| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0136/Э |
| Дугаар | 119 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 119
Хэргийн индекс: 180/2019/0136/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,
Шүүгдэгч Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д холбогдох 1939000000123 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг 46 дугаар байр 35 тоотод оршин сууж байсан, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 15 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 114 дугаартай шүүгчийн захирамжаар ялтан Бд оногдуулсан 15 жил 01 сарын хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хорих ялын хүрээнд дүйцүүлэн 12 жилийн хорих ял болгон тогтоож байсан, Б /РД: ЖН
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн үед Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 419 дүгээр нээлттэй хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдлэх хугацаандаа хорих ангийн харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч дэд ахлагч Ө.Л-г тамхи татуулсангүй гэх шалгаанаар сандал шийдэж толгойн тус газар нь цохиж, Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн үед Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 419 дүгээр нээлттэй хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байхдаа хорих ангийн харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч дэд ахлагч Ө.Л-г тамхи татуулсангүй гэх шалгаанаар толгойн тус газар нь сандлаар цохиж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь:
1. Хохирогч А.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 419 дүгээр нээлттэй хорих ангид хамгаалалтын ажил хийдэг, дэд ахлагч цолтой хүн байгаа юм. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би 24 цагийн хугацаатай албан үүргээ гүйцэтгэж байсан. Ер нь бол хорих анги дотор хоригдлуудад хяналт тавих ажил хийдэг...Тэгтэл тусгай зэрэглэлд ял эдэлж байсан хоригдол Б нь ахлагч аа тамхи татмаар байна, гялс тамхи татчихаад ирье гэж хэлсэн. Тухайн үед хоригдлуудын хоолны дараа болдог чөлөөт цаг дуусчихсан, сургалт явагдаж хоригдлууд зурагтаар юм үзэж байсан болохоор ...би хоригдол Бд тамхи татах цаг чинь болоогүй байна гэж хэлсэн....Тэгээд сургалтын хашааны хэсгийн хажуугаар өнгөрч явтал араас нэг юм хүчтэй миний толгой руу цохиж, миний урд хуванцар сандал унасан. Тэгээд би эргээд хартал надруу сандал шидсэн хоригдол Б нь сургалтын хашааны хаалгыг онгойлгоод надруу хүрээд ирсэн. Бүх хоригдлууд л Б руу харж байсан...Миний толгойн ар дагзны зүүн хэсэгт бага зэрэг шалбарчихсан байсан..... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 22-24 хуудас/
2. гэрч Б.Тайванбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Тухайн үед цаг бараг 19 цаг болж байсан байх, бид нарыг харицсан Л гэдэг ахлагч харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн чинь Б Л ахлагчид “Ахлагч аа тамхи татчихаад ирэх үү” гэж хэлж байсан. Тэгсэн чинь Л ахлагч цаг чинь болоогүй байна. цаг болохоор тав таваараа журамтайхан шиг гараад тамхи татаарай гэж хэлсэн. Тэгээд Л ахлагч хойшоо 00-ын өрөө рүү төмөр хашааны хажуугаар алхаад явж байсан чинь миний хажууд сууж байсан. Б гэдэг ах босоод өөрийнхөө сууж байсан сандлыг аваад шууд нөгөө Л ахлагч руу шидээд Л ахлагчийн толгой руу оночихсон... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 32-33 хуудас/
3. Гэрч Ш.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Тухайн үед бид нарыг харж хариуцаж байсан. Л дэд ахлагч зурагт үздэг намхан төмөр хашааны хажуугаар хойшоо 00-руу чиглэлтэй алхаж байсан. Тэгсэн чинь миний хажууд сууж байсан Б гэнэт босч ирээд өөрийнхөө сууж байсан сандлыг шууд Л дэд ахлагчийн зүг хашаа давуулж шидээд толгойг нь оносон... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 34-35 хуудас/
4. Гэрч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Хоригдол Бын гаргасан зөрчлийг тухайн үед шалгаад Л дэд ахлагч руу шидсэн гэх сандлыг хошууч Ууганбаяр намайг өрөөндөө дуудаж харуулсан. Тэр сандал тусгай зэрэглэлийн байранд байдаг хоригдлуудын хэрэглэдэг хуванцар, 4 хөлтэй санал байсан. Сандлын 1 хөл хугарчихсан, салаад унахад бэлэн болсон байсан... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 37-38 хуудас/
5. Гэрч М.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... би 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад орой 19 цагийн үед хамгаалалтын ажилтан дэд ахлагч А.Л станцаар намайг тусгай зэрэглэлийн байранд хүрээд ирээч гэж дуудсан ...яваад очиход дэд ахлагч Л хоригдол Бтай хамт зогсож байсан. Тэгээд би юу болсныг дэд ахлагч Лгээс асуусан чинь энэ хоригдол надруу сандал шидээд миний толгойг оночихлоо гэж байсан... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 42-43 хуудас/
6. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №08 дугаартай
- Б нь Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, эрүүл,
-Б нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, .
-Б нь хэрэг хариуцах чадвартай...гэх дүгнэлт /хх-ийн 98-99 хуудас/
7. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Бын хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Лгийн эрүүл мэндэд хохирол учраагүй бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б-ыг хууль сахиулагчийг эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ыг 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Бын нийт эдлэх ялыг 4 жил 11 сарын хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 4 жил 11 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бын цагдан хоригдсон 37 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөл нь хугарсан, шаргал өнгөтэй, сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерын бичлэг бүхий цагаан өнгийн ARITA гэсэн бичигтэй хатуу дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ