| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0070/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2019-06-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0070/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч С нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-ад холбогдох 1939001900117 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 30-03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, С /РД:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С нь 2019 оны 03 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Со-гийн эд хөрөнгө болох виза картнаас 800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С нь 2019 оны 03 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Со-гийн данснаас 800.000 төгрөгийг хулгайлсан болох нь:
1. Хохирогч Со-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө манай дүү Эрдэнэболор хөдөөнөөс манайд ирээд ганц юм авах гэсэн юм танд мөнгө байна уу гэсэн. Надад бэлэн мөнгө байгаагүй. Харин урд өдөр нь цалин буучихсан байсан. Хаан банкны картанд 828.000 төгрөг байсан. Дүүдээ картаа өгөөд код нь 1109 шүү гэж хэлээд өгөөд явуулсан. Манай дүүтэй хамт хадам дүү Мөнгөншагай явсан. 2019 оны 03 дугаар сарын 26-ны үдээс хойш ажилдаа явахын өмнө дүүгийнхээ хүүхдэд картаа өгөөд дэлгүүр юманд явуултал дүү үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж ирэхэд нь гайхаад картаа хартал Тэмүүлэн Гантулга нэртэй миний карттай адил ногоон өнгөтэй Хаан банкны карт гараад ирсэн. Тэгээд учир явдлыг дүүгээсээ асуусан чинь дүү Мөнгөншагай бид 2 согтуу байсан болохоор нөгөө таксины жолооч хүүхдэд картаа өгч нууц кодоо өгөөд Сэцэнхан зоогийн газар руу оруулсан. Тэгэхэд л виза картыг маань сольчихсон юм шиг байна гэсэн. Би дараа нь бас машинд сууж Сэцэнхан зоогийн газар очсон мөртлөө картыг солигдсныг анзаараагүй. Дараа нь би Ханбүргэд супермаркетын баруун талаас ордог Хаан банкны салбар дээр очиж дансны хуулга авч камер шүүлгэхэд тэр таксины жолооч залуу 03 дугаар сарын 26-ны шөнө 01 цаг 08 минутад Ханбүргэдийн хажуу талын АТМ-ээс миний картаар данснаас маань 800.000 төгрөг авч байгаа нь харагддаг. Дансны хуулган дээр 04 цаг 42 минут гэж гарч ирдэг ч тэр цаг үед аваагүй гэдгийг Хаан банкны АТМ хариуцсан мэргэжилтнээс асууж мэдсэн. Мөн бидний Сэцэнхан зоогийн газрын гадаа ирж, явж байгаа бичлэг, тэр залуугийн АТМ дээр ирээд мөнгө авч байгаа нь хүртэл камерын бичлэг дээр тодорхой харагддаг. Бүр миний виза картны кодыг 0911 гэж буруу хийгээд дараа нь 1109 гэж хийн 800.000 төгрөг авч байгаа нь хүртэл харагддаг........ гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 36-38 хуудас/
2. Гэрч Д.Эрдэнэболорын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...таксины жолооч залууд эгчийн картыг өгөөд кодыг 1109 гэдгийг хэлээд архи аваад ир ахын дүү ахад нь согтуу болохоор өгөхгүй байгаа юм шиг байна гээд өгөөд оруулсан... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 43 хуудас/
3. Иргэний нэхэмжлэгч Г.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: би Хаан банкны картаа 2019 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр гадуур машинтайгаа таксинд явж байгаад гээгдүүлсэн байсан. Яг хаана хаяж үрэгдүүлсэн талаар санахгүй байна.... Тэгээд виза картаа хаяснаас хойш 2-3 өдрийн дараа банкинд очиж хаясан картаа хүчингүй болгуулж, шинэ карт захиалсан. Тэр үед миний дансанд 10.000 төгрөг байсан хэвээрээ л байсан. Миний данснаас мөнгө алга болсон зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100 хуудас/
4.Шүүгдэгч С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед өгсөн: Хаан банкны АТМ-ээр нөгөө хүний картны үлдэгдэл мөнгийг шалгатал 820.000 гаруй төгрөг байсан.... “Ханбүргэд” супермаркетын дэлгүүрийн гадаа байдаг Хаан банкны АТМ-ээс 800.000 төгрөг уншуулж авсан. Би маргааш өдөр нь Хаан банкны “Ханбүргэд” тооцооны төвийн дэргэдэх АТМ-ны экспресс банкаар 5028783652 тоот дансны виза картанд 700.000 төгрөгийг хийж шилжүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Сын бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Со-д 800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохиролыг бүрэн төлж барагдуулсан талаар хохирогч мэдүүлсэн /хх-ийн 38 хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ыг 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-д оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн 4380545207429002 дугаартай Хаан банкны виза картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг, зураг бүхий 1 ширхэг DVD дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ