Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00627

 

*******, ******* ******* ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00747 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ******* ХХК-д холбогдох,

 

Гэм хор учруулсны хохиролд 18,834,104 төгрөг, *******ын нөхөн төлбөрт олгосон 3,290,147 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 611,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2020 оны 09 сарын 02-ны өдөр ******* ******* ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, Сүхбаатар дүүрэг, *******ны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн барьсан Б блокийн байрны ******* тоот хаягт байрлах 112 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 308,000,000 төгрөгөөр захиалан авсан.

1.2. 2022 оны 01 сарын 19-ний өдөр ариун цэврийн өрөөнөөс их хэмжээний ус задарч, орон сууцны бүх өрөө усанд автсан. Улмаар орон сууц, ашиглалт засвар, үйлчилгээний ******* ******* ХХК-д дуудлага өгөн, үзлэг хийлгэхэд тус компанийн инженер, техникч нар нь ус алдалтын шалтгааныг Ариун цэврийн өрөөний уян шаланк задарч, ус алдсан гэж тодорхойлсон байдаг.

1.3. Ус алдсанаас үүдэн паркетан шал хөөж, дахин ашиглах боломжгүй болсон. Үүнээс шалтгаалж паркетан шалыг хуулж, орон сууцыг цэвэрлүүлэн, дээрх тавилгуудыг задалж, угсруулсан бөгөөд учирсан хохирлоос болж өөрийн орон байранд эрүүл, аюулгүй амьдрахад хүндрэлтэйн улмаас сарын 4,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр орон сууц хөлсөлсөн.

1.4. Иймд хариуцагч нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар гэм хорын хохиролд 18,834,104 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Иргэн *******ийн Сүхбаатар дүүрэг, *******, *******, ******* гудамж, *******байр, ******* тоот орон сууцанд 2022 оны 01 сарын 20-ны өдөр ариун цэврийн өрөөний суултуурын уян шаланк задарч их хэмжээний ус алдсаны улмаас уг байрны бүх өрөөний паркетан шал норж, хөөн нийт 3,290,147 төгрөгийн хохирол учирсан.

2.2. Ослын улмаас *******ийн эд хөрөнгөд учирсан 3,290,147 төгрөгийн хохирлыг ******* ******* ХК-аас барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

2.3. Хариуцагч ******* ******* ХХК нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.8-д заасны дагуу сантехникийн гэмтлийн улмаас гарсан хохирлыг хариуцах үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *******ийн эд хөрөнгөд учирсан хохирол 3,290,147 төгрөгийг ******* ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

3.1. ******* ******* ХХК 2018 оны 07 сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүрэг, *******ны *******үйлчилгээтэй орон сууцны барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулсан. ******* нь ******* тоотын 112 м.кв талбайтай сууцыг 2020 оны 09 сарын 02-ны өдрийн гэрээгээр худалдан авч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2020 оны 10 сард авсан.

3.2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.8-д заасныг үндэслэн манай компанийг хохирлыг хариуцах үүрэгтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй юм.

3.3. Учир нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т ... барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацааг" хэлнэ гэж тодорхойлсон, 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна гэж, 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэсэн нь барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш зүгшрүүлэлтийн 1 жилийн хугацааны дараах ашиглалтын үед барилга байгууламжийн үндсэн хийц, цэвэр ус, бохир ус, цахилгаан, холбоо, дулааны хангамжийн шугам, насос, узель зэрэг нь хэвийн ажиллаж байхыг л заасан юм.

3.4. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д ... гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл гэмтсэний эрсдэлийг өмчлөгч хариуцах гэж заасны дагуу ******* хариуцна.

3.5. Нэхэмжлэгчтэй байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 4.15-д зааснаар ... Орон сууцыг өмчлөх эрх шилжсэн эсвэл захиалагч түлхүүрээ авсан үеэс гал түймэр, үер ус, газар хөдлөлт, хөрсний гулгалт болон байгалийн бусад гамшиг, түүнчлэн ашиглалтын болон гэмт халдлага, гаднын нөлөөллөөс үүсэж болох эрсдлийн хариуцлагыг Захиалагч өөрөө хариуцна гэж ******* үүрэг хүлээсэн.

3.6. ******* ******* ХХК /мэргэжлийн байгууллага/ нь орон сууц ашиглалт, засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэйгөөр орон сууцны инженерийн шугам тоноглол, хангамжийг Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасны дагуу хариуцаж, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д засвар үйлчилгээ хийж төлбөрийг авах, 19.1.2-д цэвэр, бохир ус...зэрэг үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцах, 19.1.3-т ... хэвийн ажиллагааг хангаж, ...арга хэмжээ авах 19.1.4-т ... шугам тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах эрх үүрэгтэй. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д ... хохирол, гэмтлийг арилгах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй байна.

3.7. ******* нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа хэрэглэгч мөн бөгөөд Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.3, 46.1.4-д заасан үүргийг хүлээнэ.

3.8. Түүнчлэн *******байрны ******* тоотын ариун цэврийн өрөөний уян шаланк нь сууцны дотор талд буюу нэг үгээр хэлбэл ******* гэгчийн өмчлөлд байдаг. Уян шаланк нь богино хугацаанд элэгддэг сантехникийн дагалдах туслах хэрэгсэл юм. Ус алдсан гэх ариун цэврийн өрөөний суултуурт биде буюу автомат суултуурыг нэмж суулгасан, автомат суултуурыг суурилуулахдаа усны уян шаланкийг тасалж салгаад түүн дээр ус шүүгч байрлуулж өөрчилсөн байна. Өмчлөгч ******* нь өөрийн, бусдын өмч эд хөрөнгийг хамгаалж вентиль хаалтаар нь усыг хаах эсвэл гадна талд коридорт байрлах цэвэр усны коллектор дээр мэргэжлийн орон сууц ашиглалт засвар үйлчилгээний компаниар хаалгуулж хамгаалах үүрэгтэй.

3.9. Бид бусдын өмчлөлийн эд зүйлийг хариуцахгүй, өмчлөгч нь өөрөө өмчийнхөө ариун цэврийн өрөөний уян шаланкийг тасалж, залгаж өөрчлөлт хийж автомат суултуурын ус шүүгчийг холбож хийсэн, ус алдаж байгааг хянаж таслан зогсоогоогүй, хамгаалаагүй, манай компанийн эд хөрөнгийн дээрээс ус алдаж хохироосон. Мөн *******орон сууцны цэвэр усны шугам хангамж, ашиглалтыг орон сууц ашиглалт засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага ******* ******* ХХК хариуцан ажилладаг. *******ийн өмчлөлийн эд хөрөнгө, тоноглол, дагалдах хэрэгслийн ашиглалт, арчилгааг бид мэдэхгүй, хариуцах үндэслэлгүй байна.

3.10. Түүнчлэн нэхэмжлэгч ******* ******* ХК нь даатгуулагчийнхаа нөхцөл байдал, үүрэг хариуцлага, орон сууцны ашиглалт, барилга байгууламжийн үндсэн хийц, тоног төхөөрөмж, байнга ашиглагддаг богино хугацаанд элэгддэг сантехникийн дагалдах туслах хэрэгсэл, өмчлөл эзэмшил зэргийг сайтар ойлголгүйгээр, даатгуулагчдаа гэрээний төлбөрөө төлчихөөд, түүнийгээ бусдаас гаргуулж барагдуулна гэж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Иймд Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үйл баримт үүссэн байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

4.1. ******* нь 2022 оны 01 сарын 19-ний өдөр өмчлөлийнхөө орон сууцанд ус алдаж, хамгаалаагүйн улмаас байрныхаа доод давхарт буюу 1 дүгээр давхарт байрлах манай ******* ******* ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох *******байрны 1 дүгээр давхрын ******* тоотын 42,7 м.кв, ******* тоотын 65,95 м.кв бүхий нийт 108,65 м.кв талбайтай үйлчилгээний үл хөдлөхийн дээрээс ус алдаж, хариуцагчийн өмчийг гэмтээж хохирол учруулсан учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хорыг хариуцан арилгаж, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирлыг мөнгөөр төлөх үүрэгтэй юм.

4.2. Хариуцагч нь ус алдсаны улмаас хохирсон хохирлоо Хас үнэлгээ ХХК-аар үнэлгээ хийлгэж хохирлоо баталгаажуулсан. Уг үнэлгээг хийлгэхэд гарсан ажлын хөлс 410,000 төгрөг, мөн материалын зардал 118,000 төгрөг, тээврийн зардал 20,000 төгрөг, нийт 548,000 төгрөгийн хохирол учирсан мөн тайланд тусгагдаагүй үнэлгээний үйлчилгээний хөлс 53,500 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 611,500 төгрөгийн хохирол учирсан байх тул *******ээс 611,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч *******ийн хариу тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч ******* нь ус алдаж байгааг мэдсэн даруйдаа шаардлагатай арга хэмжээг авч орон сууц, ашиглалт засвар, үйлчилгээний ******* ******* ХХК-д дуудлага өгч, үзлэг хийлгэхэд тус компанийн мэргэжлийн инженер, техникч нар нь ус алдалтын шалтгааныг Гадны нөлөөгүй гэж тогтоон, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлыг Ариун цэврийн өрөөний суултуурын уян шаланк задарснаас болж ариун цэврийн өрөөний шал, зочны өрөө, коридор, унтлагын өрөө, ажлын өрөө, жижиг өрөөнд их хэмжээний ус алдсан байсан гэж тодорхойлсон байдаг.

5.2. Хариуцагч ******* ******* ХХК нь тухайн орон сууцны барилгыг 2018 оны 07 сарын 17-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан байдаг бөгөөд ус алдсан хугацаа буюу 2022 оны 01 сарын 19-ний өдөр ба Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна, 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж зааснаар барилга байгууламжийн хэвийн ашиглалтын хугацааны дотор гарсан зөрчил байна.

5.3. Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т Барилгын үйл ажиллагааны механик аюулгүй байдлыг хангах зарчим буюу барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх; гэж мөн Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Барилгын материал нь эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт болон Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна. гэж заасан бөгөөд хариуцагч ******* ******* ХХК нь дээрх зарчмыг мөрдөж ажиллаагүй. Барилга, байгууламжийн хэвийн ашиглалтын хугацаанд барилгын материал, хэрэглэгдэхүүн нь ашиглалтын шаардлага хангасан, хэвийн ашиглалтын хугацаанд найдвартай ажиллах бололцоотой байх ёстой.

5.4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ус алдсан шалтгааныг гадны нөлөөгүй гэж тогтоогдсон бөгөөд өөрөөр хэлбэл биде суултуур хийлгэсэн нь хэрэг учралтай хоорондоо шалтгаант холбоогүй байна.

5.5. Иймд ******* нь бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Нэхэмжлэгч тал анх хүлээлгэж өгсөн суултуурыг сольсон шалтгаанаар ус алдсан, уян хоолойг сольсон, анх хийсэн холболтыг өөрчилсөн, хөдөлгөснөөс ус алдсан гэж үзэж байна. ******* ******* ХК нь *******ын үндсэн чиг үүргийн дагуу даатгуулагчийг хохиролгүй болгосон ба хариуцагч талаас хохирлыг барагдуулах шаардлагагүй гэж бодож байна. Хариуцагч талын анх нийлүүлсэн суултуур холболт биш гэж бодсон тул буруугүй гэж үзэж байна гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжпэгч *******ийн гэм хорын хохиролд 18,834,104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн *******ын нөхөн төлбөрт төлсөн 3,290,147 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******ээс гэм хорын хохиролд 611,500 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,120 төгрөг, нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн төлсөн 67,592 төгрөг, хариуцагч ******* *******ХХК-ийн төлсөн 18,995 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 67,592 төгрөгийг гаргуулж хариуцагч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

8.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 03 сард нэхэмжлэл гаргасан ба хариуцагч тал нь 3 жилийн хугацаанд анхнаасаа тухайн уян холбоос /шаланк/ нь манай хийж суурилуулсан уян холбоос мөн эсэх дээр маргаагүй зөвхөн биде суултуур тавьснаас үүдэлтэй уян холбоос задарсан учир өмчлөгч өөрөө хариуцах үүрэгтэй гэж маргасан.

8.2. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн задарсан уян шаланкийг фото зургаар баталгаажуулан ******* ******* ХХК-д дуудлага өгөн тодорхойлолт гаргуулсан. Уг тодорхойлолтод ус алдсан шалтгааныг гадны нөлөөгүй гэж тодорхойлсон ба өөрөөр хэлбэл тухайн биде суултуур тавьсан нь уян холбоос задрахтай ямар нэгэн шалтгаант холбоогүй гэдгийг нотолж байгаа билээ. ******* ******* ХХК нь орон сууц ашиглалт засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага бөгөөд тус тодорхойлолтын талаар талуудын хэн аль нь маргаагүй хүлээн зөвшөөрсөн байдаг.

8.3. Мөн нэхэмжлэгч ариун цэврийн өрөөний суултуур дээр нэмэлтээр автомат суултуур суурилуулж, уян холбоосыг хананы аваарын хавхлагаас автомат суултууртай холбосон бөгөөд үүний дараа уян холбоосноос ус алдсан зэрэг үйл баримтаас үзвэл хариуцагчийн буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй.

8.4. Түүнчлэн анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчдийн ... хариуцагч талын анх нийлүүлсэн суултуур холболт биш гэж бодсон тул буруугүй гэж бодож байна гэсэн дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн. Гэтэл хавтаст хэрэгт тухайн хананы аваарын хавхлагаас автомат суултууртай холбосноос үүдэн уян холбоос задарсан гэх ямар ч эрх бүхий мэргэжлийн байгууллага болон шинжээчийн дүгнэлт байхгүй байхад шүүх тусгай мэдлэг бүхий мэргэжлийн байгууллага шиг дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн задарсан уян холбоос нь хариуцагч талын суурилуулсан уян холбоос биш гэсэн нотлох баримт ч мөн байхгүйг дурдах нь зүйтэй.

8.5. Хэрэв хариуцагч тал татга*******ал тайлбар дээрээ дурдсанаар биде суурилуулснаас үүдэн уян холбоос задарсан гэж үзэж байгаа бол өөрсдийн татга*******ал тайлбараа өөрсдөө нотлох үүрэгтэй буюу эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулах боломжтой байсан. Гэтэл ******* ******* ХХК нь 2022 оны 02 сарын 28-ны өдрийн тодруулга дээр зөвхөн задарч гэмтсэн уян шаланк нь хананы аваарын вентилээс биде буюу автомат суултууртай холбогдсон байсан гэж буюу тухайн нөхцөл байдлыг л тодорхойлон бичсэн болохоос биш яг ус алдсан шалтгаан нь биде суурилуулснаас үүдэн гарсан гэж тодорхойлоогүй.

8.6. ******* ******* ХХК нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т заасныг зөрчсөн ба мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу тухайн 3 жилийн хугацаанд гарсан зөрчил буюу задарсан уян холбоос бат бэх байгаагүйгээс дээрх тоноглол нь хэвийн ашиглалтын хугацаандаа эвдэрч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд аюул, хор хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдох бөгөөд харин дээрх хуулийн шаардлага хангаагүй. Тодруулбал, хэвийн ашиглалтын 3 жилийн хугацаанд хэвийн ажиллах бат бэх уян холбоос тавиагүй буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчид их хэмжээний хохирол учирсан билээ.

8.7. ******* нь ус алдаж байгааг мэдсэн даруйдаа орон сууц засвар үйлчилгээний ******* ******* ХХК-д дуудлага өгсөн бөгөөд шаардлагатай арга хэмжээг авсан. Энэ нь ******* ******* ХХК-ийн 2022 оны 01 сарын 20-ны өдрийн тодорхойлолтоор нотлогддог. Тухайн орон сууц нь 2018 онд ашиглалтанд орсон бөгөөд нэхэмжлэгч 2020 онд тус байрыг худалдан авсан. *******ийг тус орон сууцыг өмчлөхөөс өмнө өөр айл өрх, хүн амьдарч байгаагүй гэдгийг хариуцагч ч мөн баталж хэлдэг. Гэтэл уян холбоос задарсан нь чанаргүй, шаардлага хангаагүй уян шаланкийг суурилуулсан буруутай гэж үзэх үндэслэл мөн гэж үзэж байна.

8.8. Мөн тухайн хуулийн зорилт нь хот, суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэх ба яг маргаан бүхий нөхцөл байдал болон нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд тохирсон хууль хэрэглээний зохицуулалт биш шүүх буруу хуулийг хэрэглэж тайлбарласан гэж үзэж байна.

8.9. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.16-д Захиалагч нь угсарч суурилуулах ажил болон үүнээс үүдэн гарсан үр дагавар учирсан хохирлыг захиалагч өөрөө хариуцна гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч гүйцэтгэгчээс хүлээн авсан орон сууцны шугам хоолойд автомат суултуур нэмэлтээр сууртуулж, холболтыг өөрчилснөөс үүдэн гарах үр дагаврыг өөрөө хариуцна гэжээ. Энэхүү гэрээний заалтыг баримтлан биде суурилуулсан л бол ус алдалтын шалтгаан нь нэхэмжлэгчийн буруу мэтээр ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад бодит үнэнд нийцээгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

8.10. Шүүх энэхүү хэрэг маргаанд хөндлөнгийн зүгээс дүгнэлт хийх ёстой байтал баримт нотолгоогүй, таамаглалаар дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

9.1. Нэхэмжлэгч уг маргааныг биде суултуур, уян холбоос, Барилгын тухай хуулийн зүгшрүүлэг тохируулгын 3 жилийн хугацаатай холбож тайлбарладаг нь үндэслэлгүй. Уг барилгыг хариуцагч барьж ашиглалтад оруулж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөхдөө автомат буюу биде суултуургүй энгийн суултууртай орон сууцыг хүлээлгэж өгсөн.

9.2. Нэхэмжлэгч орон сууцыг өмчлөлдөө аваад энгийн суултуурыг биде суултуур болгож солихдоо уян шаланкийг биде суултууртай хамт суулгуулсан. Энэ нь ******* ******* ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогддог. Уг тодорхойлолтууд нэг нь 28-ны өдөр, нөгөө нь 25-ны өдөр гарсан бөгөөд агуулга ижил, доод талд нь хавсаргасан зургууд нь өөр байдаг. Тодорхойлолтын хавсралт зурагт бочкийг усаар тэжээж буй уян холбоос, бочкийн дээрх суултуурыг усаар тэжээж буй уян холбоос гэх хоёр өөр холбоос байдаг.

9.3. Нэхэмжлэгч усаар тэжээгдэх биде буюу автомат суултуурыг бочкийн дээр байрлуулахдаа хананд байгаа усны цорго буюу винтелийг салаалагч тавьж салаалсан бөгөөд салаалагчаас уян холбоосоор биде суултуурыг усаар тэжээдэг уян холбоосыг нэмж суурилуулсан. Энэ нь уг орон сууцны конторыг хариуцдаг компани болох ******* ******* ХХК-ийн тодорхойлолтоор нотлогддог. Солих шаардлагатай уян холбоосыг сольж угсарсан. Задарч гэмтсэн уян шаланк нь ханийн аваарын винтелээс биде буюу автомат суултууртай холбогдсон уян шаланк байна.

9.4. Хариуцагчийн хүлээлгэж өгсөн бочкийг усаар тэжээдэг уян холбоос задарч гэмтээгүй. Үүнийг ялгахгүйгээр анх барилгад байсан уян холбоос нь эдэлгээний явцад гэмтэж задарч ус алдсан мэтээр тайлбарладаг нь үндэслэлгүй. Уг гэмтсэн уян холбоос нь нэхэмжлэгчийн өөрийнх нь суурилуулсан автомат суултуурын уян холбоос юм. Уг уян холбоос нь хөдөлгөөнгүй байгаа нөхцөлд элэгдэл, гэмтлээр голоороо сэтэрч задрах боломжгүй бөгөөд биде суултуурыг суурилуулахдаа зайг нь шахаж биде суултуурын уян холбоосонд нугалаас үүсгэж угсарсан угсралтын алдаанаас болж нугалаасаараа задарсан байдаг. Энэ нь компанийн тодорхойлолтод хавсаргасан зургаас тодорхой харагддаг. Иймд шинжээч томилох шаардлагагүй.

9.5. Түүнчлэн орон сууцны баталгаат засварын хугацаатай холбоотой асуудлыг ярьдаг, энэ нь Барилгын тухай хуульд тодорхой байдаг бөгөөд уг уян холбоос нь барилгын баталгаат засварын хугацаанд хамаарах зүйл биш. Энэ нь хэрэглэгчийн өөрийн сантехникийн туслах хэрэгсэл гэдэгт хамаарах асуудал юм. Орон сууц захиалгаар барих гэрээний зохицуулалтыг шүүх дүгнэсэн. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд дурдсан. Хэрэв баталгаат засварын хугацаанд барилгын үндсэн хийц бүтэц, барилгын материалд хамаарах, барилгад өөрчлөлт засвар хийхээр бол засварыг заавал хариуцагчид мэдэгдэж зөвшөөрөл авах гэх агуулгаар зохицуулагдсан.

9.6. Гэтэл захиалагч ямар нэгэн байдлаар засуулах, солиулах зүйл гарсан тохиолдолд гүйцэтгэгчид мэдэгдэж шаардлага тавьж солиулах ёстой. Нэхэмжлэгч биде суултуур суурилуулах талаар гүйцэтгэгчид мэдэгдэхгүйгээр өөрөө дур мэдэн суурилуулсан үйлдэл нь баталгаат засварын хугацаанд хамаарах барилгын үндсэн материал биш. Түүнчлэн нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэх логик алдаа гаргасан гэдэг нь үндэслэлгүй.

9.7. ******* нь орон сууцны өмчлөгчийн хувьд ус хангамж хэрэглэсэн хэрэглэгчийн хувьд өөрийн хэрэглэсэн уян шаланкны ердийн элэгдэлтэд хяналт тавиагүйгээс ******* ******* ХХК-д хохирол учруулсан. Учирсан хохирол нь баримтаар нотлогдсон учраас хохирлын мөнгийг гаргаж засан сайжруулалт хийж үүнтэй холбоотой баримтаа хэрэгт өгсөн. Үүнийг үнэн зөв дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан барилгын ажлын доголдлын улмаас учирсан гэм хорын хохиролд 18,834,104 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч ******* ******* ХК нь *******ын нөхөн төлбөрт төлсөн 3,290,147 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулах тухай нэхэмжлэл тус тус гаргасныг хариуцагч нь бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 611,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ******* ХХК-тай 2020 оны 09 сарын 02-ны өдөр Б57 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн *******, ******* /*******/ ******* гудамж *******байр, ******* тоот орон сууцыг 2020 оны 10 сарын 16-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн авсан;

 

3.2. ******* нь ******* ******* ХК-тай 2020 оны 10 сарын 27-ны өдөр Орон сууцны *******ын гэрээ байгуулж, уг гэрээгээр галын, сантехникийн, байгалийн, цахилгаан, эрчим хүчний, гуравдагч этгээдээс учруулсан санаатай болон санамсаргүй үйлдлээс эд хөрөнгөд учрах эрсдэлийг даатгуулсан;

 

3.3. 2022 оны 01 сарын 19-ний өдөр *******ийн өмчлөлийн орон сууцны ариун цэврийн өрөөний уян холбоос задарч ус алдсан;

 

3.4. Орон сууц, ашиглалт засвар, үйлчилгээний ******* ******* ХХК нь ус алдалтын шалтгааныг 2022 оны 01 сарын 20-ны өдрийн тодорхойлолтод ... Ариун цэврийн өрөөний суултуурын уян холбоос нь материалын чанар эсхүл элэгдэл хорогдлын нөхцөлөөс шалтгаалан гадны нөлөөгүй задарч ус алдсан гэж, 2022 оны 02 сарын 28-ны өдрийн тодорхойлолтод ... задарч гэмтсэн уян шаланк нь хананы аваарын вентилээс биде буюу автомат суултууртай холбогдсон уян холбоос байсан, уян холбоос нь хэрэглээний явцад хурдан элэгддэг, ариун цэврийн өрөөний тоноглолтой холбодог холбох хэрэгсэл тул чанарыг урт богино хугацаанд тодорхойлох боломжгүй байдаг гэж тус тус дурдсан;

 

3.5. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь *******д *******ын гэрээний нөхөн төлбөрт 3,290,147 төгрөгийг төлсөн;

 

3.6. Хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн орон сууцны доод давхарт байрладаг байна.

4. Нэхэмжлэгч ******* нь ... ******* ******* ХХК-аас худалдан авсан орон сууцны ариун цэврийн өрөөнөөс 2022 оны 01 сарын 19-ний өдөр ус алдаж, эд хөрөнгөд хохирол учирсан ба орон сууц, ашиглалт засвар, үйлчилгээний ******* ******* ХХК-ийн дүгнэлтээр ус алдалтын шалтгааныг ариун цэврийн өрөөний уян шаланк задарч, ус алдсан гэж тодорхойлсон тул ******* ******* ХХК нь Барилгын тухай хуульд зааснаар бат бөх чанартай уян шаланк суурилуулаагүйн улмаас тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын баталгаат хугацаа гурван жил учир хариуцагч гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, нэхэмжлэгч ******* ******* ХК нь ... Барилгын тухай хуульд заасны дагуу сантехникийн гэмтлийн улмаас гарсан хохирлыг ******* ******* ХХК хариуцах үүрэгтэй. Ослын улмаас *******ийн эд хөрөнгөнд учирсан 3,290,147 төгрөгийн хохирлыг ******* ******* ХК-аас барагдуулсан учир Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс гэм хорын хохирлыг шаардах эрхтэй гэж, хариуцагч ******* ******* ХХК нь 2022 оны 01 сарын 19-ний өдөр ус алдасны улмаар доод давхарт буюу 1 дүгээр давхарт байрлах манай компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох *******байрны 1 дүгээр давхрын ******* тоотын 42,7 м.кв, ******* тоотын 65,95 м.кв талбай бүхий нийт 108,65 м.кв талбайтай үйлчилгээний байрны дээрээс ус алдаж, хохирол учруулсан гэж тус тус тайлбарласан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь худалдах-худалдан авах гэрээний доголдлын улмаас учирсан хохирлыг арилгуулах агуулгатай боловч нэхэмжлэгч тал нь гэм хорын хохирол учруулсан үндэслэлээр шаардлага гаргасан байгаа тул шүүх хариуцагчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн хариуцагчаас 3,290,147 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт ******* ******* ХК нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

6. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасныг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн ба ариун цэврийн өрөөний уян холбоос нь орон сууц өмчлөгчийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжид хамаарах тул уг уян холбоосын бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг нэхэмжлэгч ******* нь хариуцах үүрэгтэй.

Хариуцагч нь ... ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцны ариун цэврийн өрөөний суултуур дээр нэмэлтээр автомат суултуур суурилуулж, уян холбоосыг хананы аваарын хавхлагаас автомат суултууртай холбож сольсон эсхүл ашиглалтын төлөв байдалд нөлөөлсөн гэсэн татга*******ал, тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаах үүргээ биелүүлээгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Анхан шатны шүүхийн, гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх, үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх үндсэн нөхцөл, шалтгаан бүрдсэн байх шаардлагатай бөгөөд маргаан бүхий тохиолдолд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдоогүй талаарх дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

7. *******ийн орон сууцнаас ус алдсаны улмаас хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн *******, ******* /*******/ ******* гудамж, *******байрны 1 дүгээр давхрын ******* тоот, ******* тоот бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцанд нийт 611,500 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Ус алдсан үйл баримтад хариуцагчийн гэм буруу тогтоогдохгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны ариун цэврийн өрөөний суултуурын шугамнаас ус алдсаны улмаас хариуцагчид учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР