| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0119/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0119/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан,
Шүүгдэгч А нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-д холбогдох 1939001030113 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 10 сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг хийдийн 27-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, А
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Хэрлэн гүүрний урд хэсэгт “Мицибүши Колт” маркын 43-84 ХЭА улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн Л-гийн эзэмшлийн “Икс трайл” маркын 74-94 ХЭА улсын дугаартай автомашины араас мөргөж зам тээврийн осол гаргаж уг машинд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Эын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг Хэрлэн голын гүүрний урд “Мицибүши Колт” маркын 43-84 ХЭА улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж иргэн Л-гийн эзэмшлийн “Икс трайл” маркын 74-94 ХЭА улсын дугаартай автомашины араас мөргөж насанд хүрээгүй хохирогч Эын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
1. Насанд хүрээгүй хохирогч Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“...намайг машины ард сууж байхад араас хурдтай машин ирж манай хойд талаас мөргөсөн. Тэгээд манай машин замын хажуу руу унасан. Би урагшаа юм мөргөсөн. Тэгээд би өвчин аваад эмнэлэгт очсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/
2. Иргэний нэхэмжлэгч Э.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би зам тээврийн осолоос болоод биедээ гэмтэл авч шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон. Дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл авсан. Миний баруун нүдний ухархайн дотор хананы яс хугарсан гэмтэл учирсан. Энэ гэмтлээ 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод очиж 2.000.000 төгрөгийн төлбөртэй хагалгаанд орж эмчлүүлсэн. Улаанбаатар хот орох нааш, цааш явсан машины шатахууны зардал 150.000 төгрөг, томографи оношилгоонд орсны төлбөр 230.000 төгрөг, цээжний рентген зураг 25.000 төгрөг болсон. Нийт 2.405.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.... хадам аав Лундаажанцан миний нэр дээр итгэмжлэх хийлгэж намайг эрүүгийн хэрэгт өөрийн автомашинд учирсан эвдрэл гэмтлийн төлбөрийг нэхэмжлүүлэхээр болсон. Ийм учраас би тухайн ослын улмаас эвдэрсэн 74-94 ХЭА улсын дугаартай автомашины эвдрэлийн төлбөр болох үнэлгээгээр тогтоогдсон 6.240.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 8.645.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх 28-30 тал/
3. Гэрч Э.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багийн нутагт байх гэрээсээ хадам аав Лундаажанцан, хадам ээж Лхамжав болон манай дүүгийн эхнэрийн дүүгийн 5 настай хүү болох Энхболд нарын хамт Хэнтий аймгийн төв орохоор Ниссан икс трайл маркийн 74-94 ХЭА улсын дугаартай автомашиныг жолоодон гарсан. Тэгээд 10 цаг өнгөрч байх үед Хэнтий аймгийн төв орох гээд Хэрлэн гүүрний урд талд ирж байтал манай хадам аав Лундаажанцан бие засъя гээд би машинаа замын хажуу баруун гар тал руу шахаж байрлуулаад зогсоосон... машиндаа суугаад тэгээд хадам аавыг бие засч дуусахыг хүлээгээд байж байтал машины ард талаас гэнэт машин хүчтэй мөргөсөн. Манай машин араас ирсэн машинд мөргүүлээд замын далангаас буугаад зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 тал/
4. Хохирогч О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2019 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 10 өнгөрч байх үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 6б-05 тоотод байх гэрээсээ Галшар сумаас ирж явсан ээж, аав нөхрийгөө тосохоор өөрийн машинтай гарсан. Тэгээд Хэрлэн гүүрний дөнгөж урд тал руу гартал манай хэд машинаа замын зүүн тийш шахаад зогсчихсон байсан. Манай нөхөр З машиныг жолоодож явсан юм. Харин машин нь бол манай аавын эзэмшлийн машин байгаа юм. Тэгээд би зам дээр буцаж эргээд машинаа тэр хэдийн машины урд, бас адилхан зам руу шахаж байрлуулаад зогссон. Тухайн үед манай аав машинаас буучихсан замын зүүн талд бие засаад зогсож байсан. Манай нөхөр надтай ирж уулзаад буцаад машиндаа суусан. Тэгээд би тэр хэдийг хөдлөхийг хүлээгээд зогсож байтал л ард түс, тас хийх чимээ гараад, хартал манай хэдийн машины араас цагаан өнгийн жижиг суудлын автомашин мөргөсөн байсан... Манай машиныг мөргөсөн цагаан өнгийн жижиг автомашины жолооч нь эмэгтэй хүн байсан... тэр эмэгтэйгээс яагаад юу болов гэж асуутал үүргэлчихлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/
5. Гэрч Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“...Би 2019 оны 02 сарын 13-ны өглөө Хэнтий аймгийн Галшар сумаас аймгийн төв орохоор хүргэн З, эхнэр Лхамжав, болон 5 настай ач хүү Энхболд нарын хамт гарсан. Тухайн үед миний 74-94 ХЭА улсын дугаартай машиныг манай хүргэн З жолоодож гарсан. Тэгээд 10 цаг өнгөрч байх үед манай охин Згийн эхнэр Оюунчимэг Хэрлэн гүүрний урд талд бид нарыг тосохоор өөрийнхөө машинтай ирсэн байсан. Тэгээд З машинаа баруун гар тал руу шахаж далангийн ирмэг дээр зогссон. Тэгээд Оюунчимэг бид нар дээр ирж уулзаад байж байсан. Би машины хойд талд сууж байсан болохоор машины баруун хойд талын хаалгаар буугаад замаас холдож байгаад бие зассан... би яг машинд суух гээд машины хаалга онгойлготол түс, тас гээд л араас машин ирж мөргөөд манай машиныг замын далан руу буутал нь мөргөсөн. Би харин байрандаа үлдсэн. Тэр машин манай машиныг мөргөөд надаас хойшоо өнгөрөөд зогссон байсан. Тэгэхээр их хурдтай явж байсан байх. Тэгээд би өөрийнхөө машин дээр очтол манай хүргэн Згийн хамраас цус гарчихсан, манай хөгшин бүр учраа олохоо болиод их сандарсан байдалтай, харин манай ач хүү Энхболд уйлчихсан байсан. Манай машины ард тал юу ч үгүй эвдэрчихсэн байсан. Харин манай машиныг мөргөсөн цагаан өнгийн жижиг машины урд тал бас чихэгдээд юу ч үгүй эвдэрчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/
6. Гэрч Н.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 13-ний өглөө бид буцаад Хэнтий аймгийн төв рүү хөдөлцгөөсөн... би сэрүүн явж байсан. Тэгээд Хэрлэн гүүр орох гээд явж байтал бид нарын явж байсан чиглэлээр бол замын баруун гар талд цагаан өнгийн машин зам руу шахчихсан тал нь зам дээр тал нь хөвөөн дээр гарчихсан байрлалтай машин зогсож байсан. Тэгсэн чинь А-д гэнэт нөгөө машины ард талаас мөргөх гэж байгаа юм шиг ойртоод нөгөө машин руу юу юугүй тулаад ирсэн. Тэгэхээр нь би А-дыг хөөе гээд урагш ухасхийтэл л нөгөө зогсож байсан машины араас мөргөчихсөн. Би тэр чигтээ урагшаа шигдээд толгойгоороо салхины шил мөргөсөн. Тэгээд би А-дыг чи зүгээр үү гэсэн чинь А-д би найзуудыгаа алчихлаа шүү дээ гээд байсан... Тэгээд би машинаас буугаад харахад нөгөө урд зогсож байсан мөргүүлсэн машин далан руу буучихсан ард тал нь нэлээн хонхойгоод эвдэрчихсэн зогсож байсан. А-дын машины урд тал нь бүр чихэгдээд орчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/
7. Гэрч Т.Энхмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай нөхөр Жаргалсайхан бид хоёр манай ангийн найз А-д болон түүний нөхөр Арсланбаатар нартай хамт тэр хоёрын машинаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгаас гарч Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байх Амар бид хоёртой нэг анги байсан найз Уранцэцэгийнд очицгоосон. Тэр өдөр тэндээ хоноод маргааш нь 13-ны өглөө 8 цаг өнгөрч байх үед буцаад Хэнтий аймаг руу гарцгаасан. А-д өөрөө машинаа жолоодож явсан. Тэгээд бид нар Давсанбадрахын гуанзанд 10 цагийн үед ирсэн. Тэгээд тэнд хоол идэцгээсэн. Тэндээс буцаад замдаа гарсан. Хоол идчихээд миний нойр хүрээд би унтаад явж байсан. Тэгээд Хэрлэн гүүрнээс урагш байдаг петровисын клонк дээр ирж байхад би хальт сэрсэн. Тухайн үед манай нөхөр жолоо барьж явсан А-дыг “ А-даа чи үүргэлээд байна уу” гэж хэлэхэд А-д толгой сэгсрээд байсан. Тэгээд би буцаад унтаад өгсөн. Тэгээд цаашаа явж байтал гэнэт юм хүчтэй мөргөх шиг болоод миний сууж явсан сандал урагшаа түлхэгдээд машины урд талын салонтой наалдчихсан. Би тэр дунд хавчуулагдчихсан. Тэгээд би сэргэтэл А-д суудал дээрээсээ босож чадахгүй байсан. Харин намайг манай нөхөр машинаас гаргасан. А-дын хөл нь гэмтчихсэн жолоочийн суудал дээрээс босож чадахгүй байсан. Тэгээд эмнэлэг ирсний дараа гаргаж авсан. Манай нөхөр намайг машинаас гаргахад манай машинд мөргүүлсэн машин далангийн зүүн талд замаас гарчихсан уруу нь буучихсан зогсож байсан. Би тухайн үед шоконд ороод машины хойд талын суудал руу суусан. Удалгүй эмнэлэг ирж бид нарыг авч явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/
8. Гэрч М.Арсланбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн..”2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай эхнэр А-д манай найз Энхмөнх болон түүний эхнэр Жаргалсайхан бид 4 Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байх найз Урнаагийн гэрт колт маркын 43-84 ХЭА улсын дугаартай автомашинтай очсон. Тэгээд тэр өдрөө тэнд хоноцгоосон. Маргааш нь буюу 13-ны өглөө 8 цаг өнгөрч байхад бид дөрөв буцаад Хэнтий аймгийн төв рүү гарсан. Манай эхнэр А-д машин жолоодож явсан. Тэгээд бид нар замаараа Дорнод, Сүхбаатар аймаг руу зам салдаг уулзварын тэнд байдаг гуанзанд хоол идээд хөдөлсөн. Жаргалсайхан бид 2 машины арын суудалд сууж явсан. Манай эхнэр жолоо барьж явсан. Түүний хажууд Энхмөнх урд талын суудал дээр сууж явсан. Тэгтэл гэнэт түс тас гээд л явчихсан. Тэгтэл урд байсан машины араас мөргөчихсөн байсан. Би тухайн үед бас шоконд ороод зарим зүйлийг одоо сайн мэдэхгүй байна. Осол болсны дараа харахад манай мөргөсөн цагаан өнгийн машин далангийн уруу харчихсан зогсож байсан. Харин манай машин зам дээр урд талаасаа нэлээн эвдэрсэн байсан. Нөгөө машины ард тал бас нилээн эвдэрсэн байсан... манай эхнэр А-д нойрмоглосон юм шиг байна лээ ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/
9. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаартай
“- Эын биед хэвлийн битүү гэмтлүүд болох дэлүү мэс заслаар авагдсан хагалгааны дараах байдал, нойр булчирхайн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг 30% бууруулна...” гэх дүгнэлт /хх-ийн 64 тал/
10. 2019 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн Замын цагдаагийн шинжээчийн “- Nissan X trail маркын 74-94 ХЭА улсын дугаартай автомашины жолооч Э.З /СЕ84052015/ нь зам тээврийн осол гарах үед Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна.
- Mitsubishi Colt маркын 43-84 ХЭА улсын дугаартай автомашиныг жолоодон явсан А /СЦ88102307/ нь зам тээврийн осол гарах үед Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а –д заасан заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
- Mitsubishi Colt маркын 43-84 ХЭА улсын дугаартай автомашиныг жолоодон явсан А /СЦ88102307/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлсийг хориглоно. 3.7.а-д тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансуурах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна... гэх дүгнэлт /хх-ийн 73-74 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч А-ын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Эын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д нь 2.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л- 6.240.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.З 2.405.000 төгрөг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч А нь сайн дураараа төлөхийг зөвшөөрсөн нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүгдэгчээс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д-т, 2.405.000 /хоёр сая дөрвөн зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.З-д, 6.240.000 /зургаан сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л- нарт тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч А нь 8 сартай жирэмсэн болох нь шүүх хуралдааны үед гаргаж өгсөн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Аын №916300 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А-дыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-т 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.3 , 2.5, дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Аыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 3 сарын хугацаанд төлж дуусгах, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зөрчил үйлдэхгүй байх, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч А-т хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар А-аас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д-т, 2.405.000 /хоёр сая дөрвөн зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.З-д, 6.240.000 /зургаан сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л-д тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн 916300 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нь хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдасугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ