Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 118/2018/0029/З |
Дугаар | 221/МА2020/0162 |
Огноо | 2020-03-04 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2020/0162
Ц.О-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ж, Ц.Б-Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П /онлайнаар/ нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр шийдвэртэй, Ц.О-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7.2, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалтад заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.О-аас Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/15, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.О-ийн давж заалдах гомдолдоо: “... Миний бие нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газар дээр болсон эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх хуралд өөрийн биеэр суусан нь үнэн бөгөөд уг хурлаас надад сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр огт гараагүй болно
Уг хурлаас сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр гарсан талаар мэдүүлсэн гэрч Б.Бүдрагчаа нь хариуцагч Ч.Д-тэй нэг нутгийн хүн бөгөөд, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хамт ажиллаж байсан, найз нөхдийн харилцаатай, Д.У нь хариуцагч Ч.Д-тэй Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хамт ажиллаж байсан, найз нөхдийн холбоотой, Д.Б нь Завхан аймгийн Эрүүл мэндийн газарт мэргэжилтнээр ажилладаг бөгөөд хариуцагч Ч.Д-ийн удирдлага доор ажилладаг ажилтан тул хариуцагчийн хувийн болон албаны нөлөөнд орж худал мэдүүлэг өгсөн байна.
Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй талаар заасаар байтал эхийн ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх дээрх хурлаас ямар шийдвэр гарсан талаар тухайн хуралд оролцсон бусад этгээдүүдээс асууж тодруулалгүйгээр, зөвхөн хариуцагч талын заасан гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.
Мөн Эрүүл мэндийн газрын дарга нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б/15 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг гаргасан гэх бөгөөд тушаал гаргаснаасаа хойш уг тушаалаа надад танилцуулаагүй, хүргүүлээгүй I байхад анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичгээр хурлын шийдвэрийг хүргүүлж, мөн өдөр мэйл хаягаар танилцуулсан учир Ц.О нь уг шийдвэрийг тухайн үед мэдсэн, мэдсэн боловч гомдол гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь хурлын шийдвэр, тушаал гэдэг нь өөр өөр агуулгатай актууд бөгөөд миний эрх ашгийг хөндсөн захиргааны акт нь Б/15 дугаартай тушаал юм. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр албан бичгээр хурлын шийдвэрийг хүргүүлсэн гэх цаг хугацаанд миний эрх ашгийг хөндсөн Б/15 дугаартай тушаал гараагүй байхад би юунд холбогдуулан тайлбар хийж, гомдол гаргах билээ.
2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу сахилгын шийтгэл оногдуулсан тушаал гарсанаас хойш энэ талаараа надад танилцуулаагүй, мэдэгдээгүй ба танилцуулж, мэдэгдсэн талаарх нотлох баримт хэрэгт байдаггүй, танилцуулж, мэдэгдээгүй болох нь ч гэрч Б.С-ийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогддог.
Тухайн үед гарсан эхийн ноцтой хүндрэл нь эмэгтэйчүүдийн эмчийн ур чадвар, тухайн эмчийн үйл ажиллагаанаас хамааралтай ба эмнэлгийн байгууллагын удирдлага зохион байгуулалттай огт хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн эмчилгээнд хэрэглэгдвэл зохих эм тариа, багаж тоног төхөөрөмж, эмч мэргэжилтэн, асрагч сувилагч бүгд зохих журмын дагуу байсан ба кесерова хийсэн эмч Б.Бүдрагчаа савыг дутуу боосноос эхийг цус алдуулсан байдаг.
Эмнэлгийн удирдлага нь эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн, шуурхай, хүртээмжтэй явуулах удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авахаас эмч нэг бүрийн эмчилгээнд хөндлөнгөөс оролцож, хяналт тавих боломжгүй, эрх ч үгүй юм Харин ч эмчийн энэ асуудалд хяналт тавиад, эмчилгээтэй холбогдох зохион байгуулалтын ажил хийдэг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга байсаар байтал надад сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь ямар нэгэн ашиг сонирхол байсныг илтгэнэ.
Мөн эхийн ноцтой хүндрэл нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гарсан ба Эрүүл мэндийн газрын дарга нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан нь ч үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан ба уг үйл явдал нь илрээд байх зүйлгүй, нийтэд илэрхий байсан бөгөөд тухайн асуудлаас хойш 1 сарын дараа надад сахилгын шийтгэл оногдуулсан байгаа юм.
Иймд Б/15 дугаартай тушаалд холбогдох асуудалд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн, үнэн зөв үнэлж дүгнэхгүйгээр, хуулийг нягтлахгүйгээр, бодит байдлыг шалгаж тогтоохгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Миний бие нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх хуралд суугаагүй бөгөөд уг хурлаас ямар шийдвэр гарсан талаар мэдээгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим гэрчүүд намайг уг хуралд суусан гэж мэдүүлэг өгсөн байдаг ба би эдгээр хүмүүсийг хариуцагчийн хувийн болон албаны нөлөөнд орж худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх ч хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талууд харилцан адилгүй этгээдүүд гэдгийг харгалзаж үзээгүй нь харамсалтай. Өөрөөр хэлбэл миний нэхэмжлэлийн хариуцагч тал бол Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга бөгөөд энэ хүний албаны эрх хэмжээнд эрх зүйн акт, баримт бичгийг нөхөн үйлдэх, гарын үсэг зурах, мэдүүлэг өгөгч этгээдүүд /Завхан аймгийн болон Тосонцэнгэл сумын эрүүл мэндийн системийн бүх алба хаагчид удирдлаганд нь ажилладаг/-ийг өөрт ашигтай мэдүүлэг өгүүлэхээр дарамт шахалт, нөлөө үзүүлэх бүрэн боломж бий. Харин нэхэмжлэгч миний хувьд үнэн миний төлөө, өөрт байгаа баримтуудаа гаргаж, шүүхэд найдахаас өөр ямар ч боломж байхгүй юм.
Харин тухайн үед Эрүүл мэндийн газраас надад сахилгын шийтгэл оногдуулна гэж огт хэлээгүй, би мэдээгүй. Гэтэл надад 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан тушаал гаргасан байсныг сүүлд мэдсэн. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1/288 дугаартай албан бичгийг Цл аймгаас авчирсан байж магадгүй юм /надад Ц өгөөгүй, бичиг хэрэг танилцуулсан/, гэхдээ уг бичигт Д.Ч, Д, Л, Ц нарт сахилгын шийтгэл оногдуулах талаар байснаас Ц.О надад сахилгын шийтгэл оногдуулах талаар дурдагдаагүй байсан Гэтэл анхан шатны шүүх уг бичгийг авсан болохоор арга хэмжээ авагдахаа мэдэж байсан гэсэн нь илтэд нэг талыг барьсан, ямар ч хууль зүйн агуулга, логикгүй шийдвэр байна
2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаартай, миний эрх ашгийг хөндсөн тушаал гаргасан талаараа Эрүүл мэндийн газраас надад мэдэгдээгүй, танилцуулаагүй, миний эрхийг зөрчсөн байтал анхан шатны шүүх уг процедурыг хууль зүйн дагуу хийгдсэн ажиллагаа гэж үзсэн нь үндэслэлгүй учир гомдолтой байна
Засгийн газрын тогтоол нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гарсан байх ба уг тогтоол манай Нэгдсэн эмнэлэгт ирээгүй, танилцуулагдаагүй, дотоод журамд тусгагдаагүй байхад 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Х.Б нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ажилтан Л.Ж, Ц.Б гэх хүмүүсийн хамтаар ерөнхий эмчийн өрөөнд орж ирж нэгжлэг хийсэн бөгөөд миний шүүгээнд байсан /тухайн өдрийн 9 цаг өнгөрч байх үед Өвөрмонгол яваад ирсэн ажилтан Ж тасгийн хамт олондоо өгч байгаа юм, баяр ёслолоор бүгдэд нь амсуулаарай гээд өгсөн виски, архи 2-ыг няравтаа өгч амжаагүй байсан/-ыг олж гаргаж ирсэн.
Засгийн газраас 258 дугаартай тогтоол гарч байгаа талаар тухайн цаг хугацаанд телевизүүдээр л ярьж байснаас яг тийм тогтоол гарсан нь болон байгууллагууд хэзээнээс, ямар журмаар мөрдөж ажиллах талаар тодорхойгүй байсан, мөн нийтэд илэрхий болоогүй байсан. Одоо бол энэ тогтоол нийтэд илэрхий бөгөөд тухайн үед 10 гаруйхан хоногийн хугацаанд нийтэд илэрхий болох боломж ч байгаагүй. Би үнэхээр мэдээгүй байсан. Нийгэм нийтээрээ мэдэх боломжит хугацаа ч байгаагүй. Гэтэл шүүх тухайн үед нийтэд илэрхий болсон үйл баримт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Засгийн газрын 258 дугаар тогтоол Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн дотоод журамд тусгагдаагүй. Тогтоолын агуулга нь дотоод журамд тусгасны эцэст хариуцлага хүлээлгэх агуулгатай байсан.
Төрийн алба нь шат дараалсан тогтолцоотой бөгөөд төрийн байгууллагын алба хаагч нь дээрээс албан ёсоор бичгээр ирсэн тушаал шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохоос телевизороор үзээд ч юмуу, дам сонсоод биелүүлдэг зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл Засгийн газраас тогтоолоо харьяа яамдадаа, яамд нь харьяа газар хэлтсүүддээ, газар, хэлтсүүд нь харьяа салбар нэгжүүддээ үүрэг болгосноор тухайн тушаал шийдвэр хэрэгждэг журамтай. Тухайн үед Засгийн газраас ч, яамнаас ч, Эрүүл мэндийн газраас ч манай эмнэлэгт албан ёсоор уг тогтоолыг хэрэгжүүлэх талаар мэдэгдээгүй, албан ёсны баримт бичиг ирүүлээгүй байсан.
Хууль батлагдлаа гээд телевизороор ярьмагц, тэр хуулийг хэрэглэх талаар баримт ирээгүй байсан ч тэгж батлагдсан гээд тэр хуулиар шийддэг шүүгч байдаггүй байх, төрийн бусад алба яг ижил зарчмаар ажилладаг гэдгийг хэргийг шийдвэрлэсэн шүүгч нар мэддэггүй юмуу, эсхүл хэргээр нэг талд нь багтаагаад байгаа юмуу гэдэг нь энгийн иргэн хүн миний гайхамшгийг барж, шүүхийн байгууллагад гомдох гомдлыг нэмэгдүүлж байна.
Тэгээд ч тухайн архины гэх асуудалд надад 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр буюу зөрчлийг илрүүлсэн гэх цаг хугацаанаас хойш 2 сар 20 хоногийн дараа сахилгын шийтгэл оногдуулсан байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааны талаарх хөдөлмөрийн хуулийн зохицуулалтуудыг тоомсорлоогүй. Шүүгч хэргийг хуулийн дагуу шийддэг байтал гурвын гурван шүүгч шийдэж байж хуулиа хэрэглэхгүй, нэг талд үйлчилж, мушгин гуйвуулж, хуулиас давсан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.
2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан Ө.Т гэгч хүүхдийн эмэг эх н.Минжмаа нь тус эмнэлэгт тогоочийн ажил хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан хүн бөгөөд зээ хүүгийнх нь өвчин хүндэрч, амь насанд нь аюултай байдалд ормогц шат дараалсан байдлаар эмнэлэгт хандахгүйгээр, энэ л эмч тус болж магад гэдэг байдлаар шууд миний өрөөнд хүүхдээ аваад орж ирсэн. Хүүхэд маш хүндэрсэн байсан ба амь аврагдах боломж хомс байсан. Миний тухайд эмч хүнийхээ үүргийн дагуу хүүхдэд үзлэг хийгээд, хүүхдийн тасаг руу яаралтай аваачиж, эмчилгээ эхэлтэл 30 минут ч хүрэхгүй цаг хугацаанд нас барсан. Хариуцагч тал уг хүүхдэд трахеотоми буюу цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих эмчилгээ хийсэн бол уг хүүхэд амь аврагдах боломжтой байсан, уг эмчилгээг хүүхдийн эмч хийх ёстой бөгөөд тухайн үед эмнэлгийг хүүхдийн эмчгүй байлгаж, удирдлага зохион байгуулалтын алдаа гаргасан ерөнхий эмчийн буруу гэж тайлбарласныг шүүх нягталж, шалгахгүйгээр дээрх тайлбараар шийдвэрээ гаргасан
Угтаа бол тийм хүндрэлтэй хүүхдийг эхний ээлжинд амьсгалын аппаратанд оруулаад, өвчний хүндрэлийн шинж тэмдгийг багасгасны дараа мэс заслын эмч, чих хамар хоолойн эмч нар цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих эмчилгээг хийх ёстой байдаг. Тухайн үед цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих эмчилгээг хийх цаг хугацаа ч болоогүй ба аймгийн эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч А-ийн зөвлөснөөр амьсгалын аппаратанд оруулахаар сэхээний эмч дуудаад, сэхээний эмч ирж амжихаас өмнө хүүхэд нас барсан асуудал болсон.
Монгол улсын стандарт МNS 4621:2008 Эрүүл мэндийн технологи “Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд”-ийн 5.16-д “Цагаан хоолойг зүсэх /трахеотоми/ эмчилгээний талаар журамласан ба 5.16.6-д үйлдлийг гардан гүйцэтгэгч нь мэс заслын эмч, чих хамар хоолойн эмч байна гэж заасан.
2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн байдпаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын болон чих хамар хоолойн эмч орон тооны дагуу ажиллаж байсан ба хүүхэд нас барахад удирдлага зохион байгуулалтын болон эмчийн ямар нэгэн алдаа байгаагүй.
Дээрх үйл явдалд хэн нэгний буруутай асуудал байсан эсэхийг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллага, прокурорын газраас шалгасан ба эмч, эмнэлгийн байгууллагын буруутай үйлдэл тогтоогдоогүй.
Гэтэл шүүх холбогдох эрх зүйн актуудыг судлахгүйгээр, нотлох баримтуудыг шалгаж нягтлахгүйгээр, хэргийн аль нэг талын хэлсэн, тайлбарласныг шууд үнэн мэтээр дүгнэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Ер нь энэ асуудалд шүүх холбогдох эрх зүйн актуудыг судалж, бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийх нь зүйтэй буйзаа. Учир нь эмнэлгийн байгууллагад хүнд хүн ороод ирмэгц шууд хагалгаа хийдэг асуудал байхгүй бөгөөд эхлээд эмч үзнэ, дараа нь холбогдох эмчилгээ эхэлнэ, дараа нь холбогдох шинжилгээ авна, нарийн мэргэжлийн эмч нар үзэж зөвлөлдөөд эмчилгээ оношлогооны асуудлыг шийдвэрлэж, хагалгаанд оруулдаг. Одоо яригдаж буй үйл явдлын хувьд цаг хугацааны хувьд ямар ч боломж байгаагүй.
Ерөнхий эмчийн сонгон шалгаруулалтанд орж 1 дүгээр байрт орсон учир Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс намайг ерөнхий эмчээр томилуулахаар Эрүүл мэндийн газарт албан бичиг хүргүүлсний дагуу Эрүүл мэндийн газрын дарга томилсон. Томилсоныхоо дараа надад ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй, надтай үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүрэг хэвийн явуулж байхад хамт олны өмнө үг хэлээр доромжлох, дарамтлах зэргээр ажлын байрны дарамтыг байнга үзүүлж байсан.
Ажилд томилогдсоноосоо хойш ажлын байрны тодорхойлолтыг маань гаргаад өгөөч, хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээгээ байгуулъя гэж шаардсан боловч ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй, гэрээнүүдийг байгуулаагүй.
Ажлын байрны тодорхойлолт гэж огт гараагүй байхад анхан шатны шүүх ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн тухайн ажил үүрэгтэй холбогдуулан Эрүүл мэндийн газар надтай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулаагүй байхад шүүх хөндлөнгийн байх байр сууриа алдаж, ажил үүрэг гүйцэтгэхийг болон үр дүн шаардсан агуулга бүхий шийдвэр гаргасан нь илтэд нэг талыг барьсан, хуульд нийцэхгүй шийдвэр болсон байна
Миний тухайд шүүхэд хандахдаа Эрүүл мэндийн газрын даргын Б/15, Б/28 дугаартай тушаалуудыг гаргахдаа миний буруугүй үйлдэлд үндэслэлгүй тушаал гаргалаа, тушаал гаргахдаа хуульд заасан эрхийг маань эдлүүлээгүй тул хүчингүй болгоод өгөөч гэж, мөн Б/49 дүгээртэй тушаалыг гаргахдаа анх өгсөн мэдэгдлээсээ өөр байдлаар тушаал гаргалаа, бодит байдлыг нягталж, шалгахгүйгээр, дүрэм журмаар зохицуулсан зохицуулалтуудыг буруу тайлбарлаж, хуульд заасан хөдөлмөрлөх эрхтэй холбогдох заалтуудыг зөрчсөн учир хүчингүй болгоод өгөөч гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан.
Гэтэл анхан шатны шүүх нь миний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх тушаалуудын хууль зүйн үндэслэлийг шалгахын оронд миний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь шүүхэд итгэх иргэн миний итгэлийг алдагдуулж байна.
Шүүхийн хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаанаас болж миний бие нь бүтэн 1 жилийн хугацаанд сэтгэл санаа, эд материалын маш их хохирол хүлээж байгаа учир Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “... Шүүх болсон явдалд анхаарал хандуулж байгаа бол үнэхээр болсон явдалдаа тохирох арга хэмжээ авахдаа хуулийн хүрээнд хуулийн аливаа зөрчилгүй арга хэмжээ авсан байна уу гэдгийг заавал нягталж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж шийдвэрлэх ёстой6 Миний үйлчлүүлэгч үнэн худал нь мэдэгдэхгүй болсон үйл явдлын тухай гомдол гаргаагүй ба зөвхөн маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх тухай гомдол гаргасан ба гэм буруутай эсэхээ тогтоолгох гомдол гаргаагүй.
Тус хэрэг өмнө Улсын дээд шүүхээр хэлэлцэгдэж байсан бөгөөд дээд шүүхээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг тодруулах хэрэгтэй гэж үзсэн, гэтэл анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлийн талаар тодорхой дүгнэлт хийгээгүй нь анхаарал татаж байна.
Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд актыг бичгээр гаргах тухай хуульчилж өгсөн бөгөөд тус хуулийн 40.2.1-д заасан шаардлагыг маргаан бүхий захиргааны акт нь хангаагүй, өөрөөр хэлбэл хаяг байхгүй. Тус хуулийн 40.2.3-д зааснаар актыг гаргах бодит нөхцөл байдлыг тусгахаар зааж өгсөн боловч тусгаагүй, энэ заалтын шаардлагыг хангаагүй учраас хариуцагчийн зүгээс үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон үндэслэлийг заасан тайлбар гаргасан, уг үндэслэлүүдээ бүгдийг нь үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа ба энэ нь актыг тодорхойгүй байдалд маргах нөхцөлийг бүрдүүлж, хууль зөрчсөн.
Мөн хуулийн 40.2.2-т зааснаар заасан акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол хаяг, холбоо барих мэдээллийг тусгахаар хуульчилж өгсөн энэ заалтад заасан шаардлагьн хангаагүй.
Мөн хуулийн 40.2.5-д зааснаар актыг хүлээн зөвшөөрөхгүй бол хэнд хэзээ гомдол гаргах талаар тодорхой зааж өгөх ёстой уг заалтыг хэрэгжээгүй. Мөн тус хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагаа огт явуулалгүй ажлаас халах тушаал гаргасан.
Ажлаас халах тухай тушаалд Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн барьсан ба тус заалтыг үзвэл уг тушаалыг гаргахдаа тухайн шатны засаг даргатай зөвшилцөөгүй, миний үйлчлуүлэгчийн ажиллаж байсан газар бол нэгдсэн эмнэлгийн статустай байгууллага юм. Гэтэл уг заалтыг үндэслэж байгаа нь хэр зэрэг үндэслэлтэй вэ гэдэгт ямар нэг байдлаар дүгнэлт өгөөгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч сахилгын зоөрчлийг давтан гаргасан, гэж халсан гэх тайлбар өгсөн боловч өмгөөлөгч нь хоёуланг нь гаргасан гэж гайлбарласан. Гэтэл тушаалдаа яг ямар зөрчил гаргасан талаар огт дурдаагүй. Мөн гэрээг шууд цуцлах ямар ноцтой зөрчил гаргасан талаар огт дурдаагүй, мөн дээрээс нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй байхад гэрээнд заасан ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй. Мөн ажлаас халах тухай мэдэгдэл өгөхдөө тус хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр гэж мэдэгдээд тушаал гаргахдаа огт өөр үндэслэлээр гарсан. Сахилгын зөрчил гэж үүнийг хэлнэ гэсэн зүйлээ ажил олгогч тодорхойлоогүй байж хүнийг зөрчил гаргасан, мөн ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж гэрээг шууд зогсоох зөрчил гаргасан гэж тодорхойлоод байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заалтыг баримтласан тус хуулийн 131 дүгээр зүйлд /Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна/ гэж зааснаас үзэхэд тус хуулийн хөдөлмөрийн гэрээ эсхүл хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн байхыг шаардаж байгаа. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байхгүй, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзэж байгаа бол маргаан бүхий тушаалд хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн галаар огт, ямар ч үндэслэл тусгаагүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй, энэ нь ажилтны эрх ашгийг хамгаалсан хуулийн заалт юм. Энэ заалтыг ажил олгогчийн зүгээс хэрэглэх гэж байгаа бол заавал хөдөлмөрийн гэрээтэй байх ёстой. Мөн ажил олгогч хуулийг дагаж биелүүлэх ёстой гэдгийг илэрхийлж байгаа хэрэг юм. Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн бол үүнийгээ тушаалдаа тодорхой зааж өгөх ёстой. Тодорхойгүй нөхцөл байдал дээр маргаан үүсэхэд бүгдийг нь хэрэглэсэн юм гэж маргах нь тайлбар төдий бөгөөд хууль зүйн ач холбогдолгүй юм.
Мөн тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3 дугаар зүйлийг хэрэглэсэн, уг заалтаас үзэхэд миний үйлчлүүлэгчийн ямар үйлдэл нь хамааралтай болох талаар тушаалд огт тусгаагүй, хэрэгт иргэний шүүхийн шийдвэрүүд гаргаж өгсөн бөгөөд уг шийдвэрүүд хэрэгт ямар байдлаар хамаарагдаж байгаа нь ойлгомжгүй, хохирол учруулсан бол шүүхээр тогтоолгон асуудалд хандах байтал, ямар ч тийм зүйл байхгүй.
Иймд 2020 оны 01 сарын 09 ний өдрийн Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, иргэн Ц.Осоржаамааг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн маргаж буй Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Эхийн ноцтой хүндрэл гарсантай холбоотойгоор Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Ц.О-ийн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах шийтгэл, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар хүүхдийн эндэгдэл гарсантай холбоотойгоор сануулах шийтгэл, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар мөн хүүхдийн эндэгдэл дахин гарсантай холбоотойгоор ажлаас нь халжээ.
Дээрх тушаалуудыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2-т заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсныг анхан шатны шүүх Ц.Ог эмчийнх нь хувьд биш харин эмнэлгийн Ерөнхий эмч буюу байгууллагын даргын хувьд тухайн эмнэлгийг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлж, мэргэжил арга зүйгээр удирдаж чадаагүйд нь хариуцлага ногдлуулсан гэж үзэж, тухайн тушаалуудыг хүчингүй болгуулах талаарх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... тухайн эмчилгээг хийсэн эмч нарын буруутай үйл ажиллагаа учраас арга хэмжээ эмч нарт нь авсан, 4 настай хүүхдийн хувь тусламж үзүүлэх ямарч арга байгаагүй, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас эмч, эмнэлгийн ажилтны буруутгаагүй, ... сонгон шалгаруулалтад орж нэгдүгээр байр эзэлж томилогдсоноос хойш үр дүнгийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй байхад ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэж ... шүүх хөндлөнгийн байр сууриа алдаж хэт нэг талыг барьж хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан гэжээ.
Ц.О нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.2-т “Удирдах албан тушаалд томилогдох ажилтанд Төсвийн тухай хуулийн 16.4.1-16.4.17-д зааснаас бусад ... эрүүл мэнд, биеийн тамир, спортын зэрэг албан тушаалтнуудыг хамааруулан ойлгоно” гэж зааснаар Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад орж томилогдон ажиллажээ.
Нэхэмжлэгч нь уг журмын 1.3-д “Төрийн албаны тухай хуулийн 10.1, 10.5-д заасан болон тухайн албан тушаал (ажлын байрны тодорхойлолтод заасан)-ын шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай удирдах ажилтныг сонгон шалгаруулахад энэхүү журмын зорилго оршино” гэж зааснаас үзвэл анхнаасаа тухайн Нэгдсэн эмнэлгийн зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь өндөр түвшинд удирдах үүргээ ухамсарлаж шалгаруулалтад орж томилогджээ.
Хэдийгээр түүнийг томилогдсоноос хойш үр дүнгийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй нь холбогдох албан тушаалтны буруу боловч энэ үндэслэлээр байгууллагын даргын хувьд хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
Тухайлбал, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч нь эмчийн хувьд Эрүүл мэндийн тухай болон Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасан үүргээс гадна байгууллагын даргын хувьд Төсвийн тухай хуулийн 16.1-д “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна”, 16.4.Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: ... 16.4.18.төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” гэж зааснаар төсвийн байгууллагын байгууллагын дарга буюу төсвийн шууд захирагч байна.
Ерөнхий эмч Ц.О нь мөн хуулийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 16.5.1.төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах; ... 16.5.4.төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх” гэж тус тус заасны дагуу Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үр дүнг дээшлүүлэх үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгчийн “... тухайн эхэд кесерово хагалгаа хийсэн эмчийн буруу, эмчилгээ эрхэлсэн орлогч хариуцах ёстой, ... тухайн үед хүүхдийн эмч ажлаасаа гараад дараагийн эмчийг томилох гэтэл 5 дахь өдөр тог тасарсан байсан, мэс заслын болон чих хамар хоолойн эмчийн орон тоо дутуу ажиллаж байсан. ... хүүхдийн аврах цаг хугацаа байгаагүйгээс дуудсан эмчийг ирэхээс өмнө нас барсан. ... эмч, эмнэлгийн байгууллагын буруу биш байхад зориуд надад арга хэмжээ авсан ...” гэх тайлбар, тухайн асуудал гарах бүрт магадлан хэлэлцсэн хурлын тэмдэглэлүүд, хэрэгт авагдсан бусад баримтаас үзэхэд эхний алдаанаас сургамж авч дараа дараагийн алдаанаас сэргийлж чадаагүй, хүний нөөц, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ аваагүйгээс тухайн эмнэлэгт 2018 онд 1 жилийн дотор эхийн ноцтой хүндрэл, хүүхдийн эндэгдэл удаа дараа гарсныг эмнэлгийн даргын хувьд зохион байгуулах чиг үүргээ гүйцэтгэж чадаагүй гэж үзэж арга хэмжээ авсныг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “... сахилгын ямар ноцтой зөрчил гаргасныг дурдаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3-г хэрэглэх боломжгүй ...” гэжээ.
Хариуцагчийн гаргасан дээрх тушаалуудад эхийн ноцтой хүндрэл, хүүхдийн эндэгдлийн талаарх магадлан хэлэлцэх хурлын шийдвэрийг үндэслэснээ дурдсан, мөн нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар эдгээр нөхцөл байдал нь тогтоогдож байх тул ямар зөрчилд арга хэмжээ авсан нь тодорхойгүй гэж үзэхээргүй байна.
Мөн дээр дурдсан байгууллагын дарга буюу төсвийн шууд захирагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны хувьд Төсвийн тухай хуульд заасан байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, үр дүнг дээшлүүлэхээр заасныг зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Төрийн албаны тухай хуульд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд авах арга хэмжээ, хариуцлагыг зохицуулаагүй, харин мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4-т зааснаар энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасны дагуу хэрэглэх боломжтой.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т ажилтан ур чадвар ...ын хувьд албан тушаалд тэнцэхгүй бол шууд хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгохоор заасан боловч хариуцагч нь Б/15, Б/28 дугаар тушаалыг гаргахдаа энэ зохицуулалтыг хэрэглэлгүй, 131.1.1, 131.1.2-т зааснаар сануулах, цалинг 20 хувиар бууруулах зэргээр арга хэмжээ авч байсныг нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээргүй байна.
Үр дүнгийн гэрээгүй, хөдөлмөрийн гэрээгүй, ажлын байрны тодорхойлолтгүй боловч тухайн албан тушаалд томилогдон цалин хөлсөө авах эрх эдэлж байсан тул дээрх хууль тогтоомжид заасны дагуу байгууллагын даргын чиг үүргээ гүйцэтгээгүйд үүрэг, хариуцлага хүлээх нь зүй ёсны асуудал юм.
Мөн давж заалдах гомдолд “сонсох ажиллагаа хийгээгүй” гэх боловч 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Эрүүл мэндийн газрын даргаас “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т зааснаар халах болсныг мэдэгдсэн байна.
Маргаан бүхий тушаалуудын үндэслэл болсон эхийн ноцтой хүндрэл, хүүхдийн эндэгдэл удаа дараа гарч байсан учраас Ерөнхий эмчийн хувьд эмнэлгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргээ хангалттай гүйцэтгээгүй нөхцөл байдлыг үгүйсгэх боломжгүй байх тул “мэдэгдэх, сонсгох ажиллагааг зохих журмаар явуулаагүй” гэх давж заалдах гомдлыг хангаж, тушаалуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.