| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/05647/И |
| Дугаар | 210/МА2025/00254 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/00254
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/05073 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
*******өд холбогдох,
Гэрээний үүрэг болон өмгөөлөлийн хөлсөнд 7,700,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
4,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа:
******* нь надаар өргөн 2.8 метр, өндөр 3 метр хэмжээтэй түр хашааг 1 ширхэгийг 350,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон. Түр хашаа нь барилга барихад түр ашигладаг сэндвич хашаа бөгөөд барилгын ажил дуусахад буулгах зориулалттай юм. Харин түүний захиалсан хашаа хүрэхгүй байсан тул нэмж хашаа хийлгэхээр захиалж, урьдчилгаа 2,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар 25-ны өдөр өгсөн.
Би хашааг бүрэн хийж дуусган ******* дүүрэгт байрлах барилгын газарт суулгаж өгсөн. Гэтэл ******* нь үлдэгдэл төлбөр болох 6,700,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй, төлнө гэж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Мөн тэрээр уулзахдаа өөрийн унаж явсан приус-30 маркийн авто машиныг өгөөд зөрүүг нь авч болно гэж байсан боловч уг тохиролцоогоо хэрэгжүүлээгүй.
Иймд *******өөс хашаа хийлгэсний үлдэгдэл төлбөр болох 6,700,000 төгрөг, хууль зүйн туслалцааны төлбөр 1,000,000 төгрөг, нийт 7,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Би *******тай 2022 оны 06 дугаар 25-ны өдөр барилгын түр хашаа бариулахаар тохиролцсон бөгөөд хашааны хэмжээ 2.8 м өргөнтэй, төмөр ханын хэмжээ 1.5 мм-ээс дээш зузаантай байна гэсэн боловч 0.2 мм зузаантай хамгийн нимгэн төмрөөр хийсэн байсан. Тиймээс хашааг авч ирэх үед тохирсон хэмжээгээр хийгээгүй байна гэдгийг мэдэгдэхэд эвдрэл гарвал 100 хувь хариуцна гэж хэлсэн. Гэвч хашааг хийснээс хойш 3 хоногийн дараа гагнаас салж, салхинд унасан. Бид нэг хашааг 350,000 төгрөг байх бөгөөд 1 жилийн баталгаа өгөх, уг хугацаанд эвдрэл гарвал засаж, сольж өгөхөөр тохиролцсон тул *******аас засаж, сольж өгөхийг шаардахад ирээгүй, түүнийг хайхад хаяг нь олдохгүй байсан.
Иймд нэхэмжлэгчийн хийсэн хашаа нь тохиролцсон хэмжээндээ хүрэхгүй, унаж эвдэрч засвар орсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. *******тай тохиролцож барилгын түр хашаа хийлгэсэн боловч уг хашаа чанарын шаардлага хангахгүй, маш муу материалаар хийгдсэн байсан. Иймээс *******ад урьдчилгаа болгож өгсөн 2,000,000 төгрөг, мөн эвдэрсэн хашааг засан сайжруулсан ажлыг хөлс болох 250,000 төгрөг, нийт 2,250,000 төгрөгийг гаргуулна.
3.2. Өмгөөлөгч *******тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөнд 2,000,000 төгрөгийг төлсөн учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Иймд нэхэмжлэгч *******аас нийт 4,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
Би нэг бүр нь 350,000 төгрөгийн үнэтэй 28 хашааг 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчийн газар дээр суулгаж өгсөн. Тухайн үед хариуцагч өөрөө хүлээн аваад хашаагаа бариулаад хашааг эзэмшиж ашиглаж байгаа. Хашааны чанарын асуудлаар гомдол санал гаргаагүй, харин хашааны төлбөрийг удахгүй өгнө гэж өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Шинэ хашаа хүлээн авч ашиглаж элэгдэл хоргодол үүсгэчээд одоо хашаагаа буцаая гэж байгаа нь хуульд нийцэхгүйгээс гадна, ёс зүйгүй, увайгүй үйлдэл байна. Түр хашаа бол барилга баригдаад дуусахад хураадаг тул түүнд батлан даалт өгдөггүйгээс гадна, ихээхэн арчилгаа шаардагдана. Хариуцагч хашааг хүлээн авснаас хойш засвар үйлчилгээ хадгалалт хамгаалалтыг өөрөө хариуцах ёстой.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлд дараах тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй, мөн хуулийн 225.4.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол гэрээнээс татгалзахгүй, мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэж заасан. Гэтэл хариуцагч ажил хүлээн авснаас хойш 1 жил, 4 сарын дараа чанартай холбоотой гомдол гаргаж байгаа нь хууль зөрчсөн.
Иймд хариуцагч гэрээнээс татгалзах эрхгүй, мөн чанарын асуудлаар гомдлын шаардлага гаргах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******өөс гэрээний үүрэг 6,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагчийн 4,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,900 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 122,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохооршийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч нь анх уулзах үедээ хамгийн зузаан төмрөөр чанартай хашааг хийхээр тохиролцсон боловч ган муу төмрөөр хашааг хийсэн байсан. Улмаар 3-4 хоногийн дараа хашаа нь гагнаасаараа салж унасан талаар мэдэгдэхэд эвдрэл гарвал засаад өгнө гэсэн боловч ирээгүй. Нэхэмжлэгч нь чанаргүй хашаа нийлүүлсэн учраас түүнийг шүүхэд өгөх гэсэн боловч хаяг нь олдохгүй байсан. Тиймээс гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй. Харин нэхэмжлэгч нь доголдлын талаарх хөөн хэлэцэх хугацааг дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр зохих стандартыг хангаагүй маш муу төмрөөр хийгдсэн нь тогтоогдсон тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Манайх хашаагаа захиалгын дагуу хийдэг тул захиалагч нар ирээд материалаа сонгодог. Тухайн үед хашааг цөөн тоогоор захиалсан, захиалга дууссан байсан бөгөөд хашааны тоо нэмэгдэхээр болоход захиалгын хугацааг хойшлуулсан. Манайх хашааг бүрэн хийж дуусгасны дараа хүлээлгэж өгдөг. Хариуцагч 28 ширхэг хашааг хүлээж авснаас хойш 7 хашааны мөнгийг өгч, үлдэгдэл 21 ширхэг хашааны мөнгийг өгөөгүй болох нь утсанд хийсэн үзлэг, ярианы бичлэгүүдээр тогтоогдсон. Эдгээр баримтуудад нэхэмжлэгч мөнгө өгнө гэх хариултыг жил гаруй хугацаанд хэлсэн байдаг.
Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж үзнэ шүүх зөв дүгнэсэн. Мөн чанарын асуудлыг талууд хоорондоо бичгээр харилцан тохиролцоогүй гэдгийг тогтоосон. Хариуцагч үнэлгээ хийлгэсэн үнэлгээний дүгнэлт нь стандарт шаардлага хангахгүй байна гэдэг нь түр хашааг стандарт шаардлагаар хийдэггүй, харин дээврийн төмрөөр түр хашаа хийдэг. Энэ нь анхнаасаа стандарт шаардлагын дагуу тохиролцоогүй зүйлийг шинжээчийн дүгнэлтээр дүгнэсэн бөгөөд стандарт шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар худалдан авсан, доголдолтойг нь мэдсэнээс хойш 6 сарын дотор гомдол гаргах эсхүл жилийн дотор гомдол гаргах эрхтэй. Гэтэл хариуцагч шүүхэд гомдол гаргах гэсэн ч сураггүй болсон гэдэг нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өд холбогдуулан гэрээний үүрэгт 6,700,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 7,700,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, доголдлыг арилгахад гарсан зардал 250,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 4,250,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Зохигчид 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 2.5 метр өндөртэй, 28 ширхэг барилгын түр хашааг өөрийн материалаар хийж гүйцэтгэн, ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барилгын талбайд суурилуулах, хариуцагч нь хөлс төлөхөөр амаар тохиролцсон болох нь хэргийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааны төрлийг буруу тодорхойлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн байгааг залруулж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөнө.
5. Гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.
6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс хариуцагчаас ажлын үлдэгдэл хөлс 6,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу болсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
7. Хэргийн баримтаар дараахь үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
7.1. Хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 2,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн, нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн энэ талаар зохигчид маргахгүй байна.
7.2. Хэргийн 58-62, 199-203 дугаар тал дах сиди бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон зохигчдын хооронд харилцсан цахим захидалд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсийг шаардсан, хариуцагч төлбөр төлөхөө илэрхийлсэн, 6,700,000 төгрөгийн ажлын хөлсний үлдэгдэлтэй, хариуцагч нь автомашин өгөөд зөрүү төлбөрийг гаргуулахаар харилцаж байсан.
7.3. Мөн хэргийн 202 дугаар тал дахь 2023 оны 02 дугаар сарын 03, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зохигчдын хооронд харилцсан захидалд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл хариуцагч хямд төмрөөр хашааг хийгдсэн, хийж байхад салж унаад байхаар хамт босголцсон, салж унасныг хэрхэх, хөлсийг өгөх талаар нэхэмжлэгчид бичиж байсан байна.
7.4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн барилгын түр хашаа ямар хэмжээтэй, ямар материалаар барьж гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажил доголдолтой эсэх, чанарын шаардлага хангасан эсэх, мөн хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээг тогтоолгохоор *******-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ...хашааг 2022 оны 6 дугаар сард барьсан гэх бөгөөд өнөөдрийг хүртэл 1 жил, 10 сарын хугацаанд нийт хийгдсэн 28 ширхэг хашааны 12 ширхэг нь бүтэн, 10 ширхэгийг 2.0 м болгон тайрсан, 6 ширхэг эвдэрч ашиглалтгүй болсон, нийт 28 ширхэг хашааны нийт үнэлгээ 6,603,744 төгрөг гэжээ. /1-р хх228-231/
7.5. Дээрх хэргийн баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгчээс ажлын үр дүнг хариуцагч хүлээн авч 28 ширхэг барилгын түр хашааг ашиглаж байснаас 6 ширхэг нь доголдолтой эвдэрсэн байна. Уг доголдлын талаар хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хуульд заасан хугацааны дотор мэдэгдсэн байх тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлын шаардлагыг хугацаандаа гаргасан гэж үзнэ.
8. Хэргийн баримтаар талууд ажлын хөлсийг 8,700,000 төгрөг гэж тохирсон, урьдчилгаанд 2,000,000 төгрөг төлсөн, үлдэх 6,700,000 төгрөг төлөөгүй талаарх үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргахгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэгдэл ажлын хөлсийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
9. Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг бүрэн хүлээн авсан боловч 6 ширхэг барилгын түр хашаа доголдолтой эвдэрсэн ашиглах боломжгүй байгааг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасны дагуу ялимгүй зөрчил гэж үзэх үндэслэлтэй.
9.1. Энэ тохиолдолд талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах үндэслэлгүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан хариуцагчийн сөрөг шаардлагаас гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах хэсэгт холбогдох хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
9.2. Харин хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн хийсэн ажлын үр дүнг авч үлдсэн тул 6 ширхэг доголдолтой барилгын түр хашааны үнийг хохиролд тооцон нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
10. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 28 ширхэг хашааны үнийг 8,700,000 төгрөг гэж тодорхойлсноос тооцвол 1 ширхэг барилгын түр хашааны үнэ 310,710 төгрөг болно. Шинжээчийн дүгнэлтээр 6 ширхэг барилгын түр хашаа эвдрэлтэй доголдлын улмаас ашиглах боломжгүй байх тул 6 ширхэг барилгын түр хашааны үнэ болох 1,864,260 төгрөгийг ажлын хөлс 6,700,000 төгрөгөөс хасч тооцоход хариуцагч нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар 4,835,716 төгрөгийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
11. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ боловч холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь шинжээчийн дүгнэлтээр 6 ширхэг хашааг ашиглах боломжгүй, харин үлдсэн хашаа доголдолгүй байгаа тохиолдолд хариуцагч гэрээнээс татгалзах эрхийг эдлэхгүй. Иймээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг нэмж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.
12. Мөн хэргийн баримтаар хариуцагч нь доголдлыг арилгахад гарсан зардалд 250,000 төгрөг нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэл гаргаж шаардсан боловч нотлосон баримтгүй тул энэ шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв.
13. Талууд өмгөөлөгчийн хөлсийг хохирол гэж тодорхойлж шаардсан байхад анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ баримталбал зохих учирсан хохирлыг арилгуулах талаарх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг зөвтгөн уг заалтыг нэмж, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэж хуулийн нэршлийг буруу бичсэн байгааг зөвтгөн, Монгол Улсын гэснийг хассан өөрчлөлт оруулав.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээ болон үнийн дүнд өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/05073 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******өөс 4,835,716 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,864,284 төгрөг, мөн нэхэмжлэгч *******аас 4,250,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...122,150 төгрөг... гэснийг ...92,321 төгрөг... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ