Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00609

 

 

*******ХХК, 

*******нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/01090 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч *******-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 300,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. *******ХХК нь 2022 оны 12 сарын 15-ны өдөр *******-тай гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалын багц гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний даатгалын төрөл нь гэнэтийн осол, гэнэтийн ослоос үүдэлтэй эмчилгээний даатгал байхаар талууд тохиролцсон.

1.2. Даатгалын үндсэн нөхцөл болох даатгалын үнэлгээг 1 ажилтан (нас барсан) 300,000,000 төгрөг, эмчилгээний зардал 40,000,000 төгрөг хүртэл байхаар тохиролцож, гэрээний хавсралтаар 37 ажилтныг гэнэтийн ослын даатгалд даатгасан. Даатгуулсан 37 ажилтнаас 21 ажилтны даатгалын хураамжид тус бүр 2,400,000 төгрөг, 16 ажилтны даатгалын хураамжид тус бүр 1,920,000 төгрөгийг тус тус төлсөн.

1.3. Дээрхи гэнэтийн ослын даатгалд даатгуулсан манай компанийн ажилтан ******* нь 2023 оны 09 сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэтийн осолд орсны улмаас нас барсан.

Уг ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгасан бөгөөд осолд өртсөн ажилтан БНХАУ-ын иргэн байсан тул тухайн улсаас ар гэрийнхнийг нь авчирч мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан.

Мөрдөн шалгах ажиллагаагаар уг ослыг гэмт хэргийн шинжгүй гэж тогтоосон бөгөөд Төв аймгийн Прокурорын газрын 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 43 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

1.4. Нас барсан *******-ний ар гэрийнхэн нутаг руугаа буцах шаардлагатай байсан тул компанийн дотоод журам, гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийг нас барсан ажилтны эхнэрт нь урьдчилаад төлсөн. *******-тай байгуулсан гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалын багц гэрээний үндсэн нөхцөлийн 3-т даатгуулагч гэж *******ХХК-ийг, гэрээний 3.1 дэх хэсэгт “даатгалын тохиолдол болсон үед хууль болон гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг шаардах” эрхтэй байхаар талууд тохиролцсон тул манай компани даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй. Гэтэл ******* нь даатгалын тохиолдол бий болж ажилтан нас барсан байтал даатгалын нөхөн төлбөрийг олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж, биднийг хохироож байна.

 

1.5. Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 10 сарын 04-ний өдрийн албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэж үзээд, уг асуудлыг шийдвэрлэж хариу мэдэгдэхийг *******, *******ХХК, ******* нарт даалгасан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэхгүй байна.

Иймд *******-аас даатгалын нөхөн төлбөрт 300,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

2.1. Нөхөр ******* нь 2023 оны 09 сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэтийн осолд орсны улмаас нас барсан.

Хариуцагч нь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг компанид өгөөгүй байсан тул компани дүрэм, журамдаа зааснаар талийгаач ******* ар гэрт даатгалын нөхөн төлбөрийг урьдчилаад олгосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь 2023 оны 11 сарын 01-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд 1,400,000 юанийн нөхөн олговор компаниас авсан.

Иймд бид компанийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байгаа тул даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан талаар маргаангүй. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д тус тус зааснаар ******* буюу талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч Монгол Улсын хуулийн дагуу эцэслэн тогтоогдоогүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй талаар *******ХХК, ******* нарт мэдэгдэж байсан. Харин дараа нь хууль ёсны төлөөлөгч нь тогтоогдсон учраас маргаангүй болсон.

3.2. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4-т зааснаар *******-ийн хүсэлтээр “Монголын Хөдөлмөрийн аюулгүй, ажиллагаа эрүүл ахуйн менежментийн хүрээлэн” ТББ-тай хамтран осол болсон уурхай дээр ажиллаж, 2024 оны 01 сарын 30-ны өдөр ХАБЭА-н тэргүүлэх аудитор *******, ХАБЭА-н аудитор ******* нараар 06/02/24 тоот дүгнэлт гаргуулсан болно.

Энэхүү дүгнэлтэд дурдсанаар “...Осолд өртөгсдийг өглөө ажилдаа гарахад нь согтууруулах болон мансууруулах зүйлс, тайвшруулах эм тариа хэрэглэсэн эсэх болон цусны даралтыг нь хэмжсэн баримтгүй, уг босоо амны агаарын найрлага, хүчилтөрөгчийн хэмжээг хэмжин баримтжуулаагүй..., МУ-ын ХАБЭА-н тухай хуулийн 27.3.1-д заасны дагуу ХАБЭА-н бодлого, менежментийн төлөвлөгөө боловсруулж, баталж, мөрдөөгүй, ...Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрмийн 289-р зүйлд заасны дагуу далд уурхайн тоноглолуудын бүрэн бүтэн байдалд үзлэг үйлчилгээг хариуцагчийг томилсон албан шийдвэр байхгүй,... дүрмийн 33, 36-р зүйлийн дагуу шатыг, гарцыг сард 1-ээс доошгүй удаа шалгаж хөлдсөн мөс шаваргүй байгааг тусгай дэвтэрт тэмдэглээгүй, дүрмийн 76 дугаар зүйлийн дагуу босоо амны тоноглолыг тусгай томилогдсон ажилтан сард 1 удаа, уурхайн дарга болон ерөнхий мэргэжилтэн сард 1 удаа нарийвчлан шалгасан баримтжуулалтгүй байна. ...Ослын тохиолдлын суурь шалтгаан нь уг компанийн ХАБЭА-ны төлөвлөлтийн болон гүйцэтгэлийн алдаа бөгөөд цаашид энэ компанийн ХАБЭА-ны менежментийг сайжруулах үйл явцыг эхлүүлэхгүй бол давтан үйлдвэрлэлийн осол гарах магадлалыг 90 хувьтай гэж үзэж байна гэж дүгнэсэн.

3.3. Түүнчлэн даатгалын гэрээний 13 дугаар зүйл нөхөн төлбөр олгохгүй нөхцөл бүлгийн 15 дугаар зүйлд хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр тус тус даатгагч даатгалын нөхөн төлбөр олгох үүргээс бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөгдөнө, 16 дугаар зүйлд хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр даатгуулагч нөхөн төлбөр олгохгүй байхаар талууд харилцан тохиролцсон. Тиймээс нэхэмжлэгч компани нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.3, 27.3.1-27.3.4 дэх заалтууд, 28.1.4 дэх заалт, 28.3 дахь заалт, 28.1.8 дахь заалт, 35 дахь заалтуудад заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн эс үйлдэхүйгээс үүдэн талийгаач осолд орж амь нас нь хохирсон байна.

Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.5, даатгалын гэрээний 13 дугаар зүйлийн 13.15, 13.16 дахь заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 300,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 1,657,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй.

Талийгаачийн эхнэр *******-д *******ХХК Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.2-д тус тус заасны дагуу олгосон эсэх нь тодорхойгүй. Мөн *******ХХК-тай ямар хамааралтай хүмүүс нь баримтаар тогтоогдоогүй этгээдүүд болох ******* болон ****** нарын хувийн данснаас талийгаачийн эхнэр *******-д талийгаачийг өнгөрсний дараа “Цалин” гэсэн утга бүхий давтамжтай мөнгө шилжүүлснийг шүүх баримтаар үнэлсэн нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай *******ХХК-ийг Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй байж болохыг хөхүүлэн дэмжсэн, үйлдэл болно.

Хариуцагчийн зүгээс шүүхэд бичлэг болон гэрэл зургуудыг хүргүүлсэн бөгөөд шүүхээс үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлд тухайн далд уурхайд ажилтнууд нь усны гуталтай ажилладаг болох нь, осолдсон шат ямар нэгэн бэхэлгээгүй мөн бохир заваан шавар ихтэй гулсах магадлал маш өндөр, осолдсон шатны ойр орчим нь бүхэл шороо, чулуу ихтэй тогтмол цэвэрлэдэггүй болох нь үзлэгээр тогтоогдож байхад энэ талаар шүүх нарийвчлан дурдаагүй, үнэлээгүй.

Даатгалын гэрээний 10-т нэг ажилтны үнэлгээ 300,000,000 хүртэл гэж тусгасан байхад шууд 300,000,000 төгрөг гэж дүгнэсэн нь даатгагчийн эрх ашгийн хүндэтгээгүй нэг талыг барьсан учир дутагдалтай болно. Мөн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 191/ТМ2025/01507 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 5-р нүүрэнд нэхэмжлэгчийн төлөөлөгч “Өмнөх хуралдаанд 250,000,000 төгрөгөөр эвлэрэх санал гаргасан боловч хариуцагч тал нэг дор өгөх боломжгүй, хугацаа авч, олон хуваана гэсэн тул бид зөвшөөрөөгүй” гэж тусгагдсан.

“Монголын Хөдөлмөрийн аюулгүй, ажиллагаа эрүүл ахуйн менежментийн хүрээлэн” ТББ-тай хамтран осол болсон уурхай дээр ажиллаж, 2024 оны 01 сарын 30-ны өдөр ХАБЭА-н тэргүүлэх аудитор *******, ХАБЭА-н аудитор ******* нараар гаргуулсан 06/02/24 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн атлаа энэхүү дүгнэлтийг гаргах гол хууль зүйн эх сурвалж нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоол, хавсралт болох “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 4.1.2 дахь заалт, Уул уурхайн сайд, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2025 оны 11 сарын 19-ний өдрийн тушаал, хавсралт болох “Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 289, 33, 36, 76 дугаар зүйл ...холбогдох заалтууд гэдгийг анзаарч үзээгүй. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 сарын 29-ний өдрийн 269 дугаар тогтоол, хавсралт болох “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн холбогдох заалтын дагуу Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг *******ХХК-ийн ажилтнуудаас бүрдсэн комисс тогтоосон бөгөөд Төв аймгийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* зөвхөн баталгаажуулсныг шүүх нотлох баримтаар үнэлсэн атал энэхүү актыг тогтоох болсон гол эх сурвалж болох “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг хэрэгт хамааралгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдсан нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

5.2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Гэрч ******* 2025 оны 01 сарын 29-ний өдөр шүүхээс залгаж хурлын тов мэдэгдсэн гэх боловч шүүх хурлын өмнө залгаж асуухад шүүх хуралдааны талаар надад урьдчилан мэдэгдээгүй тул шүүх хуралдаанд амжиж очих боломжгүй байна гэсэн тэрээр тайлбарыг хэлсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан бөгөөд хэргийн материалаас шүүхээс дуудлага хийсэн талаарх баримттай танилцахад 7 секунд дуудлага хийсэн байдаг болно. Энэхүү хэрэгт авагдсан 7 секундэд гэрчээс хурал болох өдөр, цаг, хүрэлцэн ирэх боломжтой эсэхийг асуух боломжгүй хугацаа болно. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс гэрчийг албадан ирүүлэх, захиргааны арга хэмжээ авахуулах хүсэлтийг удаа дараа гаргасан тул гэрчид чирэгдэл удахгүйн тулд гэрчээр асуулгуулах хүсэлтээсээ шүүх хуралдааны явцад татгалзсан болно.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоол, хавсралт болох “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.11 дэх хэсэгт “Үйлдвэрлэлийн осол ....улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана.” гэж заасны дагуу Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар тусгайлан дүгнэлт гаргаагүй буюу энэхүү журмыг хэрэгжүүлэн ажиллаагүй болох нь шүүх хуралдааны өмнө тогтоогдсон тул 2025 оны 02 сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд *******ХХК-ийн үйлдвэрлэлийн ослыг шалгаж акт тогтоосон гишүүд болох ХАБЭА-н мэргэжилтэн *******, ******* нарыг асуулгуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан эрхийг эдлүүлээгүй болно.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нэмэлт нотлох баримт бүрдүүлэх эрхийг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагчийн гаргаж байгаа давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх даатгалын гэрээтэй холбоотой даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд хариуцагч ямар эрх, үүрэг хүлээх ёстой вэ гэдэгт зөв дүгнэлт хийсэн. Тухайн гадаад улсын иргэн Монгол Улсад нас барсан учраас ар гэрийнхнийг Монгол Улсад авч ирэхийн тулд маш их хэмжээний зардал гарсан.

Үүнтэй холбоотойгоор компанийн зүгээс даатгалын мөнгө орж ирэхээс өмнө удаа дараагийн шилжүүлгийг Хятад Улсын иргэнд Вичат руу шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор шүүх дүгнэлтийг гаргасан.

Компани мөнгө шилжүүлэхээс үл шалтгаалж ******* нь даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл өөр этгээдүүдэд мөнгө шилжүүлсэн гэдэг байдлаар өөрсдийнхөө үүргийг үгүйсгэж тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хороонд байгуулсан даатгалын гэрээний 8.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн даатгуулагч амь эрссэн тохиолдолд даатгалын мөнгийг 100 хувь олгоно гэж тодорхой бичсэн байгаа. Гэрээгээр тогтоосон хэмжээгээр шүүх шийдсэнийг үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь гэрээний болон хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэх талаар ярилцсан боловч нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчих юм байна гэж эвлэрэхээс татгалзаж тодорхой тайлбар гаргасан. *******ХХК-аас ******* нь нөхөн олговор авсан. ******* нь нөхөн олговор олгохгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч *******ХХК, ******* нар нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...******* нь Монгол Улсын хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй зөрчсөн эс үйлдэхүйгээс үүдэн талийгаач осолд орж амь нас хохирсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, тиймээс даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй” гэж тайлбарлан, маргажээ.

 

3. *******ХХК, *******-тай 2022 оны 12 сарын 15-ны өдөр Гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалын багц нэртэй гэрээ байгуулсан, гэрээний дагуу *******ХХК нь даатгалын хураамж төлсөн үйл баримтад маргаангүй. /1хх-8-15/

 

4. Нэхэмжлэгч *******ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Манай ажилтан ******* нь 2023 оны 09 сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэтийн осолд орсны улмаас нас барсан. ... Даатгалын гэрээний үндсэн нөхцөлийн 3, 3.1-т заасны дагуу хариуцагчаас даатгалын нөхөн төлбөр гаргуулна” гэж, хариуцагч ******* “нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.3, 27.3.1-27.3.4, 28.1.4, 28.3, 28.1.8, 35 дахь заалтуудад заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн эс үйлдэхүйгээс үүдэн талийгаач осолд орж амь нас нь хохирсон тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.5, даатгалын гэрээний 13 дугаар зүйлийн 13.15, 13.16 дахь заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгох үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

 

5.Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нотлох үүднээс *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүх хэрэгжүүлэх ажиллагаанд хамаарч байна.  Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

 

5.1. Учир нь, шүүх “нэхэмжлэгч байгууллагын ажилтан болох *******, ******* нарыг гэрчээр оролцуулах шаардлагагүй, мэдүүлэг нь хэрэгт хамааралгүй, тодруулах гэж буй хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлын талаар эрүүгийн хэргийн явцад эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэр гарсан” гэж дүгнэн, дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасантай нийцээгүй.

 

5.2. Түүнчлэн, шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэгч компани Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулсан эсэх, осол гарахад нэхэмжлэгчийн эс үйлдэхүй нөлөөлсөн эсэх талаар буюу маргаж буй асуудалд хэргийн оролцогчийг чиглүүлж, тодруулах ажиллагаа явуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн зарчимд нийцэхгүй байна.

 

6. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/01090 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.           

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.БАЯСГАЛАН

 

 

                            ШҮҮГЧИД                                          Т.ГАНДИЙМАА

 

 

                                                                                      Ч.ЦЭНД