| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2021/03515/И |
| Дугаар | 210/МА2025/00615 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2025/00615
*******нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/01386 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* нарт холбогдох,
Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг,******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч *******-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч ******* , түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. *******нар нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр *******-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* дүгээр баг, ******* дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдаж байгаа ******* нэртэй 144 айлын орон сууцны хотхоны А блок, 2 дугаар орц, 4 давхрын ******* тоот од байрлах 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалагч нарт шилжүүлэх, худалдан авагч нь захиалсан орон сууцны нийт үнэ 85,752,000 төгрөг төлөхөөр байхаар харилцан тохиролцсон.
1.2. Гэрээний дагуу худалдан авагч нар төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан. Мөн тухайн орон сууцыг хүлээн авч, уг орон сууцанд 2017 оноос хойш амьдарч байгаа. Гэтэл *******-ийн зүгээс одоог хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгч нарын зүгээс удаа дараа тухайн орон сууцны хууль ёсны гэрчилгээг гаргаж өгөхийг шаардаж байсан. Иймээс нэхэмжлэгч нарын орон сууцыг өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхийг хариуцагч тал зөрчиж байна.
1.3. ******* нь *******-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу ******* -ийн салхивч суурилуулах ажлыг *******-ийн хөрөнгөөр ******* хийж гүйцэтгэсэн. Уг гэрээний төлбөрт дээрх үл хөдлөх хөрөнгийг авч, өгөхөөр харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгчээс *******-ийн захиралд шилжүүлсэн.
Иймд *******нарыг Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах, ******* орон сууцны А блок, 2 дугаар орц, 4 давхрын ******* тоот од байрлах 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* -ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2015 онд 144 айлын орон сууц барихад ******* хөрөнгө оруулсан. ******* нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, компанийг *******-ын нэр дээр шилжүүлсэн. Үүний дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн. Иймээс өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан *******, хөрөнгө оруулагч нар хуралдаж ******* -ийн бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөх гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч *******-д 100 хувь шилжүүлсэн. Гэтэл ******* нь гэрээний үүргийн дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгэхгүйгээр, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 03 дугаар сард Бүгд Найрамдах Хятад ард улс руу яваад өнөөдрийг хүртэл буцаж ирээгүй, алга болсон. Компанийн санхүүгийн бичиг баримт, зээлийн гэрээг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй, тул нэхэмжлэгчийн гэрээ, төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* -ийн өмнөх хувьцаа эзэмшигч ******* г Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаа.
2.2. *******нар нь ******* -тай 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* тоот орон сууцны захиалгаар бариулах гэрээ байгуулж, гэрээний үнэ төлсөн болохыг шүүхэд маргаан үүссэнээр мэдсэн.
2.3. Хөрөнгө оруулагч ******* ******* -тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгө оруулатын гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээг тус тус байгуулж, 144 айлын орон сууцны зориулалттай барилгаас 1 м.кв талбайг 750,000 төгрөгөөр тооцож нийт 2,667.2 м.кв талбайтай 46 айлын орон сууцыг барьцаалсан. ******* нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* -ийн өмнөх хувьцаа эзэмшигч ******* тэй эвлэрлийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгө оруулагч *******-гийн нэр дээр маргаан бүхий ******* тоот од байрлах 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шилжсэн. Тухайн үед дээрх орон сууц эрхийн доголдолгүй, Улсын бүртгэлийн албанд ямар нэгэн гэрээ бүртгүүлээгүй байсан. Компани нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 3 хөрөнгө оруулагчдад орон сууцнуудыг хувааж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Хөрөнгө оруулагч нар болон тус компанийн хоорондох маргаантай асуудлууд эцэслэн шийдвэрлэгдээгүй гэжээ.
3. Хариуцагч *******-гийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. ******* нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* -тай 01/14 дугаар хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 дугаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* дүгээр баг, ******* дугаар хороололд баригдах 144 айлын 8,470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон.
******* -аас 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул ******* -аас гаргасан саналыг үндэслэн 02 дугаар хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 03 дугаар хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан.
Эдгээр гэрээгээр хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал буюу ******* миний биед гэрээ байгуулах талаар мэдэгдэж, зөвшөөрөл авсаны үндсэн дээр захиран зарцуулж байхаар тохиролцсон.
3.2. Гэтэл хариуцагч ******* нь ******* тай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, *******, ******* нартай 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, уг гэрээний үндсэн дээр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг,******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон. ******* нь хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагчийн эрхийг зөрчсөн тул уг асуудлаар шүүхэд хандаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэсэн. Гэвч ******* шийдвэрийг биелүүлээгүй. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцнуудыг миний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.
3.3. ******* нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч *******нарын өмчлөлд шилжүүлэх үүргийг хууль болон гэрээний дагуу хүлээгээгүй, үүрэг гүйцэтгэх эрхтэй этгээд биш байхад орон сууцны өмчлөх эрхийг гаргуулахаар шаардлага гаргаж, миний өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг,******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандсан нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар орон сууцны мөнгийг ******* гэж хувь хүний данс байх бөгөөд *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэлтэй данснаас зөрүүтэй, өөр данс байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг,******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч *******нарыг тогтоож, хариуцагч *******-гийн нэр дээрх 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ү-******* дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн орон сууцны бүртгэлээс Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* дүгээр баг,******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 71,46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хасуулахыг ******* д, мөн хаягт байршилтай ******* байр, ******* тоот од хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******нарын өмчлөлд бүртгүүлэхийг хариуцагч ******* -д тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас дутуу төлсөн 446,310 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч ******* нараас 586,710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******-гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг,******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмчлөх эрхтэй болсон. Тодруулбал, ******* нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* -тай 01/14 тоот хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 тоот хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* дүгээр баг,******* дугаар хороололд баригдах 144 айлын 8,470 м.кв талбайтай орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. ******* -аас 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул ******* -аас гаргасан саналыг үндэслэн 02 дугаар хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 03 дугаар хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. Эдгээр гэрээгээр хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал буюу ******* д гэрээ байгуулах талаар мэдэгдэж, зөвшөөрөл авсаны үндсэн дээр захиран зарцуулж байхаар тохиролцсон.
5.2. Гэтэл хариуцагч ******* нь ******* тай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, *******, ******* нартай 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, уг гэрээний үндсэн дээр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг,******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна. ******* нь хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагчийн эрхийг зөрчсөн тул уг асуудлаар миний бие Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэсэн. Гэвч ******* шийдвэрийг биелүүлээгүй. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцнуудыг миний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.
5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг бүрэн гүйцэд тал бүрээс нь дүгнээгүй, Иргэний хуулийн Гуравдугаар бүлэгт заасан Иргэн, Дөрөвдүгээр бүлэгг заасан Хуулийн этгээд нь тусдаа, эрх зүйн хувьд өөр өөр субьектүүд гэдгийг анхаарч, ялгаа заагийг нь тодорхойлолгүй шийдвэр гаргасан. Тодруулбал, нэхэмжлэгч нар нь ... байрны төлбөрөө 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 100 хувь буюу 85,752,500 төгрөгийг төлсөн гэж ******* -ийн төлөөлөгч гарын үсэг зурж, тамга даржээ ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь тухайн баримт нь Захиалагч ******* -ийн ******* тоот байрны төлбөреө төлөх график гэсэн байх бөгөөд менежер гарын үсэг зурж тамгалсан, ******* -ийн дансанд төлбөр төлөгдөөгүй, мөн байрны төлбөрүүдийг иргэн ******* данс руу шилжүүлж байсан баримтууд байгаа нь тухайн менежерийн гарын үсэгтэй баримт үндэслэлгүй, худал баримт болохыг нотолсоор байгааг анхан шатны шүүх анхаарсангүй.
5.4. Дээр дурдсанаар ******* нь ******* -тай байгуулсан гэрээний 5.2.2-т ...Гүйцэтгэгч тал нь хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй бөгөөд хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй... гэж тохиролцсон заалт байсаар байхад 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг баригдаж буй орон сууцнаас төлөхөөр тохиролцсон нь ...Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт зааснаар ******* гаас зөвшөөрөл авах үүрэг хариуцагч ******* -д үүсэхгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчиж байна.
5.5. ******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөлийг шилжүүлэн авах үед тухайн орон сууцны өмчлөгч нь ******* байсан ба анхан шатны шүүхийн дүгнэж буй Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан ...уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тодорхой заасан. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар магадлал болон Монгол улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн *******-гийн өмчлөх эрхийн улсын бүртгэл хууль ёсных хэмээн шийдвэрлэсэн болно. Дээр дурдсан шүүхийн шийдвэрүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцнэ.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч ******* нь надаас зөвшөөрөл авахгүйгээр маргаан бүхий орон сууцыг хариуцагч компани нэхэмжлэгч нартай гэрээ байгуулсан гэж давж заалдах гомдолд дурдсан. Хариуцагч ******* гаас зөвшөөрөл авах иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Маргаан бүхий орон сууц буюу Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* дүгээр баг,******* дугаар хороололд баригдсан 144 айлын орон сууцыг хариуцагч компани барьж гүйцэтгэсэн. Хариуцагч компани 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч нартай гэрээ байгуулж төлбөрийн 100 хувь буюу 82,750,000 төгрөгийг төлсөн талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хариуцагч компани хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой асуудлаар 3 шатны захиргааны хэргийн шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж хариуцагч *******-гийн өмгөөлөгч тайлбарласан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шинээр тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад энэ талаар тайлбар гаргаагүй, талууд мэтгэлцээгүй. Мөн холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн дурдсан захиргааны шүүхийн шийдвэр, магадлал хавтаст хэрэгт авагдаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх шийдвэр гаргасан. 2021 онд уг маргааны дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч *******-гийн нэр дээр маргаан бүхий орон сууцны гэрчилгээ гарсан байсан учраас хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр хариуцагч *******-гийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч ******* нь ******* тоот орон сууцыг хууль бусаар бүртгэл хийлгэж авсан болох нь тогтоогдсон. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор иргэн болон захиргааны хэргийг заагласан. Бүртгэлийн маргааныг захиргааны хэргийн журмаар, өмчлөх эрхийн маргааныг иргэний хэргийн журмаар нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй. Бүртгэл, өмчлөх эрхтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр зохицуулсан. Үүний дагуу Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байсан нэхэмжлэлээсээ татгалзсаныг бүртгэлтэй маргаагүй гэж хариуцагчийн өмгөөлөгч илт буруугаар тайлбарласан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үл хамааран нэхэмжлэгчээр тогтоосон бүртгэлийг хүчингүй болгохоор даалгаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
7. Хариуцагч ******* -ийн зүгээс шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******-гийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******нар нь хариуцагч ******* нарт холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг,******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр гаргуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
3.1. ******* , ******* хооронд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг,******* дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдаж байгаа ******* хотхоны орон сууцны салхивчны бүх материалыг өөрийн зардлаар нийлүүлж, салхивч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэн актаар хүлээлгэн өгөх, захиалагч ******* нь ажлыг хүлээн авч, материалын зардал болон гүйцэтгэсэн ажлын хөлсөнд ******* хотхоны 71,46 м.кв талбайтай 3 өрөө, 41,3 м.кв талбайтай 1 өрөө буюу нийт 3 орон сууцнуудыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна. /1хх113-115/
******* нь дээрх ажлыг *******-ийн санхүүжилтээр хийж гүйцэтгэн ******* -д хүлээлгэн өгчээ. /1хх110-111, 115-116/ Үүний дараа *******-аас 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* -д ...дээрх ажлын хөлсөнд авах А блокын ******* тоот од байрлах 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг *******нартай захиалгын гэрээ байгуулах талаар хүсэлт гаргажээ. /1хх-153/
3.2. Дээрх баримтыг үндэслэн ******* , *******нар нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 52 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрэгээр худалдагч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг,******* дугаар хорооллын нутаг дэвсгэрт ******* нэртэй 144 айлын орон сууцны хотхоны А блокын 2 дугаар орц, 4 давхрын ******* тоот хаягт байрлах 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөх, худалдан авагч нь тухайн орон сууцны төлбөрт 85,752,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /1хх5-9/
3.3. ******* нь ******* -тай 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 01/14, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 дугаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, орон сууцны зориулалттай барилгад 1,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогоос тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. /1хх129-138/
Улмаар дээрх хөрөнгө оруулалтын гэрээг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд сунгасан. Мөн талууд 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16/001/01 дугаар барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр 144 айлын 8,470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгаас 1 м.кв талбайг 750,000 төгрөгөөр тооцон нийт 2,667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг хөрөнгө оруулагч барьцаалж, гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1хх139-140/
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5. Нэхэмжлэгч *******нар нь худалдах, худалдан авах гэрээний үнэд 85,752,000 төгрөгийг *******-ийн төлөөлөгч *******-ийн эзэмшлийн банкин дахь харилцах дансанд шилжүүлсэн байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт 1-д гэрээний үнэ 85,752,000 төгрөгийг бүрэн төлсөн талаар тусгагдсан байна. /1хх-10, 13-18/
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч *******нар нь худалдах, худалдан авах гэрээний үнийг хариуцагч ******* -д бүрэн төлсөн гэж дүгнэсэн нь зөв.
Хариуцагч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо ...худалдах, худалдан авах гэрээний үнийг ******* -д төлөөгүй, иргэн *******-ийн дансанд төлсөн гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагч ******* нь ******* -д ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд маргаан бүхий ******* тоот од байрлах 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ. ******* нь ажлыг *******-ийн санхүүжилтээр хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн./хх110-111/ Дээрх ажлыг гүйцэтгэсэн ******* хамаарал бүхий *******-ийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай албан бичиг, тус компанийн хувьцаа эзэмшигч *******-д төлбөр төлсөн баримт, худалдах, худалдан авах гэрээний хавсралт-1 зэрэг баримтаар нэхэмжлэгч *******нар нь гэрээний үнийг ******* -д бүрэн төлсөн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч *******-гийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Дээр дурдсан хариуцагч нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ болон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд 46 айлын орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Харин уг барьцааны гэрээ байгуулах үед маргааны зүйл болж буй ******* тоот орон сууцны бүртгэл хийгдээгүйгээс гадна барьцааны гэрээний дагуу шилжүүлэн өгсөн хөрөнгийн жагсаалтад маргаж буй орон сууц барьцаалагдаагүй байжээ. /1хх-140, 141/
Мөн ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул ******* нь шүүхэд хандан, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаар захирамжаар хариуцагч ******* -аас 2,500,000,000 төгрөг гаргуулан, ******* д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж ******* -ийн өмчлөлийн орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр *******-гийн нэр дээр 44 орон сууцны өмчлөх эрх шилжсэний дотор нэхэмжлэгчийн шаардаж буй ******* хотхоны ******* тоот од байрлах 3 өрөө орон сууц багтаагүй байна. /2хх14, 3хх186/
Нэхэмжлэгч *******нар нь маргаан бүхий орон сууцны үнийг дээрх байдлаар төлж, 2017 оноос хойш уг орон сууцыг бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа байдлыг хариуцагч ******* шалгаж мэдэх боломжтой, түүнд хамааралтай бүртгэл хийгдээгүй байхад улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.
Иймд хариуцагч *******-гийн ...уг орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхдээ тухайн орон сууцыг бусдад худалдсаныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, нэгэнт өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгаажсан гэх тайлбар талуудын тэгш эрх, шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт ... өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол хамаарахгүй гэж заасны дагуу хариуцагч *******-гийн өмчлөх эрх үгүйсгэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нар 2017 оноос хойш орон сууцыг эзэмшилдээ авч, ашигласан үйл баримт тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч *******нарын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* -аас шаардах эрх үүсэх тул хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
7. Хариуцагч *******-гийн зүгээс ...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр ******* г өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэл хүчинтэй байхад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дахин нотлохгүй, нийтэд илэрхий үйл баримт гэх агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргажээ. Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл нөлөөлөхгүй тул энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/01386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 586,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН