Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0094/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Отгонзаяа,

Улсын яллагч                                               Я.Сансар,

Шүүгдэгч                                                       Г нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зайсан  овогт Гангаагийн Гт  холбогдох 1939002850184 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 1974 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 45 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорохой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт,  Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг, “Хас юндэн” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй Г /РД:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Найнгийн цагаан нуур” гэх газар Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г  нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Найнгийн цагаан нуур” гэх газар Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Би 2019 оны 05 дугаар сарын 16-ны өглөө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Найнгийн цагаан нуур” гэх газарт саахалт айлын Г гэдэг залуутай малын бэлчээрт уулзсан. Намайг гэрт нь орсны дараа Г нэг шил 0.5 литрийн “Экс” нэртэй архи гаргаж задалж Г, Тайван бид гурав уусан. Ингээд би архийг нь хувааж уугаад дуусмагц явахаар болж гэрийн гадаа Гтэй юм ярьж байгаад мотоцикльтойгоо хөдлөх гэж байхдаа Г-т чи эндээс нүүгээрэй, яг малын бэлчээр дээр буучихсан байна гэж хэлсэн чинь үгийн зөрөөгүй миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохихоор нь би мотоцикльтойгоо ойчоод өгтөл миний цээжний зүүн хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Намайг Г-т цохиулахыг Тайван л харсан. Гийн гэрийн гадаа цохиулаад унасан газарт хамраас маань нилээд их цус гарсан. Г миний хамарт цохисон байсан. Би Гийн гэрийн гаднаас  яваад гэртээ хариад эхнэртээ намайг Г зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд сумын цагдаад мэдэгдээд аймгийн төв рүү эхнэртэйгээ хамт ирж Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын эмчид үзүүлтэл хамрын зургаа авахуулаад ир гэхээр нь хамрын зургаа авахуулаад очиход үзлэг хийгээд надад хэлэхдээ хамар чинь муруйгаад цөмөрсөн байна гэж хэлээд хамарт маань чихээс хийж өгсөн. Харин 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр буюу маргааш нь мэс заслын их эмч Алтангэрэлд үзүүлэхэд миний хамарт цэвэрлэгээ хийгээд хамар чинь муруйсан байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-8 хуудас /

2. Гэрч А.Нарангэрэлийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Манай нөхөр Ныг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өглөө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Найнгийн цагаан нуур” гэх газарт Г гэрийнхээ гадаа зодсон гээд манай нөхөр хамраас нь цус гараад гэртээ ирсэн... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10 хуудас /

3. Гэрч Ч.Энхтайваны: ... Г, Н хоёр нутаг ус бэлчээрийн талаар ярьж маргах шинжтэй болсон байсан...Гийн уур хүрсэн юм байгаа биз дээ гэнэт нүүрэн тус газарт нь гараараа цохисон... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар хуудас/

 

4. Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 22-ны  өдрийн 214 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-“Н-ын биед хамар ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд зовхины хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...

-эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч Г-т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 45 хуудас/ гэсэн тул шүүгдэгч Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

     5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

     7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ                                   Д.ГАНЗОРИГ