Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 5071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс

            Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 18 гудамж, 503 тоотод оршин суух, дээд боловсролтой, зураач сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Халхчууд овогт Цэнд-Аюушийн Шинэ-Од /РД:ЧМ81113011/

            Албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэддорж, гуравдагч этгээд Ц.Шинэ-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чимэддорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 18 гудамж, 503 тоотод оршин суух, Ц.Шинэ-Од нь орон гэртээ байнга архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчил удаа дараа гаргаж тус хэлтсийн саатуулах байранд саатуулагдаж байсан. Ц.Шинэ-Од нь гэр орондоо агсам согтуу тавьж түгшүүр төрүүлдэг хүмүүсийн бүртгэлд байдаг архаг архичин бөгөөд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын комиссоос Ц.Шинэ-Одыг архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй, архины эмчилгээнд явуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан.

            Иймд ар гэр болон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, ар гэртээ байнга агсам согтуу тавьж, архидалтын орчинг буй болгодог тул Цэнд-Аюушийн Шинэ-Одыг Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.


            Гуравдагч этгээд Ц.Шинэ-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2002 оноос хойш архи уух болсон. Анх 1997 онд хүтэй танилцаад суухад манай аав ээж хоёр эхнэрт маань дургүй байсан учир хоёр амьдрах болсоноор архи ууж эхэлсэн. 2016 оны 02 дугаар сард архины албадан эмчилгээнд хамрагдаад 2016 оны 05 дугаар сард архины эмчилгээнээс ирсэн. Архи уухаараа гэр бүлийн гишүүддээ агсам тавьдаггүй, харин гэртээ аав, ээжтэйгээ байх дургүй. Ганцаараа голдуу архи уудаг. Архинаас гарах хүсэлтэй, хичээдэг боловч гарч чадахгүй байх тул архины эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.

           

            Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь Ц.Шинэ-Одыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

            Шүүх хүсэлт гаргагч байгууллагын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Ц.Шинэ-Од нь Согтууруулах ундаа байнга хэрэглэж, удаа дараа эрүүлжүүлэгдсэн зөрчил гаргасан, ар гэртээ агсам согтуу тавьдаг болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт, захиргааны зөрчлийн лавлагаа, гуравдагч этгээдийн ар гэрийн тайлбар, хүсэлт, эмчилгээнд хамруулах шаардлагатай тухай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, Захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбарласан тайлбар, түүнийг асуусан тайлбар, шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн тайлбарласан тайлбар, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэддоржийн илтгэх хуудас зэргээр тогтоогдож байна.  

Гуравдагч этгээд Ц.Шинэ-Од нь архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрсөн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Халхчууд овогт Цэнд-Аюушийн Шинэ-Од /РД:ЧМ81113011/-ыг захиргааны журмаар албадан эмчлэх газар явуулж албадан эмчилсүгэй.

 

2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Ц.Шинэ-Одыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацаа нь эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА