Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0061/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:                                                       Г.Отгонзаяа,

Улсын яллагч:                                                                      Я.Сансар,    

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                                                   С.Нарангэрэл

Шүүгдэгч:                                                                             Э нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-д холбогдох 1839004760236 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 1982 оны 07 дугаар сарын 13-нд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 7 дугаар баг Хурх тосгоны “Зүүн баян” гэх газар оршин суух,  улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Э /РД:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э нь машин, механизм ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Прологи системс” ХХК-ийн 9 дүгээр польны талбайгаас 83 ширхэг ногоон тэжээл хулгайлж 498.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Прологи системс” ХХК-ийн 9 дүгээр польны талбайгаас 83 ширхэг ногоон тэжээлийг машин, механизм ашиглаж хулгайлан 498.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр орой 21 цаг өнгөрч байхад манай компанийн зүүн талд байрлах 9 дүгээр польноос пресслээд тавьсан ногоон тэжээлээс 15-90 ХЭА улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслээр Хурх тосгоны иргэн Э гэх хүн ачаад явж байгаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17-18 хуудас/

Гэрч Т.Төмөрсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“...Би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны орой 20 цаг 35 минутын үед “Шар тал”-ын бригад дээр байж байгаад талбайгаа эргэж явахад зам дээр 1 ширхэг боодол өвс байхаар нь аваад хажуу талын талбайд тавиад дээшээ өгсөөд баруун урд байдаг талбайгаа шалгах гэж явахад өвс ачсан пронтер маркын 15-90 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд гүйцэтгэх захиралдаа хэлсэн. Тэгсэн манай польноос пресслэсэн ногоон тэжээл хулгайлсан машин байсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-22 хуудас/

Гэрч Б.Хишиг-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“...польнуудаа эргэх гээд явж байсан чинь зам дээр боодолтой өвс хэвтэж байсан. Түүнийг аваад хураасан өвсөн дээрээ аваачиж тавиад цаашаа явах гэтэл гэрлийн үзүүрт машины гэрэл гялбахаар нь очсон чинь бонго пронтер маркын 15-90 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ногоон тэжээл аччихсан зогсож байсан. Манай польноос ногоон тэжээл хулгай хийгээд зогсож байсан юм байна лээ ..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-24 хуудас/

Гэрч Ч.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манайх Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Шар тал гэх газарт байдаг. 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шиг санаж байна. 17 цагийн үед манай нутгийн ах Э манай гэрт морьтой ирсэн. Тэгээд Э ах жижиг түрдэг тэргээ өгөөч урдаас жаахан газар өвс зөөх гэж байгаа юм гэж хэлээд манай түрдэг тэргийг аваад явсан. Тухайн үед би нэг их ч юм бодоогүй. Э ахыг манайхаас урд байдаг өвсний польны талбайгаас өвс худалдаж авч байгаа юм байх гэж бодсон. Манайхаас урагшаа холгүйхэн байдаг юм. Тэр өдрийн маргааш 19 цагийн үед шиг санаж байна. Би адуугаа татаад гэр лүүгээ явж байсан чинь тариалангийн талбайн тэнд Э ах машинтайгаа зогсож байсан. Тэгээд би бууж уулзсан чинь Э ах хамт өвс ачилцаад өгөөч хэдэн өвс худалдаж авсан юм гэж хэлж байсан. Тэгээд би юм бодолгүй тэндээс холгүйхэн баруун урагшаа яваад Э ахын худалдаж авсан гээд байсан өвсөн дээр очоод өвсийг машинд нь ачилцаж өгсөн бараг 80 орчим боодол өвс байсан байх би сайн тоолоогүй. Тэгээд өвсийг ачаад бараг дуусч байхад адуу маань холдоод яваад харагдахгүй болсон байсан. Тэгэхээр нь би Э ахыг орхиод цаашаа морио унаад явсан. Сүүлд Хурх тосгонд явж байхад Э надтай сумын төвд таарсан. Яриад зогсож байхад тэр өдөр надтай хамт машиндаа ачсан өвсийг тариалангийн талбайгаас хулгайлсан юм яриад байсан. Тэгэхээр нь би та юун хачин юм яриад байгаа юм, намайг хамт ачсан гэвэл бас хулгай хийсэн болж таарах юм байна л даа гээд Э ахад уурлангуй хэлсэн. Тэгээд та өөрөө наадахаа хариуцаарай би урьд нь бас ийм хэрэгт холбогдож байсан шүү, надад гай болов гэж хэлээд явсан.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 155 хуудас / зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн  машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Э хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ 15-90 ХЭА улсын дугаартай Бонго-пронтиер маркийн тээврийн хэрэгсэл, хонгор зүсмийн бүдүүн насны морь, гар хийцийн тэрэг зэргийг ашигласан байх тул 15-90 ХЭА улсын дугаартай Бонго-пронтиер маркийн тээврийн хэрэгсэл, хонгор зүсмийн бүдүүн насны морийг болон гар хийцийн тэрэгний үнэ болох 120.000 төгрөгийг шүүгдэгч Э-оос гаргуулж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хурааж төрийн өмчлөлд шилжүүлэх  нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х-д 498.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайлсан ногоон тэжээлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 7 хуудас/, хохирогч Х-гийн “... Э нь портер маркын машинаар тэжээл хулгайлан яваад үйлдэл дээрээ баригдсан, ногоон тэжээлийг буцаан өгч тус компанийг хохиролгүй болгосон учраас гомдолгүй болно” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 57 хуудас/  өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э-ыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ыг 01 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-д оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 15-90 ХЭА улсын дугаартай Хюндай Бонго-Пронтер маркын машин, хонгор зүсмийн бүдүүн насны морь болон гар хийцийн тэрэгний үнэ болох 120.000 төгрөгийг шүүгдэгч Эоос гаргуулан хурааж төрийн өмчлөлд шилжүүлэн, гар хийцийн тэргийг хууль ёсны эзэмшигч Ч.Пүрэвсүрэнд буцаан олгож, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансарын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 5/12, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эын цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Д.ГАНЗОРИГ