| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 147/2024/00152/И |
| Дугаар | 222/МА2025/00003 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 222/МА2025/00003
2025 04 11 222/МА2025/00003
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
хариуцагчийн өмгөөлөгч З.Уянга (цахимаар),
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жамъяндорж нарыг оролцуулан “А” танхимд нээлттэй хийж,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 64 дүгээр шийдвэртэй,
нэхэмжлэгч ******* “худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол гэрийн үнэ 2,500,000 төгрөг, нийт 32,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй,
хариуцагч ******* холбогдох иргэний хэргийг түүний давж заалдах гомдлоор 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн агуулга:
1.а. Нэхэмжлэлийн шаардлага: “худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол гэрийн үнэ 2,500,000 төгрөг, нийт 32,500,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн.
1.б. Нэхэмжлэлийн үндэслэл: М.Алтантуяа нь одоо амьдардаг газраа зарна гэхээр нь би худалдаж авахаар болж, 2020 оны 6 сард бэлнээр 30,000,000 төгрөг гэрт нь аваачиж өгсөн. 2021 онд газраа чөлөөлж өгөөгүй. Алтантуяа нь манай эхнэртэй найзууд тул чи ******* битгий газраа нэхээд бай, газрын гэрчилгээ нь банкны барьцаанд байгаа гэсэн. Ингээд би хашаанд нь 4х8 харьцаатай зоорийн нүх ухаад барилгын ажил эхлүүлэх гэсэн боловч эхнэр бид хоёр тусдаа амьдрах болж, энэ ажил зогсонги байдалд орсон. Мөн 2020 оноос манай хураалгатай байсан гэрийг барьж байя гэж аваад, тэдний хашаанд бариатай байж байгаад шатсан. Уг гэрийг үнэлгээний компани 2,500,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд*******гаас газрын үнэ 30,000,000 төгрөг, монгол гэрийн зах зээлийн үнэлгээгээр 2,500,000 төгрөгийг нэмээд нийт 32,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч*******гийн татгалзал, тайлбарын агуулга:
2.а. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.б. Миний бие Шарга хорооллын 5 дугаар гудамжны 06 тоот дахь, 980 м.кв газрыг өмчилдөг. Уг газраа худалдахаар шийдэж, энэ тухайгаа өөрийн найз ******* хэлэхэд манай газрыг худалдан авахаар болж, нөхрийн хамт 2020 оны 9 дүгээр сард 25,000,000 төгрөгийг надад бэлнээр авчирч өгсөн. 5,000,000 төгрөгийг гэрчилгээ гарсны дараа өгөхөөр тохирсон. Тухайн үед уг газар банкны зээлийн барьцаанд байсан тул өмчлөх эрхийг *******, ******* нарын нэр дээр шилжүүлж чадаагүй бөгөөд хэсэг хугацааны дараа шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байсан. Гэтэл нэхэмжлэгч ******* нь эхнэр *******тай хувийн таарамжгүй харилцаатай болж, үүндээ газрын асуудлыг хөндөж, хэл амаар доромжлоод хэцүү байна гэсний дагуу 25,000,000 төгрөгийг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ******* бэлнээр аваачиж өгсөн. Үүнийг түүний эхнэр байсан ******* мөн хүлээн зөвшөөрч, гэрчилж байгаа болно. Өөрөөр хэлбэл, газрын төлбөртэй холбоотой өглөг, авлага бидний хооронд байхгүй. Тиймээс нэхэмжлэгч ******* анхнаасаа мэдсээр байж, ийнхүү нэхэмжлэл гаргасанд туйлын гайхаж байна. *******, ******* нар нь өөрсдийн гэрийг контейнерт хадгалахаар чанар нь муудаад байна, салхи оруулж байвал дээр юм, танай хашаанд бариад байлгаж байя гээд манай хашаанд 2020 онд барьж байлгасан. Манайх өөрийн гэртэй тул тэдний гэрийг ашиглах хэрэгцээ шаардлага бидэнд байгаагүй. Тиймээс тус гэрийг хэн нэгэн ашигладаггүй, цоожтой байдаг байсан. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гал түймэр гарч манай 5 ханатай гэр болон *******, ******* нарын гэр шатсан. Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлтээр цахилгааны ашиглалтын гэмтлээс гал гарсан байх магадлалтай гэж тогтоосон. Энэ нь бидний буруугаас шалтгаалаагүй бөгөөд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон тул *******д гэрийн төлбөрт 2,500,000 төгрөг төлөх үндэсгүй юм. Иймд дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* 32,500,000 төгрөг гаргуулах шаардлагын 30,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч*******гаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол гэрийн үнэд 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 320,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 46,950 төгрөгийг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэжээ.
4.Хариуцагч******* давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн буюу хэт нэг талд шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Эд хөрөнгөд учруулсан хохирол болох 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шийдвэр гаргахдаа хохирлын хэмжээ болон хохирол учирсан гэх нөхцөл байдлыг үнэн зөвөөр үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх 2,500,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр шатсан шалтгаан, нөхцөл байдалд хийсэн “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг бодитой үнэлээгүй. Өөрөөр хэлбэл гал гарах болсон шалтгаан нөхцөл, хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв тогтоохоор гаргасан шийдлүүд нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч З.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэхэмжлэгч тал худалдах худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, гэм хорын хохирол 2,500,000 төгрөг, нийт 32,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Өмгөөлөгч миний зүгээс хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогчийн тайлбар зэрэг нөхцөл байдлыг авч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт худалдах худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан гэж үзсэн. Мөн шүүхээс 30,000,000 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй учир гомдол гаргаагүй. Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол болох 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх нь хохирлын хэмжээ болон бодит нөхцөл байдлыг үнэн зөв үнэлээгүй гэж үзэж байгаа. Шүүх 2,500,000 төгрөг бүхий 5 ханатай гэр шатсан гэх нөхцөл байдал бий болсон 2024 оны 03 сарын 10 өдрийн дүгнэлтээр бодитойгоор үнэлээгүй. Гал гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзаж үзэх шаардлагатай гэж дүгнэж байна. Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах саналтай байна. Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
7.Анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хангаж, мэтгэлцүүлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
8.Нэхэмжлэгч ******* “худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 2,500,000 төгрөг, нийт 32,500,000 төгрөг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэл гаргасныг хариуцагч******* “Газрын үнэ 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэрт буцааж өгсөн. Манайх тэдний гэрийг ашиглаж байгаагүй, манай хашаанд барьсан гэр нь цахилгааны гэмтлээс болж шатсан тул 2,500,000 төгрөгийг төлөхгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
9.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал:
10.Хэрэгт цугларсан зохигчдын тайлбар, гэрч *******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч *******, түүний эхнэр ******* нар нь гэрлэлтээ цуцлуулахаас өмнө 2020 оны 6 дугаар сард хариуцагч*******гаас 980 м.кв газрыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 25,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гэрчилгээ гарсны дараа төлөхөөр тохиролцож, урьдчилгаанд 25,000,000 төгрөг өгсөн боловч талууд дээрх худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, улмаар******* нь газрын үнэд авсан 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр буцааж төлсөн үйл баримтууд тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд газрын үнэд өгсөн 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасантай нийцсэн байна.
11. Хариуцагч******* нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн зөрчил гаргаж, цахилгааны ашиглалтын гэмтлээс гал гарч, хариуцагчийн хашаанд байсан нэхэмжлэгч ******* 5 ханатай гэр шатсан болох нь зохигчдын тайлбар, гэрч *******, Б.Баярцогт нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь өөрт учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр гэм буруутай этгээд буюу хариуцагч*******гаас шаардах эрхтэй. Нөгөө талаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар хариуцагч******* нь уг гал гарсны улмаас учирсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас гэрийн үнийг гаргуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байна.
13. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заажээ. Энэ зохицуулалтын дагуу хариуцагч санаатай гэмт хэрэг үйлдээгүй, түүний болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан, хариуцагч компанийн эд хөрөнгө мөн галд өртсөн зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учруулсан хохиролд 2,500,000 төгрөгийн үнийн дүнгийн 80 хувиар тооцож, 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
14. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Хариуцагч*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 64 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ