд-Эрдэнийн хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан гэж дүгнэснийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн хариуцагч Н.Б ...Л.Б нүх ухах ажлыг гүйцэт хийгээгүй, Б.Цаар талуудын хооронд тохирсон ажлыг үргэлжлүүлэн хийлгэж дуусгасан гэх тайлбар гаргасан байх боловч гэрч Б.Цын ...Ухах ажил нь хийж дууссан байсан. Би засварын ажлыг хийсэн. Л.Б ухах ажлыг бүрэн хийсэн байсан гэх мэдүүлгээр /1 хх-ийн 139-140-р хуудас/ нэхэмжлэгч гүйцэтгэвэл зохих ажлаа хийж гүйцэтгэсэн болох нь нотлогдсон байна.

Гэрч Б.Ц нь тухайн газарт ажиллаж байсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хөндлөнгийн этгээд байх ба түүнд зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг авсан байна. Түүний мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй тул гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй.

Мөн гэрч Б.Ц ...засварын ажлыг хийсэн талаар мэдүүлсэн бөгөөд түүний ажлын хөлсийг хэрхэн төлсөн нь энэ хэрэгт хамааралгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн эрхийг хязгаарласан гэж дүгнэх үндэслэл тогттогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 320/ШШ2025/0052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч Н.Б-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,444 / нэг зуун тавин зургаан мянга дөрвөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ