Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00616

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/01807 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хангайн ******* гудамж, ******* тоотод байрлах ******* нэрийн дэлгүүрийг ажиллуулж олсон цэвэр ашиг 116,400,000 төгрөг, 3 өрөө түрээслүүлж олсон орлого 11,640,000 төгрөг, нийт 128,040,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хангайн ******* гудамж, ******* тоотод байрлах 198 м.кв хувийн сууц, хүнсний дэлгүүр, 50 м.кв ажлын байр, 587,33 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг *******-д нийт 150,000,000 төгрөгөөр тооцож худалдахаар гэрээ байгуулсан. Уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой ******* нь ******* өд холбогдуулан гэрээний үүргийн биелэлт хангуулах тухай үндсэн, дээрх гэрээнүүдээс татгалзаж үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182\ШШ2022\00994 дугаартай захирамжаар талууд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 571, 572, 573 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдээс татгалзаж, ******* нь 84,595,389 төгрөгийг *******-д , ******* нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хангайн ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай газар, хувийг сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ******* өд тус тус буцаан өгөхөөр эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.2. Үүний дагуу ******* нь 84,595,389 төгрөгийг *******-д өгч, үл хөдлөх эд хөрөнгүүдээ буцаан авахаар болсон. Гэтэл ******* нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд дээрх эд хөрөнгүүдийг ашиглаж байгаа. Талууд гэрээнээс татгалзсан учир өгсөн авснаа буцаах, мөн тухайн эд хөрөнгийг ашиглаж олсон ашиг, үр шимийг мөн буцааж өгөх үүрэгтэй тул ******* аас дээрх хугацаанд дэлгүүрийг ажиллуулж олсон орлогоос зөвхөн цэвэр ашгийг нь нэхэмжлэх эрхтэй. Дэлгүүрийн орлогыг багаар бодоход 1,500,000 төгрөг бөгөөд үүнээс цэвэр ашиг нь 10 хувь 150,000 төгрөгийн цэвэр ашиг олсон гэж үзэж байна. Иймд *******-д үл хөдлөх эд хөрөнгүүдээ хүлээлгэж өгсөн өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс шүүгчийн захирамж гарсан өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нийт 776 өдрийн цэвэр ашиг 116,400,000 төгрөг болж байна.

1.3. Мөн манай дэлгүүр дээрээ 3 өрөөтэй бөгөөд сарын 150,000-200,000 төгрөгийн хооронд түрээслүүлдэг. Иймд дунджаар сарын 450,000 төгрөгөөр бодохоор өдрийн 15,000 төгрөг болж байгаа бөгөөд нийт 776 хоногийн 11,640,000 төгрөг болж байна.

Иймд ******* аас Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хангайн ******* гудамж, ******* тоотод байрлах ******* нэрийн дэлгүүрийг ажиллуулж олсон цэвэр ашиг 116,400,000 төгрөг, түрээсийн 3 өрөөг түрээслүүлж олсон орлого 11,640,000 төгрөг, нийт 128,040,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг *******-д худалдахаар бичгээр гэрээнүүдийг байгуулсан ба энэ үед нэхэмжлэгчийн надад худалдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгүүд нь Худалдаа хөгжлийн банкны зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу *******-ийн Хаан банкин дахь ******* тоот данс болон Худалдаа хөгжлийн банкин дахь түүний зээлийн ******* дансанд нийт 81,844,839 төгрөгийг шилжүүлэн төлсөн. Үлдэгдэл төлбөр төлөх гэж байтал ******* үл хөдлөх хөрөнгөө худалдахгүй, авсан мөнгөө буцаан төлнө гэсэн.

2.2. Улмаар ******* миний бие ******* ийг гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх болон үлдэгдэл төлбөрөө хүлээн авахыг даалгах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Энэ маргааныг үргэлжлэх явцад ******* нь ******* ийг хариуцагчаар татаж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах гэсэн шаардлагыг гаргаж маргаан нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, зохигч эвлэрч, тэдний эвлэрлийг баталсан тус шүүхийн шүүгчийн захирамж гарсан. ******* нь эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан.

2.3. Иймээс ******* нь ******* болон ******* -ийн өмнө хүлээсэн үүргээ тус тус биелүүлэх боломжгүй болох нь тодорхой болсон. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргаж байсан. Гэвч талууд бодит байдалд нийцүүлэн харилцан тохиролцож эвлэрч шийдвэрлэхээр болж ******* нь миний нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 81,844,839 төгрөг, учирсан хохиролд буюу үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн цахилгааны засвар үйлчилгээний зардал болох 2,750,550 төгрөг, нийт 84,595,389 төгрөгийг хүлээн зөвшөөрч буцаан төлөх, миний бие үл хөдлөх эд хөрөнгүүдийг нь хүлээлгэн өгөхөөр эвлэрч шүүгчийн захирамж гарсан. Энэхүү талуудын эвлэрлээр уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байхад *******-ийн одоо гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа бодит байдал дээр биелэгдэх боломжгүй болсон нөхцөл байдалд ******* нь өөрөө буруутай болох нь дээрх үйл баримт, түүнийг нотолсон холбогдох нотлох баримтуудаар бүрэн тогтоогдох тул уг нэхэмжлэлийг шаардах хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн, бидний хооронд түрээсийн гэрээний харилцаа болон хамтран ажиллах гэрээ байгуулж байгаагүй болно. Тиймээс цэвэр ашиг гэх шаардлагыг надад холбогдуулан гаргах нь үндэслэлгүй байна.

Дээрх бүх үйл баримт болсны дараа ******* нь үл хөдлөх хөрөнгүүдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаанд бага үнээр алдаж ******* -ийн зээлийн гэрээний үүрэгт төлөх нөхцөл байдал үүссэн үедээ ******* надтай тохиролцож үл хөдлөх эд хөрөнгүүдээ дахин хэд дахин өндөр үнээр худалдсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* аас 128,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 798,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч талаас хэргийг хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтүүдийг хүлээн аваагүй шалтгаанаа энэ хэрэг шүүх дээр удаж байгаа, урьд нь өгөх боломжтой байсан, шинээр итгэмжпэгдсэн төлөөлөгч томилогдсон нь хүсэлтийг хүлээн авах үндэслэл болохгүй, хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах учиртай. Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******-ын төлөөлөх хугацаа 2025 ны 01 дүгээр сард дууссан бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож, хэргийн материалтай танилцсан. Шүүх хуралдаан нэгэнт товлогдсон байсан тул хүсэлтүүдээ шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, хугацаа тулгаж хүсэлт гаргасан үйлдэл биш юм. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тов гарсан байхад хүсэлт гаргаж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд шүүх хуралдаанаас өмнө үнэлгээний тайланг хүлээж байсан тул урьдчилан өгөх боломжгүй байсан болно. Өөрийн зүгээс үнэлгээний байгууллагад хөрөнгийг хөлслүүлэх зах зээлийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээний тайлан гараагүй нөхцөл байдлыг тайлбарлаж нотлох баримт гаргаж өгөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас болон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг гаргасан. Миний шүүхэд гаргасан хүсэлтүүд нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хэргийн эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарлахад ач холбогдолтой байсан. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жил гаран үргэлжилсэн байхад хэрэгт ач холбогдолтой баримтууд дутуу байсан. Гэтэл хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тайлбарлах, нотлох миний эрхийг хязгаарласан явдал болсон бөгөөд надад мэтгэлцэх боломжгүй болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь хэргийн аль ч үед хүсэлт гаргах, нотлох баримт гаргуулах үндэслэлээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлт гаргах эрхтэй. Тухайн хүсэлтийг шүүхээс энэ хэрэг удааширч байна гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй.

4.2. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан нь гагцхүү нэхэмжлэгчийн өмнөх төлөөлөгчийн гаргаж байсан хүсэлтээс шалтгаалаагүй. Харин ч хариуцагч талын хүсэлт, шүүхийн бүтцийн өөрчлөлт зэргээс шалтгаалан удааширсан. Хэргийн материалаас харахад 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр анх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсан. Энэ шүүх хуралдаан хариуцагч талын өмгөөлөгч оролцуулах хүсэлтийн дагуу хойшлогдсон. 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан мөн хариуцагч талаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Шүүх түүний эзгүйд шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талаас гомдол гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтээр хойшилсон. Тухайн нотлох баримт нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр буюу 9 сарын дараа шүүхэд ирсэн. Энэ хооронд шүүх ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй, захирамжийн биелэлтийг хангуулах ажиллагаа хийгдээгүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд тус тус хойшилсон. 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан зохигчдын хэн алины хүсэлтээр хойшилсон. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгч шүүх хуралдааны тов мэдээгүй үндэслэлээр шүүхийн санаачилгаар тус тус хойшилж байсан. Ийнхүү шүүх хуралдаан удаа дараа хойшлох нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн хүсэлт, санаачилгаар 2 удаа хойшилж байсан болно. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг товлохдоо хэргийн оролцогчдоос санал асуулгүйгээр товлож байгаа нь хэргийг удаашрах, удаа дараа хойшлогдох үндэслэл болдог. Шүүх үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.3. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь мөн үндэслэлгүй. Зохигч нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс талууд харилцан тохиролцож татгалзсан. Тухайн татгалзлыг шүүх баталж, шүүгчийн захирамж гарсан. Талууд харилцан татгалзахаас өмнөх маргаантай үйл баримт үүнд хамаагүй, талуудын эцсийн шийдвэр нь харилцан гэрээнээс татгалзаж, эвлэрлийн гэрээ хийсэн. Шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс нэхэмжлэгч нь анх гэрээ хийсэн өдрөөс гэрээнээс татгалзах хүртэл хугацааны олох ёстой байсан орлого, хариуцагчийн олсон ашиг зэргийг буцаан шаардах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь хэсэгт зааснаар нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг хууль зүйн үндэслэлээ болгон мэтгэлцсэн хэдий ч гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор талууд гэрээнээс татгалзсан байх тул энэхүү тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй байна. Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор талууд гэрээнээс татгалзсан гэж үзэхгүй. Харин талууд эвлэрч гэрээнээс татгалзсан болох нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 994 дугаартай шүүгчийн захирамжаас тодорхой харагдаж байна. Иймд талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт авагдсан хэргийн нөхцөл байдлыг тодорхойлсон хэсгийг хууль зүйн дүгнэлт гэж үнэлж болохгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох эрхийг хязгаарласан нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал гэж үзэж байгаа тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч ******* ын аль банкны ямар дансны хуулгыг гаргуулах талаар хүсэлтдээ тодорхой дурдаагүй. Мөн ******* нэр дээр дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан учраас тухайн дэлгүүрийн тайланг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Уг хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхийн тулд 2 жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд талуудын хэн аль нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтүүдийг гаргаж байсан. Хэргийн материалтай танилцсан учраас тухайн хүсэлтүүдийг шүүх хуралдаанаас өмнө гаргах боломжтой. Өмнөх хэрэгт маргаан бүхий дэлгүүрийн тайланг гаргуулах хүсэлт гаргасныг хангаж, хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг тайлбарлаж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, өөрөө баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаагүй тул гомдол үндэслэлгүй. Анх талуудын хооронд худалдах, худалдан авах 3 гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгчийн зүгээс гэрээнүүдийг цуцалсан. Хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалсныг эс зөвшөөрч, гэрээний үүргийг биелүүлж, үлдэгдэл төлбөрийг хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрт нь шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэвч тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* -ийн барьцаанд тавьсан учраас ******* нь ******* өд холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* нь тухайн нэхэмжлэлийг гардаж аваад, зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээр тохиролцсон учраас эвлэрлээр хэргийг шийдвэрлүүлсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдах нөхцөл байдал үүссэн болохыг мэдсэн учраас уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* -ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай байгууллагын гаргасан нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй болсон учраас талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүрээнд өгсөн төлбөр, цахилгааны зардалд төлсөн төлбөрт нийт 84,595,389 төгрөгийг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан авахаа больё гэх байдлаар талууд эвлэрсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хангайн ******* гудамж, ******* тоотод байрлах ******* нэрийн барааны дэлгүүрийг ажиллуулж олсон цэвэр ашиг 116,400,000 төгрөг, 3 өрөө түрээслүүлж олсон орлого 11,640,000 төгрөг, нийт 128,040,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ******* , ******* нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 571, 572, 573 дугаартай худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулагдаж, эдгээр гэрээгээр худалдагч ******* нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хангайн ******* гудамж, ******* тоотод байршилтай, 587,33 м.кв талбайтай газар, 198 м.кв талбайтай хувийн сууц, хүнсний дэлгүүр, 50 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч ******* нь үнэ 150,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. /2хх36-41/

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/00994 дугаар захирамжаар талууд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 571, 572, 573 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдээс татгалзаж, ******* нь 84,595,389 төгрөгийг *******-д , ******* нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хангайн ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай газар, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ******* өд тус тус буцаан өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх9-15/

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хооронд худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан, мөн талууд дээрх гэрээнээс татгалзсан үйл баримтыг зөв тогтоосон байна.

4. Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж ашигласны ашиг, орлого нийт 128,040,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба үндэслэлээ ...дэлгүүрийн орлогыг багаар бодоход 1,500,000 төгрөг, үүнээс цэвэр ашиг 10 хувь буюу 150,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 776 хоногийн цэвэр ашиг 116,400,000 төгрөг, дэлгүүрийн дээрх 3 өрөөний түрээс сард дунджаар 450,000 төгрөг, өдөрт 15,000 төгрөг, 776 хоногийн 11,640,000 төгрөг гэж тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хангайн ******* гудамж, ******* тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглах хугацаанд 128,040,000 төгрөгийн ашиг олсон байдал тогтоогдоогүй байна.

5. Үүнээс гадна нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* -ийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулсан, энэ талаар зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарч, албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх ба энэ нөхцөл байдал нь талуудын худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэл болсныг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзсан явдалд хариуцагч буруутай гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хохирол шаардах үндэслэлгүйг шүүх зөв дүгнэжээ.

5.1. Иймд хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж ашигласны ашиг, орлого нийт 128,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх ба төлөөлөгч солигдсон нь өмнө явагдсан ажиллагаанд нөлөөлөхгүй, мөн шинээр явуулах үндэслэл болохгүй. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар тухай бүр шийдвэрлэж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан байх тул нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлтийг хянан шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/01807 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 798,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН