Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1738

 

   “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/05511 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 160 797 ам доллар, зардалд 20 560 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХХ,

хариуцагч ХХ, түүний өмгөөлөгч ХХХХХ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Иргэн ХХ, ХХХ нар нь 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хны Сүхбаатар салбараас ЗГ12/168 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 200 000 ам долларыг сарын 1,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 58 875.67 ам доллар, нийт 138 316.52 ам долларын төлбөр төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2015 оны 11 дүгээр сарын 10, 2015 оны 11 дүгээр сарын 23, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд зээл төлөх, зээлийг буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй 214 хоног хугацаа хэтрээд байна. Иймд банкны зүгээс дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

  1. 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ12/68 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,
  2. Үндсэн зээлийн үлдэгдэл 289 134 116,06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 27 612 567,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 481 547,60 төгрөг, баталгаат шуудангийн төлбөр 3 960 төгрөг, нотариатын төлбөр 16 600 төгрөг, нийт 317 248 790,88 төгрөг,
  3. Улсын тэмдэгтийн хураамжинд 1 744 194 төгрөг,
  4. Хариуцагч зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

       Нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн дүнг багасгаж, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дүнг нэмэгдүүлж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 141 236 ам доллараас 111.67 ам долларыг хасч, 141 124.33 ам доллар болгох, 13 488.16 ам долларыг 5 859.83 ам доллараар нэмэгдүүлж 19 347.99 ам доллар болгох, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 235.22 ам долларыг 89.44 ам доллараар нэмэгдүүлж 324.66 ам доллар болгож нийт 154 959.38 ам долларыг 5 838 ам доллараар нэмэгдүүлж 160 797 ам доллар гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ХХ, ХХХ нарын шүүхэд гаргасан тайлбарт:

2012 оны 12 сард 280 000 000 төгрөг буюу 200 000 ам долларыг 1 ам доллар 1 400 төгрөг орчим байсан үед гэрээ байгуулан зээлж авсан. 2012 оны 12 дугаар сараас 2015 оны 9 cap хүртэл 280 000 000 төгрөг буюу 140 000 ам долларыг cap бүр 6 500 000-aac 9 000 000 орчим төгрөгийг байнга төлж гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Монгол Улсад нүүрлэсэн эдийн засгийн хямралаас үүдэлтэй долларын гэнэтийн өсөлт бидний зээлийн эргэн төлөлт болон үйл ажиллагаанд маш хүндээр нөлөөлсөн. Гэтэл Х нэхэмжлэлдээ 280 000 000 төгрөг буюу 140 000 ам долларыг хүү, алдангийн хамт 317 248 790 төгрөгт шилжүүлэн нэхэмжилжээ. Уг нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бид удаа дараалан Хны удирдлагад хүсэлт гарган уг зээлийг тодорхой дүн график дээр тохирон төлье гэсэн боловч өнөөг хүртэл хариу байхгүй өдийг хүрч, шүүхэд өгсөн байна. Энэхүү зээлийг Иргэний хуулийн 218.1-д заасны дагуу тухайн гэрээ байгуулсан өдрийн ханшаар гэрээний хугацаандаа төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул шүүх хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Зээлийн гэрээний хугацаа бол дуусаагүй байгаа. Авсан зээлээ графикийн дагуу 2015 оны 8 дугаар cap хүртэл төлсөн. Үндсэн зээл болон хүүнд тооцож нийтдээ 280 000 000 төгрөгийг төлсөн. Эдийн засгийн хямрал, ам долларын ханшны өсөлтөөс долларын зээлээ төлж чадахгүйд хүрсэн ба энэ тухай банкинд удаа дараа хандаж гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд 100 000 000 төгрөг төлж барагдуулан гэрээгээ хугацаанд нь дуусгая гэсэн боловч банк хүлээн авахгүй өдийг хүрсэн. Миний бие эхнэр, бага насны 3 хүүхэдтэй бөгөөд хамтран зээлдэгч маань гэр бүлийн минь хүн байгаа учир эдийн засгийн хямрал, долларын ханшны зөрүүгээс үнэхээр их алдагдалд орж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд хандаж зээлээ төлж чадахгүйд хүрч байгаа талаараа дэлгэрэнгүй дурьдаж бодит байдалдаа тулгуурлан судалгаа хийлгэхэд надад тус байгууллагаас "Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ"-г олгосон. Ер нь бол анх төгрөгөөр зээл авах хүсэлтэй байсан харин банк валютаар л зээл олгоно гэж мөнгөний хэрэгцээ их байгааг минь далимдуулсан учир арга буюу долларын зээл авсан. Цаашдаа ч зээл болон хүүг доллараар төлж чадахгүй учраас зээлийн гэрээг цуцлахыг зөвшөөрч байна. Харин зээл төлөхөөс санаатай зайлсхийгээгүй учир харгалзан үзэж шүүх Хны нэхэмжлэлээс зээлийн хүү 19 347 99 ам доллар болон нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилж буй 324 66 ам долларын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн зээлийн үнийн дүнгээс зарим хэсгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэг, 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасныг баримтлан "Х" ХХК болон иргэн ХХ, ХХХ нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ХХ, ХХХ нараас 329 439 285 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 560 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №БГ 12/168 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалсан ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХХХХХХХХХ байр, ХХ тоот хаягтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /гэрчилгээний дугаар ХХХХХХ, ХХХХХХХХХХ дугаар бүхий/, ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол /16051/, ХХХХХХХХХХХ тоот хаягтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /гэрчилгээний дугаар ХХХХХХ, ХХХХХХХХ/, 77 000 579 төгрөгийн үнэ бүхий бизнесийн бараа материал, 3 460 000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил, 8 000 000 төгрөгийн үнэ бүхий "Харцад" караоке баарны тоног төхөөрөмж, тавилга зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 944 294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ХХ, ХХХ нараас 1 939 744 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХ болон түүний өмгөөлөгч ХХХХХ нар давж заалдах гомдолдоо: Шүүх “хариуцагч нар гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдуулан хугацаанаас нь өмнө цуцлах эрх хэрэгжүүлэх нь хуульд нийцнэ" гэж дүгнээд зөвхөн талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээг цуцалсан.

Гэтэл бид санаатайгаар төлбөрөө төлөхгүй байдлыг гаргаагүй. Хямралын байдал, ам долларын ханшны эрс өсөлт зэргээс төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрсэн ба энэ талаар нотолгоо болгон "Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ" гаргуулан шүүхэд өгсөн боловч шүүх энэ байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Мөн шүүх зээлийн гэрээ байгуулагдсан өдөр хамт байгүулагдсан БГ12/168 тоот барьцааны гэрээг цуцлаагүй. Үндсэн гэрээ цуцлагдсан бол түүнийг үндэслэж бий болсон гэрээ давхар цуцлагдах ёстой гэж үзэж байна.

Зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй байхад банк нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй ханшийн зөрүүгээр нэмэгдсэн төлбөрийг төлүүлэхээр улайран дарамталж байснаар зохигчдын хооронд маргаан үүссэн байхад маргааныг тал бүрээс нь нягтлан бодит байдалд дүгнэлт хийлгүйгээр шууд банкны талд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээг цуцласан тохиолдолд барьцааны гэрээ ч мөн цуцлагдана гэж үзэж байна. Учир нь банкинд бид 280 000 000 төгрөг төлсөн байгаа тул барьцаа хөрөнгөө өөрсдөө захиран зарцуулж үлдэх төлбөрөө төлөх бодолтойгоор аргаа барж зээлийн гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх энэ зөвшөөрлийг ч үл ойшоон нэхэмжлэгчийн талд үйлчилж хүчээр цуцалж байгаа мэт байдлыг гаргаж байгаа нь тодруулбал хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгааг хуульд зааснаар шийдвэрлээгүй алдаа гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуралдаан шийдвэрээ гаргахаар завсарлаад эргэн ороход шүүгч шийдвэрийн тогтоох хэсгийг хэлэхдээ шууд төлбөр гаргуулахаар уншсан ба өмгөөлөгчийн зүгээс гэрээ цуцласан эсэх талаар лавлахад энэ талаар тогтоох хэсэгт бичихгүй гэж хэлсэн. Мөн барьцаа хөрөнгөөс гаргуулахаар тогтоох хэсгийг уншихдаа зөвхөн хоёр үл хөдлөх хөрөнгийг л уншсан. Гэтэл шийдвэрээ бичгэн хэлбэрээр гаргахдаа нэхэмжлэгчийн хүсээгүй барьцаа хөрөнгүүдийн талаар яриа ч үгүй байхад шүүх нэмж бичгээр шийдвэр гаргахдаа шийдвэрлэсэн нь шүүгч нэг талд үйлчилж эрх ашгийг нь хамгаалсан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

Хариуцагч нарын зүгээс төлбөр төлсөн байдлаа харгалзуулан барьцаа хөрөнгийн зарим болох үл хөдлөх хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлэх буюу төлбөр төлөхөд тооцуулахгүй байлгах, эдийн засгийн хямралын байдлыг харгалзан төлбөрийг багасгах хүсэлттэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

             Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК гэрээ цуцалж, зээл, зээлийн хүүд 160 797 ам доллар, зардалд 20 560 төгрөг гаргуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч ХХ, ХХХ нар эс зөвшөөрсөн маргааныг шүүх шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ. 

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох нь тодорхойгүй байна.

 

Хэргийн 34-39 дүгээр тал дахь “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэргүүдээс үзвэл тус банкийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Норихико Като байх бөгөөд уг этгээдийн итгэмжлэлээр шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах явцад тус банкны гүйцэтгэх захирал гэх

ХХХХХХ-ийн итгэмжлэлээр томилогдсон ХХХХ өмнөх 317 248 790 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөрчлөн нэмэгдүүлж, 160 797 ам доллар гаргуулахаар шаардсан байна.

 

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гүйцэтгэх захирал Норихико Като-гийн компанийг төлөөлөх эрх Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болсон эсэх тодорхойгүй байхын зэрэгцээ ХХХХХХ гэгч нь өөрийн бүрэн эрхийг гэрчилсэн баримтыг ирүүлээгүй, түүний мэддэг хэл дээрх итгэмжлэлийн хувь хэрэгт байхгүй, төлөөлүүлэгч нь итгэмжлэлийн агуулгыг ойлгосон эсэх нь тодорхой бус байхад шүүх эдгээрийг тодруулалгүйгээр хэргийг нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээнд шийдвэрлэжээ.  

 

            Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгөөгүй, энэ  алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

  

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/05511 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХ, өмгөөлөгч ХХХХХ нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 805 146 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ТУЯА                                              

                                                             ШҮҮГЧИД                              А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                          

                                                                                                          А.МӨНХЗУЛ