Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 587

 

                              

 

 

 

 

 

 

2019        07          18                                    2019/ШЦТ/587

 

     

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч Э.Бадрал, /томилолтоор/

шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ганболдын Сарантуяад холбогдох эрүүгийн 1911000000356 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, ээж, охины хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 3-49 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 322 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 127 дугаар зүйлийн 2-д зааснаар бүгд 3 жил хорих ялаар шийтгэгдэж, 2002 оны 8 дугаар сарын 7-ны өдөр шүүгчийн захирамжаар 1 жил 5 cap 15 хоногийн өмнө тэнсэн суллагдсан Боржигон овогт Ганболдын С.РД:.............

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.С нь 2019 оны 3 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандухай зочид буудалд хонох үедээ хамт явсан иргэн Б.Мөнхтуяа, Х.Хатанбаатар нарын “Самсунг Эс-7” загварын хоёр ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч нийт 700.000 төгрөгийн хохирол,

- 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын их дэлгүүрийн 2 давхарт байрлах ноолууран хувцас зардаг тасгаас эмэгтэй хүний 2 ширхэг ноолууран цамцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 390.000 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Г.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мөнгөн завъяагийн урд талд байрлах нүхэн гарцан дотор орж Одноо, Болороо нартай архи ууж байгаад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Мандухай зочид буудал руу бүгдээрээ очсон. Тэгээд хэсэг архи ууж сууж байгаад Мөнхтуяа гэх хүний гар утсыг гуйсан чинь нөхөр нь гэх танихгүй хүн “миний утас үнэгүй” гэхээр нь “тэгвэл та надад гар утсаа өгчих" гэж хэлээд Мөнхтуяагийн нөхрийн гар утсаар Алтангэрэл рүү ярьж байгаа газраа хэлсэн. “... Би сандал дээр суугаад зүүрмэглэж байсан чинь хаалга дуугарах чимээ гарсан. Сэрээд харсан чинь зочид буудлын ресепшин Алтангэрэлийг дагуулчихсан орж ирсэн. Тэгээд би Алтангэрэлийг дагаад гараад явсан. Тэгээд гадаа гараад Алтангэрэлтэй муудалцаад би зугтаж байгаад төв зам дээрээс такси бариад 3, 4-р хорооллын тийшээ нэг буудлын гадаа очоод таксины мөнгөө төлөх гэсэн чинь мөнгө байхгүй байсан учраас хулгайлж авсан гар утасныхаа 1 ширхэгийг нь таксины жолоочид өгөөд 50.000 төгрөг авч буудалд хоноод өглөө буудлаас гарч ирээд Бөмбөгөр худалдааны төв дээр архи ууж явж байгаад нөгөө гар утсыг нь гээчихсэн байсан, “...Мөнхтуяагийн нөхрийн гар утсыг ярьж байгаад эргүүлж өгөөд дэрэн доороо хийж байгааг нь хараад хулгайлж авсан ...” /хх-ийн 36-39х/,

Хохирогч Б.Мөнхтуяа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Ажлаасаа гараад би түрүүлж дэлгүүр яваад ирье гээд салж явсан. Дэлгүүр орчихоод Манхухай зочид буудал руу ирэх үед манай ажлын газрын хүмүүстэй өөр нэг хүн байсан. Тэр хүн нь миний зүс таних Сарнай байсан. Уг зочид буудалдаа 1 шил 0,75 грамм хэмжээтэй “Хараа” нэртэй архи хувааж уусан. Би ядраад унтаад өгсөн байсан. Бид нартай хамт манай нөхөр Хатанбаатар хамт байсан. Сарнай гэх хүн юнителийн дугаар руу залгаж ярья гэхээр нь манай нөхөр Хатанбаатар миний утас үнэгүй ярьдаг байсан учраас өгч яриулсан байсан. Би Сарнайг хэзээ явсан гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг унтаж байх үед манай нөхөр гар утас чинь хаана байна гэхээр нь би дэрэн доор байгаа гээд гаргаж ирэх гэхэд байхгүй байсан. Тэгээд миний гар утасны гэр нь газар байсан. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандсан. “... Миний өөрийн “Самсунг эс-7” загварын гар утас болон нөхрийн “Самсунг эс-7” загварын 2 гар утас алдагдсан. “...Би өөрийн гар утсаа 2018 оны 12 дугаар сард Монтел худалдааны төвөөс 350.000 төгрөгөөр худалдан авч байсан. Манай нөхөр намайг гар утас худалдан авсан өдрийн маргааш нь яг ижил утас 350.000 төгрөгөөр худалдан авсан. Сэжиглэж байгаа хүн Сарнай. Өөр сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-14х/,

Хохирогч Х.Хатанбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ТҮЦ-нд архи уугаад сууж байсан чинь гаднаас зүс харж байгаагүй эмэгтэй орж ирээд хамт жаахан ууж байгаад нөгөө эмэгтэйд мөнгө өгч нэг шил архинд явуулж нөгөө архиа уучихаад бид нар зочид буудалд орж уухаар Мандухай зочид буудал руу явцгаасан. Явах үед гаднаас орж ирсэн. Сарантуяа гэх эмэгтэй дагаад явж байсан. Бид нар гаднаас ганц нэг шил архи аваад буудал руу орсон буудалд ороод архи уугаад сууж байсан чинь Сарантуяа гэх эмэгтэй ахаа гар утсаа өгөөч гэхээр нь гар утсаа өгөөд яриулж байсан чинь их удаан яриад байхаар нь би утсаа аваад эхнэр Мөнхтуяагийн утас юнителийн дугаарлуу үнэгүй ярьдаг болохоор нь түүнд өгч яриулсан. Тэгээд бид архи ууж дуусгаад нөгөө Сарантуяа гэх эмэгтэйгээс 2 гар утсаа аваад дэрэн доогуураа хийгээд хэвтэж байсан чинь унтсан байсан. Нэг сэрсэн чинь эрэгтэй хүний дуу гараад харсан чинь Сарантуяагийн нөхөр гэсэн нэг эрэгтэй үүдэнд зогсож байгаад эхнэртэйгээ гараад явсан. Гараад явсных нь дараа гэрлээ унтраах гээд бостол эхнэр бид 2 ын гар утасны гэр шал дээр байж байхаар нь гайхаад дэрэн доогуураа утсаа үзтэл алга болчихсон байсан. Тэгээд би эхнэрийн болон өөрийнхөө гар утас руу залгасан холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,

Гэрч Х.Болормаа  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...гаднаас буудлын үйлчлэгч өндөр нуруутай хар царайтай залуу дагуулж орж ирсэн ба буудлын үйлчлэгч залуу хэлэхдээ энэ залуу Сарантуяатай уулзах гэж байгаа юм байна гэсэн. Тэр даруй Сарантуяа ч гараад явсан. Сарантуяаг гараад явсны дараа Мөнхтуяа, Хадаа нар бид хоёрын гар утас алга болчихсон байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

Гэрч Г.Өлзийжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Мандухай зочид буудалд ресепшний үүрэг гүйцэтгэж хонож ажилласан. “...01 цагийн үед Алтангэрэл гэж танилцуулсан бор царайтай залуу орж ирээд манай эхнэр Сарнай танай зочид буудлын 1 дугаартай өрөөнд байгаа гэж байна гэж хэлээд орж ирэхээр нь би оруулалгүй хүлээлгэж байгаад бүртгэлээ шүүж үзээд 12-1 тоот өрөөнд орсон эмэгтэй байна гэж бодоод дээш өрөө рүү нь ортол бүх хүмүүс унтаж байсан ба Сарнай гэх хүүхэн сандал дээр суугаагаараа зүүрмэглэж байсан. Мөн гартаа “Самсунг” маркийн гар утас барьсан байсан. Тэгээд нөгөө хүүхнийг татаад нөхөр чинь гадаа ирсэн байна, чамайг дуудаад байна гэж хэлээд зогсож байсан чинь араас Алтангэрэл гэх залуу орж ирээд нөгөө хүүхнийг дагуулаад гарсан. “...Алтангэрэлийг өрөө рүү ороод гарах хүртэл харж байсан учраас өрөөнд ороод ямар нэгэн үйлдэл хийлгүй зогсож байгаад гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20х/

Шүүгдэгч Г.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улсын их дэлгүүрийн хажууд архи уучихсан явж байсан. Тэгээд дахин нэмж архи уумаар санагдаад мөнгө олдохгүй болохоор нь Улсын их дэлгүүр рүү орж 2 дугаар давхарт гараад Некст гэх дэлгүүр рүү орсон. Тус дэлгүүрт ноолууран хувцас зардаг байсан ба ямар нэгэн худалдагчийн хяналт байхгүй байхаар нь лангууг тойрч явж байгаад нэг лангуун дээрээс эмэгтэй хүний 2 ширхэг ноолууран цамц хулгайлж аваад өмсөж явсан куртикнийхээ энгэрийн дотор хийж нуугаад хулгайлан гарсан. Гарч ирээд хулгайлсан цамцнуудаа гудамжинд явж байсан хүнд хямд зараад архи авч уусан...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 106-107х/,

Хохирогч А.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүрийн 2 давхарт байрлах “Баялаг Өлзий” ХХК-ний ноолууран эдлэл зардаг тасагт худалдааны зөвлөхөөр ажилладаг бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өглөө ажил дээрээ ирээд тооллогоо хийсэн чинь тасгийн баруун талын тавиур дээр байсан эмэгтэй хүний 2 ширхэг ноолууран цамц байхгүй байсан. Тэгээд их дэлгүүрийн хамгаалалтын өрөөнд ороод хяналтын камер шүүж үзэхэд бор өнгийн куртка өмссөн 30 гаруй насны эмэгтэй хүн авч байгаа бичлэг байсан. Тэгээд хамгаалалтын ажилтан нараас асуухад өмнө нь манай дэлгүүрээс хулгай хийж байгаад баригдаж байсан Сарантуяа гэдэг хүн байна гэж хэлсэн. “...Бор шаргал өнгөтэй, нөгөө нэг нь усан цэнхэр өнгийн 2 ширхэг цамц байсан. Нэг бүрийн үнэ нь 195.000 төгрөгийн үнэтэй. Нийлүүлээд 390.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71х-72х/

Эд мөрийн баримтаар хураасан дискенд үзлэг хийсэн “...Бичлэгийн 00:11 секундэд дэлгэцийн баруун дээд булан хэсэгт байрлах эмэгтэй хүний зурагтай баганы араас бор өнгийн куртка өмссөн эмэгтэй хүн орж ирж байна. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн тоглуулахад дэлгэцийн голд дээд хэсэгт 00:15 секундэд бор өнгийн хувцастай эмэгтэй хүн лангуун дээрээс ямар нэгэн зүйл авч байх ба 00:18 секундэд энгэрлүүгээ ямар нэгэн зүйл хийгээд цаашаа алхаж байна. Бичлэгийг цааш үргэлжүүлэн тоглуулахад бор өнгийн куртка, хар өнгийн өмд, хар цүнх үүрсэн эмэгтэй хүн дэлгэцний зүүн доод хэсэгт байрлах шилэн лангууны хажуугаар гараад явж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 68-69х/,

Эд зүйлийн үнэлгээ “2018 оны 12 дугаар сард худалдаж авсан Самсунг Эс-7 загварын 2 ширхэг гар утас 700.000 төгрөг” гэх /хх-ийн 23х/, “2019.04.05 эд зүйлийн үнэлгээ ноолууран цамц шинэ нэг бүрийн үнэ 195,000 /нэг зуун ерэн таван мянга/ нийт 390,000 /гурван зуун ерэн мянган/ төгрөг” гэх / хх-ийн 74х / зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн болон хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүний эдлэх ялыг 160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.   

Шүүгдэгч Г.Сгаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нийт 390.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Ган-Эрдэнэд  олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                  

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Сарантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сгийн цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Сгаас нийт 390.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Ган-Эрдэнэд олгосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Дискийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД