Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 5070

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо Капитрон банк ХХК

           Хариуцагч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо 4 дүгээр хороолол, 32-60 тоот хаягт байрлах, Асгатгрийн агро ХХК /РД:5387124/

Гэрээний үүрэг 831.522.759 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2016 ны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, хариуцагч Асгатгрийн агро ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мэндсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитрон банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Асгатгрийн агро ХХК нь тус банктай 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3053-2011/166 тоот зээлийн гэрээ, 3053-2011/166 тоот зээлийн барьцааны гэрээ, 3053-12/150 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан 1.100.000.000 төгрөгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зээлийг 60 сарын хугацаатай жилийн 7.0 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийг газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхэд зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд Архангай аймгийн Хайрхан сум Асгат баг хануй хүнүй бэлчирт байрлах газар тариалангийн зориулалттай эзэмших эрхтэй 969.0 га газрыг барьцаалж 3053-2011/166 тоот зээлийн барьцааны гэрээ, Архангай аймгийн Хайрхан суманд байрлах газар тариалангийн тоног төхөөрөмж, хор цацагч, хавагч, будаа ачигч, буудай цэвэрлэгч, вагончик зэргийг барьцаалж 3053-12/150 тоот зээлийн барьцааны гэрээ, 3053-2012/01 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан трактор, ачааны машин барьцаалсан. Хариуцагч нь 2015 оны 03 дугаар сараас хойш гэрээний үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.  Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүнээс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. Иймд хариуцагч Асгатгрийн агро ХХК-наас үндсэн зээл 732.990.330 төгрөг, зээлийн хүү 86.670.723 төгрөг нийт 819.661.053 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Асгатгрийн агро ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Капитрон банктай 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3053-2011/166 тоот  зээлийн гэрээ, 3053-2011/166 тоот зээлийн барьцааны гэрээ, 3053-12/150 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан 1.100.000.000 төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зээлийг 60 сарын хугацаатай жилийн 0,7 хувийн хүүтэйгээр газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар авсан. Одоогийн байдлаар зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй байгаа. Капитрон банкнаас авсан зээлээр газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд энэ ажил маань өөрөө улиралын шинж чанартай ажилд орно. Иймд намар, өвлийн улиралд тариа буудайгаа хураагаад зарж борлуулдаг. Өнгөрсөн оны хувьд хур тунадас муу, салхи шороо ихтэй байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ургац муу хураасан. Харин энэ жилийн хувьд хур тунадас ихтэй байгаагаас тариалангийн үйл ажиллагаа сайн явж байгаа. Гэтэл Капитрон банк нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээгээ цуцалж үндсэн зээл 732.990.330 төгрөг, зээлийн хүү 75.126.125 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.419.036 төгрөгийг нэхэмжилж байгаа нь манай компанид хохиролтой цаашид газар тариалангийн үйл ажиллагаа явуулахад саад болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Хариуцагч Асгатгрийн агро ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мэндсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээл авсан нь үнэн. Гэрээний хувьд маргаангүй. Газар тариалан эрхэлдэг компаниудын 80 хувь нь ургац алдаж ашиггүй ажилласнаас манай компани зээлээ төлж чадахгүй болсон. Энэ талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн талаарх дүгнэлт гаргуулсан. Үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрнө. Капитрон банктай холбоотой компанид би ажилладаг бөгөөд үндсэн зээлийг миний 10 жилийн хөдөлмөрийн хөлсийг тооцож хаая гэсэн хүсэлт банкинд тавьсан. Гэхдээ бичгийн хэлбэрт оруулж эвлэрсэн зүйлгүй. Үндсэн төлбөрийг төлнө. Хүүг төлөхгүй гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Капитрон банк шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Асгатгрийн агро ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 831.522.759 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 819.661.053 төгрөг гаргуулахыг шаарджээ.

            Хариуцагч Асгатгрийн агро ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Капитрон банктай зээлийн гэрээ байгуулж 1.100.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зээлийг авч, Архангай аймгийн Хайрхан сум Асгат баг хануй хүнүй бэлчирт байрлах газар тариалангийн зориулалттай эзэмших эрхтэй 969.0 га газар, Архангай аймгийн Хайрхан суманд байрлах газар тариалангийн тоног төхөөрөмж, хор цацагч, хавагч, будаа ачигч, буудай цэвэрлэгч, вагончик, трактор, ачааны машин зэргийг барьцаалсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, 3053-2011/166 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 3053-12/150, 3053-2011/166 дугаартай барьцааны гэрээ, 3053-2010/01 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээл зээлийн хүүний тооцоолол, зээл хүсэх тухай хүсэлт, Капитрон банкны төлөөлөн удирдах зөвлөлийн зээл олгох тухай тогтоол гэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх тул зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр, гэрээний хувьд талууд маргаангүй байна.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ  зөрчиж 2015 оны 03 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчээс зээлээ төлөх тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн боловч хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт зааснаар зээл, түүний хүүг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч, хүүг төлөхгүй гэж тайлбарласан боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул хүү төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.

Иймд хариуцагч Асгатгрийн агро ХХК-наас үндсэн зээл 732.990.330 төгрөг, зээлийн хүү 86.670.723 төгрөг нийт 819.661.053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож нэхэмлэлийг хангаж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Асгатгрийн агро ХХК-иас 819.661.053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.595.911 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Асгатгрийн агро ХХК-иас 4.256.255 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

           

                                    

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА