| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2024/07098/И |
| Дугаар | 210/МА2025/00628 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2025/00628
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01286 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч *******-д холбогдох,
ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, *******-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/32 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,667,720 төгрөгийг гаргуулж, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******-д 2012 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 2021 онд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. 2024 оны 04 дүгээр сард Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарч, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/27 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилсон. Гэвч 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2024/32 тоот тушаалаар дахин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, намайг ажлаас халсан.
1.2. Ажил олгогчийн зүгээс миний урьд эрхэлж байсан ажлын байр хасагдсан тул ажлаас халж байна гэж тайлбарладаг боловч тус ажлын байр нь 2023 онд хасагдсан гэх тайлбарыг өмнөх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн тогтоолыг биелүүлэх нэрийдлээр хасагдсан байсан операторын ажлын байрыг сэргээж ажилд томилоод буцаан тус ажлын байрыг хасаж, тус үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчсөн. Мөн тус ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, ажлаас чөлөөлж буй үндэслэл нь тодорхойгүй, ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлж буй талаараа тодорхой тусгаагүй, мэдэгдээгүй нь ойлгомжгүй буюу намайг үндэслэлгүйгээр дахин ажлаас халж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
1.3. Иймд *******-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/32 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан операторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нэг сарын дундаж цалин хөлс 1,885,213 төгрөгийг ажлаас халах тушаал гарсан 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс нэхэмжлэл гарах өдрийг хүртэлх нийт 2 сар, ажлын 10 хоногоор тооцон 4,667,720 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Гэтэл өмнөх Улсын Дээд шүүхийн тогтоолтой холбож тайлбарласан нь үндэслэлгүй. Тухайн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээс өөр үндэслэлээр байгаа. Талуудын хооронд Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу талууд эвлэрлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох тухай асуудал ярьсан боловч бодит байдал дээр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь хариуцагч компанийн уран туршилтын олборлолт 2023 онд зогссон. Үүнтэй холбоотойгоор операторын орон тоо байхгүй болсон. Ингээд хариуцагч талын захирал 2024 оны 07 дугаар сард бүтэц орон тоог шинэчлэн баталж, операторын нэг орон тоо нэмж гаргаж, ажилд нь томилсон.
Улмаар 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч талын зүгээс бүтэц орон тоог шинэчлэн операторын нэг орон тоог хассан. Уг тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу нэхэмжлэгч талд мэдэгдэл хүргүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд орон тоо хасагдсан болон цөөрүүлсэн тухай тодорхой тайлбарласан. Хариуцагч компанийн хувьд туршилтын олборлолтын үе шатанд оператор гэх ажлын байранд ажиллуулж байсан. Уг туршилтын олборлолт дууссан тул операторын 8 орон тоог хассан. Байгууллага өөрөө бүтэц, орон тоогоо шинэчлэн батлах бөгөөд энэ бол шүүхэд хамааралгүй асуудал. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд хариуцагч талын зүгээс нэг орон тоо баталж ажилд эгүүлэн авсан.
2.2. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж байна. Талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээнд хөдөлмөрийн гэрээний талаар тусгасан байгаа. ******* нь 2 сарын цалин хөлс авсан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын орон тоо байхгүй болсон тул ажлаас нь халсан. Бодитоор нэхэмжлэгч тал ажил үүргээ гүйцэтгээгүй. Учир нь уг орон тооны гүйцэтгэх ажил байхгүй. Түүнээс биш нэхэмжлэгчийг өөрийн болон бусад ажилчдын эрх ашгийг хамгаалсны төлөө хувийн байдал гаргасан зүйл байхгүй. Улсын Дээд шүүхийн тогтоол бүрэн гүйцэт биелэгдсэн. Хариуцагч талын зүгээс шахаж, шаардсан зүйл байхгүй. Эвлэрлийн гэрээнд дахин энэ асуудлаар маргахгүй байхаар тохиролцсон боловч уг асуудлаар нэхэмжлэл гаргаж байна. Хөдөлмөрийн харилцаа цуцалсан асуудал тушаал, шийдвэртэй холбоогүй тул иргэний хэрэг үүссэн гэж ойлгож байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-д холбогдох ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, *******-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/32 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,667,720 төгрөгийг гаргуулж, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж заасан. Гэвч ажил олгогчийн зүгээс *******-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан гэсэн үндэслэлээр цуцалсан.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байх шаардлагатай буюу хөдөлмөрийн харилцаа үүсээгүй бол түүнийг цуцлах боломжгүй. Ажил олгогч нь *******-ийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний 2024/27 тоот тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон атлаа ажилтныг ажлын байраар хангаагүй, биечлэн ажил хөдөлмөр гүйцэтгүүлээгүй, улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх нөхцөлийг бүхэлд нь зөрчсөн байхад энэ талаар шүүх ямар нэгэн тайлбар хийгээгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар ажилтантай заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх боломжгүй, мөн тус гэрээгээр хаана, ямар ажил үүрэг гүйцэтгэх, мөн хуулийн 49 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тусгах шаардлагатай гол нөхцөлийн талаар ажилтан мэдэх боломжгүй. 4 жилийн дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дахин үүсэж байхад хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэх шаардлагатай байтал хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй, хэрэгт энэ талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байдаг.
Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргэсэн гэж үзэх үндэслэлгүй. Хэрэв сэргэсэн байсан ч зайлшгүй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэх ёстой. Тэгж байж ажилд эгүүлэн авсан гэж үзэх бөгөөд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийлдвэрт нөлөөлсөн байна.
4.2. Талууд шүүхэд эрх тэгш мэтгэлцэх замаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалан оролцдог, мөн хуульд заасан өмгөөлүүлэх эрхийн хүрээнд шүүхэд өмгөөлөгчтэй оролцсон байтал өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хууль зүйн дүгнэлтэд дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн гаргасан тайлбаруудыг үндэслэсэн байгаа нь талуудын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг хангаагүй, мөн хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.
4.3. Ажил олгогч болон ажилтны хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгээгүй явдал нь Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2024/00071 дугаар тогтоолыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй бөгөөд ажил олгогч шүүхийн шийдвэрийн дагуу зөвхөн ажилд эгүүлэн томилсон тушаал гаргаснаар тус шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх үндэслэлгүй. Харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэх үүрэгтэй.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэдэг нь ажилтан ямар ажлын байранд, хэзээ, хаана, ямар ажил үүрэг гүйцэтгэх талаар мэдэхээс эхлэх бөгөөд, цаашлаад ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн ажил үүрэг, гүйцэтгэснээр үүснэ. Ажил олгогч ******* нь *******-ийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажилд эгүүлэн томилсон тушаалыг нь гардуулан өгөхдөө удахгүй компаниас дуудаж ажилд оруулна гэсэн хариуг өгсөн байдаг. Ингэж явсаар 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажлын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бөгөөд ******* нь Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Улсын Дээд шүүхээс нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргасан бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар хийх ажил, цалин хөлс, ажлын байрны нөхцөл зэргийг тусгах ёстой. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэдэг нь үндэслэлгүй. Хавтаст хэргийн 127 дугаар талд Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу өөр ажилд шилжүүлэн ажиллуулна гэж ойлгосон гэх нэхэмжлэгчийн тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Мөн шүүгч нэхэмжлэгчээс та өөр ажилд шилжин ажиллах тухайгаа хэлсэн үү гэхэд нэхэмжлэгч, би хэлээгүй, ажлын байр байхгүй гэж хариулсан байдаг. Бид операторын орон тоо хасагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд тайлбар гаргах ёстой. Бид Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцсэн. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар гаргах эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зүйл байхгүй бөгөөд шүүх гэрээ байгуулсан эсэх асуудалд нэхэмжлэгч 2 сарын хугацаанд цалин хөлс авсан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулах ёсгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлж ажилд томилсон тушаал 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гарсан бөгөөд операторын ажлын орон тоог шинээр бий болгоод 1 сар гаруй хугацааны дараа уг орон тоо хасагдсан. Үүнд Улсын Дээд шүүхийн тогтоол биелэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар маргаан таслах комиссоор хэлэлцэгдсэнээр асуудал шийдвэрлэгдсэн. Тухайн асуудал шийдвэрлэгдэхэд үйлдвэрлэл зогссон учраас Улсын Дээд шүүхийн тогтоол гарахаас өмнө операторын 8 орон тоо хассан. Хариуцагч, нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, *******-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/32 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,667,720 төгрөгийг гаргуулж, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь ...*******-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/32 тоот тушаалыг хүчингүй болгуулах гэсэн нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага биш, нэхэмжлэлийн үндэслэл байна.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03441 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2024/00226 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2024/00072 дугаар тогтоолоор *******-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******-ийг *******-ийн үйл ажиллагааны хэлтсийн операторын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* -аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 69,752,905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй юм./хх3-7/
3.1. Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/27 дугаар тушаалаар *******-ийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн операторын албан тушаалд эгүүлэн томилж, түүнд мэдэгдэл хүргүүлсэн байна./хх-8, 55/
3.2. Үүний дараа хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2024/29 дугаар тушаалаар *******-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ./хх60-61/
Уг тушаалтай холбоотойгоор тус компанийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2024/32 дугаар тушаалаар операторын ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр ******* тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон Компанийн үйл ажиллагааны хэлтсийн операторын ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна./хх-68/
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.1. Ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсаны дараа уг ажлын байр орон тооны цомхотголд орсон боловч хариуцагч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх учиртай.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасны дагуу талууд харилцан тохиролцох замаар хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж, ажилтны эрх зөрчигдөхөөс өмнөх байдалтай дүйцэхүйц нөхцлөөр ажилтаны эрхийг сэргээж, ажлын байраар хангах үүрэгтэй, энэ үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.
*******-ийг *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/27 дугаар тушаалаар операторын ажилд эгүүлэн томилсон атлаа тус компанийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/29 дугаар тушаалаар уг ажлын байрыг цомхотгож, хассан бүтцийн өөрчлөлт хийсэн нь хэлбэрийн төдий болсон байх тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэхгүй юм.
Түүнчлэн, зохигчдын давж заалдах шатны шүүх хуралдаанд ...нэхэмжлэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд операторын ажлын байранд ажлаагүй атлаа энэ хугацааны цалин хөлсийг олгож байсан, ажил олгогчоос ажилтныг ажлын байранд хүргэн өгч, авч байгаагүй гэх агуулгаар гаргасан тайлбараас үзвэл хариуцагч ******* нь нэхэмжлэгчийг ажиллах боломжийг бодитойгоор хангасан гэж дүгнэхээргүй байна.
Хариуцагчийн ...туршилтын олборлолтын үе шатанд оператор гэх ажлын байранд ажиллуулж байсан. Уг туршилтын олборлолт дууссан тул операторын 8 орон тоог хассан. Улсын дээд шүүхийн тогтоолоор *******-ийг операторын ажилд эгүүлэн тогтоосон учир тогтоолын биелэлтийг хангаж, бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Гэвч нэхэмжлэгч ******* эр биечлэн гүйцэтгүүлэх ажил байхгүй байсан тул бүтэц орон тоог шинэчлэн баталж, операторын орон тоог хассан тухай нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн гэх тайлбар үндэслэлгүй./хх-123-124/
5. Иймд хариуцагч ******* нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *******-ийг урьд эрхэлж байсан операторын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт ажилтны нэг сарын цалин хөлсийг 1,885,213 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 12,927,175 төгрөгийг хариуцагч ******* -аас гаргуулан нэхэмжлэгч ******* д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч *******-д даалгах нь зүйтэй.
7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 12,927,175 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгаж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01286 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийг *******-ийн үйл ажиллагааны хэлтсийн операторын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* -аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,927,175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч *******-д даалгасугай. гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...дурдсугай гэснийг дурдаж, хариуцагч ******* -аас 221,785 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН