| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/05521/И |
| Дугаар | 181/ШШ2016/00016 |
| Огноо | 2016-06-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2016/00016
|
2016 оны 6 сарын 08 өдөр |
Дугаар 101/ШШ2016/00016 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны хүсэлттэй,
Г.Оюун /РД:ЧТ59031805/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Амараа, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Г.Оюун нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 88001305 дугаартай овердрафтын гэрээ байгуулж 3000 ам долларын овердрафтын эрхийг 30 хоногт 1,8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.
Г.Оюун нь хувиараа аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ба гадаад хүнтэй суугаад Америк руу явсан гэхээс өөр баттай баримт байхгүй байна.Тухайн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 1-22 тоотод оршин суудаг байсан хорооноос лавлахад “Энэ айл газраа зараад нүүгээд явсан. Газар дээр нь Номин супермаркет баригдсан”гэх мэдээлэл өгсөн. Зээлдэгч Г.Оюун нь 88001305 дугаартай зээлийн гэрээ байгуулснаас хойш 9 сарын зээлийнхээ хүүг төлж байгаад түүнээс хойш огт төлбөр төлөөгүй нь тус гэрээний 2.2.4-т заасан үүргээ зөрчсөн болно. Зээлдэгчийн гар утас /99060995/ руу нь залгахад энэ дугаарыг мобикомоос худалдаж авсан, тийм хүн байхгүй гэсэн хариу өгдөг. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооноос нь тодорхойлолт авахад Г.Оюун нь тус хороонд бүртгэлтэй боловч хаягандаа оршин суудаггүй гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Иймд Г.Оюуныг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь төлбөр нэхэмжлэх зорилгоор Г.Оюуныг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтийг хангах үндэстэй байна.
Г.Оюун нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 88001305 дугаартай овердрафтын гэрээ байгуулж 3000 ам долларын овердрафтын эрхийг 30 хоногт 1,8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авчээ.
Гэрээнийн үүргийн гүйцэтгэлийг шаардахаар Г.Оюунд хандах гэхэд түүний оршин суугаа хаяг тодорхой бус болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тус хорооны засаг даргын тодорхойлолт болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Г.Оюун /РД:ЧТ59031805/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Оюуныг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүргийн Тахарын албанд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО